...
...

1072 ХУВЬЦАА | Таны мэдэх ёстой ГУРВАН зүйл

“Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулагдсанаасаа хойш 10 жилийн дараа анх удаагаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болоод удаагүй байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлага ногдол ашиг тараахтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарласан юм. Өнөөдрийн хэвлэлийн хурлаас онцлох зүйлсийг та бүхэнд хүргэе.

Ногдол ашиг хэлбэрээр 1.8 их наяд төгрөг олгоно

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2019 оны ашгаас ногдол ашиг хуваарилахаар болсон билээ.  Компани ногдол ашиг хэлбэрээр 1.8 их наяд төгрөг олгохоор болоод байна.

Тус компанийн хувьцааны 85.4 хувийг Засгийн газар, 14.7 хувийг иргэд, 0.05 хувийг аж ахуйн нэгж байгууллага эзэмшдэг. Үүнээс үзвэл 800 гаруй тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар төсөл хөтөлбөрүүддээ зарцуулах бол 200 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд олгоно. Гэхдээ Засгийн газарт олгох 800 тэрбумын ногдол ашгийг үнэт цаас хэлбэрээр олгох юм байна.

Нэгж хувьцааны ногдол ашиг 90 төгрөг ч 81 төгрөг болж буурна

Энэ мэдээллийг сонсоод эрхэм уншигч та уурлаж магадгүй. Гэхдээ уурлахаа түр азнаарай. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 10 хувийн татвар ногдуулна. Тиймээс нэгж хувьцааг 90 төгрөг гэж тооцсон бол иргэд гар дээрээ 81 төгрөг авна гэсэн үг.

Нэг цэгийн киоск ажиллана

Иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх үүднээс нийслэл Улаанбаатар хот болон 21 аймаг 360 суманд нэг цэгийн киоск ажиллуулахаар болжээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани болон “Гэрэгэ” компанийн хамтран хөгжүүлсэн уг киоск нь зөвхөн иргэний үнэмлэхээ уншуулаад хувьцааны мэдээллээ авах, ногдол ашгаа хүлээн авах дансаа сонгох зэрэг ажиллагааг нэг дор хийх боломжтой юм байна.

Ингэснээр иргэдийн заавал бүрдүүлэх ёстой найман төрлийн бичиг баримтыг нэг дороос авах боломж бүрдэж буй аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ