...
...

Сэтгүүлчид Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэгт багтахыг хүслээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдэвт зорилтот хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.10.18/ МУИС-ийн номын санд зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд хууль эрхзүйн орчны нөлөө” сэдвээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл, “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх шаардлага бий юу” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын дарга П.Сайнзориг тус тус илтгэл тавив.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрхзүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлэн илтгэгчдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Тухайлбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт амьдрал дээрээс урган гарсан судалгаатай уялдаад гарах учиртай гэж бодож байна. Гэтэл огт эсрэгээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг илүү айлгасан, чангалсан заалт орж ирж байна. Сошиал орчинд гэхэд хэн ч мэдэхгүй нууц хаяг нээгээд бусдыг гүтгэж байгаа, янз бүрийн заналхийлэл, эмх замбараагүй байдалд уриалж, садар самуунд уруу татаж байгаа. Хамаг болохгүй бүтэхгүй бүхэн сошиал орчинд магадгүй сэтгүүлчийн нэр барьсан нууц хаягаас явж байгаа. Үүнд судалгаа хийх хэрэгтэй” хэмээгээд “Бид хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажиллая гээд тодорхой хүмүүсийн нэр, сүүлдээ байгууллагуудын нэр өгч үзсэн. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хууль зүйн байнгын хороон дээр хэлэлцүүлэгт оролцоод явах боломжтой юу. Хэвлэл мэдээллийн салбарын зүгээс Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хэдүүлээ оролцож, санал болон мэргэжлийн зөвлөгөө өгөх боломж байна вэ” хэмээн асуув.

Үүнд ХЗДХЯ-ны Бодлогын газрын дарга П.Сайнзориг “Би өөрийнхөө хариуцах ажлын хүрээнд хариулъя. Та бүхнийг санал тавих үед хуулийн төсөл ажлын хэсэг хаагдсан буюу 30 гаруй байгууллагын ажилчид ажиллаж байсан. Одоо Эрүүгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль Хууль зүйн байнгын хороонд шилжсэн учраас тус байнгын хорооноос гарах ажлын хэсэгт орж ажиллах боломжтой. Яг хэчнээн хүн орж ажиллахыг би хэлэх боломжгүй. Гэхдээ нэг байгууллагыг төлөөлж 1-2 хүн байхад хангалттай болох нь харагддаг” гэсэн хариулт өглөө. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ