...
...

МОНГОЛЫН гэрэл зурагчин ДЭЛХИЙД тэргүүлж байна

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүл зүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-ийн "Спортын торгон агшин" шилдэг гэрэл зургийн төрөлд Монгол Улсын гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын уурга шүүрч буй адуучны гэрэл зураг шилдэг гурван бүтээлийн нэгээр шалгарч, эцсийн шалгаруулалтад тунаж үлдлээ.


Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны энэхүү шагналын 11 төрөл бүрт шалгарсан шилдэг гурван бүтээлийг өнөөдөр  /2020.01.15/ зарлалаа.

Спортын сэтгүүл зүйн хамгийн нэр хүндтэй энэхүү өрсөлдөөнд дэлхийн 125 орноос нийт 1746 бүтээлийг сойжээ.

Ирэх хоёрдугаар сарын 2-нд шүүгчид ялагчдыг тодруулах юм. Ялагч бүр цом, 8000 ам.долларын мөнгөн шагнал, хоёрдугаар байрын эзэд цом, 3000 ам.доллар, гуравдугаар байрын шагнал хүртсэн уран бүтээлч цом, 2000 ам.долларын шагнал хүртэнэ.

Спортын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулах бүрэлдэхүүнд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн, “AIPS Sport Media Awards” шагналын шүүгчдийн бүрэлдэхүүний 11 гишүүн багтсан бөгөөд тэд 1746 бүтээлээс шилдгүүдийг шалгаруулжээ.

Шагнал гардуулах ёслол ирэх сарын 3-нд Унгар улсын нийслэл Будапешт хотноо “Corinthia” зочид буудалд болно. Ёслолын ажиллагаанд “AIPS Sport Media Awards”-ын төрөл бүрд шалгарсан шилдэг гурван бүтээлийн эзэд урилгаар оролцох юм.

Гэрэл зурагчдын бүтээлийг шагнал гардуулах ёслол дээр олны хүртээл болгон, танилцуулах дүрэмтэй.



AIPS журмын дагуу энэ олон оролцогчдоос шилдэг 30, шилдэг 10-ыг өмнө нь зарласан бөгөөд манай зурагчны бүтээл багтаж явсаар өнөөдөр ийн шилдэг гуравт тунаж үлдлээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ