...
...

“Дэглий цагаан”-аас “Доной”-н нисэх буудал хүртэл ГАЗРААР НИССЭН тэмдэглэл

Бид алс баруун хязгаар Баян-Өлгий аймгийн бүтээн байгуулалтын “гал” дундаас Увс аймгийг зорьсон. Нийтдээ 500 гаруй километр үргэлжлэх Ховд голын хөвөө, боргио нэг ил гарч нэг далд орон давхисаар Ачит нуурын эрэг хөвөөнөө ирсэн юм. Монгол Алтайн нурууны томоохон салбараас хур цас, мөсөн голоос эх авч урсдагаас гадна Бөх мөрөн, Улиастай тэргүүтэн хэд хэдэн гол горхийн усаар хаяа хүрээгээ тэлэн байдаг нуур аж. Энэ бол Баян-Өлгий,  Увс аймгийн хилийн зааг газар. Нуурын хөвөөнөөс дөрөө авахад морины хөлс ч бидэртэхгүй шахам газрыг туулаад л Увс аймгийн нутагт хөл тавьж байна гэсэн үг. Бид гэдэг нь Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаар ахлуулсан баруун бүсийн аймгуудын зам, гүүр, нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж яваа албаны хүмүүс. Тиймдээ  ч цаг нартай уралдан яваа учраас энд түр амасхийгээд Увс аймгийн Сагил сумын нутагт орших Үүрэг нуурын хөвөө хүрч Увс зонтой хөөрөг зөрүүллээ. Нүд сэтгэлийн чилээ гаргах Үүрэг нуурын толионд ёстой л түмэн хэлийн шувууд жаргаж байдаг диваажин аж. Эндээс Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ганзанга нийлүүлэв. Нэгэн Засгийн газарт нэгэн зорилгын дор ажиллаж байгаа хоёр сайдын зуузай холбосон учир нь Увс аймгийн төвд “Дэглий цагаан” нисэх буудлын зурвасын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хүлээлгэн өгөх, хөдөлгөөнийг нээх байв. Бид Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гээд олон аймгийн нутагт зам гүүрийн ажилтай танилцаж, хөдөлгөөн нээхийг нь нээсэн бол энэ удаад агаарын хөлөг хүлээн авах хөөргөх зурвас дээр ирж байгаа нь бас л нэгэн өөр ертөнц юм.

“ДЭГЛИЙ ЦАГААН”-ААС ДЭЛХИЙТЭЙ ХАРЬЦАНА ЧИНЭЭ САНАСАНГҮЙ”

Далайн түвшнээс 4000 гаруй метрт орших оргил уулаараа нэрлэсэн “Дэглий цагаан” нисэх буудал Хархираа Түргэний их нурууг Дорно зүгээс бараачлан бууриа засчээ. Нисэх буудлын хөдөлгөөнийг нээхээр Засгийн газрын хоёр сайдаас гадна ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар болон Орон нутгийн удирдлагууд оролцсоныг дурдах нь зүйн хэрэг. Монгол Улсын Иргэний нисэхийн салбар анх удаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг нисэх буудлын өргөтгөлийг гүйцэтгэж байгаа аж. Ингэснээр улсын хэмжээнд анх удаа орон нутагт олон улсын стандартад нийцсэн нисэх зурвастай болж байгаагаараа туйлын онцлогтой. Энэ үеэр сонссон нэгэн гэгээлэг мэдээ гэвэл Хилийн боомтын Үндэсний зөвлөлөөс энэ оны гуравдугаар сард “Дэглий цагаан” нисэх буудалд хилийн боомт байгуулахаар тогтсоны дагуу олон улсын нисэх буудал болгох асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх шатанд байгааг Засгийн газрын гишүүд дуулгаж байсан. Энэ шийдвэр эцэслэн шийдэгдэхээр “Дэглий цагаан” нисэх буудал нь хөрш орнуудын хил орчмын хотууд хооронд агаарын тээврийн үйлчилгээгээр холбогдож, бүс нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцааг сайжруулах, цаашлаад бүс нутгаар дамжин олон улсын агаарын замд хүрэх бололцоог хангах юм. Тиймдээ ч иргэд “Дэглий цагаанаас дэлхийтэй харьцана чинээ санаж явсангүй” хэмээн өвөр зуураа хэлэлцэж байгаа нь сонсогдоно.

Б.Энх-Амгалан сайдын хувьд “Энэ бүгдээс гадна олон улсын стандартад нийцсэн буудлыг бүрэн утгаар нь ашиглаад эхлэхээр гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт гээд ажлын байр нэмэгдэнэ гэдэг нь орон нутагт маш чухал” хэмээн онцолсон нь орон нутгийн иргэдийн чихэнд чимэгтэй үг байсан бололтой ихэд талархалтай хүлээж авч байгаа нь анзаарагдана. Дашрамд дурдахад, нисэх буудлуудын шинэчлэл өргөтгөлийн ажилтай зэрэгцэн Зам тээврийн хөгжлийн яамнаас аймгуудад нислэгийн тоог нэмж эхэлсэн төдийгүй авиа компаниудад орон нутгийн нислэгийн тийзний үнийг бууруулахаар ажиллаж байгаа. Үүгээр ч зогсохгүй эхний ээлжинд Говь-Алтайн чиглэлд “Аэро Монголио” компанийн онгоцоор нислэгийнхээ тоог нэмэн, үнээ 10 хувиар бууруулж, ахиад үнэ буулгах тал дээр ярилцаж байгаа тухай сонссон олон нийт нүдээ олсон зүйл гэж байв.

ЗАМ ЗУУР, ШӨНӨ ДӨЛӨӨР....

Биднийг Увс аймгаас  гарахад намар дундын наран Хархираа, Түргэний оройгоор замхарах тийшээ хандаж байв. Ийнхүү Их нуруудын хотгорт багтах Хяргас нуурын хөвөөгөөр давхин шувтрах үест ертөнц ч гэрэл гэгээгээ хумилаа. Гүн шөнийн харанхуйг техникийн хурц гэрлээр сүвлэн давхисаар Завхан аймгийн нутагт шөнийн 02 цагийн орчимд хүчит техникийн дуу түр намдаасан ч бүр их чимээнд орж явчихлаа. Учир нь Сонгино, Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн 167 километр автозамын ажилтай танилцсан. Шөнө дөлөөр бужигнаж буй ажлын талбар дээр Б.Энх-Амгалан сайд нөхцөл байдалтай танилцаж, гүйцэтгэгч нараас дутагдаж буй зүйл, тулгамдаж байгаа асуудлыг лавлахад тэд “бидэнд одоогоор хүндрэлтэй зүйл байхгүй ч цаг агаарын хүндрэл бэрхшээл гарч магадгүйн үүднээс хугацаандаа амжиж замаа хүлээлгэж өгөхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна” хэмээн хариулна билээ. Энэ замын нэлээд хэдэн цэг дээр ажил байдалтай танилцсанаар Дорно зүгт үүрийн гэгээ хөшгөө хуулах үед Завхан аймгийн төвд аяны чилээ түр гаргахаар амасхийсэн юм. Замын ажил үнэхээр цаг наргүй, шөнө өдөр ялгалгүй явж байж сая бүтдэг гэдгийг хүн бүхэн ойлгодоггүй байх даа гэсэн бодол төрж явсныг нуух юун. Энэ мэтчилэн Зам тээврийн яамныхан аймгаас аймаг, замаас замд шөнө дөлөөр ч замчдынхаа ахуй нөхцөлтай танилцсаар явсан юм.

ЦАСТ ОЧИРВААНИЙ НУТАГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АРВИН БАЙНА

Зам хол, уул даваа ихтэй нутагт яваагаас гадна зам зуур ажил мундахгүй бид дараагийн ажилдаа яаравчлан “Дэглий цагаан” нисэх буудлаас замдаа саатан Цаст очирваань уулын нутгийг үүр цүүрээр зорьж ирсэн нь энэ. Учир нь Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 114 километр хатуу хучилттай автозамыг улсын комисст хүлээлгэн өгөх, хөдөлгөөнийг нээх. Мөн л олон жилийн мөрөөдөл болж байсан энэ замын хөдөлгөөнийг нээх ажилд манай багаас гадна УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нутаг зоныхоо баярыг хуваалцахаар хүрээнээс хүрэлцэн иржээ. Улиастайн төвтэй тосонцэнгэлчүүдийг холбосон энэ замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 44 сая ам.долларын хөрөнгөөр босгосон байна. “Зам дагаж хөгжил” гэдэг үнэн. Энэ замыг барьж эхэлснээр зам дагуу 400 хүний багтаамжтай рестарон нээгдэж, өдөр шөнийн аль ч цагаар зорчигч олноо үйлчлээд эхэлсэн бол чамгүй багтаамжтай хүнсний агуулах баригдаж байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан дуулгаж байсан. Замын хөдөлгөөн нээх үеэр наян настай буурлаас найман настай балчирууд баярын мишээл тодруулан алхаж байгаагаас харвал уул усны бартаан дунд орших завханчууд үнэхээр олон жил хатуу хучилттай зам хүсч байсан нь илт. Завхан аймаг энэ онд 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий замын бүтээн байгуулалтын ажил хийж, өдгөө эхнээс нь ашиглалтад өгч байгаа нь энэ. Замын хөдөлгөөний нээлтэд оролцсон УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Завханчууд бид замаа тавьж байна, хуучирсан замаа засах, хараахан хийж амжаагүй гээд энэ салбарт ажил их бий. Энэ олон зам гүүрийн бүтээн байгуулалтын ажил болон Улиастай Тосонцэнгэлийг холбох замын ажлыг Хятад улсын дэмжлэг дор урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр хийж гүйцэтгэлээ. Энэ онд Монгол, Хятадын найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Би Монгол Хятадын парламентийн бүлгийн даргаар ажилладаг, энд хүрэлцэн ирсэн Б.Энх-Амгалан сайд маань энэ бүлгийн гишүүнээр ажилладгийн хувьд хятадын ард түмэнд талархал илэрхийлье. Чанар сайтай зам барихад хяналт тавин анхаарч ажилласан, одооч ажиллаж Зам тээврийн хөгжлийн сайд, түүний баг хамт олонд баярлаж байгаагаа нутгийнхаа иргэдийн өмнөөс илэрхийлье”  хэмээсэн. Харин Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Намайг наашаа гарахаас өмнө Европийн сэргээн босголтын банкныхан Говь-Алтай Завханыг холбосон 101.4 километр замын санхүүжилтийг хийхэд бэлэн байна гэдгээ дуулгасан. Аймгийн Засаг дарга Идэрийн гол дээгүүр 80 метр гүүр тавьж өгөх тал дээр анхаарах хүсэлт тавьсан. Бид Засаг дарга та хүсэлтээ албан ёсоор тавьчих, зураг төслийн ажлыг хийгээд төсөвт суулгах тал дээр анхаарч ажиллая гэлээ” гээд

“Зам сайхан тавигдаж байна

Завхан нутаг ойртож байна

Улам сайхан болж байна

Улиастай ойртож байна” хэмээсэн ерөөлийн хамт завханчуудын баяр дээр баяр нэмэв.

 

“ЗАГАСТАЙН ДАВААНД ЗАМ ТАВИНА ГЭЖ ЗҮҮДЭЛСЭНГҮЙ ЯВЛАА”

“Загастайн даваанд зам тавина гэж зүүдэлсэнгүй явлаа.. гэтэл...” хэмээн эргэлзэнгүй хэрнээ бахархангуй өгүүлэх нутгийн бууралтай таарлаа. Гэтэл эртнээсээ тээврийн жолооч нарын зүрхэнд шар ус хуруулж, өвдгийг нь чичрүүлж дүнхийсэн алдарт даваанд жинхэнэ утгаараа нүсэр ажил өрнөж байна. Алдартай даваанд зам тавина гэдэг баргийн хүний зориглох ажил биш учраас нутгийнхаа уул ус бүү хэл ширхэг чулууг ч таних буурал ийнхүү шогширсон байх. Намаг балчиг ихтэй учраас замд нөлөөлөхгүйгээр зузаан хучилт хийх, бул чулуу олонтой, хэдэн тооноор хэмжигдэх гэрийн чинээ чулууг буталж тэслэн зам харгуйг тэгшлэх гээд ажлын нөхцөл хүнд байгаа нь юу юунаас илт. Загастайн даваанаас Улиастайн чиглэлд тавьж буй 67 километр үргэлжлэх замын ажлыг "Мөнхөд ашдын зам" компани гүйцэтгэж байгаа аж. Энэхүү төслийн ерөнхий инженер Д.Гончигзэвэг бидэнд энэ тухай бэрхшээлээ дурдсан. Үүнээс гадна түмний шүтээн болсон энэ даваа нь догшин, авшиг шингэсэн тэнгэрийн уулс учраас ажил явуулахад бас хүндрэл учруулдаг байна. Зам, газар шорооны ажил явуулаад эхлэхээр машин техник эвдэрдэг, жалга ганга руу унасан тохиолдол ч гарчээ. Ийнхүү ямар нэгэн байдлаар ажил урагшаа явахад хүндрэл учраад байхаар Төслийн менежер, удирдлагууд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Наро бэнчин гэгээнээс эхлээд олон хутагт хувилгаадыг авчиран уул усаа аргадуулан ажлаа явуулж байгааг онцолж байсан. Тэд ингэхдээ Б.Энх-Амгалан сайдад хандан “Төрийн ажил, төрийн нэрийн өмнөөс  гэж залбираад л ажлаа явуулж байна. Ямар сайндаа сайд таныг ирэхээр “бид биш төр” гээд нэрийг чинь уул усандаа хэлээд ажлаа явуулж байна” хэмээн хошигнох учирлах хоёрын завсарт үг чулуудна билээ. Энэ нь ч үнэн байж таарна.

Олон ноён оргилуудтай тэнгэрийн таалал, түүний араншингаар  уулзан учирч буй их уулс гэхээр ямар нэгэн учир шалтгаан байж таарна. Нөгөө талаар Завхан нутаг нь есөн хутагт хувилгаадыг төрүүлсэн дагшин орон. Харин сайд тэдэнд амаргүй хүнд хэцүү нөхцөлд зүрх зориг гарган ажиллаж байгаад талархан, төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгах үүрэг өгсөн. Загастайн даваанд ирэхэд Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд биднийг замчдын хамт тосон уулзсан юм. Тиймээс Б.Энх-Амгалан сайд, зөвлөх Н.Амарсайхан, Авто замын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Дархандаръяа нар мэргэжлийн үүднээс замчдад зөвлөгөө өгч тэдэнд тулгарч буй асуудлыг зөвлөлдсөн. Хөндлөнгийн хүний хувьд дурдахад, Загастайн даваан дээр үдшийн сэрүү буутал “хээрийн” хурал зөвлөгөөн болсон гэхэд болно. Миний хувьд мэдэхгүй нэр томъёоноос эхлээд олон зүйл байсан ч ажил албаа мэддэг хүмүүс ч өөр юм гэсэн бодол төрж сууснаа нуух юун. Хүнд нөхцөлтэй автозамын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "СССС"  компани, туслан гүйцэтгэгчээр дотоодын гурван аж ахуй нэгж, 100 гаруй техник хэрэгсэл, 250 гаруй ажилтантайгаар гүйцэтгэж байна. Гүйцэтгэгчид Загастайн давааны 67 километр замын 30 километрыг энэ онд ашиглалтад өгнө, харин үлдсэн 37 километр замыг ирэх онд ашиглалтад өгнө. Ингэхээр завханчууд төдийгүй зорчигч олон зүдэрч давдаг энэ даваагаар төвөггүйхэн давдаг болох юм. Давааны замын ажил хүнд бэрхээс гадна цаг хугацаа их шаарддаг гэдгийг ганцхан жишээ л хэлнэ. Тухайлбал, хэтэрхий налуу газарт машин тэрэг осолдож унахаас урьдчилан сэргийлж 7,5 метр өндөр, 950 орчим метр урт, 3,5 метр өргөн суурьтай чулуун ханан хэрмийг Монгол Улсад анх удаа хийж суурилуулсан бөгөөд зөвхөн энэ ажилд нэг сар гаруйн хугацааг зарцуулжээ.

 

ДОМОГТ ДОНОЙН ХӨНДИЙД ДАЛАН ХЭЛИЙНХЭН ЧУУЛАХ ЦАГ АЙСУЙ

Завхан аймгаас баруун, баруун хойд зүгд 30 километр орчимд Донойн хөндий гэж уулсаар хүрээлүүлсэн уужим хөндий бий. Энэ хөндийд эрт урьдын цагт долоон түмэн адуутай “Доной баян гэгч нутаглаж байсан тул ийн нэрлэсэн бөгөөд Доной баян энэ хөндийд адуугаа хураагаад хөндий нь дүүрч байвал долоон түмэн адуугаа бүрэн гэж, эс дүүргэвэл дутуу гэж мэддэг байсан гэнэ. Энэ л домогт хөндийд Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудалтай нас чацуу нэгэн айл бууриа зассан нь “Доной” нисэх буудал. Завханчууд “Доной” нисэх буудлынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хөөрч, буух хатуу хучилттай зурвас, явгалах зам бүхий аэродромын иж бүрэн барилга байгууламжийг шинэчлэн ашиглалтад өгсөн юм. Тодотгож хэлбэл, “Доной” нисэх буудал нь ийнхүү олон улсын зэрэглэлтэй болж байна. Олон улсын зэрэглэлд багтаж буй нисэх буудлын нээлтэд Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан, завханчуудаа төлөөлөн парламентад суугаа З.Нарантуяа гишүүн, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Засаг дарга Д.Батсайхан болон орон нутгийн удирдлагууд оролцсон. Мөнхүү хоёрхон хоногийн өмнө шинэчлэл засварынхаа ажлыг хүлээлгэн өгсөн “Дэглий цагаан” нисэх буудлын удирдлагууд Увс аймгаасаа ирж оролцсон нь мэргэжил нэгтнүүдийнхээ баярыг хуваалцах гэсэн сэтгэлийн нэгэн шалтгаан биз ээ. Нээлтэд оролцсон З.Нарантуяа гишүүн “Өнөөдөр бид нисэх буудлаа олон улсын жишигт нийцүүлэн хүлээн авч байна. Энэ ажлыг гүйцэтгэсэн “Хурдны зам” компанийнханд баяр хүргэе. Манай Завхан аймагт энэ онд маш олон зам барилгын ажлын бүтээн байгуулалт явагдаж байна. Эхнээс нь ашиглалтад өгч байгаад завханчууд бид баяртай байгаа. Энэ бүх ажлыг зохицуулж хянаж ажилласан Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй яамны хамт олонд нийт завханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна” хэмээсэн. Ямартай ч домогт хөндийгөөс хөгжлийнхөө нэгэн томоохон алхамыг хийж байгаа завханчууд туйлын баяртай байгаа бөгөөд домогт хөндийд далан хэлийнхэн чуулах цаг айсуй.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ