...
...

Кил Кан Мүг: Таньдаг хүнтэй бол виз гардаг гэх үндэслэлгүй яриа нь хоёр орны итгэлцэлд муугаар нөлөөлдөг

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, виз хариуцсан консул Кил Кан Мүгтэй ярилцлаа.


-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, мэдээлэл өгөх боломж олгосон танд болон танай хамт олонд баярлалаа. Монгол Улсад маань дэлгэр сайхан намар болж байна. Та сайхан намаржиж байна уу?

-Монгол орны цав цагаан үүлс хөх тэнгэрт харагдах сайхан улирал болох зун дуусаж намрын улирлын урь оржээ. Би Монгол Улсад консулаар томилогдон ирсэн нь намар байсан болохоор намрын улирал нэг л дотно өөр байдаг юм. Намрын улирлын шаргалтсан навчис цаанаа л нэг онцлог үзэсгэлэнтэй санагддаг.

-Хоёулаа ярилцлагынхаа эхэнд виз олгох журамд гарсан өөрчлөлтүүдийн мэдээллээр эхэлье. Таван сая төгрөг байршуулдаг тогтолцоог цуцалсан. Мөн түргэн хугацаанд буюу 10 хоногийн дотор виз хүссэн иргэнд хариу өгдөг болно гэсэн. Эдгээр өөрчлөлтүүд энэ сарын 16-наас эхлэн мөрдөгдөнө гэж мэдээлж байсан.  Өнөөдөр эдгээр өөрчлөлтүүд үр дүнгээ өгч хэвшиж эхэлсэн үү?

-Бид өнгөрсөн наймдугаар сарын 26-нд визний журамд өөрчлөлт орсон талаар хэвлэлийн бага хурал хийсэн. Тэр үеэр шинэчлэгдсэн журам есдүгээр сарын 16-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдсэн. Одоогоор хуримтлагдаад байгаа 20 мянга гаруй виз мэдүүлэгчийн материалыг даруй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Мөн 2-3 долоо хоногийн дотор саадгүй визний хариуг гаргадаг болохын тулд хоёр зүйл байна. Төрийн мэдээлэл солилцооны Хур систем нэвтрүүлэх. Монголын Гадаад харилцааны яамтай харилцан тохиролцон наймдугаар сарын сүүл гэхэд ХУР системийг нэвтрүүлэн, туршилтын байдлаар есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллуулж үзэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч Монголын Засгийн газрын зүгээс холбогдох зөвшөөрөл авах процесс явагдах хэрэгтэй учраас аравдугаар сарын сүүлээс ХУР системийг ашиглах боломжтой болно гэж бодож байна. Хоёрдугаарт одоо хураагдаад байгаа виз мэдүүлэгч нарын материалыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. ЭСЯ-ны зүгээс шуурхай шалгах үүднээс 6-7 хүн нэмэлтээр ажиллуулж байна. Консулын орон тоог ч дөрөв болгон нэмэхээр болоод одоогоор нэг консул Солонгосоос нэмэгдэж ирээд ажиллаж байна. ХУР системийг ашиглан, мөн цугларсан материалуудыг хурдан шалгаад дуусвал ойролцоогоор арваннэгдүгээр сарын сүүлээс гурван долоо хоногийн дотор визний хариуг олгохоор төлөвлөж байна. Ирэх оны эхнээс хоёр долоо хоногийн дотор хариуг олгохоор төлөвлөж байна.

-ХУР системийг ашиглах зөвшөөрөл дээр цаг алдаад байгаа байх нь ээ дээ?

-Та сэтгүүлч хүний хувьд монгол иргэдийн өмнөөс их оновчтой асуулт асуулаа. Бидний хувьд анх энэ оны тавдугаар сараас эхлэн ХУР системийн талаар мэдлэгтэй болсон. Ийм систем байдаг гэдгийг олж мэдсэн гэсэн үг. Өнгөрсөн долоодугаар сарын сүүлээс, наймдугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газартай уулзаад ХУР системийг виз мэдүүлэхэд нэвтрүүлэх талаар ярилцаж эхэлсэн. Тухайн виз мэдүүлэгчийн материалыг шалгахад үр дүнтэй учраас энэ системийг нэвтрүүлэх хэрэгтэй гэж шийдсэн юм. Ингээд түргэн хугацаанд нэвтрүүлж амжина гэж бодсон. Гэхдээ төлөвлөсөн ажил маань төлөвлөгөөний дагуу явж чадаагүй. Санасны дагуу болж чаддаггүй бэрхшээл олон гардгийг та мэднэ шүү дээ. Өнгөрсөн сарын 16-наас хэрэгжүүлж амжина гэж бодсон учраас наймдугаар сарын 26-нд мэдээлчихсэн юм.

-Виз олгох журам илүү уян хатан болох боломж бий. Гол нь иргэдийн хариуцлага ухамсар үүнд түлхэц болох учиртай  байх, тийм үү?

-Та тун сайхан үг хэллээ. Би хоёр үгийг онцлон яримаар байна. Тодруулбал, итгэлцэл мөн хариуцлагын талаар яримаар байна л даа. Би 2017 оны наймдугаар сард анх Монголд виз хариуцсан консулаар томилогдон ирснээс хойш баримталдаг зарчимтай болсон. Урьд нь Солонгос Улсад хууль бусаар оршин сууж байгаад ирсэн хүн виз хүсэхэд байнга татгалзсан хариу өгөхийг чухалчилдаггүй. Мэдээж хүн юм чинь их бага хэмжээгээр ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг. Тийм учраас би хувьдаа нэг удаагийн алдаанаас болоод байнга виз мэдүүлэх болгонд нь татгалзах ёстой гэсэн зарчмыг баримталдаг хүн биш. Урьд өмнө Солонгосын хууль, дүрэм журмыг зөрчсөн ч гэсэн ярилцлага хийх, мөн хууль дүрмийг чандлан баримтлах талаар нь шалгасны үндсэн дээр тухайн хүний визийг олгох тохиолдлууд байдаг. Надтай ярилцлага хийсэн хүмүүсийн 80 гаруй хувь нь визээ аваад явчихдаг. Иймэрхүү тохиолдолд, консулаас мөн БНСУ-ын Засгийн газрын зүгээс тухайн виз мэдүүлж байгаа хүнд итгэл даалгаж байна гэдэг нь чухал. Итгэлийг хүлээж авснаараа, тэр итгэл дээр суурилан хариуцлагатай аялах нь чухал юм гэж боддог. Урьдын гаргасан зөрчил байлаа ч гэсэн виз аваад, хариуцлагатай аялснаараа өмнөх тэмдэглэлүүд нь хөнгөвчлөгддөг. Хэдийгээр хууль бус үйлдэл гаргасан боловч итгэл хүлээлгэж байгаа явдал юм. Хувь хүмүүсийн итгэлцэл нэмэгдвэл нийгэмд ч мөн адил итгэлцэл бүрдэн бий болж, энэ нь Солонгос Монгол хоёр орны ирээдүй, харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Дөрвөн жил хууль бусаар амьдарч байсан ч, итгэл хүлээлгэн хариуцлагатайгаар оюутан болоод, түүнээс хойш худалдааны чиглэлээр мэргэжил эзэмшээд худалдаа, хөрөнгө оруулалтын визтэй болоод, хоёр орны хооронд худалдаа хийж байгаа хүмүүс, гар утасны төхөөрөмжийн бизнес амжилттай эрхэлж байгаа хүмүүс ч байна. Маш үлгэр жишээ хүмүүс хэмээн боддог. Тэгэхээр Солонгосын элчин үргэлж татгалзсан хариулт өгдөг гэж битгий буруугаар ойлгоорой.

-БНСУ-д 46 мянган Монгол Улсын иргэн ажиллаж, сурч хөдөлмөрлөдөг. Зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр 6700 иргэн ажиллаж байгаа судалгаа байна. Эдгээр тоо юу харуулах вэ гэхээр БНСУ руу зорчих виз хүсэгчдийн ачаалал их байдаг гэдгийг илтгэнэ. Танай Элчин сайдын яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан мэдэг­дэлд өдөрт 800-1000 гаруй визний материал хүлээж авч байна гэж мэдээлсэн. Энэ ачаалал хэвээр байгаа юу?

-Энэ оны тав, зургаадугаар саруудад виз мэдүүлэгчдийн ачаалал хэтэрхий их байсан.  800-1000 материал ирж байсан. Япон, Америк, Герман, Чехийн Элчин сайдын яамдуудаас асуусан. Тэд их байна гэж хариулсан. Гэхдээ тэдний их гэдэг тоо нь 100 виз мэдүүлэгчийн материал орж ирэхийг хэлж байсан. Тэгэхээр консул нэг хүний визний материалыг шалгахад хамгийн богино хугацаа зарцууллаа гэхэд гурван минут болно. 800 материалыг өдөрт шалгах гэхээр 2400 минут буюу консул 30 цаг зарцуулах шаардлагатай болдог. Харин есдүгээр сарын 16-наас хойш дахин 600 гаруйгаар нэмэгдээд байна. Энэ магадгүй есдүгээр сарын 16-наас мөнгө байршуулдаг байсан журам цуцлагдаж, дансны сүүлийн зургаан сарын хуулга авдаг болж өөрчлөгдсөнтэй холбоотой болов уу. Нэг татгалзсан хариу авсан хүн зургаан сарын дараа виз мэдүүлэх эрхтэй болдог. Солонгос явах шаардлагатай хүмүүс л виз мэдүүлэхийг хүсэж байгааг ойлгож болно. Гэхдээ үнэхээр шаардлагатай виз мэдүүлсэн хүмүүсийн ажил саатахад азаа үзэж материал өгсөн хүмүүс нөлөө үзүүлж байна.

-Хуурамчаар баримт бичиг үйлдэх тохиолдол буурч байна уу. Тэдгээр хуурамч бичиг баримтын төрлийг дурдвал?

-Шуудхан хэлэхэд хуурамч, хууль бус материалын тоо өнгөрөгч оны эцсээс энэ оны эхэн үетэй харьцуулахад буурсан байна. Би үүнд их баяртай байгаа. Өмнө нь нэг долоо хоногт 1000 гаруй хуурамч материал илрүүлдэг байсан. Тэгэхээр үүний цаана мөнгө яригдаж байгаа. Энэ бол маш их харамсмаар зүйл. Одоогоор хуурамч, хууль бус материалын гол хэлбэрүүд ерөнхийдөө 17 төрөл байна. Тус бүрт нь тайлбарлаж хэлэхэд цаг их шаардана. Тиймээс танд гол гол хуурамч материалын төрлийг хэлье. 2018 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа олон удаагийн визний хүрээг тэлсэнтэй холбоотойгоор гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийн төрсний лавлагаа, Монголын төрийн байгууллагаас гаргадаг Нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, УБ гэрчилгээ зэрэг хуурамч материалуудыг илрүүлээд байна. Шингены орны хилийн орсон гарсан тамга, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн УБ гэрчилгээ, татварын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, хүүхдийн төрсний лавлагаа, банкны дансны хуулга, мөнгө байршуулсан тодорхойлолт, түрээсийн гэрээ, төрөл садангийн лавлагаа, их дээд сургуулийн тодорхойлолт, их дээд сургуулийн төлбөрийн баримт, дүнгийн хуулга, оюутны үнэмлэх, сургуулийн диплом, малчны тодорхойлолт зэргүүд байна.

-Солонгосын визтэй холбоотой брокерын асуудал яригд­даг. Зуучлалын компаниудад залилуулсан цөөнгүй иргэд байна. Танай Элчин сайдын яамны зүгээс тэдгээр залилагч нартай хэрхэн тэмцдэг вэ. Манай хуулийн байгууллагуудтай хэрхэн хамтарч байна вэ?

-Өнгөрсөн жил 1000 гаруй хүний визний материалыг Монголын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байгаа. Яагаад ийм чанга хатуу арга хэмжээ авч байгаа тал дээр хардаж сэжиглэх хүмүүс байдаг. Визтэй холбоотойгоор энгийн монгол иргэд хохирох нь маш их байна Энэ нь хоёр орны харилцаа, хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Солонгос ЭСЯ мөнгө авч виз гаргадаг гэсэн хардалт, таньдаг хүнтэй бол виз гардаг гэх үндэслэлгүй яриа нь Солонгос Монгол хоёр орны итгэлцэлд муугаар нөлөөлдөг. Солонгос руу зорчих визийг шалгахдаа, хууль, дүрэм журамд үндэслэж шийддэг. Консул л ганцхан гарын үсэг зурснаараа виз гардаг тогтолцоо биш юм.

-БНСУ-д сар бүр 500-600  хууль бус Монгол оршин суугч нэмэгддэг гэж мэдээлсэн байсан.  Энэхүү хууль бусаар амьдарч байгаа иргэдийг цөөлөхөд хэрхэн анхаар ч байгаа вэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 20 мянга гаруй иргэн БНСУ-д оршин суудаг гэдэг тоо бий шүү дээ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 800 монгол иргэн хууль бусаар Солонгос Улсад оршин суусан гэдэг тоо баримт байна. Би тэр 800 хүний 600 хүнд нь виз олгосон байдаг юм. Ингээд дэлхийн бусад улс орнуудад сууж буй консулуудаас асууж хууль бусаар оршин суугчид виз олгосон тоог нь жагсаахад би нэгт орсон. Сүүлийн үед энэ тоо овоо багасаж 600-аас 400 болж буурсан. Хууль бусаар оршин суугаа хүмүүсийн тоо ч 4000-аар буурсан байна.  Энэ нь хоёр орны харилцаанд маш эерэг талтай хэмээн бодогдож байна. Аль ч улсад хууль бус оршин суух талаар таслан зогсоох үүднээс нутаг буцаадаг. Солонгос Улсын хувьд таслан зогсоохоос гадна өөрийн хүсэлтээр нутаг буцах тогтолцоо байдаг. Өөрийн хүсэлтээр нутаг буцах тохиолдолд, хилээр нэвтрэх эрхийг нээлттэй үлдээдэг. Гэхдээ хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар татгалздаггүй. Иймэрхүү маягаар БНСУ-ын цагаачлалын бодлогын журмыг ашиглан өөрийн хүсэлтээр нутаг буцахыг хүсэж байна. Үүнээс гадна Монгол, Солонгос, Америк гурван орны Хариуцлагатай аялах компанит ажлыг өрнүүлээд байгаа. Сүүлийн үед олон удаагийн визтэй холбоотой, гэрлэлт, хүүхдийн төрсний лавлагаа зэрэг хуурамч материалууд нэлээд гарч ирж байна. Гэр бүлийн лавлагааг хуурамчаар үйлдэх нь Монголын нийгмийн сахилга батыг эсэргүүцсэн үйлдэл хэмээн бодогдож байна. Бүр адилхан регистрийн дугаараар дөрвөн өөр хүн виз мэдүүлсэн тохиолдол ч байна.  Эдгээр хууль бус үйлдэлд тухайн виз мэдүүлэгч, брокерт ашигтай мэт боловч нийгэмд ямар ч үр ашиггүй. Монгол иргэд болоод визний консулын хооронд үл итгэлцэл үүснэ. Солонгос Монгол хоёр орны хооронд үл итгэлцэл үүснэ. Үл итгэлцлээс болж бусад виз мэдүүлэгчид сөргөөр нөлөөлөх зэрэг маш том асуудал үүсдэг. Бүр цаашилбал, нэг улсад эрүүл эдийн засгийн өсөлт явагдахад, үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээ давтагдан, гадаад валютын эргэлтэд орж нэмүү өртөг бий болдог байтал, визний хууль бус үйлдлээс болоод гадаад валютын эргэлт, нэмүү өртөг бий болдоггүй. Улсын хувьд эдийн засаг хөгжихөд ч бэрх болдог. Энэ үүднээс хуулийн байгууллагад хандан хурдан шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

-Солонгост хууль бусаар амьдарч байгаа манай иргэд бусад улс орнуудтай харьцуулахад хэр байдаг юм бол?

-Надаас бас ийм асуулт асуудаг. Монгол Улсын нийт хүн амын тоог бусад орныхтой харьцуулахад харьцангуй бага. Тэгсэн хэр нь хууль бусаар оршин суудаг тоог нь бусад улсуудтай харьцуулаад үзэхэд тэргүүлээд байдаг. Яагаад Солонгос Улсыг монголчууд зорих гээд тэмүүлээд байдаг юм бэ гэж асуудаг. Би тэгэхээр нь ингэж хариулдаг. Монголчууд бидэнд итгэж байна. Тиймээс бид итгэлийг нь итгэлээр хариулсаар байх болно гэж хэлдэг юм. Хувь хүний итгэлцэл нь нийгмийн итгэлцлийг бий болгодог. Цаашлаад хоёр улсын итгэлцлийн асуудал болж хүрээгээ тэлдэг юм.

-Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Энэ түүхт тэгш ойгоо хоёр улс хамтын ажиллагааны ямар амжилттай угтаж байна вэ?

-Солонгос, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй нь маш гүн утга агуулгатай. 30 жил нөхөрлөсөн найзын харилцааг бодоод үзэхээр, тэр харилцаа ямар чухал вэ гэдэг нь харагдана. Хоёр улсын Засгийн газар салбар бүрт 30 жилийн ойгоор олон янзын үйл ажиллагаанд бэлдэж байгаа. Хүлээлт ч их байна. Виз гэдэг бол зөвхөн нэг цаас гэж ойлгож болохгүй. “Итгэл хүлээлгэж буйн илрэл” юм. Виз олголт нэмэгдэж, Солонгос, Монгол хоёр орныг зорих иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр хоёр орны итгэлцэл тэр хэрээр нэмэгдэж байдаг гэсэн утгатай. Би 2017 оны наймдугаар сард Монголд консулаар томилогдон ирснээс хойш хоёр улсын хүмүүнлэгийн харилцааг эрчимжүүлэх тал дээр визний журамд хэд хэдэн өөрчлөлт хийж хичээл зүтгэл багагүй гаргалаа. Виз мэдүүлэх, шалгах журмыг сайжруулсан. Мөн хууль бус үйлдлээс монгол иргэдийг хохирол амсахаас сэргийлэх, виз, визтэй холбоотой ил тод мэдээлэл өгөх, виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагын үйлчилгээг сайжруулах, Солонгос, Монгол хоёр орны хүмүүнлэгийн харилцааг эрчимжүүлэх тал даар олон удаагийн визний хүрээг тэлсэн зэрэг ажлууд байна. Солонгос, Монгол хоёр орны харилцаа зүгээр нэг найзын харилцаанаас илүү гүн утгатай. Хоёр орны иргэд гэрлэлтээ батлуулж байгаа нь найзаас илүү ураг төрлийн холбоотой гэдгийг харуулж байгаа юм. Үүнтэй зохицон хууль журам, ойлголтоо өөрчлөн, итгэлцэл болоод хариуцлагыг дагуулсан эерэг хандлагыг бий болгохыг хүсэж байна. Үүний тулд бидний зүгээс ч мөн адил визний журамдаа өөрчлөлтийг оруулж байх болно.

-Визтэй холбоотойгоор консул таны томилолтын үлдсэн хугацаандаа шинээр нэвтрүүлэх журам, тогтолцоо байгаа юу?

-Миний томилгооны хугацаа 11 сар үлдсэн. Монголд байх хугацаандаа визтэй холбоотой систем тогтолцоог хялбар цэгцтэй болгох, визний төвийг байгуулах, групп аяллын виз, электрон виз зэргийг нэвтрүүлэн монгол иргэдэд амар хялбар болгох тал дээр ажиллана. Хувийн зүгээс гэвэл, сүүлийн долоон сарын хугацаанд морин хуур тоглож сурч байгаа. Арай жаахан эрт эхэлсэн бол гэсэн багахан харамсах сэтгэл төрөхөөр морин хуурт их татагдан орсон байна. Үлдсэн нэг жилдээ Монгол уламжлалт хөгжим болох морин хуурыг Солонгост таниулахын тулд өөрийнхөө хэмжээнд хувь нэмэр оруулах юм сан гэж хүсэж байна. Морин хуурыг чадварлаг эзэмшсэн монгол залуу хөгжимчид өөрийн мэргэжлээрээ Солонгост ажиллах, морин хуурыг таниулах ажлыг замыг нээж өгөх хүсэлтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ