...
...

Хуультай, дүрэмтэй улсад хөрөнгө оруулагчид хэнээсээ айх билээ...

Коммунизм гэж хаягласан ув улаан өнгөтэй хаалгаа тас хийтэл нь хаачхаад цэнхэр өнгөөр будаад хуучин хаягаа ардчиллаар солиод Монгол Улс удаагүй байна. Шив шинэхэн цэнхэр хаалгаа цэлийтэл нь нээсэн эхний арван жилд хөлтэй болгон нь орж ирж, бэнчинтэй болгон нь өнгөтэй өөдтэй гэсэн хэсэгт эзэн суусан гашуун түүхтэй. Шинэхэн хаягтай Монгол Улс тухайн үедээ хаалгаараа хэн орж, хэн гарч байгааг тэр ч бүү хэл гэрээс нь чухамдаа юуг аваад гарч байгааг бүртгэх сөхөө байсангүй. Тийм ч учраас Асгат, Ноён уул, Тост, Тосон бумба, Нарийн сухайтын бүлэг орд бүгд бэнчинтэй гаднынхны халаасанд багтаж байсан юм. Өдгөө дэлхийн зах зээлд гарах гэж дуншиж буй амь ордоггүй ч 1072 хувьцаатай Тавантолгойн бүлэг орд BHP Billiton компанид гологдоод “Чайналко”-гийн өрөнд тавиад туухаа шахсан гашуун түүхтэй.

Нэг хэсэг уул уурхайгаа муулж болохгүй, гаднынхныг үргээж болохгүй гээд буруу бүхний хажуугаар нүдээ аниад өнгөрч байлаа. Одоо ч энэ үзэл бат бөх оршсоор байна. Эх орон, ахиу байгаль, хүрээлэн буй орчин ярьсан нэгнээ оркоор нь дуудан, шантаажчин гэдэг пайз хадсаар байгаа нь гашуун үнэн. Гэхдээ энэ бол шал өмнөө асуудал.

Хаалгандаа ардчилал гэдэг пайз хадаад хаалгаа цэлийтэл нээсэн Монгол Улс одоо өөр болж. Дээрээ төртэй, дэргэдээ хууль үйлчилдэг болж. Манайд хүрээд ир, гэхдээ манай дүрмээр тогло. Дүрмийн дагуу, хуулиа дээдлэн хөрөнгө оруулагч, тухайн улс гүрэнд харилцан ашигтай бол ороод ир үйл ажиллагаагаа явуул гэж урьж байна. Энэ нь ч АНУ-тай стратегийн түвшинд шилжсэн харилцаанаас харж болно. Олон нийт хууль зөрчиж байгааг, дээгүүрээ хөзрөө хольж байгааг гадарладаг болж. Сэтгүүл зүй ч үүнийг нь гадарлан асуудлыг олон нийтэд хүргэхийг зорьдог болж. Үүнийг дэлхий даяар болж буй үйл явдал, жагсаал тэмцэл бэлхнээ харуулна. Монгол Улс одоо л зөв зам дээрээ байна. Уул уурхайн лицензийг хааж байгаа нь төр хувийн хэвшилтэйгээ дайн зарлаж байгаа мэт харагдаж болох ч дүрмийн дагуу тогловол хэн бүхэнд нээлттэй гэдгийг мартаж болохгүй. Дүрмийн дагуу, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компанид Монголын үүд хаалга үргэлж нээлттэй. Хөрөнгө оруулагчид ч, тухайн улс гүрэн ч, ард иргэд ч давхар хожиж байгааг сайн гэрээ, хэлцэл, сайн төсөл гэж дүгнэдэг.

Бидний шүтээд байдаг гадаадынхан одоо ухаж боллоо одоо хариуцлагатай байя, эх дэлхий хайрлая, ахуй орчин нөхцөлөө сайжруулъя гэж анхаардаг болж. Герман улс хамгийн сүүлчийн нүүрсний уурхайгаа хаагаад, нүүрсээ бариад уйлж суугаа дүр зураг ердөө жил гаруйн өмнө тохиож байлаа. Урд хөрш Хятадууд ч 30 жилийн дараа уламжлалт уурхайн үйл ажиллагааг зогсоон сэргээгдэх эрчим хүч рүү шилжих гээд бэлтгэл ажлаа аажмаар хангаж байна. АНУ, Буурал тивийн хөгжлөөрөө тэргүүлдэг зургаан улс ч 2040 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаг бүх зүйлээс татгалзана гэдгээ амлаад байна. Хөрөнгө оруулагчдын хандлага ч гэсэн өөр болж. Байгаль орчноо хэрхэн нөхөн сэргээх вэ гэж боддог компанид хөрөнгө оруулах нь нааштай болж. Роберт Фридланд Монголд ирчхээд харалган улстөрчдийн халаасанд мөнгө дүүрэн чихээд хамаг юмыг нь аваад буцдаг цаг аль хэдийнээ арилжээ.

Уул уурхай бол Монголын эдийн засгийн 80-аас илүү хувийг бүрдүүлдэг салбар. Энэ оны хэний хагас жилийн судалгаанаас харахад Монгол Улсын экспортын нийт орлогын 75 хувийг, аж үйлдвэрийн нийт орлогын 80 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Энэ бол цагаан дээр хараар бичигдсэн тоо. Монголчууд бид уул уурхайгаасаа хангалттай их хамааралтай. Байгалийн баялаг асар их учраас хөрөнгө оруулагчид ч бидний зүг хошуурч байна. Гэхдээ эх байгалиа хамгаалсан тэмцэл бүрийн араас хөрөнгө оруулагчид нүүрээ буруулж байдаг юм биш. Эрх мэдлээ ашиглан Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоолыг хангалттай зөрччихсөн уурхайг хаах нь уул уурхайн нийт салбарыг дангаар нь түгшээх аюултай гэж огцом “тэнэгтэж” бас болохгүй. Монголын ард түмэн хэн нь хуулийн дээгүүр сандайлж байгааг, хууль дүрэм гэж чухамдаа юу болохыг, сахилга, хариуцлага гэж хэр зэрэг үнэ цэнтэй болохыг гадарладаг болтлоо хэрсүүжсэн. Мөнгө өгснийх нь талд дуугарч, уул уурхайн салбарыг л дуугүй өнгөрөө гэж боддог судлаач нэртэй долдой нараас илүү хэрсүүжсэн. Хөрөнгө оруулагчид ч үүнийг мэдэж байгаа.

Сахилга хариуцлагатай, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, хууль дүрмээ мөрдүүлж ажилладаг Монгол Улсад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Хуультай, дүрэмтэй улсад хэн нь хэнээсээ айх билээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ