...
...

ФОТО: ХӨВСГӨЛ далай руу аялсан тэмдэглэл

Хөвсгөл далай руу хэзээ нэгэн цагт сайхан аялаад ирэхсэн гэж хүсдэг байлаа. Наадмын дараах амралтаа хэрхэн өнгөрүүлэх тухайгаа бодож байсан би ажлынхаа хамт олонд Хөвсгөл далай явах санал гаргахад хамт олон хоёр захирал маань  дэмжиж бидний аялал эхэлсэн юм.

Мөрөн хот
Мөрөн хотод өглөө 8-9 цагийн үед орж ирэв. Энэ өдөртөө далай орж хонох бодолтой байсан тул Мөрөнд удаан сааталгүй шууд далай руу явсан. Хатгал сум хүртэл 100 гаруй км бөгөөд засмал замтай тул амархан давхиад хүрчихлээ. Хурдан явах нь явсан гэхдээ ийм хурдан туулсандаа итгэж чадахгүй л байлаа.

Хатгал оронгуут нутгийн дүнзэн байшин Сүхбаатар хөлөг онгоц биднийг угтав. Хатгалд буудаллах гэж байснаа хоорондоо ярилцаад Жанхайн даваа давж 20 км яваад буудаллахаар боллоо. ДАЛАЙ ЭЭЖИЙН эрэг дээрх гэр амралтанд буудаллаж сайхан хоол хийн, мөн нутгийн утсан болон дарсан загасаар зоог барьцгаав. Маргааш Хөвсгөл далай биднийг хүлээж байгаа!



Моторт завь

Хөвсгөл далайгаар  моторт завь хөлсөлж аялах санал гаргасны эцэст завиар аялахаар боллоо. Тэр нь ч сайн боллоо, яагаад гэвэл завиар аялах нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. Далайн усанд гараа дүрэн, усны дусал нүүрэн дээрээ мэдрэх шиг сайхан юм хаана байх вэ. Мөн нөгөө талын эрэг дээр гарч цаа буга болон согоо буга харсан. Цаа бугын эвэр нь үстэй, их эмзэг харагдах бөгөөд дөнгөж гурван настай гэх цаа бугын эвэр сүрлэг том болсон байгаа юм чинь нас биенд гүйцээд ирэхээрээ ямар болох нь ойлгомжтой биз дээ.



Хүслийн хад

Цаашаа үргэлжлүүлээд бид Хүслийн Хад гэдэг арал дээр очлоо. Нэрний учрыг нь үл мэдэх тул хүмүүс тэнд хүслээ шивнээд тэр хүсэл нь биелдэг гэж итгэдэг болохоор л тийм нэртэй болсон байх гэж таамаглав. Миний хувьд ямар нэгэн газарт очиж хүслээ шивнэлээ гээд хүний хүсэл биелчихдэг гэж итгэдэггүй нэгэн. Харин хүмүүс шивнэсэн хүсэл нь биелнэ гэж итгэдэг болохоор л хүсэл нь биелдэг байх.



Хөвсгөл далай

Өмнө нь энд тэндхийн олон далай тэнгис, нуур усыг мэддэг боловч Хөвсгөл далай ээж шиг ийм сайхан тунгалгийг нь үзэж явсангүй. Далайн эрэг гүехэн газраараа цайвар цэнхэр, цайвар ногоон харагдах боловч далайн гол руугаа гүн цэнхэр өнгөтэй харагддаг юм билээ. Хамгийн гүндээ 260-аад метр гүн Далай ээж маань бидний аялсан энэ хэсгээрээ хамгийн гүндээ 30-40м орчим байгаа гэсэн. Ингээд бид маргааш нь эртлэн босч буцах зүг жолоо залж зам зуур сайхан аяллаа хүүрнэсээр хотдоо хөл тавьснаар хоёр хоногийн аялал маань өндөрлөсөн юм.

Ц.Баярбаатар
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Мотор завиар үйлчилдэг хүмүүс зорчигдынхоо аюулгүй байдлыг анхаардаггүй юм билээ. Наана чинь хантааз байгаа гэчихээд л шууд асар хурдтай давхиад эхэлдэг. Тэр их хурдтай явж байхдаа огцом налж эргэнэ. Сүхбаатар онгоц дээр бид явж байсан чинь 1 моторт завь шууд л Сүхбаатар онгоц руу эгцээрээ чиглээд асар хурдтай хүрээд ирснээ огцом хажуу тийшээ эргээд явчихсан. Жолоодлого алдаад мөргөсөн бол олон хүний амь сүйдэх байсан. Энэ тал дээр нь Хөвсгөлийн засаг захиргаа анхаарах хэрэгтэй. Тэр завиар үйлчилдэг залуус бол үнэхээр хариуцлагагүй, сагсуу улс бн лээ

Онцлох мэдээ