...
...

”Уран бүтээлчийн эрх дэлхийн асуудал болсон”

“Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөний  тухай ярилцлага

Энэ удаад Хөгжмийн зохиолч, уран бүтээлч, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн үндэсний төвийн /MCPP  Удирдах зөвлөлийн гишүүн Д.Өлзий-Орших / Өөжгий/ -той ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёл урлагийн салбарынхныг хүлээн авч санал сэтгэгдлийг нь сонслоо. Та бас санал бодлоо хуваалцсан хүмүүсийн нэг. Сэтгэгдлээ хуваалцана уу

Соёл урлагийн салбарынхан бид бор зүрхээрээ л зах зээлд шилжсэн үеэс өнөөг хүртэл явж ирлээ. Бид өөрсдийн сонирхолдоо хөтлөгдөн уран бүтээлээ туурвиж ирсэн. Өнөөдөр анх удаа Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд соёл урлагийн салбарын уран бүтээлчид, ажилтны төлөөллийг хүлээн авч уулзан санал бодлыг маань сонсч байгаад бид тун талархалтай байна. Бид өмнө соёл урлагийн ажилтнуудын улсын зөвлөгөөнийг хэд хэдэн удаа ч зохион байгуулж байсан, хурал зөвлөгөөн их л зохион байгуулдаг байсан л даа. Сонсоод л өнгөрдөг.

Өнөөдөр нөгөө л ярьдаг байсан зүйлүүдээ дахиад яриад л сууж байна. Ахиц дэвшил байдаггүй, улсын театрууд нь улсын төсвөөс хараат, өөрсдийнхөө олсон орлогоос шагнал урамшуулал, урлагийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ч зарцуулах эрхгүй учраас шинээр уран бүтээл туурвих, ард түмнийхээ урлаг соёлын хэрэгцээг хангах хүсэл эрмэлзэлгүй явж ирсэн тухай ярилцлаа. Мэргэжлийн соёл, урлагийн байгууллагуудад улсаас төлөвлөгөө өгдөг. Түүнийг биелүүлчихээд л сууж байдаг, тухайн уран бүтээлч сайн ажилласан ч муу ажилласан ч үнэлгээ, цалин ижил болохоор сайн уран бүтээлч болохыг ч хүсдэггүй, өмнөх нийгмээс ялгаагүй тийм л орчин нөхцөлд уран бүтээлчид явж ирлээ. Нөгөө л өмнө ярьж ирсэн музей, театрын барилгын чанарын доголдол, ус гоождог, шал нь шаардлага хангахгүй, тоглолтын хувцас хүрдэггүй гээд ужгирсан олон асуудал бүгд л хэвээрээ.

Цалин бага гэх мэт бөөн л зовлон л ярилцлаа л даа. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачлан зохион байгуулж, өөрийн биеэр биечлэн  оролцон тэвчээртэйгээр 38 хүний үгийг нэг бүрчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаярын хамт сонссон болохоор арай өөр ахиц дэвшил гарах болов уу гэж харж найдаж итгэж байна.

Ерөнхий сайд маань зөвлөгөөн дээр “  Бид олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьж байна. Эдийн засгаа өөд нь татаж өөдрөг сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартах учиргүй. Иймээс манай Засгийн газрын хөгжлийн гол тулгуур үндэс бол “Монгол хүн төвтэй, мэдлэгт суурилсан хөгжил юм. Манай улсын  оюуны дархлаа сул байна.

Улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, мартах, бүр үгүйсгэх хандлага хүртэл цухалзаж, хүүхэд залуучууд маань гаднын кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд автаж байгаа нь анзаарагдах болсонд санаа зовж байдаг” гэж ярьсан.

Таны хөндсөн асуудал бол уран бүтээлчийн эрхийг хамгаалах асуудал байсан. Та энэ талаар юу хэлэх вэ

Яахав Монгол улс энэ талаар уг нь овоо ахиц дэвшил гараад л байгаа юм. Бид нарын зөвшөөрөлгүйгээр бүтээл ашиглах бол наад захын асуудал байсан. Харин хамтын удирдлагын байгууллагаар дамжуулж гэрээ хийж бага ч гэсэн төлбөр төлдөг болж л байна. Гэхдээ хангалттай биш л дээ. Зөвхөн Улаанбаатарт 1000 гаруй караоке баар байдаг гэж сонссон. Би энэ олон караоке баар, мөн телевиз, ФМ радионоос нэг ч төлбөр авч үзээгүй. Олон ч телевизүүд манай хамтын удирдлагын байгууллагуудтай гэрээ байгуулсан ч төлөх мөнгө байхгүй, эсхүл бартер хийе л гэдэг гэсэн. Уг нь зохиогчийн эрхийн хууль олон улсын гэрээгээрээ бидний зохиосон хөгжим, бичлэг хаана л дуугарч байна тэр бүрээс л мөнгө орж ирэх ёстой юм байна лээ.

Манайхаас бусад бүх оронд л ингэж явдаг. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, бичлэг үйлдвэрлэгчид гээд хүмүүс бусад оронд бол хамгийн баян хүмүүс байдаг юм байна лээ. Тэгэхэд манай оронд сая та бүхэн хараа биз дээ, хамгийн мундаг зохиолч бөөн алдар хүнд, хэргэм цолтой хүмүүс эмчилгээний төлбөрөө ч төлж чадахгүй л байгаа биз дээ. Хамгийн ядуу хүмүүс нь л уран бүтээлчид, зохиолч, соёл урлагийн салбарынхан байна. Хамгийн сүүлд зохион байгуулагдаж монголын ард түмэн бүгдээрээ үзэж сонирхсон Voice –д л гэхэд миний дуунууд дуулагдаад л байсан. Надад сохор зоос орж ирээгүй л байна.

Түүнчлэн Боловсрол суваг телевиз хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас зөвшөөрөл авч төлбөр төлөхгүйгээр л “ Яг түүн шиг” шоу хийгээд л байна. Ер нь бол улс орнууд оюуны өмчийн асуудалд ач холбогдол өгч хөгждөг болж байгаа утгаараа ч дэлхий даяараа л оюуны өмчийн эрхийн тухай их ярьдаг болж. Солонгос улсыг л хар л даа кино, хөгжмөөрөө дэлхийг байлдан дагуулж байна. Ийм учраас оюуны өмчийн асуудал дэлхий нийтийн асуудал болж хувирчээ.

Энэ тохиолдолд яах ёстой вэ

Уг нь дэлхий даяараа л уран бүтээлч бүр өөрсдийнх өмнөөс зөвшөөрөл өгч, төлбөр хурааж уран бүтээлчдэд хуваарилдаг үүрэгтэй хамтын удирдлагын байгуулагад элсдэг, тэр байгууллагаараа дамжуулж бүтээл ашиглах зөвшөөрөл өгдөг, хэний хөгжим хаана, хэд ашиглагдах нь уу тэр тоо нь тоологдож байдаг, тоологдсон хэмжээгээр хөгжмийн зохиолч, яруу найрагч, бичлэг үйлдвэрлэгч, дуучдад төлбөр нь орж ирдэг юм байна лээ. Манайд тийм тоолууртай нь цөөхөн, Монгол Контент,Скайтел, Юнивишн гэх мэт цөөн газар тоолуураар мөнгө төлж байна.

Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ хэмжээ их багасаад л байна л даа. Би хамтын удирдлагын байгууллагын гишүүн л дээ. Гэхдээ төлбөр төлж байгаа нь цөөн учраас төлбөр бага орж ирж байна. Нөгөө талаар бүгд ийм гэрээ хийхгүй байна. Бүгд гэрээ хийдэг болж, тэгээд тоолууртай болчихвол байдал арай өөр болох байх л даа. Хэрвээ бидний хамтын удирдлагын байгууллагатай гэрээ хийхгүй, зөвшөөрөл авахгүй, төлбөр төлөхгүй бүтээл ашиглавал шүүхэд болон оюуны өмчийн газарт хандах ёстой юм байна лээ. Урлагийнхан бид их нэрэлхүү улс л даа. Тэгээд шүүхдээд явахгүй л байна. Гэхдээ байдал өөрчлөгдөхгүй бол шүүхэд хандах болох байх л даа. Шүүх гэхээс өмнө оюуны өмчийн байгууллага бидний эрхийг их сайн хамгаалах хэрэгтэй байгаа юм.

Уран бүтээлч, зохиогчид бидний эрхийг олон улсын түвшинд хамгаалахын тулд оюуны өмчийн байгууллага маань олон улсын түвшинд сэтгэж ажиллах чадвартай мэргэжлийн удирдлагатай, чадварлаг ажилтантай байх хэрэгтэй л гэж  бид бодож байгаа. Үйлдвэрлэл, худалдааны салбарт ч оюуны өмчийг их сайн хамгаалж чадвал хурдан хөгжиж байгаа нь дэндүү тодорхой болсон байна. Миний энэ бодолтой манай уран бүтээлчид санал нэг байгаа нь сая болж өнгөрсөн зөвлөгөөнөөс тодорхой харагдсан.

Та оюуны өмчийн газарт хандаж байсан уу

Биднийг ганц өмөөрч хамгаалдаг гадар маань Оюуны өмчийн газар л даа. Манай кинонынхон бол киног нь хулгайлчихвал шууд Оюуны өмчийн газарт хандаад л сайтыг хаалгаад торгуулаад хулгайн CD, DVD хураалгаад байдаг юм байна лээ. Номын зохиолчид ч гэсэн хууль зөрчсөн номыг хураалгадаг. Харин хөгжмийн урлагийнхан бид хамтын удирдлагын байгууллагаа л дэмжүүлж чадварлаг болгох, бүтээл ашиглагчтай гэрээ хийлгүүлэх, зөвшөөрөл авахгүй байгаад нь арга хэмжээ авахуулах зэргээр хамтын удирдлагын байгуулагаараа дамжуулж харьцдаг. Харин Оюуны өмчийн газрыг бүртгэлийн байгууллагатай нэгтгэж их хачин юм боллоо шүү дээ.

Сая У.Хүрэлсүхийн Засгийн газар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар санаачлан Оюуны өмчийн газрыг бие даалгахаар боллоо. Уран бүтээлч, зохиогч бидний эрхийг хамгаалахад саяны энэ шийдвэр бас чухал ач холбогдолтой шийдвэр болсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бид талархаж байгаа. Одоо харин энэ байгууллагыг улам хүчтэй болговол уран бүтээлч, зохиогч, соёл, урлагийнханд их хэрэгтэй байгаа юм л даа. Ядаж л улсын байцаагчийн тоог нэмэх хэрэгтэй байгаа юм.

Одоогийн байгаа цөөхөн байцаагч нь хаанаа ч хүрдэггүй юм байна лээ. Оюуны өмчийн асуудал чинь өөрөө их нарийн, мэргэжил мэдлэг шаардсан ажил юм байна лээ. Кино, хөгжим зэрэг бол зөвхөн манай улсад дотооддоо ашиглагдахаа больчихлоо шүү дээ. Интернетээр хаа хамаагүй газраас, дэлхийн аль ч өнцөг булан бүрт л ашиглагдаж байдаг. Алсад суугаа ээж дууг хятад, вьетнам гээд хаа сайгүй өөрийнхөө хэл дээр орчуулаад шоун дээр дуулж байх жишээтэй болчихлоо. Ядаж л дэлхийн хаа сайгүй ашиглагдаж байгаагаас яаж хэрхэн төлбөрөө олж авах ч юмуу, эсхүл солонгос, япон, хятадад караокед монгол дуу дуулагдвал яаж зохиогчийн эрхээ хамгаалуулах уу, яаж төлбөрөө авах уу ч гэдэг юм уу, ер нь бид тэгэж хандах эрхтэй ч юм уу үгүй ч юмуу энэ бүхнийг энгийн нэгэн хуульч ч юм уу уран бүтээлч мэдэхгүй юм байна лээ. Мэдсэн ч бид лав хийж чадахгүй, боломж ч байхгүй юм байна лээ. Тийм учраас дэлхийн улс орнууд оюуны өмчийн асуудалдаа их онцгой ач холбогдол өгдөг гэж ойлгосон.

Уг зөвлөгөөнөөр одоогийн асуудал, бэрхшээлээ яриад өнгөрөв үү

Эхлээд хүн бүр л асуудал бэрхшээлээ ярьцгаасан л даа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудалд онцгой анхаарахаа амласан. Соёл, урлаг бол төрийн дархлаа, өв соёлоо хүндлэн дээдлэх, хүүхэд залуучуудаа түүх, уламжлалаараа өгсөн хүмүүжүүлэх, соёл урлагийн байгууллагын удирдлага, санхүүжилт, татварын бодлогодоо анхаарна гэдгээ илэрхийлсэн. Ер нь бол монгол хүний оюунд итгэж улс орноо хөгжүүлнэ гэсэн дээ. Тийм болохоор соёл урлагийн салбарын бид ч энэ үйл хэрэгт хамтран оролцож хамтдаа зүтгэнэ гэсэн зорилготой байгаагаа илэрхийлсэн. Одоо харин бидний эрхийг хамгаалах төрийн үйлчилгээг жинхэнэ утгаараа авна гэж бодож итгэж байгаа шүү.

Та өмнө бас тоолуурын талаар хэллээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой гэж та бодож байгаа вэ

Би ч нэг их мундаг техник технологийн хүн биш л дээ. Энэ зөвлөгөөний өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар мөн бидний хэдэн хүнийг хүлээн авч уулзсан. Тэр уулзалтын үеэр яригдсан зүйл бол бүтээлийн ашиглалтын байдалд мониторинг хийдэг системийг бий болгох талаар ярилцсан байгаа. Одоо манайд ашиглагдаж байгаа мониторингийн ямар систем байна, түүгээр шийдвэрлэх боломж байна уу, эсхүл шинээр ийм систем хийгдвэл хир өртөгтэй болох талаар судалгаа хийхээр тохиролцсон байгаа. Ер нь бол шинээр хийхээсээ илүү гадаад улс орнуудад хэдийнээ хийгдсэн зүйлийг шууд аваад хэрэгжүүлбэл хялбар ч байж магадгүй юм л гэж ярилцсан байгаа.

Та ярилцлагын эцэст юу хэлмээр байна вэ?

Би хамтын удирдлагынхаа байгууллагынхаа тухай товч юм хэлье.Манай байгууллага бол дуу бичлэг үйлдвэрлэгч болоод дуучдын эрхийг төлөөлөн хамгаалдаг байгууллага. Манай улс чинь хөгжмийн бүтээлийн салбар нь гадаад орнуудаас бас өөр онцлогтой хөгжсөн. Өөрөөр хэлбэл би хөгжмийн зохиолч гэхэд хөгжмөө зохионо, дуугаа дуулна, хөгжмөө тоглоно, бичлэгээ хийлгэнэ гээд бүх зүйлийг өөрөө гардан гүйцэтгэдэг. Харин гадаад орнуудад бол хөгжмийн зохиолч нь хөгжмөө бичнэ, түүнийг нь продюсер компани нь менежмент хийж дуучин, хөгжимчнөө олох, фонограм хийлгэх, клип хийлгэх, зах зээлд гаргах гээд бүх ажлаа хариуцаад гэрээ хийгээд, нэг дуу гаргахад оролцсон  уран бүтээлчиддээ борлуулалтын хувь бүрээс тодорхой төлбөр төлөөд явдаг. Тийм болохоор манай байгууллага бичлэг үйлдвэрлэгчийн буюу фонограмын эрх эзэмшигч  болон дуучдыг төлөөлөн ашиглах зөвшөөрөл олгож, төлбөрөө хураан, ашиглалтын хэмжээнээс нь хамаарч гишүүн уран бүтээлчдэд хуваарилалт хийдэг л байгууллага.

Дэлхийд одоо уран бүтээлч бүрт тус тусад нь олон улсын код өгч тэр кодоор нь миний өмнө хэлсэн тоолуураар тоолдог болчихлоо. Тийм болохоор хамтын удирдлагын байгууллагад гишүүнээр элсч олон улсын код авахгүй бол гадаад ашиглалтаас ч төлбөрөө авах боломжгүй болж байгаа юм байна лээ. Ийм учраас уран бүтээлчдийгээ хамтын удирдлагын байгуулагад нэгдэхийг уриалж хамтаараа эрхээ хамгаалуулъя гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ