...
...

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль гарсанаар телевизүүд чанартай контентоор өрсөлдөнө

Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн барьсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг холбогдох байнгын хороод хэлэлцэж эхэллээ.  Уг хууль нь өргөн нэвтрүүлгийн сувгаар мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээ цацдаг телевизүүд, тэдгээрийн бүтээлийг хэрэглэгчдэд дамжуулах үйлчилгээ эрхэлдэг UNIVISION, SKYMEDIA, DDISH TV зэрэг компани, хэрэглэгчийн хоорондын зах зээлийн  харилцааг зохицуулах зорилготой юм.


Монголд телевиз хэмээх мэдээллийн хэрэгсэл үүсч хөгжөөд 59 жил өнгөрч, энэ хугацаанд улам бүр олшрон хөгжиж байгаа ч салбарын эрх зүйн зохицуулалтын хуульгүйгээр өнөөдрийг хүрсэн байна.  Мэдээллийн технологийн асар хурдацтай хөгжлийг даган цоо шинэ орчин, нөхцөлд ажиллах болсон тус салбарт сүүлийн жилүүдэд тулгарч буй асуудлуудыг дээрх хуулиар зохоицуулан шийдвэрлэх юм. Тухайлбал,  телевизүүдийн нэвтрүүлгийг дахин дамжуулагч UNIVISION, SKUMEDIA, DDISH TV зэрэг компаниуд сар тутамд үзэгч, хэрэглэгчээс хураан авч буй үйлчилгээнийхээ хөлсний тодорхой хувийг контент үйлдвэрлэгчдэд өгдөг байх эрх зүйн орчин шинэ хуулийн хүрээнд бий болох юм.

Монголын телевизийн холбооны удирдлагуудын тайлбарлаж буйгаар IPTV үйлчилгээ эрхлэгчдийн зөвхөн тодорхой хувийг орлого хуваах зарчимд үндэслэж хуульд оруулахаар ажиллаж байгаа ажээ. Энэ нь хараат бус сэтгүүл зүй, чанартай уран бүтээл үйлдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтийг бий болгох чухал хөшүүрэг гэж үзэж байна. Хамгийн гол нь зах зээлийн шударга өрсөлдөөний зарчимд нийцнэ гэж Монголын телевизүүдийн холбооны ТУЗ-ийн гишүүн Г.Бат-Эрдэнэ хэллээ.

Учир нь хуулийн зохицуулалтгүйгээс болоод өнөөдрийг хүртэл телевизийн салбар контентоо /уран бүтээлээ/ дамжуулагч байгууллагуудад үнэгүй нийлүүлдэг. Гэтэл бусдын оюуны өмч, бүтээл, хөдөлмөрийг дамжуулан худалдаж байгаа IPTV үйлчилгээ эрхлэгчид үзэгч, хэрэглэгчээс төлж буй бүх хураамжийг авдаг байх нь шударга биш юм.  Энэ нь Оюуны өмчийн тухай хуулийг зөрчиж байна гэдгийг ч холбогдох байгууллагууд тогтоосон байна.

Монголын телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Ганзул хэлэхдээ “Монголчууд өргөн нэвтрүүлгийн контентыг хамгийн их үзэж байна. Тэд өргөн нэвтрүүлгийн уламжлалт мэдээ мэдээлэлд хамгийн их итгэдэг судалгаа гарсан. Тэгэхээр Монгол уран бүтээлчдийн үнэлэмжийг  IPTV-үүд үнэлэхгүй явж ирсэн” гэв.

Хамгийн сүүлийн судалгаагаар, монголчууд Монгол контентоо үздэг, ингэхдээ өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн контентыг үздэг гэж гарсан бол итгэх итгэлийн судалгаанд 80 орчим хувь нь уламжлалт медиа буюу телевизийн мэдээнд итгэдэг гэж гарчээ. Энэ нь Монгол контентыг дэмжих цаг болсныг харуулж буй юм.  

Телевизүүдийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг цааш дамжуулан худалдаж ашиг олж байгаа хэрнээ үүнээсээ жинхэнэ үйлдвэрлэгчид нь ашиг хуваарилдаггүй нь шударга бус гэж Монголын телевизийн холбоо үзэж байна. Өмнө нь энэ асуудлыг дахин дамжуулагч компаниудтай ярилцсаар ирсэн ч хууль, эрхзүйн зохицуулалтгүй гэдгээр шалтаглаж байжээ. Тиймээс цаашид энэ харилцааг зохицуулах хуулийг яаралтай батлах шаардлагатай гэв. Харин хууль батлагдсанаар хэрэглэгчээс авах хураамжийг нэмнэ гэсэн нь худлаа, хуулийн төсөлд тийм зүйл байхгүй гэж Монголын телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Ганзул хэллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ