...
...

МАРАФОН: Б.Төрбат чадлаа, өөрийгөө яллаа

Спорт, уулын алхалт, гүйлтийн төрлөөр хичээллэж өөрийгөө ялан, дийлсэн Б.Төрбат дэлхийн топ зургаан марафоны нэг Нью Йорк марафонд амжилттай оролцсон баярт мэдээг бид хүлээн авлаа. Тэрбээр "Ахиллис Монгол" ТББ-ын тамирчин юм. 

Б.Төрбатыг дасгалжуулсан Э.Бат-Эрдэнэ түүний тухай нэгэн түүх нийтэлснийг хүргэж байна. 


*  *  *

Миний бие  "Ахиллис Монгол" ТББ-аас тавьсан саналын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Төрбат дүүг хөтөлж гүйсэн юм.

Б.Төрбатын өвчний түүх болон оношийг нь эмчлэгч эмч, ээжээс нь тодруулж хэрхэн харилцах талаар зөвлөгөө авсны дүнд 3, 4-р сарын хооронд суурь бэлтгэлээ эхэлсэн. Энэ хугацаанд сэтгэл зүйг нь судлаж, хамтран ажиллах арга замаа олсны хойно бэлтгэлийнхээ төлөвлөгөөг боловсруулсан.

Төлөвлөгөөний зорилго бол арваннэгдүгээр сарын 03-нд 42 км зайг амжилттай туулах буюу бүтэн марафоныг 4 цаг 05 минутаас дотогш гүйх явдал байв. Долоо хоногийн гурван өдөр гүйлтийн бэлтгэлийг цугтаа, дөрвөн өдөр бие даалтаар хүчний бэлтгэл хийлгэж байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие, сэтгэл зүйн онцлогт тохируулан гүйлтийн бэлтгэлийг тэсвэр хөгжүүлэх чиглэл рүү түлхүү анхаарч, хурдны дасгалыг 14 хоног тутамд нэг буюу бага хийсэн.

Энэ хугацаанд УЛААНБААТАР МАРАФОН, ИТГЭЛ НАЙДВАР-БОЛОМЖ МАРАФОН болон бусад жижиг гүйлтүүдэд бэлтгэлийнхээ чанарыг шалган тухай бүр оролцож байв. Анх удаагаа 21 км-ийг УЛААНБААТАР МАРАФОН-д хоёр цаг 12 минутад туулж байсан бол үүнээс хойш бэлтгэлийн үедээ нэг цаг 59 минутад гүйж байсаан. ИТГЭЛ НАЙДВАР-БОЛОМЖ МАРАФОН-д 21 км гүйхдээ 3-р байр эзэлж, хүрэл медаль хүртсэн. Энэ зам дардан байгаагүй, бие нь ядарсан, сульдсан, эмнэлэгт хэвтсэн. Гэхдээ тамирчин маань шантраагүй.

Улаанбаатар хотын цаг Нью Йоркийн цагаас 12 цагаар түрүүлдэг. Тиймээс энд ирэхээс өмнө цагийн зөрүүг арилгах тал дээр анхаарсан юм. Хотод ирээд буудалд буусан, экспо явж дугаараа авсан тухай видеог өмнө оруулсан. Тэмцээний өмнөх шөнө тамирчныхаа хувийн бэлтгэлийг сайтар хангуулж хөлийнх нь хумсыг авч өгөн, дугаарыг нь хадаж, бусад хэрэгцээт зүйлсийг нь бэлдэж тавив. Өглөө нь суга, цавь, ташаа, мөр, хөлийн хурууны салаа, өсгий, улыг тослож, хөхний толгойд нь наалт наасан. Манай залуугийн футболка, оймс, пүүз, өмд гээд бүх юм шинэ байсан боловч урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсных ямар ч хохирол учраагүй ээ.

Гарааны өмнө болон гүйлтийн явцад 45 минут тутам гель идүүлж, 25 минут тутам ус уулгаж байсан учир ямар ч байсан цуцалт бага байв. Гэхдээ санаанд оромгүй зүйл бас болсоон. Энэ нь бидний гүйлтийн цаг төлөвлөсөн хугацаанаас 15 минут хэтрэхэд хүргэсэн. Одоо тэгээд яах вэ? Болсон явдлыг буцааж болох биш.

МАРАФОН бол ГАЙХАЛТАЙ. Энэ тухай бичиж үнэхээр чадахгүй нь. Миний үгийн баялаг дутна гэхээс айв. Хөгжөөн дэмжигч, зохион байгуулалт нь энэхүү марафоныг дэлхийн шилдэг гэдгийг аргагүй тодорхойлдог юм байна.

Энэхүү боломжийг олгосон "АХИЛЛИС ИНТЕРНЕЙШНЛ МОНГОЛИА" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Саранчулуун найздаа, Д.Амаржаргал эгчдээ болон хандив тусламж үзүүлсэн бүх ах, эгч, найз нартаа тусгайлан БАЯРЛАЛАА.

Та бүхний дэмжлэгээр Б.Төрбат чадлаа, өөрийгөө яллаа.
Бидний зүгээс та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ