...
...

Ц.Пүрэвдорж: Цагдаагийн хошууч намайг хилс хэргээр дарамталсан

Цагдаагийн байгууллагын ажилтан үүсгээгүй, бүртгэлгүй хэргийг энгийн иргэнд тулгаж, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж байгаа талаар иргэн Ц.Пүрэвдорж өнөөдөр /2019.11.06/ мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч н.Баасанжав гэгч Ц.Пүрэвдоржийг удаа дараа дарамталж, эрүүгийн хэрэгт татан шалгаж байгаа талаар тэрбээр ярив.

Иргэн Ц.Пүрэвдорж Д гэгчтэй хамтран бизнес эрхэлж байсан ба Д-гийн өөрийнх нь хүсэлтээр автомашиныг нь барьцаалан, банк бус санхүүгийн байгууллагаас 2.5 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаандаа зарцуулсан байна. Гэвч Д нь компанийнхаа эрсдэлийг хамтдаа үүрэхийн оронд хамтран зүтгэгч Ц.Пүрэвдоржид санхүүгийн эрсдэлээ тохож,  зургаан сая төгрөг нэхэмжилж, улмаар танил цагдаагийн ажилтнуудаараа дамжуулан дарамтлах болсон гэв. 

Ц.Пүрэвдорж цааш нь “Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч н.Баасанжав эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх үндэслэлээр намайг дуудаж, байцааж шалгах явцдаа үүсгэсэн гэх хэрэгтэй танилцуулахгүй, гомдол гаргагчийн өргөдлийг үзүүлэхгүй, шалгаж байцааж буй үндэслэлээ хэлэхгүй байх зэргээр мэргэжлийн болон ёс зүйн маш олон ноцтой зөрчил гаргаж байна. Хэрэг тулгах, зохиомлоор нотлох баримт үйлдүүлэх, сүрдүүлэн дарамтлах замаар хэрэг хүлээлгэх, эрүүдэх, зүй бус, хүнлэг бусаар харьцах зэрэг үйлдэл гаргаж байна. Мөрдөн байцаагч н.Баасанжав анх аравдугаар сарын 23-нд над руу залгаж, уулзах хүсэлт тавьсан. Миний бие тухайн үед уулзалттай байсан тул өөрийн байгаа газарт ирж уулзаж болох тухай хэлсэн. Би тэр үед Швейцарийн хөгжлийн агентлаг, "Монгол ногоо" төслийн менежер, ажилтнуудтай уулзалт хийж байсан юм. Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа ирж, намайг баривчлан, Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч н.Баасанжавт хүлээлгэж өгсөн. Хошууч н.Баасанжав намайг “Оргодол, залилагч, чи цагдаагийн байгууллагаас зугтааж чадахгүй шүү, чамд залилангаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа, яагаад цагдаагаас дуудаад байхад ирдэггүй юм” гээд миний гар утаснуудыг хурааж аван хана руу харуулж зогсоож, өмнөө сөхрүүлэн суулгаж дарамталсан. Улмаар тэр хуулийн ямар ч тайлбар, үндэслэл өгөлгүйгээр шууд л “Чамайг одоо Ганц хутагт хорьж шалгана. Би өөрөө хөөцөлдөж байгаад чамайг тэнд удаан хугацаагаар суулгана. Чамайг ганцад хорьж байгаад шоронд явуулна” гэх мэтээр сүрдүүлсэн. Энэ үед нь би “Ямар ч залилан хийгээгүй, хүмүүстэй мөнгө төгрөгийн маргаантай байгаа нь үнэн, намайг цагдаагийн байгууллагаас нэг ч удаа дуудаагүй. Хэн гэдэг хүний нэхэмжлэл гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ. Хэзээ үүсгэсэн эрүүгийн хэрэг юм” гэж асуусан. Цагдаа н.Баасанжав нь “Чи хэнийг залилснаа санахгүй байна уу. Иргэн Д-ийн машиныг хуурч мэхлэн банк бус санхүүгийн байгууллагад тавиулж мөнгийг нь авч сураггүй алга болсон биз дээ чи” гэж хэлсэн. Үүнийг сонсоод би “Байцаагчаа би энэ асуудлын талаар тайлбар мэдүүлэг өгье” гэж хэлсэн боловч “Дуугүй цаашаа хана руу хараад зогс. Битгий эргэж хараад бай” гэж дарамтлаад тайлбар хийх боломж олгоогүй. Ингэж дарамталж байх үед нь би Д-ийн надад хэлж байсан үгийг цагдаад хэлсэн. Д өмнө нь “Би таньдаг цагдаатай. Чамайг шоронд хатаана, залилан хийснийг чинь олон нийтэд дэлгэнэ” гэж хэлж байсан юм. Би ямар ч залилан хийгээгүй. Д бид хоёр хамт бизнес эрхэлж байхдаа тэр өөрийнхөө хүсэлтээр автомашинаа барьцаанд тавьж 2.5 сая төгрөгийг компанийн үйл ажиллагаанд хамтдаа зарцуулсан. Гэтэл н.Баасанжав “Чи шоронд ормооргүй байгаа бол Д-д зургаан сая төгрөгийг арваннэгдүгээр сарын 24 гэхэд бүрэн төлж барагдуулна гэж бичиж өг. Тэгвэл чамайг шоронд хийхийг хойшлуулъя гэж дарамталсан. Намайг энэ мэтээр аргагүй байдалд оруулан дарамталсаар байгаад тийм бичиг хийлгэж, гарын үсэг зуруулсан. Тэр нь мэдүүлэг болон тайлбар биш юм. Би түүнд мөнгө төлөх ямар ч үндэслэлгүй. Үнэхээр намайг хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол шударга цагдаагийн ажилтан шалгах ёстой. Нэг өдөр хошууч н.Баасанжавын өрөөнд нь ороход нэг эрэгтэй хүн сууж байсан. Тэр хүн өөрийгөө иргэн Д-ийн төрсөн ах С гэж танилцуулаад “Муу залилагч, чи яахаараа миний дүүг залилдаг юм” гээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. н.Баасанжав байцаагч намайг “Д-д хохирол учруулсан нь үнэн гэсэн бичиг хийгээд нотариатаар баталгаажуулаад ир” гэсэн. С нь өөрийгөө хамгаалалтын алба ажиллуулдаг, чи муу миний гараас гарахгүй шүү гэж дарамталж байгаад өөрийгөө хохирогч болгон “Д.Пүрэвдорж би С-т зургаан сая төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Энэхүү зургаан сая төгрөгийг арваннэгдүгээр сарын 24-нд төлж барагдуулна” гэсэн утга бүхий гурван өөр бичиг хийлгэж аваад, нотариатаар баталгаажуулах гэсэн боловч нотариатч “Ийм хууль бус бичиг баталдаггүй” гээд баталж өгөөгүй. Гэвч С нь тэрхүү гурван өөр янзаар бичиж гарын үсэг зуруулсан бичгийг цагдаа Баасанжавт оруулж өгсөн. Мөн н.Баасанжав, С хоёр “Өрөө төлж чадахгүй бол чи компанийнхаа хувьцааг өгч болно” гэх санал хүртэл тавьсан. Миний эрхэлдэг компани, бизнес нь эко хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эхэлж буй өсөх ирээдүйтэй бизнес тул цагдаагийн алба тушаалаа ашиглан бизнест минь санаархсан үйлдэл гэж иргэн хүний хувиар хардах үндэслэлтэй гэж бодож байна” гэлээ.

Тэрбээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч н.Баасанжавыг шалгуулахаар нь Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, хурандаа Ж.Болдод хандаад буй ажээ. 
 

Ц.ПҮРЭВДОРЖ: БИ ШУДАРГА ЦАГДААГААР ӨӨРИЙГӨӨ ШАЛГУУЛАХАД БЭЛЭН БАЙНА
 

Тэрбээр дээрх асуудлаар үргэлжлүүлэн ярихдаа “Энэ мэтээр намайг өдөр болгон дуудаж, ямар ч өргөдөл гомдолтой танилцуулахгүй, байцаалт мэдүүлэг авахгүй, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх хэрнээ хэргийн материалтай танилцуулахгүй байсан учраас аравдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэргийг лавлагаа авсан. “Одоогоор тийм хэрэг үүсээгүй” гэсэн хариу өгсөн. Энэхүү лавлагаагаа бариад цагдаа н.Баасанжавын өрөөнд дуудсан цагт нь очсон. Хошууч н.Баасанжав тэр үед “Д над руу залгаж Ц.Пүрэвдоржийг шоронд суулгасан уу гэж асуугаад байна. Би прокурор шоронд суулгахыг зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн байгаа. Би өөрөө прокурор дээр ороод чиний хэргийг сунгуулчихсан. Иймд чамд бас жаахан хугацаа байна. Эхнэрээ тав дахь өдөр ирж мэдүүлэг өг гэж хэлээрэй. Эхнэрийг чинь байцааж, чиний тухай мэдүүлэг авна” гэсэн. Энэ бүх үйл явдлаас үүдээд гомдол гаргахаар шийдэж, Нийслэлийн цагдаагийн газрын цагдаагийн алба хаагчид холбогдох гомдол хүлээж авдаг 70191212 дугаарт залгаж, Баасанжавын намайг дарамталсан, зохиомлоор эрүү үүсгэсэн гэж сүрдүүлсэн асуудлыг шалгаж өгөхийг хүссэн. Мөн бичгээр өргөдөл гаргахаар Цагдаагийн ерөнхий газрын өргөдөл гомдол хүлээж авдаг хэсэг дээр ирээд сууж байх үед мөрдөн байцаагч н.Баасанжав залгаж “Чи Нийслэлийн цагдаад гомдол гаргаад яваад байгаа юм уу. Чи гомдлоо эргүүлээд татчих. Хоёулаа ярилцъя” гэж дуудсан. Энэ үед өргөдөл гомдол хүлээж авах цагдаагийн офицер эмэгтэй хажууд байсан. Тухайн Нийслэлийн цагдаагийн газрын өргөдөл гомдол хүлээн авах хэсгээс миний өргөдөл гаргаад явж байгаа мэдээлэл яагаад цагдаа Баасанжавт тийм хурдан хүрсэнд гайхаж, айн цочирдсон. Энэхүү хэргээс үүдэж надад ямар нэгэн аюул занал учрахгүй гэх баталгаа байна уу гэж бодогдсон. Эцэст нь цохож хэлэхэд, хэрвээ намайг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзвэл шударга хуулийн ажилтнаар шалгуулж, үнэн мөнөө тогтоолгоход бэлэн байна. Иймд Ц.Пүрэвдорж миний бие энэ бүхнээс үүдэж, нэр хүнд болон сэтгэл санаагаараа хохирсон тул ихэд гомдолтой байгаагаас гадна цаашид цагдаагийн ажилтнуудад үүнээс ч хүнд хэцүүгээр дарамтлуулахгүй гэх баталгаа үгүй учраас энэхүү хэргийг нэн даруй шалгаж, цагдаа н.Баасанжавт хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газрын даргаас хүсэж байна. Би өөртэйгөө холбоотой асуудлыг шударгаар шалгуулахад бэлэн байна” гэлээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Х.ТЭМҮҮЖИН сайд байсан бол олон олон залуусын асуудал хууль, журмаараа шийдэгдэх байсан даа.

Онцлох мэдээ