...
...

Г.Төгсөө: Мэргэжлээ сонгохдоо цаашид хөгжих боломжийг сайн судлах хэрэгтэй

2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 37 мянга гаруй сурагч Ерөнхий боловсролын сургуулийг төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан нь мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн чухлыг харуулж байгаа юм. Монголын Сурагчдын Холбооноос жил бүр улсын 10-н их сургуультай хамтран зохион байгуулдаг “Мөрөөдлийн боловсрол” аян СУИС дээр нээлтээ хийлээ. Энэ үеэр “Монголын сурагчдын холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгсөөтэй мэргэжил сонголтын талаар ярилцсан юм.

-Аяны гол зорилго юу вэ?

-“Мөрөөдлийн боловсрол” аяныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Олон улсын жишиг хөтөлбөрийг харахад хүүхдүүд багаасаа мэргэжил сонголтоо хийчихсэн байдаг. Гэтэл Манай сурагчид ахлах ангид орсныхоо дараа, бүр 12 -р ангид орчихоод сая нэг мэргэжил сонгох талаараа санаа зовж эхэлдэг. Ингээд найз нөхдийн ятгалгад ордог эсвэл эцэг эхчүүдийн зааврыг дагадаг. Юуг хүсч, юунд зорьж байгаагаа умартчихдаг. Мөрөөдлийн боловсрол аян ямарваа нэгэн үнэ төлбөр байхгүй. Сурагчид Бүртгүүлээд зорилтод хэлбэрийнхээ сургууль дээр очин тухайн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээ мэдээлэл авдаг. Сонгосон мэргэжлээрээ ахиж дэвших боломж бололцоо, тэтгэлэг хөтөлбөр гэхчлэн хүссэн мэдээллээ авч болно. Тухайлбал урлагийн сургуульд орох гэж байгаа бол ур чадварын шалгалт яаж явагддаг, хэрхэн элсэлтээ авдаг гэдгийг мэргэжлийн багш нараас сургуулиас нь зөвлөгөө авахад энэ хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм.

-Жил бүр төгсөгчдийн 60 хувь нь л ажлын байртай болдог гэсэн судалгаа байдаг. Тэгвэл үлдсэн 40 хувь нь мэргэжил сонголтоо буруу хийсэнтэй холбоотой юу?

-Мэдээж холбоотой. Төгсөгчид нийгмийн чиг хандлагаар баримжаа авч мэргэжлээ сонгож алдах нь их. Энэ жил эдийн засгийн мэргэжил эрэлт хэрэгцээтэй гэхээр массаараа эдийн засгийн мэргэжлийг сонгочихдог. Гэтэл дөрвөн жилийн дараа тэнд хүний нөөц байгаа юу, үгүй юу гэдгийг судалдаггүй. Мэргэжлээ сонгохоосоо өмнө сайн судлах хэрэгтэй. Мэргэжлийнхээ гүйцэтгэх үүрэг, тавигдах шаардлага, ур чадвар, цалин хөлс, ахиж дэвших боломжийг сайн судалж байж мэргэжилдээ 100 хувь итгэл үнэмшилтэй, тууштай байх сонголтыг хийх нь чухал юм. Жишээ болгоод дурдвал хууль сахиулах сургуульд  гэхэд жилд 10  эмэгтэй оюутан авна гэхчлэн заасан байдаг. Энэ нь дараагийн 4 жилийнхээ хүний нөөцөө хязгаарлачхаж байгаа юм. Тэгэхээр хүүхдүүд энэ талын мэдлэгийг сургууль дээрээс нь авчхаар дараагийн боломжуудыг хайж эхэлдэг.

-Мэргэжил сонголтоо анхаараагүйгээс ямар эрсдэлүүд бий болж болох вэ?

-Дөрвөн жилийн мэргэжлээ зөв сонговол 40 жилийнхээ хоол хүнсийг бэлдэнэ гэж үг байдаг. Дөчөө боль гэхэд 20 жилдээ санаа зовохгүй байж болно. Мэргэжлээ буруу сонгосноос болоод наад зах  нь ажлын байрны стресс ордог, амжилттай ажиллаж чаддаггүй гээд олон эрсдэлүүд хүлээж байдаг.

- Манай улс 40-50 жилийн багшийн нөөцөө бэлдчихсэн гэж ярьдаг. Энэ үнэн бол багшийн мэргэжлийг сонгосон, сонгож байгаа оюутнуудад ямар боломж байна вэ?

- Тэгж ярьдаг.  Магадгүй багшийн мэргэжлийг сонгох нь төдийлөн оновчтой биш байж болно. Үнэхээр хүсэл сонирхол нь байгаад олон төрлийн хосолсон чадвартай бол ажлын байр хаана ч бий. Тухайн хүн өөрөө хэр их чадамжтай оюунлаг оюутан байж чадна тэр хэрээр боломж бололцоо байж л байдаг. 

-Энэ жилийн хувьд төгсөгчид ямар мэргэжлийг сонговол илүү оновчтой байх бол?

-Энэ мэргэжил нь сайн, энэ нь хөгжихгүй мэргэжил гэж хэлэхэд өрөөсгөл ойлголт болно. Сүүлийн жилүүдэд анагаахын салбар нэлээд эрчимтэй хөгжиж байна. Ажлын байр ч гэсэн боломжийн байна. Санхүү эдийн засаг, маркетинг, менежмент, хүний нөөцийн мэргэжил ойрын жилүүдэд илүү их эрэлт хэрэгцээтэй байна гэж харагдаж байгаа. Гэхдээ дөрвөн жилийн дараа магадгүй найман жилийн дараа өөрчлөгдөж болно.  Тиймээс нэг талаас өөрөө дур сонирхолтой нөгөө талаас тухайн мэргэжлээрээ ахиж дэвших боломж бололцоог сайтар судлах нь чухал. Мэргэжил сонголт гэдэг насан туршийн амьдралын баталгаа, хариуцлагатай алхам байдаг. 

 

 

А.Түвшин 

Эх сурвалж:Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ