...
...

Д.Цэндсүрэн:Жирэмсэн эмэгтэйчүүд хүчилтөрөгчийн коктейль уух нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй

 “Breakfast time” булангийнхаа ээлжит зочноор "Энх төрөхүй” жирэмсэн эхчүүдийн сургалтын төвийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, Анагаах Ухааны магистр Д.Цэндсүрэнг урилаа. Жирэмсэн үеийн дасгал болон төрөхийн өмнө мэдвэл зохих зүйлсийн талаар  түүнтэй ярилцсан юм.


-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Д.Цэндсүрэн гэдэг. 1987 онд Анагаах Ухааны дээд сургуулийг эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээр төгсөж, өнөөдрийг хүртэл тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж байна.

-Ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байв?

-Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Сум дундын нэгдсэн эмнэлэг”-ээс ажлын гараагаа эхэлж, тасралтгүй 12 жил ажилласан. Ингээд 1997 онд Улаанбаатар хотод  ирж өрхийн эмнэлэг болон Гуравдугаар төрөх эмнэлэгт хэдэн сар ажилласан. 2000 оноос “ЦОП” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгээ нээж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Улмаар эмнэлгийн үйл ажиллагааг  өргөжүүлэн “Энх төрөхүй” жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төвийг 2010 онд  байгуулж өдгөө 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

-Манайдаа энэ төрлөөр үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн анхдагч нь  танай сургалтын төв  байх аа. Ямар ямар чиглэлийн сургалтууд явагддаг вэ?

-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд байх нь байдаг. Гэхдээ манай сургалт бол мэргэжлийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нартай гэдгээрээ онцлог, илүү мэдлэг боловсрол олгодог. Манайх  байгуулага ЭМСын 2014 оны 10-р сарын 20-ны өдрийн 338-р тоот тушаалыг хэрэгжүүлж байгаа юм шүү дээ. Тушаалд жирэмсэн эмэгтэйчүүдэд сургалт явуулж эрүүл мэндийн боловсрол олгох дасгал хөдөлгөөний талаар нилээд сайн тусгаж өгсөн боловч хэрэгжих шатандаа гацаатай. Энэ нь жирэмсний болон төрөхийн хүндрэлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх аргад суралцуулж байна. Хүнд мэдлэг хамгаас чухал.

Манайхаас  жирэмслэлт, төрөлттэй холбоотой мэдээлэлийг нэг дороос авах бүрэн боломжтой. Энэхүү жирэмсэн эмэгтэйчүүдэд ЭМБ олгож байгаа сургалт маань тусгай боловсруулсан хөтөлбөрүүдтэй. Үүнд, Төрөхөд бэлтгэх хичээлийг жирэмсний 7 сартайгаас эхэлж явуулдаг. Энэхүү хөтөлбөрт дараах хичээлүүд багтана.

  • Төрөхийн өмнөх сэтгэл зүйн бэлтгэл
  • Хөхөөр хооллох
  • Нярайн арчилгаа, сувилгаа
  • Төрсний дараах амьдралд бэлтгэх ба гэр бүл төлөвлөлт
  • Аавуудын сэтгэл зүй
  • Жирэмсэн эхийн эрүүл зөв хооллолт
  • Жирэмсэн эхийн эмийн зохистой хэрэглээ  гэсэн сэдвүүдээр хичээл ярилцага оролцооны байдлаар явагдана.

 

-Төрсний дараа эмэгтэй хүн бие физиологийн хувьд асар том өөрчлөлт ордог шүү дээ.  Биеийн галбир, гэдэс сунахаас эхлээд хөхөнд сүү орно, хөхний толгой хагарна тэрнээс болж ээж нар сэтгэл санаагаар унадаг зэрэг олон асуудалтай тулгардаг. Тиймээс  төрсний дараах амьдралд хэрхэн бэлтгэх тухайд илүүтэй онцлон асуумаар байна?

-Ажил хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд маань жирэмсний 32 долоо хоногтойгоос эхлэн төрөхөд бэлтгэх ээлжийн амралтаа авч эхэлж байгаа шүү дээ. Тийм учраас энэ амралтаараа юу хийх төлөвлөгөөгөө эртнээс гаргаж гэр бүлийн гишүүдээрээ батлуулах хэрэгтэй. Энд мэдээж сайн амрах төлөвлөгөө, сургалтанд сууж мэдлэгтэй болох, иогийн дасгалд сууж сэтгэл зүйгээ төрөхөд бэлтгэх гээд тэдний өмнө маш олон асуудлууд байгаа. Тэдгээрийг зөв шийдэхэд нөхрийн дэмжлэг туслалцаа хамгийн чухал. Энэ хугацаанд санхүүгийн тооцоог хийж төлөвлсөн байх учиртай. Бүх зүйлээ эртнээс төлөвлөвөл хэн хэндээ амар тайван байхад тус дэм болно. Төрсний дараах төлөвлөгөө бас маш чухал. Одоо төрж байгаа ээжүүдэд утаа гэж тулгамдсан асуудал байна. Нялх хүүхэдтэй болох учраас хаашаа зугтаах бэ гэдгээ эртнээс сайн тооцоолох хэрэгтэй. 

Төрсний дараа гэлтгүйгээр жирэмсэн болон төрөхөд хамгийн чухал хүн нь нөхөр шүү дээ. Төрсний дараа эхийн сэтгэл зүй маш тогтворгүй эмзэг болдог. Аав хүн үр удмаа үлдээдэг өрхийн гэрийн эзэн биш амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангах, гэр бүлээ гадны аюул ослоос хамгаалах хамгаалагч, үр удмаа удирдах удирдагч, үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх хүмүүжүүлэгч  хүн байх ёстой. Тиймээс аавууд ч гэсэн суралцах учиртай.

Манай сургалт  орчин үеийн буюу өндөр хөгжилтэй орнуудын энэ тал дээр баримталдаг жишгийг сургалтандаа илүүтэй тусгаж өгдөг.  Өнгөрсөн хугацаанд сургалтын төв маань давхардсан тоогоор  10 мянган гаруй жирэмсэн эмэгтэйчүүдэд сургалт явуулсан байдаг. Ингэхдээ хөдөө орон нутагт ,Чингэлтэй дүүргийн  алслагдсан хороодод, мөн Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагтай хамтран Өвөрхангай аймагт хэд хэдэн удаа  сайн дурынханд сургалтыг зохион байгуулсан.. Жирэмсэн эхчүүд дунд энэ талын  мэдлэг мэдээлэл маш хомс байдаг нь сургалтын явцад харагдсан л даа. Мэдээлэл багатай байснаас үүдэж олон эрсдлүүд үүсэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл мэдээлэлтэй байснаар төрөхийн олон хүндрэлээс өөрийгөө болон хүүхдээ хамгаална. Тиймээс ээжүүд маань жирэмсэн болсон цагаасаа эхлээд өөрт хэрэгтэй мэдээлэлээ цуглуулж ном сайн унших хэрэгтэй. Жирэмсний дөрвөн сартайгаас эхлээд иогоор хичээллэж бие, сэтгэлээ төрөхөд бэлтгэж эхлэх нь хамгийн тохиромжтой үе. Төрөх үйл явцад махан бие оролцохоос гадна сэтгэл санаа маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь төлөвлөгөө боловсруулахаас эхэлнэ.  Би “Ээжүүдийг төлөвлөгөө боловсруулж” эхэлсэн үү гэж асуухад “Ямар төлөвлөгөө” гэж гайхдаг юм. Жирэмсэн байх үеийн төлөвлөгөө гэдэг нь хэвлийд бойжиж байгаа урагтайгаа 9 сарын хугацаанд юу хийх вэ,мөн түүнийгээ 25 нас хүртэл баяжуулах хамтын аялал юм.  Хэвлий дахь хүүхдээ таатай орчинд байлгахын тулд ээж нь ямар байх, юу хийх, ямар хүмүүжлийг олгох ёстой юм гэдэг хамгийн чухал. Яагаад гэвэл таны хүүхдийн ирээдүйн суурь хүмүүжил нь эхийн хэвлийд байх үеэсээ бий болдог. Хүн бүхэн ухаантай хүүхэдтэй болно гэдэг мөртлөө яаж гэдэг арга замаа төдийлөн мэддэггүй. Тэгвэл манайх энэ бүх ойлголтыг сургалтын төвөөрөө дамжуулан  олгодог.  Манайхан үүний ач холбогдлыг сайн мэддэггүйн улмаас төрөхийн өмнөх сургалтанд төдийлөн хамрагддаггүй. Жилд 80 гаруй мянган эх төрж байна гэж үзвэл үүнээс  төрөхийн өмнөх сургалтанд суусан эхчүүд маш бага хувийг эзлэх байх. Уг нь өөрт нь хэрэгтэй юм л даа. Мөн төрөөс энэ тал дээр анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлдэг бол маш олон хүмүүс өөрийгөө өвчнөөс хамгаалах мэдлэгтэй болж илүү их аз жаргалтай байх байсан.

 

-Төрөхийн өмнөх сургалтанд суусан болон суугаагүй эхчүүдийн хооронд ямар ялгаа гардаг бол?

-Сургалтанд суусан ээжүүдтэйгээ бид эргэх холбоотой ажилладаг л даа. Ээжүүд маань төрсөн даруй л бидэнтэй  утсаар холбогдож хэрхэн төрсөн талаарх мэдэлэл өгнө. Сургалтанд сууснаараа айдасаа даван туулах мэдлэгтэй болж, өөртөө итгэлтэй өөдрөг үзэл нь айдасын хаалгыг хааж аз жаргалын хаалгыг нээдгээрээ давуу талтай. Түүнчлэн эмэгтэй хүний амьдрал зөвхөн төрөлтөөр хязгаарлагдахгүй, дараа нь гэр бүлийн төлөвлөлтийн  асуудал яригдана.

Би судлаач хүн  биш л дээ. Сурсан мэдлэгээ бусдад түгээдэг дамжуулдаг.  Бид бас хөхөөр хооллолт болон эмийн хэрэглээний талаархи судалгааг өөрийн төвөөр үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүдийн дунд явуулдаг. Хүмүүс арай л дэндүү мэдлэггүй дээ. Хүн бүхэн төгс биш ч  сайн хичээх хэрэгтэй.  Мэдэхийн төлөө зүтгэх хүсэх хэрэгтэй. Жишээ нь; хөхний толгой хагарах, хөх зангирах гээд. Яагаад хагардаг яаж урьдчилан сэргийлэх талаар жаахан мэдлэгтэй байхад асуудалгүй даваад гарна. Иймэрхүү шийдэхэд амархан асуудлууд дээр өөрсдөө мэдлэгүйгээсээ бүдэрээд зовоод шаналаад байна л даа. Сургалтанд суусан хүмүүст иймэрхүү асуудал тулгарах нь маш ховор, тулгарлаа гэхэд утасдаж асуугаад асуудлаа дороо шийддэг. эргэх холбоотой ажилладаг.

 

-Ээж болох бэлтгэл үеийн хугацааг хэд байна гэж заасан байдаг юм бол?

-Гэр бүл төлөвлөлт гэдэг чинь хэдэн хүүхэдтэй болох хэдэн жилийн зайтай төрөх, ямар аргаар жирэмснээс хамгаалах  гэдгээ  хосууд үүнийгээ нарийн төлөвлөхийг хэлж байгаа юм. Төрснөөс хойш дараагийн төрөлт гурван жилийн зайтай байх нь хамгийн тохиромжтой. Яагаад гэвэл жирэмсэн үед биед гарсан өөрчлөлтүүд буцаад хэвийн байдалд орох хугацааг 3 жил гэж үздэг. Энэ хугацанд бие, сэтгэлзүйгээ төрөлтөд бэлтгэх, мөн санхүүгийн асуудлаа зохицуулсаны дараа жирэмслэх ёстой. Гэтэл манайханд төлөвлөлт гэж огт байдаггүй.  Жирэмсэн эмэгтэйчүүдээс “Та гэр бүлээ төлөвлөсөн үү” гэсэн асуултанд 90 орчим хувь “Үгүй”, “Гэр бүлээ батлуулсан уу” гэсэн асуултанд 85 хувь “Батлуулаагүй”  гэж хариулдаг. Тэгэхээр гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг сайн ойлгохгүй байгаа нь хэрэг. Энэ маш чухал асуудал шүү дээ. Гэр бүлээ батлуулаагүй байна гэдэг нь хэн хэндээ хүлээн зөвшөөрөгдөөгүй байна гэсэн үг. Үүнээс үүдэж гэр бүлийн салалт, хариуцлагагүй байдал үүснэ. Жирэмсэн боллоо гэхэд эмэгтэй хүний сэтгэл зүй энгийн үеэсээ хэд дахин эмзэг мэдрэмтгийг болдог. Уг нь өөрөө болно гэж бодож итгэж байгаа үедээ хүүхдээ тээж төрүүлэх нь хамгийн зөв.

-Жирэмсэн эх иогийн дасгалыг хийх нь ямар ач холбогдолтой болохыг хэлж өгнө үү?

-Төрөх үйл явцыг хэвийн явагдахад ээжийн бие эртнээс бэлтгэгдэх ёстой байдаг. Яг үүнд тохирсон дасгал хөдөлгөөн хийж, тайван амгалан байдлыг жирэмсний иог танд туслах болно.  Дасгал хөдөлгөөн хийхэд эндорфин ихээр ялгарч сэтгэл санааг тайтгаруулж, баяр баясгалантай болгохоос гадна булчинг хүчтэй, уян хатан байлгаж, зүрх болон уушигны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж зөв амьсгалж нойрсож амрах цагийг уртасгадаг. Мөн ургийг бүтэлтээс сэргийлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хөлийн судас бүдүүрэхээс сэргийлдэг олон давуу талтай. Манай дасгал хөдөлгөөний эх барих эмэгтэйчүүдийн эмч эрүүл мэндийн зөвлөгөөтэй хослуулан явуулдагаараа давуу талтай. Амьсгалын дасгал хийж сурснаараа төрөх үед хүчээ хувиарлахад суралцана л гэсэн үг.

 

-Манай эхчүүдийн дунд  жи­рэмс­ний дасгал хэр хийдэг юм бол.

-Одооноос  жирэмсний иог дасгал хөдөгөөнийг сонирхож хичээлд суудаг болсон нь сайшаалтай хэрэг. Уг нь тонустай гэж гэртээ хэвтээд байгаа хүмүүс өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийж эрч хүчтэй болох хэрэгтэй. Манайд ээжүүд сайн хамрагддаг болсонд талархаж байгаа шүү.

-Хугацааны тухайд, иогийн дасгалыг хэдэн сартайдаа хийж болох уу?

-Жирэмсний дөрвөн са­раас төрөх хүртлээ хийх хэрэгтэй. Иогийн дасгалыг тө­рөхийн өмнөх өдөр хүртэл хийж болно. Үр дүн нь их сайн.

-Хосуудын сургалтынхаа талаар ярьвал?

-Манай сургалтын төв нь байгууллагдсан цагаасаа хойш нэлээд олон жилийг ардаа үлдээж, энэ хэрээр багагүй туршлага хуримтлуулсан байна. Хүмүүс мэдээлэл авах хүсэл эрмэлзлэлтэй болсон ч хаана, хэнд хандахаа сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь энэ нь ганц ээжүүдийн асуудал биш аавууд, гэр бүлийн гишүүд чухал үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй. Яагаад гэвэл жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл зүй аавуудын сэтгэл зүйг бодвол хэдэн арав дахин нэмэгдэж эмзэг мэдрэмтгий болж биед нь олон олон өөрчлөлтүүд гарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ санаа зовоосон асуудлыг хамтдаа шийдэж биед гарч байгаа өөрчлөлтүүдтэй дасах гэж ядаж байгаа ээжүүдийг ойлгох нь чухал. Тэгэхээр аавууд сэтгэл санааг байнга дэмжиж хайр халамжаар дутаахгүйгээр ойлгож харьцаж чадвал ээж нь аз жаргалтай амар тайван байх болно. Хайрыг мэдрсэн эмэгтэй хүн юуг ч хийх хүчтэй болдог. Ингэж гэмээ нь төрөлт хэвийн явагдаж хүүхэд амирлангүй тайван инээмсэглэсэн төрнө. Хосууд сургалтанд ирэх маш дуртай. Жирэмсэн аавын дүрд тоглож ээжийгээ эхнэрээ илүү ихээр ойлгоход нь дөхөм болдог. Бид ганцаараа гэдэс зүүлгээд зовоогоод байгаа биш дэлхийн хөгжилтэй орнууд гэдэстэй аавын сургалтуудыг байнга л явуулдаг. Тэгж  л ойлгуулна шүү дээ.

 

 -Хүүхэд хэвлийд байхдаа эцэг нь зөөлөн гар хүрэх болон илэхэд их дуртай байдаг гэх юм билээ. Энэ тухай мэдээллүүдийг ч давхар олгодог уу.

- Хэвлийд байхдаа ээжийгээ бүр сайн таньж холбоо тогтоосон байдаг. Харин аав өөртэйгээ холбоо тогтоож өөрийгөө таниулахын тулд байнга ярьж дуу дуулж, ном унших гэх мэтээр өөрийгөө дуу хоолойгоо танилцуулж эхэлж байх нь чухал. Тэгж чадаагүй бол таныг төрсний дараа тийм худан танихгүй. Хэвлий дэх хүүхэд гайхалтай сайхан өдөөлтүүдийг авч байх ёстой. Тэгж байж  оюун ухаан сайн хөгжнө. Эндээс л ирээдүйн хүүхдийн хүмүүжил боловсрол эхэлнэ гэдгийг шинжлэх ухаан аль хэдийн тогтоосон байгаа шүү дээ. Хүүхэдтэйгээ ярьдаг мундаг сайн аавууд байхад, огт ярьж үзээгүй аавууд ч зөндөө байна

-Хүүхдийг хэвлийд байхад  оюун санааг нь хэрхэн хөгжүүлэх талаарх сургалтыг танай төв саяхнаас олгож эхэлсэн гэсэн. Яагаад энэхүү сургалтыг хөтөлбөртөө нэмж тусгав?

-Хүүхдийн хүмүүжил ээжийнхээ хэвлийд олдсон эхний сараас л эхэлдэг гэж би дээр хэлсэн. Хүүхэд ээждээ тохиолдож байгаа баяр баясал, уйтгар гуниг бүгдийг хуваалцан идэж буй хоол хүнс тааламжгүй байсан ч түүгээр л хооллож, энэ нь таны хүүхдийн тархины хөгжилд шууд нөлөөлөн түүний зан чанар цаашдын хүмүүжлийг бүтээлцдэг болохыг эрдэмтэд нотолсон байдаг шүү дээ. Үүнийг олон улсын нэршилд  төрөхийн өмнөх өдөөлтийн хөтөлбөр гэдэг. Та хүүхдээ төрсөний дараа нь ухаантай болгоно гэвэл ташаа ойлголт. Яагаад гэвэл таны хүүхдийн ухаантай байх эсэх нь хэвлийд байх үед л бий болдог. Таны идэж уусан хоолноос гадна хэвлийд байхад нь хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байснаас ихээхэн хамаардаг. Тухайлбал, хүүхэддээ намуухан хөгжим тэр дундаа усны чимээ, шувуудын жиргээ, сонгодог хөгжим, зөөлөн ритмтэй аяз зэргийг сонсгож байвал хүүхэд хамгийн сайн тайвшрахаас гадна ургийн тархины хөгжлийг эрчимжүүлж байдаг. Эхийн хэвлийд хүүхдийн зөвхөн бие эрхтэн хөгжих биш, сэтгэл санааны мэдрэмж ч хөгждөг. Хүүхэд эерэг буюу сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, буруу дадал зуршил, таагүй орчин зэрэг нь түүний оюун санаанд нь ирээдүйд ямар хүн болох үндсэн суурь нь болж өгдөг. Ийм ч учраас хүүхдийг хэвлийд байхад нь түүнтэй ярьж, халуун дулаан хайраа мэдрүүлж, инээж хөөрч, ном унших, дуу дуулж өгөх, мөн байнга уянгалаг намуухан хөгжим сонсгоход хүүхдийн тархинд олон мянган эд эс шинээр бий болж, гадаад орчноос сэрэл авч байгаагүй хүүхдээс хамаагүй илүү өндөр оюуны чадамжтай, амирлангүй, өөртөө итгэлтэй, төрдөг гэдгийг шинжлэх ухаан хэдийнээ баталсан байдаг. Хүүхэд тайван тогтуун байвал аав, ээжүүд ч стресс бухимдалгүй байна шүү дээ. Жирэмсэн эхчүүдийн  амнаас гарч байгаа үг хүртэл урагт нөлөөлдөг. Тиймээс үргэлж сайн сайхан энергээр хүүхдээ бордож, хайраар тэтгэ. Сургалтанд суусан ээжүүдийн энэ талын мэдлэг бусдаас өөр  байдаг.

Бид энэ талаар хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх  Германы Хайдалбергийн их сургуулийн сэтгэл зүйч эрдэмтэдийн баталсан хөтөлбөр сургалтанд байнга хамрагдаж хичээлээ явуулдаг байгаа.

 

-Анх ээж болох гэж байгаа эхчүүд илүүтэй сургалтанд сууж байна уу?

-Эхлээд  анхны төрөгч нар ханддаг байсан бол сүүлийн  үед дөрөв, тав дахь удаагаа төрөх гэж байгаа ээжүүд ч гэсэн ирдэг болсон нь их сайшаалтай байна л даа. Яагаад гэвэл тэд хэдий олон төрсөн  чамгүй туршлагатай ч гэлээ шинэ зүйлийг мэдэхийг хүсч байна. Энэ бол маш чухал ахиц шүү. Мэдлэг  талх шиг хуучирдаг учраас өдөр бүр өөрийгөө хөгжүүлж байх учиртай. Бид чинь маш их хуучинсаг үзэлтэй тэр нь хөгжихөд маш их саад болдог.

 -Нярай хүүхдүүдийн  оймсоор  чимэглэсэн энэ  мод анхаарлыг маань их татаж байна л даа. Ямар учиртай мод юм бол?

-Мөрөөдлийн  мод гэдэг юм. Манай төвөөр үйлчлүүлсэн ээж нар төрснийхөө дараа чин сэтгэлийн үгсийн хамт хүүхдийнхээ  оймсыг бидэнд ирүүлдэг юм.  Оймсыг монголчууд дээшээ харсан амтай гэж ихэд бэлэгшээдэг шүү дээ. Хүүхэдгүй хүмүүс ирж хүүхэд гуйдаг домтой.  Сургалтын төв маань зорин ирсэн хүмүүстээ маш их ээлтэй газар шүү дээ. Сайн сайхан энерги дүүрэн, бид үүгээрээ маш их бахархдаг. Хүн энерги тохирсон хүнтэй уулзахаар ямар их аз жаргалтай болдог билээ. Яг л тэр үүнтэй адил.

-Эмэгтэйчүүдийн эмчтэй уулзаж байгаагийн хувьд  нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Агаарын бохирдлоос үүдэж  “Улаанбаатарт жин багатай нярай төрөх, ураг зулбах, амьгүй төрөлт, гаж хөгжилтэй нярай төрөх тохиолдол нэмэгдэж байна” гэж ярих боллоо.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд өсөлтгүй, зулбана гэдэг асуудал чинь маш хүнд асуудал байдаг. Энэ эмзэг сэдвийг ганцхан утаанаас болсон мэтээр яриад байж болохгүй л дээ. Багахан хувь нөлөөлж байж магадгүй. Гэхдээ би энэ талаар судалгаа хийсэн мэргэжлийн хүн биш учраас шууд холбож тайлбараж чадахгүй. Ер нь өсөлтгүй болох зулбахын хамгийн том шалтгаан нь хромосомын эмгэг, эхийн сэтгэл зүй, эрүүл мэнд, архаг хууч өвчин тэр дундаа нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэг байдал , хооллолт, эмх замбараагүй эмийн хэрэглээ, архи согтууруулах ундаа, гэр бүлийн харьцаа хандлага, удамшлын байдал гээд шууд нөлөөлөх өчнөөн олон хүчин зүйл өөрт нь байна.

Таны утаанаас зугтах нэг арга нь эхнэрээ аваад 7 хоногт 1-2 удаа эрүүл агаарт гарах  эсвэл боломжтой бол хөдөө амьдрах. Ингэхэд л хангалттай. Дээрээс амьсгалын дасгал хийж хүчилтөрөгчийн хэрэгцээгээ нэмэгдүүлэхэд л анхаарах нь зөв  болоод шинжлэх ухааны үндэстэй байх болно. Хэрвээ та утаанаас үнэхээр болж байна гэж бодож байгаа бол гэр бүл төлөвлөлтийн дагуу л  жирэмслэх хэрэгтэй.

Мөн нөгөөтэйгээр утаанаас сэргийлж байна гээд хүчилтөрөгийн коктейль уудаг болжээ. Үүнийг би гайхдаг юм. Хүний эрхтэн болгон өөр өөрийн үүрэгтэй. Харин уушиг амьсгалах үүрэгтэй. Хүн агаар мандал дахь хүчиртөрөгчийг амьсгалын эрхтэнээр дамжуулж авдаг. Хүчилтөрөгчгүй орчинд хүн амьд байгаль оршин тогтнож чадахгүй. Хүчилтөрөгийн коктейль ууж утаанаас сэргийлнэ гэж байдаг л юм байх даа. Ходоод хоол боловруулах эрхтэн харин уушиг амьсгалын эрхтэн. Энэ талаар хүмүүс дэлгэрүүлж уншаад илүүтэй  ойлгох байлгүй дээ. Жирэмсэн эхчүүдийг түүхий, шүүрхий, ариутгаагүй  бүтээгдэхүүнээс татгалзахыг  дэлхий нийтээрээ зөвлөдөг байтал хүчилтөрөгийн коктейль уухыг дэмжиж бизнес хийгээд байгаа нь сонин.Авч уугаад байгаа нь бүр гайхмаар. Энэхүү коктейлын найрлаганд түүхий өндөг ордог учраас эрүүл мэндэд тань сөрөг нөлөөтэй байх магадлал маш өндөр.

-Танай сургалтын төв ганцаарчилсан болон vip үйлчилгээ үзүүлдэг үү?

-Тийм ээ. Хүмүүс цаг зав муутай ажил ихтэй байдаг болсон нийгэмд хүний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан гэрт нь очиж жирэмсэн болон төрөхөд бэлтгэх хичээлийг тусгай хөтөлбөрөөр гэр бүлийн гишүүдийн хамтаар сургалт авах боломжтой боллоо гэж ойлгож болно. Гэртээ үйлчилгээ авах нь илүү тав тухтай, чөлөөтэй, хүссэнээрээ байх боломжтой. Манай сургалтын төв дээр хосын ганцаарчилсан сургалтууд байнга явагддаг.

 

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (24)
  • Huchiltorogchiin kokteil jiremsen bun uuj bolohgui shde mash muu. Uuniig bi 8 jiliin omno heden emchid helsen toohgui bsan.

  • haha ene hotsrodson avgai yuga mdhev, saihan shaaj bndaa.

  • shaadag gar ve hun bolgon l huchiltorogchiin koktel uuj bgashd gants shalgarsan argashd

  • bas ih bodoh heregtei msj ugsn bna sh dee

  • ene tuv nadad mash ih taalagdaj bnaa. immsahan buyantai ajil hiij bgaa ta bihendee bayar hurgei

  • haana bdag yum be tulbur n hedees hediin hoornd bgaa we suumaar bna

  • ene surgaltiin tuv haana bdg yum boloo Bi irid ni sonsoj bsn shuu

  • Yag unen eniig chin bi heden jiliin omno emch, jiremsen oi toirnihoo humuust heleed oilgohgui namaig mangar tenegeer duudaad bsiin. Bi bur suuldee dugarhaa bsan shdee.

  • Emch nar yagaad huchilturugchiin koktel uul geed bdg sh dee yun sonin yum be gehgee bodoid bdg shuu

  • Xeregtei medeelel bna shuu

  • ene haana bdag surgalt be

  • Бизнесээ л рекламдчихсан бна ш дээ. Ийм их утаатай байхад өөрийгөө хүчилтөрөгчөөр амьсгалаад бна гэж бодоод бгаа юмуу

  • Ene xaana bdg tuv be utas

  • sain bnuu surgaltand suugaad zondoo heregtei medlegvvd olj awsan vneheer heregtei goe surgalt yawuuldagt bayrllaa ajliin ondor amjilt hvsii

  • tsendee emch maani unuudur yariltslagand orj bnalai mash heregtei zuvluguu ugch bnalai shuu bi bur duustal ni uzsn yostoi sonirholtoi Bi huvidaa ulaan fen shuu

  • sn bna uu Tand ene udriin mend hurgei Ta bas uneheer mundag bas ih medlegtei sanagddag Ta bas chin setgeleesee zuvluguug chini sonsoh mash durtai zarimdaa hurdhan surgaltiin udur mini boloosoi gj boddog ue zunduu blaa

  • ene surgaltand suuj blaa bidend mash ih heregtei zuiliig ugdug bid nar chini medeed bna gj bodood bgaa zuilee ogt meddeguitei adil bsn Huuhdee usguh turuh geed ih olon heregtei medeeleltei dasgal zaah ni mash heregtei sanagdsn Ta buhen mini bolomjoi bol shuud ohih heregtie shuu gj zuvlumuur bna

  • Nuhurtuiguu ednii surgalt suuj bhad uneher shan bsn shu nuhur maani mni zovlong oilgood l halamjlaad l hehe blomj bval yvarai busguichuude

  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Холбоо барих утас хаяг нь

Онцлох мэдээ