...
...

Өнөөдөр АНУ-ын сурагч Samantha Smith Зөвлөлтөд айлчилсан өдөр

Хүйтэн дайны ид үед буюу 1983 оны 07-р сарын 07-ны өдөр Москва хотын олон улсын нисэх буудалд ЗХУ-ын комунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Владимирович Андроповын урилгаар АНУ-ын Manchester Elementary School-ийн сурагч Саманта Смит эцэг, эхийн хамт газардсан юм.

Тэрээр Адроповын зочноор 14 хонохдоо Москва, Ленинград хотуудад зочилж, Зөвлөлтийн хүүхдүүдийн хамгийн том зуслан болох Артек зусланд амарсан юм. Саманта өөрийн аялалын тухай дурсамж номондоо Ленинград хотын иргэд маш найрсаг, зочломтгой угтаж, түүнд олон төрлийн бэлэг өгч байсан нь гайхалтай байсныг бичсэн байдаг. Мөн Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Зөвлөлтийн хүмүүс яг бидэн шиг юм” гэж хэлсэн байна.

Артект амрах үедээ тэрээр өөрт нь зориулан тусгайлан бэлдсэн байрнаас татгалзаж бусад хүүхдүүдтэй ялангуяа Орос хүүхдүүтэй хамт байхыг сонгосон бөгөөд харилцааны хувьд хялбар дөхөмийг бодон Англиар ярьдаг багш нартай бүлэгт орсон. Тэрээр бусад 9 охинтой нэг тасагт байрлаж тэдэнтэй хамт усанд сэлж, ярилцаж, тоглож, орос дуу, бүжиг сурах зэргээр цагийг өнгөрүүлсэн байна. Артект тэрээр олон найз нөхөдтэй болсон бөгөөд тэдэн дундаас Ленинградаас ирсэн англиар чөлөөтэй ярьдаг Наташа Каширинатай илүү дотно нөхөрлөж байж.

Андропов Самантатай уулзаж чадаагүй бөгөөд зөвхөн утсаар ярьсан байдаг. Хожим Андропов ноцтой өвчтэй байсан тул Самантаг оросд байх хугацаанд олон нийтийн анхаарлаас гадуур байсан нь тогтоогдсон. Мөн тэрээр дэлхийн анхны эмэгтэй нисгэгч Трешковатай утсаар ярьсан бөгөөд товчхон яриа дууссаны дараа л хэнтэй ярьснаа ойлгосон гэнэ. Түүнийг оросд байх хугацаанд хэвлэл мэдээллийнхэн байнга дагалдаж түүний тухай мэдээлэл бүхий л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан тул Оросууд түүнд нийтээрээ хайртай байв.

Түүнийг 07-р сарын 22-нд нутагтаа очиход АНУ-ын зүүн хойд бүсд орших Мэйн мужийнхан нь цэцэг, улаан хивс, лимүзэнтэй угтаж авсан бөгөөд түүний нэр хүнд улс орон даяар өсч байлаа. Гэвч зарим нэг хүмүүс түүнийг ЗХУ-ын амьд суртал ухуулгын хэрэгсэл болчихлоо гэж дүгнэж байж.

Яагаад Саманта Смитийг Андропов урих болсон бэ? Багш, нийгмийн ажилтнуудыг гэр бүлд төрж, хүмүүжиж байсан Саманта охин 1982 оны 11 сард 10 настайдаа Зөвлөлтийн удирдагч Андроповд захиа бичин ЗХУ, АНУ-ын харилцаа яагаад ийм хурцадмал байдгийг ойлгохыг хүссэн юм. Захианд:

“Эрхэм хүндэт ноён Андропов,

Миний нэр Саманта Смит. Би 10 настай. Шинэ ажилд тань баяр хүргэе. Би Орос ба Америкийн хооронд цөмийн дайн болох вий гэж санаа зовж байна. Та дайн хийх эсэх тал дээр ямар саналтай байгаа вэ? Хэрэв та дайны эсрэг саналтай байгаа бол үүний төлөө юуг хийх гэж байгаагаа надад хэлээч. Энэ асуултанд та хариулахгүй ч байж болно, тэгэхдээ хэрэв та хүсвэл би ч бас хүсч байгаа шүү. Та яагаад дэлхийг үгүй юмаа гэхэд манай улсыг байлдан дагуулахыг хүсч байна вэ? Бурхан бидэнд дэлхийг бүтээж өгөхдөө бусадтай хуваалцан, бие биенээ халамжлахыг хүссэн. Түүнээс хэсэг бүлэг нь бүгдийг эзэмшээд бусадтайгаа тэмцэх шаардлагагүй байх. Хүн бүр хүссэнээ хийгээд аз жаргалтай амьдарцгаая. Саманта Смит” гэсэн байв. Түүний энэ захидал нь тухайн үеийн төв хэвлэл “Правда” сонинд нийтлэгдсэн боловч Самантад хариу ирээгүй юм. Тэрээр захианд нь хариу өгөх эсэхийг лавлаж өгөхийг хүссэн захиаг АНУ-д суугаа Оросын элчин сайдад бас бичив. Эцэст нь 1983 оны 04-р сарын 26-нд ноён Андроповоос хариу захиа ирсэн юм. Захианд “Захидал бичсэнд талархаад Самантаг Марк Твейний номонд гардаг Том Сойерын найз Беккитэй адил зоригтой, үнэнч охин байна гэж үнэлээд Зөвлөлтийнхөн бид 40 гаруйхан жилийн өмнө дэлхийг эзлэх гэсэн аймшигт дэглэмийн эсрэг байлдаж их хохирол амссан, энэ дайнд танай улс ч бидэнтэй хамтран оролцож байсан түүхийг та нар хичээл дээрээ үзсэн байх. Тиймээс бид дайныг огтхон ч хүсдэггүй, үй олноор хөнөөх цөмийн зэвсгийг бууруулах цаашид бүүр устгах тал дээр байр суурьтай байгаа. Зөвлөлтийн бүх иргэд олон улстай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай байж /ялангуяа АНУ шиг том улстай/ том, жижиг ямар ч дайныг хүсдэггүй. Одоо урин дулаан цаг ирж байгаа тул хэрэв эцэг, эх чинь зөвшөөрвөл та бүхэн манай улсад айлчлан биднийг яаж амьдарч байгааг өөрийн биеэр үзэж манай олон улсын хүүхдийн Артек зусланд амрахыг урьж байна. Ю.Андропов” гэсэн байв. /Захидлыг утгачлан товчилсон болно/

Саманта “Америкийн хамгийн залуу элчин сайд”-ын ажлаа үргэлжлүүлэн Японы ерөнхий сайд Yasuhiro Nakasone-ийн урилгаар тус улсад очин Кобэ хотд болсон олон улсын хүүхдийн симпозиумд оролцсон юм. Тэрээр симпозиумын үеэр “хэн ч охиныхоо зочилсон улсыг бөмбөгдөхийг хүсэхгүй” гэж хэлээд ЗХУ, АНУ жил болгон 14 хоног хүүхдүүдээ солилцуулан аялуулж байхыг уриалжээ. Энэ уриалгын хүрээнд 11 настай орос охин Катя Личева АНУ-д айлчилж байжээ.

Тэрээр удалгүй “Зөвлөлтөд хийсэн аялал” нэртэй ном бичжээ. Тухайн номны хамгийн гоё хэсэг нь Артект амрах үеийн тухайх хэсэг байсан байна.

Харамсалтай нь 1984 оны 08-р сарын 25-ны өдөр Саманта аавын хамт ТВ-ийн зураг авалтын дараа буцаж явах үедээ нисэх зурвасын ойролцоо мод шүргэн осолдсон Beechcraft 99 онгоцны ослын улмаас амь үрэгдсэн юм. Уг ослын үеэр нийт 6 зорчигч, нисэх багийн хоёр гишүүн бүгд амь үрэгдсэн байна. Мэдээж түүний ослыг маш их улс төржүүлж Зөвлөлтийн зүгээс санаатай аллага гэсэн хандлага их байсан боловч мэргэжлийнхний шинжилгээний хариугаар орой 22:05 цагийн орчимд бороотой байсан тул газарын радарын алдаанаас болсон санаандгүй осол болохыг нотолсон тайланг олон нийтэд хүргэж байсан байна.

Саманта Смит охины айлчлал нь хүйтэн дайны түгшүүрийг бууруулж, хоёр улсын хоорондын ойлголцолд тодорхой дэвшил гаргасан хэмээн үздэг юм.

Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв Блог

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ