...
...

Ж.Цолмон: Үе үеийн эмч нарт зориулан хөшөө босголоо

АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой уулзаж, цаг үеийн сэдвээр ярилцлаа.


- Сайн байна уу. Монголын эмч нар VI дахь удаагийн их хурлаа хийх гэж байна. АШУҮИС-ийн хувьд Монголын эмч нарын түүхэн цаг үеийн хөгжилд оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их. Тиймээс энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

- Тийм шүү баярлалаа. Юуны өмнө Монголынхоо нийт  ард   түмний   эрүүл   мэндийн   төлөөх   ариун   үйлсэд   бие   сэтгэлээ   зориулан ажиллаж,  энхийн манаанд  нүд  цавчилгүй  зогсож байгаа  эрүүл  мэндийн салбарын   эмч, ажиллагсаддаа үе үеийн төгсөгчиддөө Монголын эмч нарын VI их хурлын баярын мэнд хүргэж, амжилт хүсье. Мөн эх орноо хөгжүүлэхэд   иргэний   хариуцлага,   үүргээ   өндөрт   өргөн   ухамсарлаж,   эрүүл байхыг   эрхэмлэж,   ЭМ-ийн салбарын хөгжилд хувь   нэмрээ   оруулж буй   иргэддээ   эрүүл   энхийг   хүсэн ерөөе. Бараг өрх болгонд эмч, эмнэлгийн мэргэжилтэн байдаг байх шүү. Альберт Эйнштейн “Хүний хамгийн дээд үнэ цэн бол бусдын төлөө амьдрах” гэж бичсэн байдаг. Эмч хүн л хүний төлөө бүхнээ зориулж чаддаг. Энэ сайхан мэргэжлийг бий болгоход, олон сайхан эмч нарыг төрүүлэхэд манай сургуулийн оруулсан гавьяа үнэлж баршгүй юм. Анх МУИС- ийн дэргэд хүн эмнэлгийн факультет дөрвөн тэнхим, гучин дөрвөн оюутантай байгуулагдаж, анхны деканаар оросын эрдэмтэн В.Н.Топольский томилогдож,    зөвлөлтийн мэргэжилтэн  багш нар орчин цагийн анагаах ухааныг монгол улсад хөгжүүлэхээр ажиллаж, багшилж эхэлснээр Монгол Улсад  үндэсний эмч, эмнэлгийн мэргэжилтэн  бэлтгэгдэж эхэлсэн түүхтэй.  1943 онд хүн эмнэлгийн факультетийн  үндсэн ангид 24 монгол, 10 орос, нэг жилийн бэлтгэл ангид 19 монгол сонсогчид суралцаж 1947 онд Монгол Улсад бэлтгэгдсэн анхны 14 эмч   төгсөн гарч байсан талаар АШУҮИС-ийн түүхэн товчоонд тэмдэглэгдсэн байдаг. Мөн 1960 онд анхны хүний гавьяат эмчээр Л.Дагзмаа, Н.Занаа, Д.Тамжав нар тодорч байсан бол түүхэн хөгжлийн явцад АШУҮИС-иас төрөн гарсан эрдэмлэг гавьяат эмч нарын тоог дурдаад баршгүй их болсон байна. Улс үндэстэн болгон өөрийн хөгжлийн түүхтэй байдгийн адил бүхий л салбар мөн үүсэж   хөгжсөн   түүхтэй   билээ. Түүх түүхээ хөгжүүлж явсаар өнөөдөр жижигхэн факультет төрийн үндэсний том их сургууль болтлоо хөгжсөн байна.   ХХ   зууны   Английн   төр   нийгмийн   нэрт   зүтгэлтэн, Нобелийн  шагналт   Жорж   Орвел гуайн үг санаанд орж байна, миний эш татах дуртай үг. “Аливаа   улс   үндэстнийг   мөхөөх   хамгийн   дөт   зам   нь өөрсдийнх нь  түүхийн талаарх тэдний ойлголтыг өөрсдөөр нь үгүйсгүүлж, өөрсдөөр нь ор үндэсгүйгээр   устгуулах   явдал   юм”   гэж   хэлсэн байдаг.   Сүүлийн   үед   түүхийг   дур   зоргоороо гуйвуулан өөрчлөхийг  оролдож  байна. Хойд хөрш маань гэхэд л өөрийн түүхээсээ бидний оролцоог баллуурдаж өөрчилж байна. Хэчнээн  гашуун  ч  туулсан   түүхээ  бид   дээдлэж, харин алдааг нь давтахгүй байхыг эрхэмлэх  учиртай.  Энд би ард  түмнээ  өөрийн   өвөрмөц,   давтагдашгүй  арга  барилаар   анагааж   хорьдугаар  зуунтай, орчин   цагийн   анагаах   ухаантай   залгуулсан  Монголын үе үеийн сэхээтнүүд, маарамба, хуврага нар мөн монгол анагаах ухааныг дэлгэрүүлэн хөгжүүлж “Монгол анагаах” гэсэн брэндийг бий болгож яваа уламжлалт анагаах ухааны эмч нарын түүхэн   гавьяа, хувь нэмрийг дурьдахыг хүсч байна. ДЭМБ-аас тавьж байгаа европ анагаах ухааныг уламжлалт анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх гэсэн чиг хандлагын дагуу өндөр нарийн мэргэжлийн хос мэдлэг, ур чадвартай уламжлалтын эмч нарыг манай сургууль бэлтгэн гаргаж байна. Тиймээс Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Монголын эмч нарын VI их хурлаар тулгамдсан олон асуудлуудад анализ хийж хөгжлийн шинэ гарцаа зурах боломж гарах нь гэж эмч нар маань бүгд харж байна. Миний бие ажлын хэсэгт орсон байгаа.

- Тийм шүү. Тэр хүнд хэцүү үеэс өнөөдрийн хөгжилд хүрсэн гэж бодохоор Монголын эрүүл мэндийн салбар асар хурдтай хөгжсөн ч юм шиг. Бид дандаа л өөрсдийгөө шүүмжилж байдаг.

- Бодоод үздээ Монгол  Улсын хүн ам зургаан зуу  гаруйхан мянга, жилд арван мянган хүүхэд төрж байхад арван хоёр мянган хүн нас бардаг, хүн амын өсөлт нь зогссон төдийгүй буурсан, депопуляцийн үзэгдэл бүхий тухайн үеийн гадаадын судлаачдын дүгнэлтээр мөхөж буй үндэстэн гэж үзэгдэж байсан улсыг шинэ Монголын Ардын Засаг хүлээн авч энэ үеэс Монгол улсын эрүүл мэндийн салбарын үүсэл хөгжил эхэлсэн түүхтэй. Энэ түүхэн хугацаанд хүн амынхаа тоог бараг зургаа дахин өсгөж,  эх, хүүхдийн эндэгдэл,  халдварт  өвчин  тууштай   буурч,  хүн   амын дундаж  наслалт  42-71 болтол нэмэгдэж байсан. Энэ дашрамд хэлэхэд, Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг Эрүүл мэндийн салбарт хангаж чадсан цөөхөн орны  нэг болж,   Монгол   хүн   эрүүл   саруул,   дэлхийд   өрсөлдөх   чадамжтай   болоход   Эрүүл мэндийн салбарын үе үеийн сайд нар, удирдлага, эмч, ажиллагсадын оруулсан хувь нэмэр, гавьяаг үнэлж баршгүй юм. Мөн ДЭМБ-ын тэр дундаа Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын хувь нэмэр, үүрэг роль их байсан. Мөн АУИС-ийг төгссөн жирийн эмч  дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, анх удаа Монгол хүн ДЭМБ-д үндсэн ажилтнаар орж улмаар дэлхийн хүн амын гуравны нэгийн эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг хамгийн том бүс болох Зүүн Өмнөд Азийн бүсийн дэд захирал, кабинетын гишүүн, НҮБ-ын нэг төрөлжсөн байгууллагаас нөгөө төрөлжсөн байгууллага болох Ази номхон далайн баруун эргийн нийгэм эдийн засгийн комисст бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдож олон арван монголчууд НҮБ-д ажиллах эх гарааг нээж өгсөн миний аав Др.З.Жадамба, мөн бүсэд бүсийн хорооны зөвлөх, АШУҮИС-ийн багш асан Др.М.Отгон, Н.Цэнд, Р.Арслан, Ч.Бямбасүрэн нарын гавьяа их юм.

- АШУҮИС өөрийн эмнэлэггүй байхдаа олон арван гавьяатнуудыг бэлтгэн гаргаж байсан юм чинь одоо Их сургуулийн эмнэлэгтэй болсноор давуу талууд улам нэмэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Мэдээж хос мэргэжилтэй эрдэмтэн мэргэжилтнүүдээ дэмжиж ажиллаж байж амжилтад түүчээлнэ. Та АШУҮИС-ийн удирдлагын хувьд энэ тал дээр хэр анхаарч ажиллаж байна вэ?

- Хос мэргэжилтэй гэж гоё хэллээ. Их бичгийн хүн Лодонгийн Түдэв гуай нэгэнтээ “Анагаахын багш бол хос морьтой хүмүүс юм, хүний эрүүл мэндийг сахин хамгаалахын зэрэгцээ өөрсдийн ирээдүй залгамж хойч үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэдэг эмч, багш нар юм” гэж хэлсэн байдаг. Манай их сургуульд багш-эмч нар ажилладаг, манай Их сургуулийн эмнэлэгт эмч-багш нар ажиллаж байна. Нээрээ л хос морьтой хүмүүс.

АШУҮИС-д нийт 429 багш ажиллаж байгаагаас профессор 25, дэд профессор 51, ахлах багш 116, багш 159, дадлагажигч багш 74 байна. Нийт багш нарын 199 нь анагаах ухааны доктор, 230 нь анагаах ухааны магистр цолтой байгаа нь манай хамт олон ямар эрдэмлэг болохыг харуулж байна. АШУҮИС анх удаагаа түүхийн бүхий л үедээ хүсэн мөрөөдөж байсан эмнэлэгтэй болсон нь мэдээж олон давуу талуудыг авчирна. Бид амбулаторийн үйл ажиллагаагаа 10-р сарын 1-ны өдрөөс эхэлсэн. Хэвтэн эмчлүүлэх тасгаа нээхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Он гараад яаралтай тусламж, мэс заслын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Их сургуулийн үндсэн функц сургалт, судалгаа байдаг бол манай сургуулийн хувьд эмнэл зүй, эмчилгээ оношилгоо мэргэжлийн үйл ажиллагаа нэмэгддэг. Энэ үндсэн гурван функцээ хэнээс ч хамааралгүйгээр олон улсын түвшинд хөгжүүлж явуулах боломж бүрдэж байгаа нь давуу тал. Өөрсдийн үйлчлүүлэгч нартай, өөрсдийн тоног төхөөрөмж, өөрсдийн байр, лабораторитай байна гэдэг бол их боломжийг нээж  өгч байна. Ёстой ганцхан үр дүн гаргах л үлдээд байна. Мэдээж энэ бүгдийн цаана бид хоёрын яриад байгаа Эрүүл мэнд, Боловсролын салбарын хөгжил дэвшилд ахиц гарна шүү дээ. Тэрний төлөө манай хамт олон хичээж ажиллах болно, ажиллаж ч байгаа. Гол нь Их сургуулийн эмнэлгийн эрх зүйн орчныг яаралтай бий болгох хэрэгтэй байна. Д. Сарангэрэл сайд манай хамт олны их сургуулийн эмнэлэг байгуулах хүсэл эрмэлзлийг манай багш нарын өөрсдийнх нь амнаас сонсож, Их сургуулийн эмнэлэг хэлбэрээр хөгжих боломжийг нь бүрэн хангаж чадсан, өнөөдрийн хууль тогтоомжид баригдсан бус, ирээдүйн хөгжлийг гарцыг нээсэн их сургуулийн эмнэлгийн дүрмийг баталж асар том дэмжлэг үзүүлсэн нь сайдын торгон мэдрэмж, ирээдүйгээ харсан хөгжлийн бодлого гэж талархан хүлээж авч байгаа. Одоо дүрмээ баримталж ажиллах хуулийн заалтуудыг гаргах шаардлагатай байна. Хамгийн түрүүнд ЭМ-ийн тусламж үйлчилгээний тухай хууль, ЭМ-ийн тухай хуулинд “Их сургуулийн эмнэлгийн тодорхойлолтыг олон улсын жишгийн дагуу оруулах, мөн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөлд “Их сургуулийн эмнэлэг” гэж оруулах зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Анхны юм болгон эрсдэл ихтэй ч анхны юм болгон түүхэн бөгөөд  хуучин хуудсыг хааж шинэ хуудсыг эхлүүлэн асар их саад бэршээлийг туулдаг жамтай. Манайд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх хуучнаар бол гуравдугаар шатлалын одоогийнхоор бол лавлагаа шатлалын эмнэлгүүд байгаа боловч манай их сургуулийн эмнэлэг  нь  манай улсад түүхэндээ  анх удаа буй болж байгаа тогтолцоо бөгөөд 3-р шатлалын эмнэлгүүдээс зорилго зорилт, чиг үүргээрээ ялгагдах  онцлогтой. Монголд анагаах ухааны судлаач эмч эрдэмтдийн оюуны хүч хөдөлмөрийн үр шимийг салбарын мэргэжилтнүүдийн хүртээл болгож, шинэ арга технологийг практикт нэвтрүүлэх гарц бүхий боломжийг бүрдүүлж ганц үндэсний судлаач эрдэмтэд биш дэлхийн анагаах ухааны эрдэмтдийн хамтын ажиллагаа энд явагддагаараа онцлог бөгөөд түүхэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт юм. Одоо болж буй Монголын эмч нарын хурлаар эмч нарыг таатай нөхцөлд ажиллах хууль эрх зүйн орчин, Их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь явуулах  олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчин бүрдүүлэхэд боломж олгосон хурал болно гэж манай хамт олон хүлээн харж байна.

- Таны санаачилгаар Монголын нийт эмч нарт зориулан хөшөө босгосон байсан. Ер нь эмч нарт зориулсан хөшөө байгаагүй байх шүү. Танд баяр хүргэе. Эмч нарын нэрээс өмнөөс гээд хэлвэл эмч биш байж гэх болов уу? 

- Маш их баярлалаа. Байдаг гэж сонсоогүй. Харин Зайсангийн тэнд солонгос эмчийн нэг хөшөө байдаг. Монгол улсад  дээд боловсролтой эмч, мэргэжилтэн бэлтгэж ирсэн манай сургууль  өөрөө   Монгол улсын эрүүл мэндийн салбарын түүх гэж би боддог юм. Их сургууль маань түүхэндээ зуун тавин мянга гаруй эмч нарыг төгсгөн гаргаж эмчийн тангараг өргүүлсэн байна. Эмчийн тангараг  өргөсөн тэр мөчөөс эмчийн ариун үйлс эхэлдэг. Эмчийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, хөдөлмөрч зан чанар, хүний төлөө гэх нинжин  сэтгэл, эмч хүнд байх сайн сайхан бүх чанарыг өөртөө агуулж Монголын эмч нарыг өсгөж, хүмүүжүүлж, төрүүлэн гаргасан бидний багш нар, алтан үеийнхэн, үе үеийн төгсөгчид, одоо ажиллаж буй эрдэмтэн багш, эмч нар, эмч болохоор суралцаж буй оюутан  залууст зориулан төрийн шагналт барималч Ц.Амгалангийн бүтээл болох эмчийн хөшөөг АШУҮИС-ийн төв үүдэнд бид Эмчийнхээ алдар гавьяаг мөнхлөн босголоо.  Эмч хүн мэргэжлээ сонгодоггүй, цаанаас нь “чи эмч бол” гээд томилдог, тийм л томилгоотой хүмүүс гэж боддог. Тийм ч учир хүн болгон хүссэн ч эмч болж чаддаггүй нь ийм л учиртай. Жирийн хүн өөрийнхөө амь насыг хамгаалж, дааж явдаг бол, эмч хүн, хүн болгоны амь насыг хамгаалж, тэдний эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээдэг. Жирийн хүн сурах хугацаа нь хязгаартай байдаг бол эмч хүн бүхий л амьдралынхаа турш сурч, суралцаж,   сургаж,   бусдын   амьдралын   төлөө   тэмцэж,   өөрийн   эрүүл   мэнд,   гэр   бүл,   үр хүүхдээ   умартан   хөдөлмөрлөдөг.  Тэдэнд   хүний   амьдралд   тохиолддог   бүхий   л   зовлон, жаргал   байдаг.   Гагцхүү   тэд   минь   зөвхөн   өөрийн   хэрэг   хэмээн   ухамсарлан   бусдад нялзаалгүй,   өөрсдөө   чимээгүй   даван   туулдаг.    Эмч   нарын   дийлэнх хувь нь   илүү   цагаар ажиллаж байна. Гэтэл ар гэр, үр хүүхдүүд нь гачигдал, зовлонтой, цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулж, зөвхөн өргөсөн тангарагтаа үнэнч байхыг эрхэмлэн шүд зуун зүтгэж яваа нь дийлэнх нь билээ. Тиймээс ч Монголын эмч нарын хийсэн бүтээсэн гавьяаг үнэлж энэхүү хөшөөг босгох санаачилгыг гаргасан. Энэ хөшөө наян таван сая төгрөгний өртөгтэй. Бид хандиваар босгосон. Энэ сайхан хөшөөг босгоход чин сэтгэлээсээ  тусалсан Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан доктор Р.Болд болон өөрийн ур ухаанаа заран урласан Ц.Амгалан гуай нартаа нийт эрдэмлэг хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Ц.Амгалан гуай хэлэхдээ энэ хөшөө хэн нэгний дүр төрх биш, эмэгтэй, эрэгтэй эмч хүн байгаа, Монгол хүмүүс эрт дээрээс эмч хүнийг хэрхэн яаж дүрсэлж сэтгэлдээ шигээж, төсөөлж байсан тэр бүх сайхан чанарыг агуулсан Монгол эмчийн дүрийг бүтээх гэж хичээсэн гэж хэлж байсан. Ингээд бид Их сургуулийнхаа өмнө үеийн мөнхөд дуурсагдах Эмчийнхээ хөшөөг сүндэрлүүлэн босгосон. Би маш  их баяртай байгаа.

- Ер нь Монгол улсад эмч нарыг дэмжсэн эрх зүйн орчин нь хэр байдаг вэ. Та эрүүл мэндийн салбарт одоог хүртэл зүтгэхдээ энэ тал дээр бишгүй хичээж ажилласан шиг санагддаг?

- Эмч хүн ямар ч тохиолдолд алдаа гаргах эрхгүй. Тэр утгаараа тэдний хувь заяа хутганы ирэн дээр байдаг гэж хэлж болох юм. Өдөр, шөнөгүй хоёр хөл  дээрээ  хүний  амь, амьдралын  төлөө тэмцэн зогссон  эмч,  эмнэлгийн тусламж,   үйлчилгээ   үзүүлэх  хууль,   захиргааны   хэм   хэмжээний   акт,  хэлцлээр   хүлээсэн үүргээ  зохих  ёсоор биелүүлээгүйгээс   хохирогчийн  эрүүл  мэндэд  хохирол  учруулж,  нас барвал   найман   жил   хүртэл   хорих   ялаар   шийтгэгдэнэ   гэж   “эрүүгийн   хуульд”   онц хэрцгийгээр хүний  амь  насанд  халдсан  этгээдтэй эн   тэнцүү  шийтгэл  хүлээхээр заасан байсныг өөрчлөхөд мөн эмч, эмнэлгийн ажиллагсадын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд хувь нэмрээ оруулсан л гэж боддог. Харин   эмч   нар   өөрийнхөө   эрхийг   хамгаалах   хуулийн   боломж   нь   тодорхой   бус,   хомс, тэднийг   нь   яаж   ч   гүтгэж,   гуйвуулж   болохоор   байгааг   хуулиар   нарийвчлан   зохицуулах шаардлагтай байгааг салбарын олон мэргэжилтнүүд хэлж байна.  Эмчийн  хийж бүтээсэн гавьяа гэхээсээ илүү   алдааг нь дурьддаг, зэмлэдэг. Энэ нь сөрөг уур амьсгалыг нийгэмд бий болгож, эмчдээ итгэх итгэлийг бууруулж, сөрөг үр дагаварт хүргэх аюултай. Учир нь эмчилгээний амжилтын гол нэг нөхцөл нь эмчид итгэх явдал юм. Эмчийн нэр хүндийг өсгөх, эмчид хүндэтгэлтэй хандах хандлагыг бий болгох нь эмч нарт биш иргэдэд хэрэгтэй зүйл гэдгийг хэлэхийг хүсч байна. Ингэснээр эмчилгээний үр дүнд нөлөөлөх сэтгэл санаа өөдрөг   болж,   итгэл   үнэмшил   төрж,   эмчдээ   итгэх  итгэл  нэмэгдэж  эмчилгээний   үр   дүн сайжирна.   Ер нь Олон хүмүүсийн хандлага, сонин хэвлэлээр гарч байгаагаас харахад монголын эмч нарын   хөдөлмөрийг   төдийлөн   үнэлэхгүй   байгаа   харагддаг.   Гэтэл   гадныхан   ийм   бага цалинтай,  ийм  бага дэмжлэгтэй, ийм  муу нөхцөлд манай эмч нарын ур  чадвар, үнэнч, хичээнгүй, зан чанар, мятрашгүй зүтгэлийг үнэлж, гайхан ярьцгаадаг юм билээ. Хүн   төрөлхтний   түүхэнд   эмч   нарын   өнөөгийн   мэдлэг,  харилцаа   хандлага,   ур чадварын   түвшинд   хүрэх  хүртэл   хэдэн   мянган   жилийг   туулсан   түүхтэй.   Цаашид   улам сайжруулж   боловсронгуй   болгох   гэж   дэлхий   нийтээрээ   хичээж   НҮБ-ын   төрөлжсөн байгууллага болох ДЭМБ-аас нэгдсэн зөвлөгөө, зааварчилгаа гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар, эмчийн үүрэг хариуцлага, ур чадварыг дэлхийн түвшинд тэгшитгэх зорилтууд тавигдсаар байна. Иймд хүний амь насыг хариуцаж байгаа салбарын эмч, ажиллагсадын хөдөлмөрийн үнэлгээг өндөр хөгжилтэй улс оронд хэрхэн үнэлдэг тэр жишигт   хүргэх,  эмчилгээ   үйлчилгээг   зүй   зохистойгоор   явуулах   нөхцөл   боломжоор   нь хангаж,   эрүүл   мэндийн   салбарын   төсвийг   нэмэгдүүлэх,   хууль   эрх   зүйн   орчинг боловсронгуй болгох шаардлага байсан хэвээр л байна. Жишээ нь АНУ-д эмчийн жилийн цалин 180-280   мянган   ам.   доллар   байдаг.   ОХУ-д   гэхэд   эмнэлгийн   түргэн   тусламжийн   албыг цагдаагийн   албаны   нөхцөл   хангамжтай   дүйцүүлэн   статусыг   нь   адил   болгосон. Эмчилгээний явцад өвчтөн, үйлчлүүлэгчдийн амь насанд хохирол учрах эрсдэлтэй учир хуулийн дагуу даатгалын механизмыг бий болгох нь зохистой юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нийт  194 улс орнуудыг хамруулсан судалгаанд 1000 хүнд ногдох эмчийн тоогоор Монгол Улс дэлхийд 41-т жагсаж байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нийт  192 улс орнуудыг хамруулсан судалгаанд 1000 хүнд ногдох эмнэлгийн орны тоогоор Монгол Улс дэлхийд 13-т орсон. Түүнчлэн дэлхийн шинжлэх ухааны томоохон сэтгүүлийн нэг болох Английн долоо хоног тутмын эрүүл мэндийн “Lanset”сэтгүүлийн дугаарт  дэлхийн 195 орны эрүүл мэндийн салбарын хүртээмж, эмчилгээ үйлчилгээний чанарын индексийг 2016 оны байдлаар эрэмблэн жагсаахад Монгол улс 119 –т орсон байна. Энэ үзүүлэлтээс харахад Монгол Улсын нийт хүн амд хангалттай хэмжээний эмч, эмнэлгийн ор хийгээд хамгийн сүүлийн үеийн, дэлхийн том брендүүдийн төлөөллийн эмчилгээ, оношилгооны техник, тоног төхөөрөмжүүд байгаа хэдий ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарын индексээр (HAQ index) бид Хойд Солонгос улстай адилхан 53 индекстэйгээр дэлхийд 119, 120 байранд эрэмбэлэгдэж байгаа нь харамсалтай.

- Чин сэтгэлийн ярилцлага өгсөн танд баярлалаа. Эмч танд бас баяр хүргэе.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ