...
...

'Страто' компанийн хууль бус нүүрсний тээврийг эсэргүүцсэн ИРГЭДИЙН ҮГ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид Страто компанийн хууль бус нүүрс тээвэрлэлтийг эсэргүүцэж, тэмцэж эхэлснийг өмнө нь мэдээлсэн.

Тус сумын Билгэх багийн иргэдийн мэдээлж буйгаар малчид  нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын 50 гаруй авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоогоод байгаа аж.

ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлгийн сурвалжлах баг энэ сарын 18-нд  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутагт нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын автомашинууд говийн хөрсийг  сүйтгэж, хүн, малын амьдрах орчныг үгүй хийж буйг газар дээр нь очиж, сурвалжилсан билээ.


Билгэх багийн малчин иргэдийн үгийг сануулан хүргэе.


Цогтцэций сумын Билгэх багийн малчин Б.Чулуунцэцэг: Зам  замбараагүй болсон

Бид энэ нүүрс тээвэрлэлийг эсэргүүцдэг. Жолооч нар хаа дуртай газраараа явж байна. Бэлчээр, усыг сүйтгэж, хог хаяж байна. Хүн, малын уушги тоосоор амьсгалж байна. Мал гаргахад зарим малын гэдэс дотор цээжиндээ наалдсан гарч ирж байгаа. Өмнө нь зүгээр байсан. Тоосжилттой холбоотой болов уу гэж бодож байна. Нүүрсний машин хоёр тийшээ бөөн бөөнөөрөө явж байна. Бид бүхэнтэй хамгийн ойр байдаг хүн багийн засаг дарга  учраас багийн даргадаа л хэлдэг. Хэл ам хийж байгаад маршрут гаргаад зам хуссан ч түүгээрээ явахгүй байна. Дуртай газраараа явж байна. Зам  замбараагүй болсон.

Билгэх багийн залуу малчин Ж.Тайван: Тэмцээд хүч хүрэхгүй байна

Хатуу хучилттай замтай болгоод тээвэрлэлт хийнэ гэсэн ч тэгээгүй. Өнгөн хөрсийг нь хуулаад сул хөрсөн дээр яваад баллаад хаясан. Тийм сул хөрсийг гаргачихаар жижиг машин явах аргагүй болж байна. Өөрсдийнх нь том машин хүртэл сул хөрсөн дээр тулаад явах аргагүй болохоор хажуугаар нь өөр зам гаргаад давхиад байдаг. Хүнд даацын машин нэг удаа явчихаар нь тэр зам болж үлдээд, бусад машинууд нь тэр гаргасан замаар нь давхисаар байгаад, манай энэ нутагт хэдэн зуун метр газарт ч замтай болчихов доо. Дуртай газраараа зам гаргаад давхиад байгаа жолооч нарт хэлэхээр төөрөөд гэхчлэн зүйл хэлдэг. Тэмцээд хүч хүрэхгүй байна.

Билгэх багийн малчин Х.Ангараг: Нүүрсний тээврийн тоос  20-30 км газарт тархаж байна

Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах Монгол хүний  эрх зөрчигдөж байна. “Страто” компани сайжруулсан зам тавина гэж анх мэдэгдсэн. Сайжруулсан зам нэртэй ийм хуссан замаар явахгүй ээ. Малчид сум орныхоо удирдлагадаа, баг, сумын засаг даргадаа хэлдэг. Манай удирдлагууд болохоор дээшээ  хэлдэг ярьдаг газраа хэлж байна. Бидний мэдэл хүрэхгүй байна гэдэг. Нүүрс тээвэрлэсэн машинууд цагаан сарын өмнө яваад л байсан. Дараа нь бүр их явж байна. Хаа дуртай газраараа явж, тоос нь 20-30 км газарт тархаж байна. “Страто”-гийн нүүрс тээвэрлээд байгаа энэ зам дагуу малчин бидний малаа маллах ганц боломжтой бүс нутаг байсан юм, уг нь. Одоо ан амьтан байх нь байтугай бидний мал бэлчээрлэх  боломжгүй болж байна.

Цогтцэций сумын малчин Т.Жаргал: Арван хэдэн салаа замаар нүүрс тээвэрлэж байна

Найм, есөн жилийн амьдралаа зориулж бууц барьсан юм. Энэ бууцан дээрээ байж байгаад л хойч насандаа очих байлгүй дээ. Уг нь энэ замаар Чойрын түлшний л тээвэр явдаг байсан. Ноднингоос нүүрс тээвэрлэлт яваад байна. Энэ учир холбогдлоор малын бэлчээргүй болж малын уушгинд тоос сөрөг нөлөө үзүүлж байна. Ямаа гаргахад уушги, хавиргандаа наалдацтай байх болсон. Ер нь манай нутагт уул уурхайн нөлөө их бий. Салхи баруун урдаасаа байдаг учраас тоосжилтод илүү өртдөг. Хоёр машин яваад өнгөрөхөд л маш их тоос болж байна. Манай энэ хэсэг нам дор газар. Салхи багатай үед маш их тоос гарч, тогтож байна

Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар нь  бид улсын ажил хийж байгаа гэж дайрдаг. Уг нь замыг биднээс ухаантай улсууд л хийсэн баймаар юм. Гэтэл өнгөн хөрсийг нь аваад хаячихаар тоосжилт улам их үүсэж байна. “Страто” компани хэдхэн сарын дараа асфальтан зам тавина гэсэн, тавиагүй. Машинууд манай бууцны хажуугаар ч явна. Арван хэдэн салаа зам болгочихсон. Малын бэлчээр маш багасаж байна. Арга ядаад хэдэн жолооч нартай л үзэх юм. Нүүрсний тээврийн машины араас мотоциклиороо хөөцөлдөөд л шаардлага тавьдаг.


БИЧЛЭГ ҮЗЭХ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ