...
...

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол ажлаа хүлээж авав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр морин цагт ажлаа хүлээж авлаа. Шинээр томилогдсон сайдад яамны  тамгыг  гардуулах үед Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх байлцсан юм. Шадар сайд У.Хүрэлсүх “Өмнө нь энэ салбарын сайдаар үр бүтээлтэй ажиллаж байсан Д.Оюунхорол сайдын хувьд салбартайгаа танилцах, ажлаа мэдэхгүйн зовлон байхгүй. Тиймээс өмнөхөөсөө ч илүү үр бүтээлтэй ажиллах бүрэн боломжтой” гээд амжилт хүслээ. 
УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол өмнөх дөрвөн жилд БОНХАЖ-ын сайдаар найман сар ажилласан туршлагатай. Тиймээс тэрбээр  гар нийлж, үр бүтээлтэй ажилласан салбарынхаа хамт олонтой дахин хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн төрийн ажлын залгамж халааг хангаж ажиллана гэсэн юм.

Д.Оюунхорол сайдаар ажиллахдаа тус салбарын салаа мөчир бүхэнд оновчтой бодлого гаргаж, бодитой ажлууд хийсэн бөгөөд олон нийт, салбарын хамт олон нь түүний хийсэн ажлуудыг өндрөөр үнэлдэг юм.

БОНХАЖ-ын сайд асан Н.Батцэрэг шинээр томилогдсон сайдад тамгыг гардуулж, ажлын амжилт хүслээ. 

Д.Оюунхоролын намтар:

Д.Оюунхорол 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг математикийн багш мэргэжлээр, 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Дэд доктор, дэд профессор цолтой.

Тэрбээр 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26-р дунд сургуульд Математикийн багш, 1987-1989 онд тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлж, 1989-1990 онд Туул хорооны ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн захирлаар тус тус  ажиллажээ. 

Д.Оюунхорол 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд  Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008 онд УИХ-д дахин сонгогдож, 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн тэрбээр 2016 оны УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр  дахин сонгогдсон.  

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ