...
...

“Таван толгой” ХК холын зайн гүйгч Б.Буджаргалыг урамшууллаа

Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн уламжлалт зургаа болон арван өдрийн  гүйлтийн нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотод болж, 27 орны 72 тамирчин оролцлоо.

Сүүлийн жилүүдэд олон өдрийн, хэт холын зайн гүйлтэд тогтмол амжилттай оролцож байгаа спортын мастер Бямбаагийн Буджаргал эрчүүдийн арван өдрийн гүйлтийн ангилалд 1221.8 км замыг туулж түрүүллээ.  

Б.Буджаргал гүйлтийн спортоор 24 жил хичээллэж байгаа. Нэг өдрийн буюу 24 цагийн гүйлтийн 2011, 2012, 2013 оны улсын аварга. Монгол улсын рекорд амжилтыг эзэмшигч юм. Б.Буджаргал арван өдрийн гүйлтийн тус тэмцээнд зургаа дахь удаагаа оролцож, ийнхүү хошой аварга болж байна. 2014 онд анх удаа оролцож тавдугаар байр, 2015 онд 10 дугаар байр, 2016 онд дөрөвдүгээр байр, 2017 онд түрүүлж, 2018 онд хоёрдугаар байр эзэлж байлаа. Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Аризона мужийн Финикс хотод болсон хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд түрүүлсэн.

Б.Буджаргал Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрж өссөн. Түүнийг хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга болоод ирэхэд нь нутгийн олон нь “Чи амжилтаа говь л гэж бодоорой” гэж хэлж байсан гэдэг. Б.Буджаргал “Үнэхээр ч миний төрж өссөн нутаг байгалийн эрс тэс уур амьсгалтай байдаг нь хүнд тэсвэр, тэвчээр аливааг сөрж давах чадварыг суулгадаг.  Тиймээс ч манай нутгаас тэсвэрийн спортын мастерууд олноороо төрсөн байдаг болов уу. Намайг сурагч байхад манай гэр аймгийн төвөөсөө 5 км-ын зайтай байсан. Энэ нь гүйлтийн спортыг сонгох суурь болж өгсөн гэж боддог” гэж нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.

Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийн тавцанд мандуулж яваа нутгийн тамирчиндаа “Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж баяр хүргэж, урамшуулан шагнасан байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ