...
...

Музейн үзмэрээс хамгийн эртнийх нь 1800-аад оных


Монголын анхны морин хуурын музей төрийн ордны ард "Монгол хуур" төв дотор байрладаг. Тус музейг морин хуур урлаач, морин хуурч, ая зохиогч, "Монгол хуур" төвийн захирал Б.Сүхбаатар 2008 онд анх үүсгэн байгуулжээ.

 

 -“Жонон хар” морин хуурын музей-


Түүний аавынх нь талын настай хуурч, хуучны нэгэн хуурыг өөрт нь өгсөнөөр музей байгуулах санаа анх төрсөн гэнээ. Тус музейд хуучны хууруудаас гадна морин хуурын түүхэн хөгжлийг харуулсан гэрэл зураг, баримт материалууд, Монгол ахуйн ховор эд өлгийн зүйлс, дэлхийн улс орнуудын хөгжмийн зэмсгийн цуглуулга гэх мэт 200 гаруй үзмэрүүд байгаа ажээ.

"Урд хөршийн галерайнуудад эртний монгол хуурууд олон байна"

Музейн үзмэрүүдээс хамгийн эртнийх нь 1800-иад оны төмөр цартай Боржигин хуур юм. Манжийн дарлалын үед энэ хуур ихээхэн дэлгэрчээ. Одоогийн морин хуурыг бодвол хэмжээгээрээ бага зэрэг том. Энэ нь тухайн үеийн монголчуудын бие хаа бадируун байсантай холбоотой байж болох юм хэмээн тэрбээр тайлбарлалаа. Үүнээс хойш морин хуурын хэмжээ бага багаар жижгэрсээр иржээ.

 

Боржигон хуурыг музейдээ авчирсан түүх ч бас их сонин.  Энэ талаараа ийн хуучиллаа. " Наран туулын эртний эдлэл зардаг газраас худалдаж авсан. Намайг очиход хоёр хятад бас сонирхож, үнэ хаялцаж байлаа. Худалдагч 3 саяас 100 төгрөгч буулгахгүй гээд гэдийчихсэн. Тухайн үед надад ямар ч мөнгө байгаагүй. Гадны хүмүүст алдахгүйн тулд шууд нутгийнхаа нэг ах руу залгаж, үнэнээ хэлээд 3 сая төгрөг зээлж, авч байсан түүхтэй. Тухайн үед хуучны үзмэр, морин хуур хайж өдөр болгон л зах юм уу Урт цагаан ордог байлаа." 

 

 

Урд хөршийн томоохон галерайнуудад эртний монгол хуурууд олон байгааг хараад өөрийн эрхгүй, харамсч, халаглах сэтгэл төрдөг тухайгаа Б.Сүхбаатаргүй хуурч хэлж байсан юм. 

 

-Арьсан цартай хуурыг модон цартай болгох их ажил өрнөж байжээ -

Ю.Цэдэнбал даргын эхнэр Филатовад соёл урлагийн хүмүүс санал тавьсанаар Монголд анх удаа арьсан цартай хуурыг модон цартай болгох үйл явц өрнөж байжээ. Ийн ЗХУ-ын алдарт хөгжим урлаач, Яровойг урьж авчраад, монгол урлаачтай хамтран морин хуурыг модон цартай болгож эхэлсэн байна. Тухайн үед хийсэн хууруудын хамгийн анхных нь мөн "Жонон хар" музейд хадгалагдаж байна. Энэ үеэс эхлэн морин хуурын хэлбэр хийц, загвар  үсрэнгүй хөгжих эхлэл тавигджээ.

Анхны мастер хуурыг олж авсан түүхээ ийн хуучилсан юм. "Хоёр жилийн өмнө морин хуураа үүрээд таксинд суулаа. Таксны жолооч миний морин хуурыг хараад "морин хуур тоглододог уу гэж асууж, ах нь ч бас морин хуурч байсан гээд л бид хоёр яриа дэлгэсэн. Морин хуур урлахын хажуугаар музейтэй болох гэж хичээж байгаа тухайгаа ч ярисан юм. Гэтэл тэр хүн алдарт хуурч Г.Жамъяан гуан шавь байж таарсан. Тэгээд "Надад нэг хуур бий. Тэр хуур чамд л байх ёстой юм байна" гэсэн. Тэгээд хэд хоногоос холбогдож хуурыг нь авч оронд нь орчин үеийн мастер хуурыг өөрийнхөө гараар урлаж өгсөн"

 Морин хуур урлаач, морин хуурч Б.Сүхбаатар 18 жил морин хуур урлажээ. Энэ хугацаанд өөрөө хийсэн, "Монгол хуур" төвөөс урласан нийт 3000 гаруй морин хуурыг хийж, монгол айлын хойморт залсан байна. 

Тэрбээр морин хуурын музейг шинэ байртай болгох төслийг эхлүүлж буй бөгөөд үүний урьтал болгож энэ сарын 24-нд Бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. 

Тоглолтынхоо үеэр Бөхийн өргөөний үзүүлэнгийн танхимд музейн үзмэрийн дээжээсээ дэлгэхээр төлөвлөжээ. 

 

 

А.Түвшин 

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Одоогийн энэ модон цартай хийл хөгжим шиг нзхтэй виоленчил шиг эрлийз морин хуурийг ямар монгол хөгжим гэх юм бэ?!

Онцлох мэдээ