“Хятад орныг танин мэдэх” Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд өчигдөр /2018.09.04/-өөс Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь соёл урлаг, эрүүл мэнд, спортын гэсэн 11 цогц арга хэмжээнээс бүрдэх юм. Тэгвэл тус соёлын өдрүүдийн эхлэл болон Хятад улсын зан заншил, уламжлалыг дэлгэцийн урлагаараа дамжуулан таниулах зорилго бүхий кинонууд өчигдрөөс “Тэнгис”, “Соёмбо”, “ICINEMA”, “Өргөө”, “Гэгээнтэн” зэрэг кино театруудад гарч эхэлж байна. Хятадад ашиг орлогоороо тэргүүлсэн 10 кино гарах бөгөөд хайр сэтгэлийн, адал явдалт, инээдмийн, анимэ төрөл жанрын кинонууд гарна. Мөн энэхүү кинонд 10 гаруй жүжигчид дуу оруулсан бөгөөд бүгд монгол хэл дээр гарах аж.
ӨМӨЗО-ны кино группын ерөнхий захирал : Киногоор дамжуулан өв уламжлал, зан заншлаа олон талаас ойлгуулахыг зорьсон
Энэхүү кино өдрүүд хоёр улсын ард түмнийг бие биендээ зөв зүйтэйгээр таниулж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд туслана гэдэгт эргэлзээ төрсөнгүй. Киногоор дамжуулан өв уламжлал, зан заншлаа олон талаас ойлгуулахыг зорьсон. Энэхүү арга хэмжээнд соёл урлаг, спортод чиглэсэн олон үйл ажиллагаа байгаагийн нэг нь Хятадын кино өдрүүд юм. Кино уран бүтээлийг Улаанбаатарчуудад үзүүлэхээс гадна Хятад, ӨМӨЗО-ны өв уламжлалыг таниулах нь энэхүү арга хэмжээний утга учир оршиж байгаа. Арга хэмжээгээр дамжуулж хоёр орны ард түмний нөхөрлөл илүү бат бөх болно гэдэгт итгэлтэй байна.
МҮОНРТ-ийн кино албаны дуу оруулагч, жүжигчин Дэлгэрцэцэг: Эдгээр кинонуудад авууштай зүйл их бий
Манай Монголын 10 гаруй жүжигчид хөх хотод очиж, 16 хоногийн турш таван уран сайхны кинонд дуу оруулаад, өнөөдөр эхний кино маань нээж байна. Тэрхүү үйл ажиллагааны багт оролцож явсандаа баяртай байхын зэрэгцээ бэрхшээлтэй тал чамгүй байлаа. Ихэнх гадаад кинонуудыг дагаж уншдаг. Ам барина гэдэг маань тухайн жүжигчний уйлах, дуулах, инээх, шүлсээ хаяхыг нь хүртэл хийнэ гэсэн үг. Тэгэхээр эдгээр кинонууд дээр дахин шинээр жүжиглэж байгаа учраас Хятад хүний тэр жүжиглэлтийг унагаачихгүй юмсан, Монгол хүмүүстээ хүргэчих юмсан гэсэн чин эрмэлзлэлтэй байлаа. Энэ бүхнийг манай дуу оруулалтын баг маань амжилттай авч гарсан. Хятадын ер нь нэг ангит кинонууд нь гоё ш дээ. Дуу оруулсан кинонууд маань бүгдээрээ хүнд хүртээмжтэй, авууштай зүйлүүд их. Тийм учраас үзэгчдийгээ кино театруудаар ирж сонирхоорой гэж хүсч байна.
Тансан ламын үлгэр
Есдүгээр сарын 5-ны өдөр 19:00 цагт, "Тэнгис" кино театрт
Багштан
Есдүгээр сарын 6-ны өдөр 19:00 цагт Тэнгис кино театрт

Их хотын хайр
Есдүгээр сарын 6-ны өдөр 19:00 цагт, "Тэнгис" кино театрт

Шулам дарсан үлгэр
Есдүгээр сарын 7-ны өдөр 15:00 цагт, "Тэнгис" кино театрт

Хайр нэхсэн зүүд
Есдүгээр сарын 7-ны өдрийн 19:00 цагт, "Тэнгис" кино театрт

Шидэт бийрт зураач хүү
Есдүгээр сарын 8-ны өдөр 15:00 цагт, "Тэнгис" кино театрт

Хүн загас
Есдүгээр сарын 8-ны 19:00 цагт, "Тэнгис" кино театрт
