...
...

ОЛОН ӨНГӨ: Нэгдүгээр сарын цасан дээр зогсоход...

Идэр есийн жавар тачигнасан энэ цагаар өвлийн богино өдрүүд нүд ирмэхийн зуурт л цахилж одно. Аргагүй л өвгөдийн хэлж байсанчлан аяга эгшихгүй цаг санж. Хүрээ хотын дуу чимээ, бөглөрөл түгжрэлээс түр зугтан уул хад, тал нутгийн захад борви нугалан амасхийх цаг дор би өвлийг бус намрыг энэ цасан дороос олж хардаг. Найман сарын борооны үнэр, намрын сөлтэй хамт цасан дор үнэгчилж, зээр гөрөөс цувж өнгөрсөн энэ жимд зэвэргэн намрын зураг хөглөрч байгаа даа гэж боддог.

Ийм л цагаар өвлийн наран дор зогсоод өчигдрийн намрыг дурсахаар цээжинд шувууд ганганалдах нь уйтай ч сэтгэл өег. Тэр ч бүү хэл нэгдүгээр сарын цасан дээр зогсоод цагийн айсуйг санахаар цамцаа тайлмаар болдог эрт багын араншин өнөөдөр ч хэвээрээ байгаад олзуурхана. Энэ нь магадгүй цагийн хатууг говь, талын бэлчээрт туулж үзсэн бидний үеийнхний сэтгэлийн гүнд хадагдаж үлдсэн гэнэн дурсамж өнөөдөр ч цээжинд гэрэлтэж үлдсэн байхыг үгүйсгэхгүй.

Арга ч үгүй, идэр есийн жавар сөрөөд Баастын тал, Туулайн талыг туулах амаргүй. Цасны манан суусан эзгүй талд дөрвөн зүг, найман зовхист нүд тавиад юу ч үл торох өдөр байдаг. Санамсаргүй айлын адуу мал таарч, им тамга тааруулан айл олох ч өдөр бий. Гагцхүү чөдөртэй морь, тушаатай тэмээ, хонь таарвал чамгүй азтай яваагийн тэмдэг. Магадгүй заримдаа цасны манан, цагийн уур амьсгал эвдэн айлын яндангаас суунаглах утаа амь аврах өдөр ч таарна. 

Ийм л цаг дор хаашаа ч үгүй зогсож байсан үе бидний үеийн залууст олон байдаг. Идэрхэн цагийн тасхийсэн ийм л өдрүүдэд нэгдүгээр сарын цасан дороос намрыг олж харсан нь дамжиггүй. Цагийн хатуу, түүний шалгуур хүний сэтгэлээс хэрхэн мартагдах билээ. Аливаа цагийн хатууд айсуй хавар, гишгээд өнгөрсөн намрын өвс ногоог дурсахгүй нүүдэлчид хаа байхав дээ. Өнөөдөр ч би нэгдүгээр сарын цасан дээр зогсоод навч ногоог нь гишгэж өнгөрсөн намрыг дурсана. Өвлийн жавар, үүлсийн тэндээс хаврын салхийг амталж, бороог үнэртэнэ. Нэгдүгээр сарын цасан дээр зогсоход ...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ