...
...

Монголын ард түмний Эх орны дайны фронтод тулалдаж явсан түүх ҮҮРД ДУРСАГДАНА

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Цар тахлын улмаас Ялалтын баярын уламжлалт цэргийн жагсаал тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болж амжаагүй ч энэ сарын 24-нд 19 орны цэргийн анги, нэгтгэлтэйгээр сүрлэг болсон. Тэгвэл Дэлхийн хоёрдугаар дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үүднээс зураг, дурсгалыг нь барин жагсдаг “Үхэшгүй мөнхийн хороо” эх оронч хөдөлгөөн ирэх долоодугаар сарын 26-нд болохоор товлогдсон талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Аугаа их Эх орны дайнд монголчуудын оролцоо, хувь нэмрийн талаар өгүүлсэн, “Россотрудничество” агентлагийн соёлын хэлтсийн дарга Дамдинсүрэнгийн Намхайн нийтлэлийг хүргэж байна.

2020 оны тавдугаар сарын 9-нд Москва хотод Аугаа Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж, баярын парад явагдах ёстой байлаа! Ялалтын Парадад оролцох урилгыг дэлхийн бүх улс гүрний тэргүүнүүдэд хүргэж, тэдний олонх нь ирэх болсноо нотолсон юм. Владимир Путины энэхүү урилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардан авсан бөгөөд ирэх болсноо мөн нотолсон юм! Тийм ч байх бус уу?! Учир нь Монгол Улс фашизмыг Европд устган дарах үйл хэрэгт цэргийн хийгээд эдийн засгийн үлэмж их хувь нэмэр оруулсан улс шүү дээ. Тэр бүхий л хувь нэмрийг Аугаа Эх орны дайн эхлэхээс өмнө монголчууд Улаан Армийн дайчидтай мөр зэрэгцэн Халхын голд Японы түрэмгийлэгчидтэй тулалдаж байх үед оруулсан билээ. Дайны жилүүдэд Монголоос нийлүүлсэн хоол хүнс, хувцас, арьс шир, адууны үлэмж хэмжээ нь гайхамшигтай билээ.

Чухамхүү нэг сая хүрэхгүй хүн амтай эл орон Улаан Армийн эрэлт хэрэгцээг яаж хангаж чадсан юм бэ?!...Тухайлбал мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа дүгнэлтээс үзвэл Монгол Улсаас ЗХУ-д нийлүүлсэн мах, ноосны хэмжээ нь АНУ-аас ленд-лизээр нийлүүлсэн хэмжээнээс хол давсан байдаг! 1942 оны арваннэгдүгээр сард явуулсан цуваагаар юу хүргүүлснийг сийрүүлбэл: «Нэхий дээл-30 115 ширхэг; эсгий гутал-30 500 хос; ноосон бэлий-31 257 хос; ноосон хантааз-31 090 ширхэг; цэргийн бүс-33 300 ширхэг; ноосон цамц-2 290 ширхэг; ноосон хөнжил-2 011 ширхэг; жимсний жигнэмэг-12 954 кг; зээрийн гулууз мах-26 758 ширхэг; мах-316 000 кг; хувийн илгээмж-22 176 ширхэг; хиам-84 800 кг; өөхөн тос-92 000 кг» ( «Монгол ард Эскадриль» номноос, М., 1971.).

Гэтэл ийм цуваа хэд байсан бэ?! Хэдэн арав шүү дээ. Дайны жилүүдэд Улаан Армид хагас сая монгол адуу нийлүүлсэн байна! Тэдэнгүй, татах хөсөггүй байсансан бол хэдэн тулалдаанд ялагдал хүлээх байсан бол? Гэтэл маш тэсвэр хатуужилтай «монгол морьд» их буу, сум, хоол хүнсийг цаг тухайд нь татаж чадсаар байлаа. 

Монголчууд Аугаа Эх орны дайны  фронтод тулалдаж явсан байна.  Тэд Японы түрэмгийлэгчдийг хилийн шугам дээр тогтоон барихад илүүтэй хэрэгэцээтэй байсан болохоор тийм ч олон биш байсан. Гэхдээ л энэ бол бодит факт юм. Харин Аугаа Эх орны дайн, Байгалийн чанад дахь дайны талбарууд нэгдэж нэг фронт болж 1945 онд “ялагдашгүй” хэмээн нэршсэн Квантуны армийг бут ниргэв. Тийм болохоор монголчууд “Мөхөшгүй хороо” хэмээх ажиллагааг дэмжиж, улмаар Монголоос дайнд явсан Оросын эх орон нэгтнүүдийнхээ хөргийг барьсан тэдний ач үрсүүдийн хамт монголчууд зэрэгцэн өөрийн ойрын хүмүүс, өвөг дээдсийнхээ хөргийг барьж жагсав. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон “Мөхөшгүй хороо”-ны цуваа нэг километр урт сунасан байлаа. Тэгээд ч энэхүү ажиллагаанд хүмүүс албадлагаар бус өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар оролцсон юм. Орос, монголчууд нийлж олон арван жилийн өмнөх шиг мөр зэрэгцэн нэг цуваанд явсан нь сэтгэл хөдөлгөм үйл явдал байлаа. 

Монголчууд энэ жил ч “Мөхөшгүй хороо” ажиллагааг явуулахаар бэлтгэж байлаа. Гэтэл үл үзэгдэх дайсан коронавирус Орос, Монгол хоёр оронд болох бүхнийг эргүүлж чадлаа. Цар тахлын аюул нүүрлэж байгаа нь тодорхой болмогц ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин парадыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргахаас аргагүй болов... Заа тэгээд энэ хугацаа нь нэг сар хагас үргэлжлэн парад Улаан талбайд зургаадугаар сарын 24-нд явагдлаа. Яагаад энэ өдрийг сонгосон юм бэ? Яагаад гэвэл 1945 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Ялалтын анхны парад болж, Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдлага зогсож байсан Бунханы хөлд фашист Герман ба түүний хамсаатан орнуудын цэргийн мянга мянган тугийг бөхийлгөн шидэж байсан билээ.

Гэтэл тэр ялагдагсад өнөөдөр түүхийг шинээр бичих, толгой урвуу харуулах, Гитлер болон түүний сүрэг дэрэмчдийн сээр нурууг хуга дарсан Зөвлөлтийн дайчдыг их нүгэлтэн болгон харуулах оролдлого хийж байна! Европын «либерал ардчилалынхны» увайгүй ичгүүргүй байдал туйлдаа хүрч, тэд тухайн үед Гитлерт морь мэт зүтгэж танк, буу зэвсэг, цэрэг, хүн хүчээр хангаж байснаа мартсан бололтой. Тэгээд “Шкода” үйлдвэрүүдэд Гитлерт зориулж магадгүй дурамжхан ч танк үйлдвэрлэж байсан хүмүүсийн хойч үе Прага хот дахь маршал Коневын хөшөөг буулгав. Чухамхүү энэ маршал өөрийн цэргүүдийн амийг хайрлан хамгаалах үүднээс Прага хотыг их буу, нисэх, цэргийн хүчээр үнсэн товрого болгож чадах л байсан. Тухайлбал, америкчууд Дрезден хотыг сүйрүүлсэн шиг. Гэтэл үүнийг хийсэнгүй, тэрээр Прага хот бол бүх хүн төрөлхтний түүхэн өв гэдгийг сайн ойлгож байсан юм! Харин америкчууд 1945 оны хоёрдугаар сарын 14-нд ямар ч шаардлагагүй, яагаад ч юм Прага хотын дээрээс барагцаалбал хоёр зуун бөмбөг унагаж, мянга таван зуун хүний амийг бүрлэгсэн байна. Хөшөө буулгасан явдлыг дийлэнх чехүүд шүүмжилсэн боловч Зөвлөлтийн Армийн сүр хүч, шударга сэтгэлийг бэлгэдэн харуулах маршал Коневын хөшөөг буулгахын тулд бүхнийг хийсэн Прага-6 дүүргийн захирагч Ондржея Коларж мэтийн “европын чиг баримтлагчдын” гарт Чехийн төрийн эрх байна.

Хэрэв Улаанбаатарт байгаа маршал Жуковын хөшөөг “коммунизмын өвтэй тэмцэх” нэрийдлээр буулгах санаачилга гаргасан хэн нэгнийг бол сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн гэж дор хаяж тооцох болов уу.  Яагаад гэвэл монголчуудын хувьд уг хөшөө болоод хувь хүн болох энэ маршал бол орчин үеийн Монгол Улсын баатарлаг түүхийн салшгүй нэг хэсэг юм. Тийм болохоор коронавируснээс болж энэ онд “Мөхөшгүй хороо”-ны ажиллагаа Улаанбаатар хотод болохгүй ч ирэх онд заавал явагдана гэдэгт итгэлтэй байна.  

Улсын Их Хурлын сонгууль (энэ бол Монгол улсын хувьд улс төрийн маш хариуцлагатай чухал үйл явдал байдаг!)-ийн хугацааг цар тахал эхлэхээс өмнө зургаадугаар сарын 24-нд явуулахаар товыг нь тогтоосон болохоор Ерөнхийлөгч Х.Баттулга Москвагийн парадад оролцож чадахгүй болсон юм. Гэхдээ Улаан талбайд зургаадугаар сарын 24-ний өдөр болсон парадад Монголын армийн цэргүүд нэр төртэй оролцлоо.
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ