МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхантай саяхан хэвлүүлээд буй “Ундраагийн Баярсайхан” нэртэй дуу, шүлгийн хос цомгийн талаар хийгээд бусад зүйлийн тухай ярилцлаа.
Тэрбээр өмнө “Их л холын амраг” нэртэй нийтийн дууны бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байв. Мөн “Хүү нь тандаа” нийтийн дууны цомог, “Бөгтөр сарны гэгээ” яруу найргийн ном, 2014 онд “Танихгүй танил” шигшмэл ярилцлагын ном, 2016 онд “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн номоо өлгийдсөн юм.
-Таныг би яруу найрагч л гэж боддог байлаа. Гэтэл мэргэжил нэг байх нь ээ...
-Тийм ээ, би сэтгүүлч мэргэжилтэй. Мөн уран бүтээл хийх хүслээ дагаад яруу найргаас сэтгэлээ холдуулж чадахгүй юм. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд чадан ядан л бичиж яваа минь энэ шүү. Одоо МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувагт сэтгүүлчээр ажилладаг. Энэ сайхан байгууллагын хамт олонтой хамтран ажиллаж байгаадаа баяртай явдаг. Би өөрийгөө ийм ийм дууны шүлэг бичсэн гэж онгирохгүй. Хэн нэгэнд хичээл зүтгэл байхад энэ угаасаа болох учиртай. Харин МҮОНРТ хэмээх том айлаар овоглож яваагаараа онгирч чадна.

-Ер нь та хэр онгироо вэ?
-Даруу байвал хүүхдийн баас хусдаг хутганаас ялгаагүй гэсэн үг байдаг. Сайхан урмын үг хэлсэн хүний дэргэд суугаад босохдоо онгирохоосоо илүү эрч хүч авдаг. Тэгэхээр даруу талдаа байх шүү.
-Саяхан хэвлүүлсэн цомгийнхоо талаар яриач. Яагаад өөрийнхөө нэрээр нэрийдсэн юм бэ?
-Жил хэртэй бодож явсан хүслээ биелүүллээ. Хэн нэгэн уран бүтээлч аль нэг дуугаараа цомгоо нэрлэдэг. Харин би тэднээс арай өөр байхыг хичээсэн. Залуу хүн байна даа, илүү шинэлэг байх хэрэгтэй биз дээ. Цомгийнхоо загвар, дуу шүлгийн сонголт зэргийг би өөрөө санаачилсан. Миний дууг Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, гавьяат жүжигчин Х.Болормаа, “Харанга” хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива дуучин С.Наран, Н.Баасандорж, Д.Намсрайноров, Э.Төрмандах нарын зэрэг уран бүтээлч дуулсан. Харин шүлгийг МҮОНРТ-ийн нэрт нэвтрүүлэгчид болох Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Бямбацогт, нэвтрүүлэгч Б.Ганбаатар, Н.Баярмаа, Б.Гантигмаа, Б.Цэвэлмаа, Г.Алтанбагана, Ч.Идэрчулуун нар уншсан. Би өрөө ч нэг шүлэг хэлсэн байгаа. Зарим хүн дээрх нэвтрүүлэгчдийг зөвхөн эфирээр мэдээ уншдагаар нь мэддэг байх. Тэгвэл би тэднийг “Шүлгийг бас ингэж сайхан уншдаг юм шүү” гэдгийг илтгэх гэж хамтран ажиллах санал тавьсан. Энэ удаагийн цомгийг хүмүүс их сайхан хүлээж авч байна. Дандаа мэргэжлийн, чадвралаг, ёстой л лидерүүд дуулж, уншсан болохоор тэр биз ээ.
-Цомог гаргахад санхүүгийн хувьд нэлээн өндөр зардал гардаг байлгүй ...
-Тэгнэ. Хэвлэлт болон найруулгад нийт долоон сая төгрөг зарцуулагдсан. Өнөөдөр хэдийгээр санхүүгийн хямрал хаа сайгүй нүүрэлж байгаа ч сэтгэл байхад болдог юм гэдгийг илтгэж “Био Ундарга”, “Хүчит Чулуут”, “Алтай констракшн” ХХК-ийн хамт олон ивээн тэтгэсэн. Мөн ээж маань миний үнэнч ивээн тэтгэгч /инээв/.
-Хэр удаан хугацаанд цомгоо бэлтгэсэн бэ?
-Төлөвлөсөн хугацаа бол жилийн өмнө. Харин ажилласан үе цагаан сараас хойш. Энэхүү цомгоо би аавынхаа гэгээн дурсгалд зориулж бүтээсэн юм. Аавыг маань Б.Ундраа гэж нутаг хошуундаа олон хурдан морь сойж явсан хөх өвгөн байв. Аав, ээж, нутаг гуравтаа би нэг сайхан бүтээл төрүүлэх юмсан гэж боддог байсныгаа өнгөрсөн намар биелүүлсэн. Тэр дуугаа “Алсад хүрэх зам” хэмээн нэрлэж Ц.Чулуунбат, С.Наран хоёроор дуулуулсан. Тэд ч сайхан хүлээн авч, хамтдаа ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо дуулж байгаа гэсэн.

-Хөгжмийн зохиолчдын хувьд хэн хэнтэй хамтардаг вэ?
-Өөрийгөө голохгүй байх чанар надад байдаг шиг байгаа юм. Энэ нь сайн уу, муу юу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Г.Пүрэвдорж, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат. Тэр ч бүү хэл төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров ахад нэг шүлэг өгөөд байгаа. Тун удахгүй шинэ дуу мэндлэх байх аа. Сүүлийн үед хөгжмийн зохиолч Д.Дорлиг ахтай нэлээн уран бүтээлд хамтарч ажиллаа. Миний нэг зарим байдаг юм. “Нэг юм хийвэл чанартай хийх” гэсэн бодол. Дууны уран бүтээл хийж байгаа бол мэргэжлийн, чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсдэг.
-Таныг дууны аялгуунд тааруулж шүлгээ бичдэг гэж сонссон ...
-Хэд хэдэн дууны шүлгийг аялгуунд тохируулж бичсэн. Д.Дорлиг ах анх надад дуучин Б.Батбаатарын дуулсан “Аав л нутаг хоёр минь” дууны аялгууг сонсгож, шүлгээ бичүүлсэн. Аялгууг нь утсандаа хуулж авчихаад Сүхбаатар аймаг руу ажилаар явж байхдаа замдаа сонсож байгаад бичсэн. Дараа нь Д.Намсрайноровын “Хүсэл”, Э.Төрмандахын “Болзоо”-г ингэж бичсэн.
-Яруу найрагчид эхлээд шүлгээ биччихээд хөгжмийн зохиолчдод өгдөг байтал та аялгуу сонсоод шүлэг бичдэг гэдгийг сонсоод сонин санагдаж байлаа л даа ...
-Аялгуугаа сайн сонсоод хувиарлачихвал гайгүй л дээ. Машиндаа хэд сонсоод л тогтоочихдог юм. Хамгийн гол нь ямар аялгуунд ямар сэдэвтэй шүлэг байх ёстойг нарийн мэддэг байх хэрэгтэй. Мөн хөгжмийн зохиолч, дуучидтайгаа ч ярилцах тохиолдол бий. Морины шүлэг бичигдэхээр аялгуунд хайрын тухай шүлэг биччихвэл хүрэмнийхээ гадуур дээл өмссөнөөс ялгаагүй биз дээ.

-Дууны шүлгийн захиалга танд хэр их ирдэг вэ?
-Дуу болгон маань хит болоогүй ч тасралтгүй уран бүтээл хийгээд байгаа болохоор ч тэр үү таньдаг, таньдаггүй олон хүн ялангуяа сүүлийн үед санал их тавьж байна. Саяхан хаа хол Ховд аймгаас нэг ах хүү утсаар холбогдоод “Нэг хөгжмийн зохиолчоос дугаарыг чинь авсан юм аа. Ах нь мориндоо зориулж дууны шүлэг бичүүлэх гээд” хэмээн ярьж байсан. Тийм мэдээ сонсохоор “Намайг хүмүүс бас үнэлж байна” гэсэн сэтгэгдэл төрж, урамшдаг юм билээ. Хүмүүс мориндоо, компанидаа, нутагтаа, нууц амрагтаа хүртэл зориулж дуутай болох гэсэн юм гэдэг. Тэр ч байтугай нэг залуу “Би нэг ахынхаа морийг дуутай болгоно гээд амлачихсан юм. Та бичээд өгөөч. Гэхдээ би худалдаж аваад өөрийнхөө нэрээр гаргаж болох уу” гээд ирж байсан.
-Та тэгээд зөвшөөрсөн үү?
-Тэр хүнд таалагдсан юм байлгүй шүлгээ уншаад баярлаад байхаар нь зөвшөөрчихсөн. Одоо Л.Нарантуяа дуулж байгаа.
-Тухайн шүлгийнх нь санааг яриулж байгаад бичдэг үү?
-Ярилцана. Зарим нь нутгийнхаа тухай бичүүлэхээр бол тухайн нутаг руугаа дагуулж очиж, уул ус, хангайгаа харуулдаг ч тохиолдол бий.

-Ханшийн хувьд ямар байдаг вэ?
-Сүүлийн үед манайхан оюуны хөдөлмөрийг гайгүй үнэлдэг болсон байна билээ. Өмнө нь намайг шүлэг хуулаад биччихсэн юм шиг хандаж зүгээр аваад явчихдаг байсан. Би ч тэр үед “Дуулагдаж л байвал мөнгө төгрөг нь ч яахав” гэж бодоод хоцордог байлаа. Одоо цаг хүмүүс “Ах нь, эгч нь урамшуулна аа” гээд гайгүй хэдэн төгрөг дансаар илгээчихдэг. Энэ бол нуух зүйл биш. Адилхан л амьдарч байгаа болохоор надад тэр нь хэрэг болж таарна. Гэхдээ би заавал тэдийг гэдэггүй. Авахгүй тохиолдол ч байгаа.
-Дахиад тоглолт хийх төлөвлөгөө бий юу?
-Миний ойр дотныхон, хамтарч уран бүтээл хийдэг найзууд маань “Цомгоо гаргасан юм чинь тоглоло хийгээч” гэсэн санал дэвшүүлсэн. Гэхдээ би одоогоор бэлэн биш байна. Тэгээд ч миний дуунууд олон нийтэд бүрэн хүрэг. Тоглолт хийнэ гэдэг нь маш их ажиллагаа шаардагддагийг өмнөх тоглолтоос ойлгосон. Өнөөдөр маш олон тоглолт ар араасаа хөвөрч байхад надад үзэгч олдох нь төдий чинээ хэцүү.
-Энэ жилийн “Болор цом” наадамд та оролцсон. Сэтгэгдлээсээ хуваалцаач ...
-Энэ жилийн наадам Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймагт болсон. Тус наадмын үеэр би Дорнодчууд яруу найргаар “цангасан” байгааг хамгийн түрүүнд олж харсан. Учир нь тоглолтын тасалбар дуусчихсан байхад шалан дээр нь хүртэл сууж үзэх гэсэн хүн ч нэлээн байлаа. “Багтахгүй” гээд байхад нь хүртэл иргэд нь хамгаалагчтай барьцалдах шахан байж орж ирж байсан. Тус наадмыг бөхөөр ярьвал Улсын баяр наадам гэсэн үг. Энэ олон жил болсон сайхан наадамд түрүүлж, айрагдахгүй ч гэсэн шүлгэн хүлгээ уралдуулна гэдэг хамгийн сайхан зүйлийн нэг.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Нэг хэсэг уран бүтээлчийн замаар нэлээн “исгэрч” явлаа. Тиймээс одоо ажилдаа анхаарч, хамт олныхоо итгэлийг алдахгүйн төлөө ажиллана. Сэтгүүлч хэмээх сайхан мэргэжил эзэмшсэнийхээ үр ашгийг гаргах болно. Чадвартай л байж чадвал хэнтэй ч уулзаж, ярилцаж болдог мэргэжил.

Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn