...
...

"Монголын кино урлагт түүний үлдээсэн АМЬ БИЙ"

Монголын тайз, дэлгэцийн нэгэн том од харваад хэдхэн жилийн нүүр үзжээ. Түүний тухай эргэн дурсах бүрийд тоглосон, амилуулсан, сэтгэлд  хоногшин үлдсэн дүрүүд нь тодорч харагдана. Хамгийн сүүлд тэрээр "Содура" кинонд тоглож, тэр чигтээ мөнхөрч үлдсэн билээ. Энэ эрхэм хүний тухай тус киноны зохиолч одоогоос гурван жилийн өмнө хэрхэн дурсаж байсныг ямар ч засваргүйгээр хүргэе.

"Гурав дахь хавартайгаа учран золгож буй “Содура” кино маань удахгүй нээлтээ хийх гэж байна. Гэхдээ нээлтийн тухай бодоход бүрийд нэг л хүнийг хамгийн ихээр үгүйлж, сэтгэлд гуниг дүүрээд ирэх юм. Отгийн ахлагч Мырдин буюу Амбий ахдаа бид дэндүү их хайртай байлаа. Амьдад нь хэлж чадаагүй энэ үгийг өнгөрсөн цаг дээр хэлэх үе ирнэ гэж хэзээ ч санасангүй ээ... 
Отгийн ахлагчаа бид удаан хайсан. Тэгээд эцэст нь нэгэн цастай өдөр Амбий ахтай анх уулзаж билээ. Кинондоо тоглуулах санал тавихад “Эхлээд зохиолтой чинь танилцъя...” гэж даруухан хариулт өгсөн тэрээр маргааш нь бидэн дээр давхиж ирээд “Миний л тоглох кино байна...” гэж итгэл дүүрэн хэлсэн юм. Тийнхүү киноны минь төлөө чин үнэнчээр цохилох зүрх нэгээр нэмэгдсэн. 
Хаврын зураг эхлэхийн өмнө Амбий ах бидэнд “Одоо ах нь та нарын мэдэлд бүрэн очлоо. Би энэ киноны дундуур өөр ямар ч кинонд тоглохгүй. Тийм болохоор миний үс, сахлыг хүссэнээрээ өөрчил...” гэж хэлсэн юм. Кинондоо, бүтээх дүрдээ тийм их элгэн халуун сэтгэл гаргаж, тэгж их “дурласан” байсансан... 
“Отгийн ахлагч хүн гадаад дүр төрхийнхөө хувьд бусдаасаа онцгой байх ёстой” гэж үзсэн бид хөмсөгийг нь хусаж, шанаа давсан урт үсийг нь хуйханд нь тултал богиноcгож, бас болоогүй духыг нь өргөн болгож засав. Мэдээж тэрхүү шинэ дүр төрх нь мань хүний “арзгар” царайнд зохисон гэж жигтэйхэн. Өөрөө ч сэтгэл хангалуун байсан учир эртэй, иртэйгээр хаврын зурагаа эхлүүлж билээ. 
Харин сүүлд “Би ч угаасаа царай муутай хүн. Дээр нь хөмсөгөө хусчихаар хүмүүс намайг хараад цочоод байх юм...” гэж инээдэм наргиан хийж байсан удаатай.
Жилийн дөрвөн улиралд Хөвсгөлийн их тайгад, хаврын 20, зуны 50, намрын 30, өвлийн 20 хоногт хамт байсан болоод ч тэр үү бид Амбий ахдаа дэндүү их дасчээ... Натурыг өнгө гэрэл, хөөр хөгжөөнтэй болгодог ганц хүн нь Амбий ах минь байлаа. Эмэгтэй жүжигчдийнхээ гэрийг “Ягааны өргөө” гэж нэрлэх хүн түүнээс өөр байхгүй шүү дээ. Өөрийнхөө гэрийг “Хар гэр” гэж нэрлэчихээд хамтран тоглож байгаа гурван залуугийнхаа /С.Ариунбямба, А.Өнөржаргал, О.Амгаланбаатар/ аав нь болж аашилж, алиалах хүн нь ганц Амбий ах. 
Томоо гэгчийн гялгар уутаар борооны цув хийж өмсөөд түүнийгээ “Кашмеран пальто” гэнэ. Бороотойд “Кашмеран пальто”-гоороо гангарчихаад натурын дундуур ханхалзан алхах дуртай байсансан. Хүүхдүүд нь “Аавын кашмеран пальтог харав уу?” гэсээр үе үе эрэл сурал болж, натурыг үймүүлнэ. 
Ардын жүжигчин П.Цэрэндагвын шавь гэдгээрээ, багштайгаа хамт тоглож байгаагаараа бахархана. Гэхдээ “Би энэ Ардын жүжигчинд тоглолтынх нь жанжин шугамыг зааж өгөх гэж их зовж байна...” гэж багшийгаа цаашлуулна. Ер нь хүн явуулж, хүнээр тоглохдоо сайн. Нутгийн иргэдтэй найз болохдоо ч амархан. Нэг харахад л ахаа, эгчээ болчихсон явна. Цаатангуудтай хүртэл хэл амаа ололцчихсон, нөгөөдүүл нь ч мань хүнийг “Амбээ” гэж дуудчихсан явах... 
Тайгад 9 сарын 17-нд анхны цас орж, намрын зураг маань нэвсийтэл дарсан их цасан дунд эхэлсэн юм. Тэр цаснаар бид киноныхоо, тэр дундаа отгийн ахлагчийн хамгийн эмгэнэлт хэсгийн зургийг авсан. Тэр үед өдөржин гадаа зогссон бидний дээл хувцас нэвт норж, даарах бээрэхийг дээд зэргээр мэдэрч, тэсвэр тэвчээр алдармаар болж билээ. Харин Амбий ах тэр айхтар хүйтнийг огт ажралгүй, өөрийн дүрдээ бүрэн орж, хүнд бодолд дарагдан зогсохдоо “жинхэнэ уран бүтээлч” хүн ямар байх ёстойг бидэнд харуулж чадсан юм. Тэр зураг авалт Амбий ахын энэ киноны төлөө гаргасан сэтгэлийг бүрэн илэрхийлж чадахаар үнэхээр гайхалтай болсон. 
Ийм л сайхан ахыгаа бурхны оронд явахынх нь өмнөхөн бид кинон дээрх нэрнийх нь ард “Монгол Улсын Гавьяат жүжигчин гээд биччих үү, удахгүй авах юм чинь...” гэж ярьж, инээж хөөрч суусансан. Гэтэл одоо тэр нэрийг дөрвөлжин хашилтанд хийгээд, хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй боллоо... 
Кинон дээрээ отгийн ахлагч маань “Сайхан залуу нас, даан ч хайран амьдрал...” гэж хэлдэг юм. Үнэхээр л сайхан залуу нас, даан ч хайран амьдрал байлаа...
Хамгийн сүүлд уулзахад бие нь нэлээн дор орсон байсан хэдий ч “Ах нь босно оо. Бензээ унаад киноныхоо нээлтэнд заавал очно” гэж хэлж байсансан. Гэвч одоо бид чинь таньгүйгээр киногоо нээх гэж байна... 
Гэхдээ Монголын тайз, дэлгэцийн урлагт ах таны минь үлдээсэн АМЬ БИЙ... Тэр АМЬ мөнхөд үргэлжилнэ гэдэгт итгэж байна... 

"СОДУРА" киноны зохиолч С.Сумъяа 
2015 оны 3 дугаар сарын 17

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ