...
...

Б.Дүгэржав: “Шинэ Ховд” хөтөлбөрөөр хэрэгжих 69 төсөлд оролцох боломж бүгдэд нээлттэй

Засаг дарга ярьж байна

"Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы үеэр Ховд аймгийн хөгжил, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын талаар тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай ярилцлаа.

-Жилийн өмнө болсон “Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн I чуулган”-ы үр дүнд хүмүүс ам сайтай байна. Тэр тухай яриагаа эхлүүлье?

-2018 оны арванхоёрдугаар сард анх удаа санаачилж Улаанбаатар хотноо “Шинэ Ховд-Хөрөнгө оруулалт, хөгжлийн I чуулган”-ыг зохион байгуулж байсан. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчид, Ховд аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулж анхны чуулганаа хийж байлаа. Улаанбаатар хотоос алслагдсан Баруун бүсийн нутгийн иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах хөгжил, дэвшлийг бий болгох үндсэн зорилгоор чуулганыг зохион байгуулж эхэлсэн. Анхны чуулган үр дүнгээ өгсөн. Өнгөрсөн жил цаасан дээр байсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдэж, шинжлэх ухааны зөвлөлөөр орж батлагдлаа. Бодит ажил боллоо. Эко цементийн үйлдвэрийн барилгын суурийн ажил явж байна. Нефтийн үйлдвэр барина гэж ярьж байсан бол хэрэгжихэд бэлэн боллоо. Нефтийн үйлдвэрийн урьдчилсан боловсруулалтын ажлууд дуусч байна. Ирэх хавраас ажлаа эхлэх бүрэн боломжтой болно. Хөдөө аж ахуйн парк байгуулах тухай өнгөрсөн жил ярьж байсан бол энэ жил 40 үнээтэй ферм байгуулаад байна. 800-1000 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэрийн нээлтийг хийлээ.

 -Тэгвэл энэ удаад хоёр дахь чуулганаа орон нутагтаа зохион байгуулж байна. Дээрх ажлуудаас гадна Засгийн газрын бүсчилсэн бодлогын хүрээнд Ховд аймаг хурдацтай хөгжих нь ээ?

-Бид Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болох зорилгоор үе шаттай ажлууд хэрэгжүүлсээр байна. “Шинэ Ховд” хөтөлбөрийн үр дүнд хэрэгжүүлэх 69 төсөл арга хэмжээнд хэн ч оролцох боломж нээлттэй байна. Төр засгаас бодлогоор дэмжиж, хувь хүмүүс ажлаа чанартай хийхийг л шаардаж байна. Энэ удаагийн чуулганы үр дүн Ховд аймаг төдийгүй Баруун бүсийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Би аймгийн Засаг даргын хувьд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлууд, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчидтэй хамтарч хийсэн ажлууд, олон улсын байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 51 төсөл, арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 гаруй арга хэмжээ гээд нийт 109 төсөл арга хэмжээг зохион байгуулсан. Үүнээс 16 барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүлээлгэн өглөө. Дахин 30 барилгын ажил эхлүүлээд байна. Одоогоор Ховд хотод 50 орчим барилга байгууламжийн бүтээн байгуулалт явагдаж байна. Жишээлбэл, соёлын төвийн барилга гурав, 220 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, хөдөө сумаас аймагт ирж суралцдаг хүүхдүүдийн аюулгүй байдал, суралцах орчинг хангах зорилгоор биеийн тамир, спортын цогцолбор, томоохон хэмжээний усалгааны систем дөрөв, хоёр цэцэрлэгт хүрээлэнг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгууллаа. Харин энэ жил эхлүүлсэн таван төсөл, арга хэмжээг 2020 оны эхний II улиралд багтаан хүлээж авахаар төлөвлөж байна.

-Олон улсын байгууллагуудтай 30-40 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтад хамтарч хийнэ-

-Улс, орон нутгийн төсөв, хувийн хэвшил, олон улсын байгууллага гэсэн гурван чиглэлээр бүтээн байгуулалт өрнүүлжээ. Олон улсын байгууллагын хамтын ажиллагааны тухайд хэр байв?

-Монгол Улс, Бельги Улсын Засгийн газрын хоорондын төслөөр 6.4 сая евро буюу 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын ажлууд 2012 оноос эхэлж яригдсан боловч царцсан байсан. Үүнийг Засгийн газраас гацааг нь гаргаад одоо төслүүд амжилттай хэрэгжиж жигдрээд явж байна. Харин үйл ажиллагааны нээлтийг арванхоёрдугаар сард багтаан хийхээр төлөвлөсөн. Эдгээр төслийн хүрээнд 53 нэр төрлийн 102 эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг бид хүлээн авч байна. Онош тодруулах эмчилгээ сувилгаа авах зорилгоор 1800-2200 хүн Улаанбаатарыг зорьж оношилгоо, эмчилгээнд орж байна. Энэ урсгалыг орон нутагтаа төвлөрүүлэх шаардлагатай юм. Нэг хүн хотыг зорих оношилгоо, эмчилгээнд нэг сая төгрөгийг зарцууллаа гэхэд иргэдийн маань халааснаас нийт 1.8-2.2 тэрбум төгрөг гадагшаа урсаж байгаа юм. Зөвхөн зардлын зарцуулалтыг тооцоход энэ тоо гарч байна. Тийм учраас ядаж орон нутагтаа оношлуулж эмчлүүлэх зардалд сая төгрөгөө хэрэглэдэг байх нөхцөл боломжийг бүрдүүллээ. Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-тай хамтарч бүх цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг бүрэн шинэчиллээ. Ингэснээр хүүхэд, багачууд эрүүл, аюулгүй орчин нөхцөлөөр хангагдана. Мөн хоёр дахь удаагийн чуулганаар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй 270 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Азийн хөгжлийн банкны Төв суурин газрын хөгжлийг дэмжих хөтөлбөрт Ховд аймаг хамрагдахаар боллоо. Уг хөтөлбөр 10 жилийн хугацаанд гурван аймагт хэрэгжинэ. 120 сая ам.долларын төсөвт өртөгтэй. Үүнээс зөвхөн урьдчилсан байдлаар 2020-2021 онд 19.8 сая ам.долларын дэд бүтэц, хөдөө аж ахуйн агро паркын чиглэлээр хөрөнгө оруулалт авч зарцуулах юм. Энэ мэт олон улсын байгууллагуудтай 30-40 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хамтарч эхлүүлж байна.

-Жижиг, дунд үйлдвэр 50, тогтвортой ажлын байр 100-аар нэмэгдлээ-

-“Үйлдвэрлэлийг дэмжиж хүн рүүгээ чиглэсэн бие даасан эдийн засагтай, бүс нутагт хөгжлөөрөө тэргүүлэгч аймаг болно” хэмээн та хэлж байсан. Энэ чиглэлд яаж анхаарч байгаа юм бэ?

-Манай аймагт 2790 орчим аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд ажлын байр шинээр бий болгох, өргөжүүлэхэд түрээсний асуудлаас эхлээд санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байдаг. Тиймээс “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг ИТХ-аар батлуулж гаргасан. Энэ хүрээнд Ховд аймгийн анхны бизнес инкубатор төвийг бий болголоо. Ингэснээр аж ахуйн нэгжид төсөл өгөөд хэрэгжүүл гээд хаях бус тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх байдлаар инкубатор төвийн үйл ажиллагаа явагдана. Гурван жилийн хугацаанд бизнесийг нь дэмжиж тогтвортой болгохыг зорино. Улмаар дараа дараагийн бизнес эрхлэгчийг дэмжих байдлаар ажлууд явна. “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийн хүрээнд 400 гаруй сая төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр нэг тэрбум төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуусын гарааны бизнесийг дэмжих чиглэлээр 320 залууд 10 сая төгрөг буюу 320 сая төгрөгийн дэмжлэг олголоо. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд нийт хоёр орчим тэрбум төгрөгийг олгож, 100 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, 50 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүллээ. Өөрөөр хэлбэл, 50 жижиг, дунд үйлдвэрийг бий болголоо.

-Аймгийн хөгжилд хөдөө, сумдын хөгжил чухал шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Манай оронд төдийгүй аймаг, орон нутагт анхаарах чухал ажил бол малын эрүүл мэндийн асуудал байна. Зах зээлд нийлүүлж байгаа мах хаанаас ямар байдлаар ирсэн гэдгийг тодорхойлж ээмэгжүүлэх, эрүүлжүүлэхэд нэлээд анхаарч байна. Энэ чиглэлээр Швейцарын хөгжлийн агентлагтай хамтраад малыг эрүүлжүүлэх ажлыг хийж байна. Энэ удаагийн чуулганаар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээнд хоёр жилийн хугацаатай гарын үсэг зурлаа. Гэрээний хүрээнд зорилтот зургаан сумынхаа хүүхэд, багачуудад боловсролын үйлчилгээг ойртуулахаар боллоо. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы Сэргээн босголт зээлийн банктай хамтраад “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох биологийн төрөл зүйлийг хамгаалах” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслөөр байгаль орчинд үүсээд байгаа сөрөг нөлөөлөлтэй холбоотойгоор биологийн төрөл зүйл, унаган байгалийг хэрхэн хадгалж үлдээх вэ, ингэснээр иргэдийн амьдрал ахуйг яаж дээшлүүлэх вэ гэдэг чиглэлээр гурван кластер төсөл хэрэгжүүлнэ. Үндсэндээ нэг кластер нь гурван сая ам.долларын өртөгтэй. Зургаагаас долоон жилийн хугацаанд хэрэгжинэ. Үүнд, Ховд аймгийн 17 сумыг бүрэн хамрууллаа. Энэ бол удаан хугацаанд тогтвортой хэрэгжих хамгийн том төсөл юм.

-Төрийн албан хаагчид Ховд аймгийн сумд руу тэмүүлж ажиллах ёстой-

-Хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлж байгаа ажлаасаа манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?

-Аль социализмын үед байсан буюу 30 жил ашиглаагүй төвлөрсөн шугамын асуудлыг хувийн хэвшилтэй хамтарч шийдлээ. Ингэснээр Ховд аймгийн 13 сумыг төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудлыг шийдэж байна. Уурын зуухыг ашиглалтад оруулснаар тэдгээр суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд жижиг зуухаар өглөө, өдөр, оройд янз бүрээр халааж галладаг байдал үгүй болж байна. Сумдын хөгжилд тулгарч байгаа дараагийн чухал асуудал гэвэл хүний нөөц дутагдалтай байна. Эмч, багш гээд төрийн албан хаагчид суманд тогтвор суурьшилгүй байна. Ганц, хоёр жил ажиллаад л аймаг, хот суурин газар бараадах боллоо. Тэдэнд суманд амьдрах таатай орчин нөхцөл хэрэгтэй байна. Тиймээс “Шинэ хөдөө” төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр боллоо. Төслөөр дамжуулж 13 сумын төрийн албан хаагчийг орон сууцжуулна. Тэдгээр сумын дулаан халаалтад долоогоос найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлээр дамжуулж оруулна. Мөн Ховд аймгийн төв магистрал шугамыг хариуцдаг хувийн хэвшлийн компанитай харилцан ойлголцсоны үндсэн дээр хоёр орчим тэрбум төгрөгийн 3.2 километрийн төв магистрал шугамыг шинэчиллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ