Сүхбаатар дүүргийн Намын хорооны зарим удирдлагууд хүн зодсон гэх мэдээлэл гараад байгаа. Тухайн үед тэнд байсан хүмүүсийн нэг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны нягтлан Б.Уранбат дараах зүйлийг ярьсан юм.
-Тэр өдөр сардаа нэг удаа болдог Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны 62 дугаар үүрийн бүх гишүүдийн хурал болж байсан. Ээлжит хурлаар сонгуулийн үр дүнг хэлэлцэх ёстой байв. Гэтэл үүрийн гишүүн бус хүмүүс гаднаас дайрч орохыг завдсан. Энэ хуралд зөвхөн тухайн үүрийн гишүүд оролцож дотоод асуудлаа хэлэлцдэг юм. Дүүргийн намын хорооны ажилтан, албан хаагчид бид ч зөвшөөрөлгүй орох эрхгүй байдаг. Гэтэл гаднаас тав зургаан эмэгтэй орж ирээд хурал руу орно гэж дайрсан. Тэд манай гишүүд биш, энэ хуралд ямар ч хамааралгүй хүмүүс. Гэтэл “бид орох ёстой” гээд орилоод байхаар нь гишүүнийхээ үнэмлэхийг авчраад ор гэсэн шаардлага тавьсан. Тэд намын үүрийн хурлыг доромжилж, намын хороогоор нэг орилж, хараал хэлж хүн хүн рүү үсчин дайрч, намын ажилчдыг ажил хийх нөхцөлгүй болгосон.

Намын улс төрийн ажилтан Х.Түмэнбаяр, улс төрийн ажилтан К.Олимпиад, бас над руу дайрсан. Эрүүл эмэгтэй хүмүүс бол тийм хэрцгий догшин авир гаргаж, орилж хашгирч хүн хүн рүү үсчихгүй байх. Тэгж орилж, хашгичиж байх үед нь цаад өрөөнөөс манай ажилтан К.Олимпиад цай уугаад гараад ирсэн. Тэгсэн хоёр эмэгтэй тал талаас нь зулгаагаад бариад авсан. Тэдний нэг нь энэ Цамбагарав юм байна лээ. Би энэ хүнийг өмнө нь харж байгаагүй. Тэд К.Олимпиадын хоолойг нь боож, хувцас хунарыг нь урах гээд зулгаагаад байсан болохоор К.Олимпиад гараа тавиулах гэж оролдох үед санамсаргүйгээр дух нь шалбарсан юм шиг байна лээ. Ямар ч хүн өөрийгөө хамгаална. Эдгээр эмэгтэйчүүд К.Олимпиадаас салахгүй зууралдаад байхаар нь би очиж салгасан. Ердөө л ийм зүйл болсон хэмээн ярилаа.
Үүрийн ээлжит хурлыг тэргүүлэгчид хийдэг бөгөөд энэ хуралд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэнд байгаагүй юм. Гэтэл өчигдөр болсон хэвлэлийн бага хурлаар Д.Цогтбаатар гишүүнийг эмэгтэй хүн зодсон мэтээр мэдээлсэн нь хууль зөрчсөн явдал болсныг тус хорооны ажилтнууд хэлсэн байна.
Тиймээс Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооныхон эдгээр мэдээлэлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэхээр болжээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250