...
...

ЗАХИДАЛ: Монгол хүн рашаанаараа алт угаана гэдэг санаанд багтахгүй байна

ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг, “Өглөөний сонин”,  “Зиндаа.мн” мэдээллийн сайтын “Экологийн цаг” булан энэ зорилгод тулгуурласан цуврал нийтлэл, нэвтрүүлгийг үзэгч, уншигчид болоод  бодлого боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэсээр байгаа юм.

“Экологийн цаг” нэвтрүүлэг энэ долоо хоногт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын домогт Алтан уул орчмын байгаль экологи уул уурхайн үйл ажиллагааны улмаас  хэрхэн сүйдэж буйг газар дээрээс нь сурвалжилсан.

Сурвалжилгыг бүрэн эхээр үзэх: Алтан уулыг сүйтгэж буй “АГМ Майнинг” компани малчдын өвөлжөөг БУЛААЖ БАЙНА

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК-ийн хууль зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаанаас  болж “Торомхон” нэрээр алдаршсан нүдний рашаан ширгэж, хайлаас мод олноороо харангадан, хатаж, Гурвантэс сумын малчид хэдэн үеэрээ нутагласан өвөлжөөнөөсөө хөөгдөж,  орон нутгийн удирдлагуудын хүч мөхөсдөж буйг “Экологийн цаг” баримттай дэлгэсэн билээ.

Тус нэвтрүүлгийн хамт олонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс захидал ирүүлж, нэвтрүүлгийн баг болон хариуцлагатай уул уурхайн төлөө тэмцэж байгаа “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагаар дамжуулан Уул уурхайн яам болон Хууль шүүхийн байгууллагын сонорт хүргэж өгөх хүсэлт тавьжээ. Тэрхүү захидлаас хүргэж байна.

ЗАХИДАЛ

Намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн малчин Цогтбаатарын  Содоо гэдэг.  Би та бүхнээр дамжуулж говь нутгийн минь эрдэнэ болсон нүдний рашаанаар алт угаадаг солонгос эзэнтэй, даварсан компанийн талаар мэдээлэл хүргэх гэсэн юм.

Гурвантэс сумын Гоёот багийн нутагт Алтан уул гэж алдартай сайхан, үзэсгэлэнтэй, алт эрдэнэсээр баялаг нутаг байдаг юм. Энэ уулыг маань алт ухдаг “АГМ майнинг” компанид лиценз нэрээр өгчихсөн. Алтан ууланд маань хол ойрынхон зорьж очдог эрдэнэ мэт Торомхон нэртэй нүдний рашаан байдаг юм. Энэ рашаанаар маань ухсан алтаа угаасаар одоо бүр ширгэчихээд байна.

Ямар ч эрүүл ухаантай монгол хүн рашаанаар алт угаана гэхэд санаанд багтамгүй зүйл шүү дээ. Гэтэл энэ компани алтнаас ч үнэтэй рашаан усаар маань ийнхүү тоглож байгааг бид хараад тэвчиж суух арга алга.

Энэ компанийн ухаж байгаа “Алтан уул” нь рашаанаас гадна эмийн ховор ургамал, зос зэрэг ховор эрдэнэтэй нутаг юм. “Торомхоны зос” нь хүний цус алдалт, шархыг анагаадаг, цөсний чулууг хайлуулдаг шаварлаг чулуу юм. Үүнийг Өмнөговьчууд төдийгүй Монголын өнцөг булан бүрээс иргэд авч эмчилгээнд хэрэглэж ирсэн. Гэтэл “АГМ майнинг” компани уг зосыг ч техникийн хүчээр ухаж сүйтгэж үгүй хийлээ. Нутгийн ард бид хэлдэг газарт нь хэлээд нэмэр алга, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна.

Арга барагдаад Тост, Тосон бумбыг аварсан нутгийн хүү Х.Мандахбаяр сэтгүүлчид хандсанд ирж үзээд, өөрийн хөтөлдөг “Экологийн цаг” нэвтрүүлгээр гаргаж, алтыг рашаанаар угаахыг зогсох хүртэл нь хамтдаа тэмцэхээ илэрхийлсэн. Байгаль орчноо хамгаалж тэмцдэг хүүд манай нутгийн малчид үнэнхүү талархаж байгаагаа энэ дашрамд дуулгая.

Ийм хэцүү хүнд нөхцөлд үе удмаараа нутаглаж ирсэн малчид бид нутаг уснаасаа хөөгдөж, туугдаж, амьдрах газаргүй боллоо. Одоо бүр найман өрхийн өвөлжөөний газрыг авахаар хууль шүүхээр далайлган сүрдүүлж байна.

Энэ компанийн үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар МАЛЧИД бидний өвөлжөөг лиценз болгож авсан энэ байгууллагын даварсан эзэрхүү үйл ажиллагааг Уул уурхайн яам болон Хууль шүүхийн байгууллагын сонорт хүргэж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.

Нутгийг минь шуналтнуудаас авраад өгөөч.

Та бүхнийг хүндэтгэсэн: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн Хажуугийн шандад нутаглаж байгаа малчин Цогтбаатарын Содоо

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ