...
...

Малчин Ц.Содоо: Хэрэг хийгээгүй бид яахаараа нутгаасаа хөөгддөг юм

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын домогт Алтан уул орчмын байгаль экологи уул уурхайн үйл ажиллагааны улмаас  хэрхэн сүйдэж буйг газар дээрээс нь сурвалжилсан мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. 

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК-ийн хууль зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Торомхон нэрээр алдаршсан нүдний рашаан ширгэж, хайлаас мод олноороо харангадан, хатаж, Гурвантэс сумын малчид хэдэн үеэрээ нутагласан өвөлжөөнөөсөө хөөгдөж,  орон нутгийн удирдлагуудын хүч мөхөсдөж буйг “Экологийн цаг”-ийн сурвалжлах баг олон нийтэд мэдээлж байсан. 

“АГМ Майнинг” 2019 онд нэг иргэний өвөлжөөг булааж авсан бол  дахиад найман малчин өрхийн өвөлжөөний газрыг булааж  авахаар,  шүүхэд нэхэмжлэл гаргаад  160 гаруй хонож байгаа юм.  Энэ хугацаанд компани хохироогүй. Харин эгэл жирийн малчин иргэд сэтгэл санаа, хөрөнгө санхүүгийн хувьд хохирол үзэж буй юм.

Олон арван жилийн турш хэдэн үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөөнийхөө газрыг “АГМ Майнинг” компанид алдах эрсдэлтэй тулаад буй малчдын нэг Гурвантэс сумын Гоёот багийн малчин Цогтбаатарын  Содоотой холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.


-“АГМ Майнинг” компани танай Гоёот багийн найман малчны  өвөлжөөний газрыг өөрийнхөө лицензийн талбай гэж шүүхэд хандсан юм билээ. Шүүх хурал хойшилсон гэж сонслоо. Яг ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

-Манай Гурвантэс сумын Гоёот багийн нутагт Алтан уул гэж алдартай сайхан, үзэсгэлэнтэй, алт эрдэнэсээр баялаг нутаг байдаг юм. Энэ уулыг маань алт ухдаг “АГМ майнинг” компанид лиценз нэрээр өгчихсөн. Алтан ууланд маань хол ойрынхон зорьж очдог эрдэнэ мэт Торомхон нэртэй нүдний рашаан байдаг байсан. Гэвч энэ компанийн үйл ажиллагаанаас болоод тэр үнэт рашаан бүр ширгэчихээд байна. Малчид бид үе  үеэрээ өвлөн, хайрлаж ирсэн байгалийн тогтоцоо харийн компанийн балгаар алдсан.

Тэгвэл одоо өөрсдийн нутаг дээрээ байгаа хэр нь тэдэнд хөөгдөж, туугдаж гэмт хэрэгтэн шиг амьдарч байна. Тиймээс нөхцөл байдал хүнд байна. Найман өрхийн өвөлжөөний газрыг авахаар хууль шүүхээр далайлган сүрдүүлээд хагас жил шахам болж байна. Энэ хугацаанд малчид бид нар сэтгэл санааны хувьд ч, зардал мөнгөний хувьд ч хохирол үзлээ. “АГМ майнинг” компани малчид бидний өвөлжөөг авахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Төрийн холбогдох байгууллагуудаас ашиглалтын лиценз авсан учраас малчид бидний хувьд уг асуудал дээр гуравдагч этгээдээр оролцож байна. Бидний өвөлжөөг  хууль бусаар лиценз болгож авсан энэ байгууллага үнэхээр даварч байна. Эхлээд  шүүх хурал хэд хэд хойшилсон шалтгаан нь энэ компанитай холбоотой байсан. Өмгөөлөгч нь эзгүй байна, бие нь өвдсөн гэхчилэн шалтгаануудаар хойшлуулж байсан. Харин сүүлд шүүх хурал хойшлоод буй нь малчид бид өмгөөлөгчөө тодорхой болгож ирэх ёстой гэсэн шалтгаантай.

Уг нь нэг  өмгөөлөгч бид бүхнийг өмгөөлөх гээд итгэмжлэгдсэн юм. Гэтэл шүүхээс мэдэгдэхдээ биднийг заавал итгэмжлэгдсэн биш албан ёсны өмгөөлөгчтэй ир гээд байгаа юм. 160 гаруй хоног болж байхад өмгөөлөгчөө ч авчихгүй гээд Монголын шүүх нь малчид биднийгээ загнаад, дарамтлаад, гаднын компанийн талд дуугараад байна. Гэтэл малчид бид чинь жилийн дөрвөн улиралд малаа маллаад байнга  л зав зай муутай байдаг хүмүүс шүү дээ.

-Өнгөрсөн жил энэ компани Ц.Мөнхнасангийнх гэдэг айлын Ногоон буурь гэж  өвөлжөөний газрыг  шүүхээр хүчингүй болгож, авсан юм билээ. Тэр айлын төлөөлөл шүүх хурал дээр байгаагүй хэр нь газраа алдсан гэж үнэн үү. Та нарын хувьд тийм эрсдэлээс сэргийлэх ёстой байх? 

-Ноолуурын цагаар ид ажилтай байх үед нь л тэгээд шийдчихсэн юм билээ. Шүүх хуралд очихгүйгээр надгүйгээр шийдэж болно гэсэн бичиг малчнаас авсан гэсэн юм яригдаж л байсан. Гэхдээ яг тэгсэн юм уу, мэдэхгүй. Ер нь малчдын мэдлэг, мэдээлэл дутмаг байдлыг ашиглаж ингэж хуулиар дээрэлхэж болохгүй л дээ. Бид бүхэн энэ газар нутаг дээрээ хэдэн үеэрээ амьдарч буй хүмүүс. Тиймээс өвөг дээдсийнхээ газар нутгийг А4-ийн цаасанд баригдаад өгөхгүй. Бид энэ нутагтаа  л өөрсдийн бодит боломжоороо л хөдөлмөрлөөд амьдарч ирсэн хүмүүс учраас өөр хаашаа ч явах боломж байхгүй. Бид бол малчид. Малаа маллахаас өөрөөр амьдрах арга, боловсрол мэдлэг дутмаг. Тиймээс энэ газар орон бол бидний амьжиргааны эх үүсвэр шүү дээ. Шүүхэд дуудагдсанаас хойшх хугацаанд гэмт хэрэгтнүүд шиг амьдарч байна. Манай багаас сумын төв рүү 100-аад км зайтай. Аймгийн төв рүү 500 орчим км зайтай. Шүүхийн асуудлаас болж дуудагдаж очсон. Санхүүгийн хувьд ч бид хохирч байна. Бидэн дунд ядруу хүмүүс ч байна. Би  аргалаад өмгөөлөгч авах гэж байна. Гэтэл бүгд тэгж чадахгүй шүү дээ.

-“АГМ Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэн нутаг оронд, малчдын амьдралд тулгамдсан асуудлын талаар та бүхэн ер нь хаана, хаана хандсан бэ. Танай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, дарга нар анхаарал хандуулж байна уу. Зарим төрийн бус байгууллагууд л анхаарч байгаа гэж сонссон?

-Манай нутагт үүссэн энэ асуудлыг, энэ даварсан компанийг хэн ч тоохгүй их удсан. Харин “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, Х.Мандахбаяр анх ирж, бидэнд тулгамдсан асуудлыг газар дээр нь харж, сурвалжлага хийж олон түмэнд хүргэсэн. Нутаг орноо хайрлаж, тэмцэж байгаад баяртай байна. Х.Мандахбаярыг ирсний дараа нь “Босоо хөх Монгол” ТББ болон зарим хөдөлгөөнүүдийн зүгээс ирсэн үзэж, харсан. “АГМ Майнинг” ХХК-ийн компанийн ухаж байгаа Алтан уул нь рашаанаас гадна эмийн ховор ургамал, зос зэрэг ховор эрдэнэтэй нутаг. Торомхоны зос нь хүний цус алдалт, шархыг анагаадаг, цөсний чулууг хайлуулдаг шаварлаг чулуу юм. Үүнийг Өмнөговьчууд төдийгүй Монголын өнцөг булан бүрээс иргэд авч эмчилгээнд хэрэглэж ирсэн. Гэтэл “АГМ майнинг” компани уг зосыг ч техникийн хүчээр ухаж сүйтгэж үгүй хийсэн. Нутгийн ард бид хэлдэг газарт нь хэлээд нэмэр алга, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байх үед Х.Мандахбаяр сэтгүүлч ирсэн л дээ.

-Та ямар ч байсан өмгөөлөгч авч байгаа юм. Шүүх хурлын тов 29-ний өдөр гэж гарсан гэсэн үү?

-Тэгсэн. Шүүх хурал дахиад хойшлох байх л даа. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцахад бас хугацаа ордог юм билээ.

-Компанийн зүгээс малчид та нартай “ойлголцох” санал тавьсан гэж сонссон?

-Шүүхэд дуудагдаад байгаа найман малчны цаана өшөө олон хүний амьдрал байгааг хэлмээр байна. Энэ нутагтаа л идээшиж, мал хуйгаа маллаж, амьжиргаагаа хэдэн үеэрээ залгуулж ирсэн бидэнтэй “эвлэрлийн гэрээ” байгуулъя гэсэн юм яриад байгааг нь би огт ойлгохгүй байгаа. Хэрэг хийгээгүй бид яахаараа эвлэрлийн гэрээ байгуулдаг юм. Яагаад нутгаасаа хөөгддөг юм. Төрд иргэдээ төлөөлөөд гарсан, Өмнөговь аймгаас  УИХ-д суусан хүмүүс нутгийнх нь иргэдийн эрх ашиг ингэж үнэгүйдэж байгаад анхаармаар байна. Сум, багийн удирдлагууд бол анхаарч л байгаа.


 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛАлтан уулыг сүйтгэж буй “АГМ Майнинг” компани малчдын өвөлжөөг БУЛААЖ БАЙНА

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ