...
...

Говьчууд, говийн байгальд аранга болсон СТРАТО

ТВ8 телевизийн сурвалжлах баг Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумдын нутагт ажиллан “Страто” ХХК говьчуудын амьдрал, амьжиргаа, говийн байгальд хэрхэн аранга болж буй талаар сурвалжилж “Экологийн цаг”-аар цуврал нэвтрүүлэг хүргэж байгаа билээ. Энэ удаа  өмнөх нэвтрүүлгүүдээрээ тойм бэлтгэн үзэгчдэдээ хүргэлээ.


Эргэн сануулахад БНХАУ-ын хөрөнгө оруулагчид тэн хагасыг нь эзэмшдэг “Страто” ХХК 2015 онд байгуулагдаж 2019 оноос үйл ажиллагаа нь жигдэрчээ. Тус компани жилдээ 1,5 сая тонн түүхий нүүрс баяжуулж угаасан нүүрсээ БНХАУ руу гаргаж буй.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сум дахь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас үүссэн Хаялга нуурыг түшиглэж нүүрс угаана хэмээн ТЭЗҮ боловсруулсан “Страто” ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс- Тавантолгой компаниас сайн чанарын коксжих нүүрс авч баяжуулалт хийж байна. Цогтцэцийгээс нүүрс тээвэрлэдэг хүнд даацын машинууд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн 6 сумын нутгаар 430 км шороон зам туулж, зам зуурын газрын хөрсийг эвдэж улаан түйрэн болгоод байгааг тойм нэвтрүүлгээр харууллаа. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр газар дээрээс нь сурвалжлагыг хөтлөн хийсэн юм. Тэрээр өнгөрсөн жилийн намар, өвөл “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг мөн санаачлан 21 аймагт явуулж, Төрийн ордонд үндэсний чуулган хийлгэсэн билээ.

Эмзэг сул хөрстэй говийн газар шороог “Страто” ХХК”-д тээвэрлэлт хийж буй хүнд ачаатай аварга машины дугуйгаар элээгээд зогсохгүй хувийн тэргээрээ нүүрс тээвэрлэж амьжиргаагаа залгуулж яваа жолооч нар өмнөх зам нь цөмрөөд ирэхээр эд хөрөнгөө эвдэхгүй гэхдээ дуртай газраараа давхиж, олон салаа зам үүсгэн талыг там болгоод байгаа юм.

Хатуу хучилттай зам тавихын оронд сайжруулсан зам нэрээр говь газрын эмзэг хөрсийг дахин дахин хусдаг, дугуйнд элэгдсэн сул шороо цөмрөн явах аргагүй болоход Цогтцэций сумын нутагт дуртай газраа онгичин хайрга, шороо гаргаж зам дээр дэвсдэг, зам зуурын малчид, мал сүрэг тоосонд дарагдан эрүүл мэндээрээ хохирч байгааг Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн зам дагуу аж төрдөг иргэд, малчид, сумын удирдлагууд хэлж байлаа.

Сайжруулсан гэх замын зарим хэрэгт хоёр машин зөрөх аргагүй тул хажуу тийш гарч нөгөө машиндаа зам тавихаас аргагүй болдгийг жолооч нар бас ярьж байна.

Баялгаа нэг ухуулах, байгалиа нэг сүйтгүүлэх, малчид эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох, мал сүрэг нь өвчлөх, ноос ноолуурт нь тоос шингэдэг тул үнэгүйдэх, гүний усаар нүүрс угааж буй тул унд ус хомсдох зэрэг олон бэрхшээлийг говийн гурван аймгийн зургаан сумын иргэд туулж иржээ. Говийн газрын гүний цэнгэг ус 40 сая жилийн дараа л эргэн сэргэдэг гэдэг билээ. Хөрс шороо ч олон арав, зуун жилийн дараа сая эдгэрэх төлөвт ордог.

Нутаг орноо хамгаалж тэмцсэн иргэд, малчид компанийн эрх ашигт халдсан хэргээр торгууль хүлээдэг, хүчин мөхөсдөхдөө арга буюу төв суурин бараадан “дүрвэх” байдалд хүрчээ.

Газар шороогоо сүйтгүүлж, хур бороо татарч, ургамлын бүтэц өөрчлөгдөн төрөл зүйл нь цөөрч, ундны усгүй шахам болж, амьжиргаагаа залгуулдаг мал сүрэг нь өвчилж, өөрсдөө эрүүл мэндээрээ хохирч байгаа говийн иргэдэд төр, засаг анхаарлаа хандуулах цаг хэзээ вэ?

БИЧЛЭГ ҮЗЭХ

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ