...
...

Тэд чадлаа, Тэргэнцэртэй уулчин бүсгүй Асралт хайрханы оргилд хүрлээ

Монгол, Оросын уулчдын хамтарсан нэгэн гайхамшигтай төсөл хэрэгжүүлэх гэж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ. 

ОХУ-ын Буриад улсын уулчид Мөнхсарьдаг (3491 м) уулын хойд талаас авирч, харин Монголын уулчид урд талаас нь авирах энэхүү төслийг бэлтгэл, туршилтын авиралт амжилттай боллоо. 

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын ахалж буй Зохион байгуулагчдын баг Мөнхсарьдагийн оргилд гарахаар сонгогдсон Ч.Тунгалагтуяагийн хүйтний болон өндрийн мэдрэмж, бусад бэрхшээлүүд, биеийн байдал хэрхэн өөрчлөлт орж буйг шалгах зорилгоор энэ сарын 17-18-нд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд /2799 м/ амжилттай авирлаа.

Авиралтыг "Хамтдаа алхацгаая" клуб, "Эрдэнэт" уулчдын холбоо, "Сутайн бор", "Саммит" клуб болон "Mongolian Expeditions" компани дэмжин оролцжээ.  

Мөнхсарьдаг оргилыг зорих үндсэн авиралтад нь амжилт хүсье.
 


Тэргэнцэртэй иргэд УДАХГҮЙ Мөнхсарьдагийн оргилд УУЛЗАНА

Мөнхсарьдагийг зорих Орос, Монголын тэргэнцэртэй бүсгүйчүүдийн авиралт нэг өдөр үргэлжлэх бөгөөд оргил дээр зэрэг гарч, тэргэнцэртэй уулчин охидыг уулзуулах зорилготой юм.

Монгол, Буриадын тэргэнцэртэй уулчин охидыг оргил дээр уулзуулах авиралтын санаачилгыг ОХУ-ын уулчид гаргажээ. 2018 оны зун Гавьяат тамирчин Г.Өсөхбаярыг Памирын нурууны Ленин оргилд авирах үед ОХУ, Буриадын уулчид хамт явжээ. Тэд авиралтын үеэр өөрийн улсын тэргэнцэртэй охины хүсэл мөрөөдлийг биелүүлэх бодолтой явдгаа ярьж, есөн настайдаа уулын цанаар гулгаж байхдаа осолдож, нуруу нугасны хүнд гэмтэл авсны улмаас тэргэнцэр дээр суудаг болсон тухай тайлбарласан аж.

Буриадын уулчдад хандсан хүнд бэртэлтэй охин Мөнхсарьдагт авирахыг мөрөөдөж байсан гэдгээ ярьсан нь ийн уулчид түүний хүслийг биелүүлэхийг шалтгаан болсон юм.

Энэ түүхийг сонссон Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Бид ч бас нэгэн монгол охиныг Мөнхсарьдагт гаргаж, тэднийг хооронд нь уулзуулъя” гэсэн санал гаргасан нь өдгөө биелэхэд ойрхон болжээ. Г.Өсөхбаяр эх орондоо эргэж ирснийхээ дараа уулчин Л.Бүрэнтөгсөд ханджээ. Удалгүй тэргэнцэртэй иргэдийн холбооныхонтой уулзалт хийж, энэ гайхалтай авиралтад оролцох зоригтой охиныг хайж эхэлсэн байна. Ингээд тэд Ч.Тунгалагтуяатай холбогджээ.

Монгол, Оросын уулчдын хамтарсан, тэр дундаа тэргэнцэртэй иргэд Мөнхсарьдаг оргилыг зорих анхдагч авиралт энэ оны гуравдугаар сард төлөвлөгджээ.
 


Мөнхсарьдаг оргил нь Зүүн саяны нурууны ноён оргил бөгөөд оргил цэг дээгүүр нь ОХУ, Монгол Улсын хил дайрдаг. Уулын өмнөд тал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаг бол хойд тал нь ОХУ-ын хилийн цаана багтана. Оргилд Монголын уулчдаас анх Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Д.Баярням, Б.Гангаамаа, Г.Жангар нар хүрч байжээ. Зохион байгуулагчдын онцолж буйгаар төслийн гол зорилго нь ОХУ, Монгол Улсын иргэн, тэргэнцэртэй хоёр охины хүсэл мөрөөдлийг биелүүлэх замаар бусдад үлгэрлэж, Монголд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлогдсон 120 мянган иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, амьдралд шантарч яваа нэгэнд дахин босох хүсэл тэмүүллийг өгөх зорилготой юм.

Ч.Тунгалагтуяа хоёр нас хүрэхээсээ өмнө өвдөж, тэр цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Тэр гайхалтай тэвчээртэй. Чадахгүй болов уу гэж хойш суудагггүй. Бүхнийг хийж үзэхийг хүсдэг, өөрийгөө ялахын төлөө үргэлж тэмцэж ирсэн зоригтой эмэгтэй. Тиймдээ ч “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-нд Л. Бүрэнтөгсийг хандахад хамгийн түрүүнд гараа өргөн, Мөнхсарьдагийн авиралтад оролцохоо илэрхийлсэн биз ээ.

Ч.Тунгалагтуяа 2017 онд СУИС төгссөн. Зураач мэргэжилтэй. Тэр бас туялзуур сэлэмээр хичээллэдэг. Чөлөөт цагаараа хүүхдүүдэд зориулсан уран зургийн дугуйланг сайн дураараа ажиллуулдаг ажээ.


Уулчдын хамтарсан төслийг Зохион байгуулах ажлын хэсэгт Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Монголын уулын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, уулчин Л.Бүрэнтөгс, Удирдах зөвлөлийн гишүүн, спортын мастер Н.Батсайхан нараас гадна Багийн эмчээр уулчин А.Болд, ОУХМ С.Бат-Эрдэнэ ахлагчтай Орхон аймгийн Уулчдын холбоо, “Саммит” клуб нэгджээ.

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр хувьд дэлхийн зулай Эверестийн оргилыг хоёрантаа эзэлж, хойд Америк, Африк, Европ тивийн ноён оргил д амжилттай авирч, Хойд туйлын 0 цэгт хүрсэн анхны монгол уулчин. Түүний хувьд сүүлийн жилүүдэд тив, дэлхийн олон өндөр уулсад арилжааны бус авиралтуудыг санаачилж, уулчдын “Цагаан толгой” гэгдэх болсон номыг орчуулан хэвлүүлсэн юм. Харин энэ удаагийн түүний шинэ аялал, шинэ төлөвлөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд чиглэж байна.

Дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр ууланд гарч байсан олон тохиолдол байдаг. Гэвч тэдгээр авиралтыг ихэвчлэн арилжааны хэлбэртэй зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлдөг байгууллага, хувь хүмүүс өндөр уулын авиралтын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудад захиалга өгснөөр энэ төрлийн авиралт хийсэн жишээ цөөнгүй. Мөн Мөнхсарьдагийг зорих авиралттай адил арилжааны бус, нийгмийн сайн сайхны төлөө зохион байгуулсан авиралтууд ч олон бий.

Асралт болон Мөнхсарьдаг хайрханы авиралт нь оролцох, дэмжих хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй юм. Уншигч та Ч.Тунгалагтуяагийн түүхэн авиралтыг дэмжиж, түүнд урам өгөхийг хүсвэл зураач бүсгүйн уран бүтээлээс худалдаж авах болон бусад хэлбэрээр туслах боломжтой.
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ