...
...

Сайн эхнэртэй байх санааных байдаг юм залуу минь

Бүсгүй хүн өнгө ялдам цэцэгс шиг үргэлж харц булаам байхаар заяагдсан улс. Зарим бүсгүй ганц бие байхдаа эрвээхий шиг дэрвэж явсан бол гэр бүлтэй болоод танигдахын аргагүй өөрчлөгдсөн жишээг бид мэднэ. Яагаад?

Тэр цэцгийг тасчих уу, эсвэл улам дэлгэрүүлэх үү гэдэг нь ханилсан эрийн хайр, халамжаас ихээхэн шалтгаалдаг болохоор тэр.

Ганц бие бүсгүйчүүд хэнээс ч өөрийгөө хайрлаасай, халамжлаасай гэж харуулдаж, үүнээсээ болж стресстдэггүй, цаг зав, хөрөнгөө өөртөө л зарцуулдаг болохоор гялалзаад байхаас яахав. 
Гэтэл гунхаж яваа нэгнийг гэргийтэйгээ зүйрлэн гоочилдог эрчүүд толгойн бухлаа харахгүйтэй л адил.

Сайхан эхнэртэй байх санааных байдаг юм. Чин сэтгэлийн халамж, цаг зав бэлэглэх, хөрөнгө оруулалт хийх, урам зориг өгөх тэгээд үнсэлт. Энэ бүхнийг бүсгүйдээ харамгүй өг. Тэр үүнийг эдлэх бүрэн эрхтэй юм шүү.
Яавал баярладгийг нь нухацтай бодож үз. Юу сэтгэлийг нь сэргээдгийг анзаар. Гоо үзэсгэлэнг нь улам торд. Хариу нэхэлгүй хайрла. Гэхдээ эмэгтэй хүн хариуг үргэлж хэт давуулан барьдаг гайхамшигтай хүмүүс. Хайрлаад л байвал амьдраад л байна гэж энэ.

Гэргий чинь гэрэлтэхгүй байгаа бол өөртөө бурууг тох, зоригтойхон. Эмэгтэй хүн угаас гэрэлтэж явах заяатай төрсөн юм, бүү гундаа. Торонд хоригдсон шувуу биш дээ, эрхлэхийг нь битгий хязгаарла. Дахин хэлье, сайхан эхнэртэй байх санааных байдаг юм, залуу минь. Түүнийг дэмж. Эмэгтэй хүн өөрөө жаргалтай байж бусдыг жаргааж чаддаг юм.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ