...
...

Дорноговьчууд байгаль эхэд халтай 200 шахам лицензийг цуцлуулаад байна

Байгаль эхийн цөлжилт, зохисгүй уул уурхай гэсэн зүйл өнөөдрийн халуун сэдэв болжээ. Тиймээс хаа хаанаа уул уурхайн чиглэлд хариуцлагатай байх талыг баримталж байгаа ч зарим аймгуудад төдийлөн анхаарал хандуулдаггүй газар нутгаа ухуулж байгаад иргэд олон нийт шүүмжлэлтэй ханддаг.

Харин Дорноговь аймаг бол хариуцлагатай уул уурхайд анхаарал хандуулж байгаа цөөн хэдэн аймгийн нэг гэдгийг өнгөрөгч хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаас нь харж болно. Тухайлбал, өнгөрөгч 2016 онд Дорноговь аймаг 561 хайгуулын болон ашиглалтын лицензтэй байжээ. Тэгвэл одоо тусгай зөвшөөрлийн тоог 366 болгон бууруулсан нь том амжилт юм. Энэ нь үндсэндээ тусгай зөвшөөрлийн тоог 195-аар бууруулсан гэсэн үг. Үүнд хайгуулаа цаг хугацаанд нь хийдэггүй, байгаль хамгаалах төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаггүй, ашиг хонжоо олохын тулд хайгуулынхаа тусгай зөвшөөрлийг бусдад зарах гэж оролдсон компани, аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлүүдийг аймгийн Засаг дарга нь сумдын Засаг дарга, ИТХ-тай нийлж цуцалжээ. Ингэснээр тусгай зөвшөөрлийн тоог 200 орчмоор бууруулж чадсан анхны аймаг болж байгаа хэрэг.

Гэхдээ тус аймгийнхан хариуцлагатай уул уурхай хэрэгжүүлж байгаа гээд зөв зохистой үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэм эдийн засагт үр өгөөжтэй ажил явуулж байгаа компаниудыг хөөж туугаад байдаггүй. Харин аль болох ашигтай талд нь эргүүлж, нөхөн сэргээлт хийх зэргээр хамтран ажилладаг аж. Тийм дээ ч хариуцлагатай уул уурхай явуулж байгаа, сум орон нутагт дэмжлэг үзүүлдэг, иргэдийг ажлын байраар хангадаг компаниудыг дэмждэг, тэдэнтэй нийгмийн олон салбарт хамтран ажилладаг байна. Мөн нийгмийн даатгал, татвараа цаг хугацаанд нь төлдөг, нөхөн сэргээлтээ хийдэг, баялгийнхаа тодорхой хувийг сум, орон нутгийн бүтээн байгуулалтад нэмэрлэдэг, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж байгаа олон компани байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр ч бүү хэл тус аймгийн Засаг дарга 2017 онд дэвшүүлсэн бодлогын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр гэхээсээ илүүтэй тодорхой хэмжээнд баяжуулж, боловсруулж, нэмүү өртөг  шингээх, сум болгонд ажлын байр нэмсэн үйлдвэрүүдийг барихыг дэмжин ажиллаж байгаа нь иргэдийн таалалд нийцсэн төдийгүй бусад аймгуудад жишиг болжээ.

Тус аймагт одоогийн байдлаар 13 нүүрс угаах үйлдвэр, жоншны баяжуулах үйлдвэрүүд, хоёр ч том цементийн үйлдвэр ашиглалтад орон ажиллаж байгаа. Тухайлбал, тус аймгийн Өргөн сумын нутагт ашиглалтад ороод буй “Мон полимет” компанийн барьж байгуулсан цементны үйлдвэр бий. Нөгөө талаар 2018 онд Засгийн газар шийдвэр гаргаж, хайгуулын төлбөрийн 50, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн таван хувийг орон нутагт үлдээдэг болсон. Үүнийг орон нутагт мөрдүүлж байгаа нь ч ихээхэн үр дүнгээ өгдөг аж.

Уг нь хэдэн жилийн өмнө тус аймаг нь уул уурхай, лицензийн хөлд дарагдаж буй аймгуудын тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан ч 2016 онд Засаг дарга Т.Энхтүвшин түүний баг шат дараалсан арга хэмжээ авснаар ийнхүү бусаддаа жишиг болоод байна. Тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газраас 2015-2016 онд олон тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Ганцхан жилийн дотор Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох, хайгуул хийх 250 тусгай зөвшөөрлийг олгосон хэтийдсэн тоо юм. Үүнд тусгай зөвшөөрлийн 366, А лиценз 180 байжээ.

Ер нь бол Монгол Улс газар, хэвлийн дороо ямар баялагтай байгаагаа мэдэх ёстой гэж үзээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгодог ч хайгуулын компаниуд тэс өөр зорилготой байдаг гэнэ. Уг нь хайгуул хийж байгаа компаниуд ажлаа хууль ёсны идэвхтэй гүйцэтгээд, ямар үр дүнд хүрснээ эрдэнэсийн санд бүртгүүлэх үүрэг бий. Гэтэл тус аймагт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, компаниуд ажлаа хийдэггүй. Цаад зорилго нь гадаадын компанид тусгай зөвшөөрлөө зарахыг санаархдаг байдлыг таслан зогсоожээ. Тус аймагт одоо цуцлаагүй үлдсэн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн заримынх нь хугацаа нь болоогүй. Зарим компани нь тодорхой хэмжээнд хайгуулаа хийж байгаа учраас аймгийн удирдлагууд энэ онд компаниуд хайгуулаа хийсэн үү, үгүй юу гэдгийг дахин шалгах аж. Үүнээс гадна нөхөн сэргээлт хийсэн байна уу, зохих төлбөр мөнгөө төлсөн үү гээд олон зүйлийг шалгаж, хайгуулаа хийгээгүй, журмынхаа дагуу ажиллаагүй компани байвал тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлдэг жишиг тогтоогоод байна.

С.Ууганбаяр

Эх сурвалж: Өглөөний сонин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ