...
...

Х.Мандахбаяр: Иргэдийн хүсэл, төрийн бодлого огтлолцож байгаад баяртай байна

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс хамтран зохион байгуулж буй "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.

Төр, засгийн удирдлагууд болон 21 аймгийн иргэдийн төлөөлөл оролцож, хариуцлагатай уул уурхайн төлөө үзэл бодлоо илэрхийлэх уг хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлсэн бөгөөд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр 21 аймагт явагдсан “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийн тайлан, үр дүнгийн талаар үндсэн мэдээлэл өглөө.

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Төрийн ордонд болж буй нэгдсэн хэлэлцүүлэгт 21 аймгийн төлөөлөл ирсэн. Хамгийн Өмнөговь аймгаас 90 гаруй хүн ирсэн байна. Одоогийн бүртгэлээс харахад 70 гаруй төрийн бус байгууллага, зургаан их сургуулийн оюутнууд, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирээд байна” хэмээн мэдээлэл өгөв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Тост, Тосон бумбын нурууг аврах тэмцэл орон даяар өрнөсөн. Тухайн үед уул ус, байгаль дэлхийг сүйтгэж байсан бусад уурхайн адил нөхцөл байдал говь нутагт өрнөж байсан юм. Би говийн хүн. Нутгийн олныхоо олон жилийн тэмцлийг шийдэх юм сан гэсэн хүсэл зориг өвөртөлж явдаг байв. Ингээд сэтгүүлч хүнийхээ хувьд мэдээллийг олон нийтэд ил тод болгож тэмцэх юм бол үр дүнд хүрэх боломжтойг олж харснаар иргэд, төрийн бус байгууллагууд, сэтгүүлчдийнхээ хамтаар тэмцэл өрнүүлсэн. Тэмцэхээс өөр сонголт бидэнд үлдээгүй. Тост, Тосон бумбын төлөө бүх нийтээрээ хамтран тэмцсэний үр дүнд Тост, Тосон бумбын тэмцэл томоохон үр дүнд хүрсэн. Улмаар Архангайн Цэнхэрт, Ноён ууланд байгаль дэлхийн нуруу тэнийсэн. Тост, Тосон бумбын тэмцлийг өрнүүлж байх явцад би жишиг тэмцлийг орон даяар өрнүүлнэ гэж хэлсэн. Тиймээс өөрсдөө зардлаа гаргаад бүх боломжоо ашиглан үндэсний хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлсэн. Нийт 12000 км зам туулсан 35 удаагийн хэлэлцүүлэгт 5000 гаруй хүн оролцсон байна. Хоёр сарын хугацаанд 21 аймагт салбар хэлэлцүүлэг хийлээ. Өмнөговь аймаг онцгой бүс нутаг учир сум болгонд нь хэлэлцүүлэг зохион байгуулсан. Бидний хэлэлцүүлгийг олон байгууллага, эх оронч иргэд дэмжсэн. Энэ хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан хамт олондоо болон дэмжиж байгаа олон түмэндээ баярлалаа.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэг очсон газар бүрт иргэд дэмжин хүлээж авсан. Уул уурхайн асуудалгүй аймаг байгаагүй. Уул уурхайд талхлагдаагүй сум байхгүй юм байна гэдэг ойлголтод бид хүрсэн. Бид асуудлыг газар дээр нь нээлттэй явуулсан. Хэлэлцүүлгийг сошиал орчинд шууд дамжуулж, “ТВ8” телевизээр олон түмэнд хүргэсэн. Мэдээж сайн зүйлүүд байсан. Сайн нь сайнаараа, муу нь муугаараа хэлэлцүүлгийн үеэр олон нийтэд хүрсэн. Хэлэлцүүлгээ өрнүүлэхдээ бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шударга сэтгүүлчдийн хүчийг ашиглаж ажилласан. Тиймээс 35 удаагийн хэлэлцүүлгийг 180 цагийн турш шууд дамжуулж, мөн хэмжээний дүрс архивлав. Мөн тус бүр 40 минутын 40 нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэв. “UBS”, “MN25”, “TV5”, “TV9”, “SBN”, “C1”, “NTV”, “Өлзий”, “Малчин” зэрэг 20 гаруй суваг хэлэлцүүлгийн мэдээ, мэдээллийг түгээж ажиллав. Хэлэлцүүлгийн тухай мэдээллийг zindaa.mn зэрэг 10 гаруй мэдээллийн сайт, “Өглөөний сонин”-ы сурвалжлах баг тухай бүрд нийтлэв.

Өнөөдөр Монгол Улсад өрнөж байгаа асуудлуудаас уул уурхай хариуцлагатай байх нь онцгой чухал. Нөгөө талдаа сэтгүүлзүй хариуцлагатай, хараат бус ажиллах нь чухал. Уул уурхай бол улсын эдийн засгийг тэтгэж буй цалин нь юм. Сэтгүүл зүйг уураг тархи нь гэж болно. Улсын цалин нь цэвэр байж цаашдын ирээдүй тэгш байх болно. Бид хэлэлцүүлгийн явцад иргэдээс 200 шахам шаардлага хүлээж авсан. Зарим сумдад 1000 гаруй хүн гарын үсгээ зурж асуудлыг гаргаж тавьж байсан. Жишээлэхэд, Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон сумдын иргэд Өлзий-Цагаан дэлийн боомтыг нээж болохгүй гэсэн шаардлагаа өгсөн. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлэг илүү амьд, үр дүнтэй болсон. Энэхүү нэгдсэн чуулганаас гаргасан зөвлөмж, шаардлагыг төр барьж аваад араас нь ажлаа хийх юм бол маш тодорхой үр дүнд хүрэх боломжийг бүрдүүлсэн гэж дүгнэж байна. Дөнгөж сая Шадар сайд уул уурхайн лиценз бүрийг шалгахаа илэрхийллээ. Иргэдийн хүсэл, төрийн бодлого нэг цэгт огтлолцож байгаад баяртай байна.

Хэлэлцүүлэг өрнүүлсэн хоёр сарын хугацаанд болон Тост, Тосон бумбын нурууны тэмцлийг оруулах юм бол сүүлийн зургаан сарын хугацаанд хариуцлагатай уул уурхайн төлөө ажилласан багийн хувьд онцлох 10 сэдэв байгааг олж харлаа. Нэн тэргүүнд нийгмийн лицензийг хуульчлах ёстой. Үүгээр дамжуулж иргэдийн газрыг дээрэмдээд байж болохгүй гэдгийг олон түмэн хэлж байна. Хэрэв ашигт малтмалын лицензийг шилжүүлэх гэж байгаа бол орон нутгийн дэмжлэгийг бүрэн дүүрэн авдаг байхыг хуульд тусгахыг бүх аймагт ярьсан. Мөн ураны хайгуул, олборлолтыг хориглохыг олон түмэн хүсэж байна. Хууль зөрчсөн ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг нэн даруй цуцлах, уул уурхайд газрын гүний ус ашиглахыг хориглох, нөлөөллийн бүсийн байгаль, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, уул уурхайн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг шинэчилж, хууль эрх зүйн орчныг даруй өөрчилж боловсронгуй болгох зэрэг асуудлыг иргэд хөндөж байна. Уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд онцгой анхаарах учиртай. Мөн уул уурхай ажиллаж байгаа иргэдийн цалингийн жишгийг олон улсын түвшинд хүргэх шаардлага байна. Оюутолгойд ажиллаж байгаа инженерүүдийн цалин 20 дахин зөрүүтэй байж болохгүй. Уул уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, энгийн ордыг ашиглах бодлогод өөрчлөлт оруулах шаардлага байна. Ер нь одоо ашиглаж байгаа уурхайнуудаа хариуцлагажуулах асуудлыг иргэд хөндөж байна. Нэмж уурхай нээхгүй ажиллах боломж бий. Уул уурхайн ТЭЗҮ-г жинхэнэ утгаар боловсруулж, хэрэгжүүлж, хянах тогтолцоог мөн боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдэхгүй бол асар том маргаантай асуудлууд уул уурхайд үүсэж байна” хэмээн үг хэллээ.

“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг “Уул уурхайн салбарт орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай” БОАЖЯ-ны мэдээлэл, “Ашигт малтмал, газрын тосны салбарын мэдээлэл сэдвээр УУХҮЯ-ны мэдээллээр үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний хэлэлцүүлэгт оролцогсдод хандан үг хэлэхээр хөтөлбөрт тусгаад байна.

Түүнчлэн “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Байгаль хамгаалал, уул уурхайн салбарын тулгамдсан асуудал” сэдвээр “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Энхбат, “Эх дэлхий, хүн төрөлхтөн, Монгол Улс, бодлогын шинэчлэл” сэдвээр “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Долгор, “Лиценз олгоход нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагын хооронд үүсч буй зарим асуудлууд” сэдвээр Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга Б.Батболд, “Эх орон, газар шорооныхоо эзэн нь байцгаая” сэдвээр “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, “Боомтын хөгжил ба байгаль экологийн асуудал” сэдвээр эрдэмтэн судлаач Х.Түмэнгэрэл, “Уул уурхайд тавих хяналтыг өндөржүүлэх нь” сэдвээр Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа нар илтгэл тавих юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ