...
...

Ганбатын Дэлгэрмаа: Би Монгол Улсаас зугтаагүй

Түүнийг Г.Дэлгэрмаа гэдэг. “Хүчирхийлэлгүй монгол” ТББ тэргүүлдэг гэдгээр нь хүмүүс андахгүй мэдэх биз ээ. Мөн тэрээр сошл орчинд нэлээн идэвхтэй байдаг учир өөрийн гэсэн чамгүй фэнтэй, үзэсгэлэнтэй, амжилттай яваа бүсгүй юм. Ингээд түүнтэй сүүлийн үеийн сонин хачин болон болж өнгөрсөн хэрэг ямар шатандаа явж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе.

-           Сайн байна уу, манай сайтын урилгыг хүлээж авч ярилцах болсонд их баяртай байна. Америк орноор сонин сайхан юу байна даа?

Сайн, сайн байна уу? Ярилцлага авахаар хандсанд баярлалаа. Танд болон танай уншигчдад энэ ярилцлага хүрэх мөчийн мэндийг хүргэе. Америк орноор тайван сайхан байна. Эдийн засаг нь өссөн үзүүлэлттэй сайхан хавар болж байна. Манай хот мөнхийн халуун бүсэд байдаг болохоор ногооноороо л өвөлжсөөр байна даа. Өвөлдөө цас үзэх гэж зүүн эргээр аялдаг.

-          Америкийн ямар нэртэй хотод амьдарч байгаа юм бэ. Олон газруудаар аялж байгаа харагддаг. Мөн тэнд юу хийж амьдарч байгаа вэ?

Лос-Анжелес хотод амьдардаг. Би IDA гээд олон улсын байгууллагад ажиллаж байна. Ажлынхаа шугамаар хот хотуудад очиж Монголчуудтайгаа уулзалт хийдэг. Ер нь би аялж зугаалах маш их дуртай. Би хөлөн дээрээ их олон мэнгэтэй, тэр утгаараа ч тэр үү их хол явах заяатай төрсөн байх гэж боддог юм.

-            Хэчнээн орноор аялж байсан бэ. Дурсамжинд тань хамгийн тод үлдсэн газрынхаа тухай яривал?

Өө тийм их олон орноор яваагүй ээ. Гарын 10 хуруунд л багтана. Америк орон бол таван тивийн нэг гэдэг утгаараа маш том. 50 мужууд нь л гэхэд тус тусдаа хуультай, онцлог соёлтой болохоор нэг хотод очиход л заавал шинэ сайхан зүйл үзэж хардаг даа. Миний хувьд хамгийн их дурсамж үлдээсэн аялал Монголд Сүхбаатар аймагт үлдсэн.  Монгол орныхоо урд зүг Шилийн богд зүгээс нар мандахыг харах сүрлэг сайхан мэдрэмж өгсөн. Хол газар амьдардаг болоод ч тэр үү, эх нутгаа илүү их хайрлаж санадаг юм.  Гадны гэвэл Хавайд аялж яваад зам төөрөөд үнэхээр үзэсгэлэнтэй тэнгэр тэнгисийн заагт гав ганцаараа очиж үзсэн. Бас бүүр 2008 онд оюутан байхдаа зүүн эргийн Норт Кароляна мужид Америкийн алдартай “Great Smoky Mountains”-д байрладаг тансаг зэрэглэлийн амралтын газар ажиллах боломж олдож байсан. Тэр уулсын өглөөний сайхныг их дурсдаг. Тэр хотод байсан ганцхан ази хүн нь би. Бас Монгол хүн гэсэндээ морь унаад л явдаг байлаа. Ер нь уул хангайтай холбоотой сайхан дурсамжууд их байдаг юм байна. 

-           Олон нийт таныг загвар өмсөгч, сошл мэдиа идэвхтэй ашиглагч, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгээр нь мэднэ. Харин хувь хүн Дэлгэрмаа гэж хэн бэ гэдгийг тийм ч сайн мэдэхгүй байх. Тэгэхээр та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцулахгүй юу?

Би Монголд төрж өссөн, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй. Монголдоо бизнес эрхэлж бас Хүчирхийлэлгүй Монгол гэдэг төрийн бус байгууллага ахалдаг. Энэ ажлынхаа хүрээнд Цагаан цуглаан гэж 10,000 гаруй хүн цуглуулсан тайван жагсаал гэх мэтийг санаачлан зохион байгуулж байсан хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэгчдийн нэг төлөөлөл. Олон нийтийн сүлжээнд их нээлттэй байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж бас хүмүүст эсрэг хандлага төрүүлэхийг хүсдэг. Бас хэд хэдэн Монголын нэрийг дэлхийд гаргаж буй хүмүүсийг залуу бизнес эрхлэгчийн хувиар спонсорлосон. Улам ихийг хийхийг хүсдэг залуу хүн л байна даа. Эмэгтэй хүн бүр л загвар өмсөх рекламанд тоглох эсвэл бүүр кинонд тоглохыг хүсдэг байх. Миний хувьд аль алиныг нь үзчихсэн. Тэрнээс биш яг нарийн мэргэшсэн тууштай ажилласан модель, жүжигчин бол биш.

-                Таны зохион байгуулж байсан жагсаалыг санаж байна. Тун саяхан долоон ээж нийлээд мөн л их хүн хамарсан хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгууллаа. Таны бодлоор хүчирхийлэл үлйдэгчдийг цаазаар авах нь зөв үү. Ер нь тэднийг яаж шийтгээсэй гэж бодож явдаг вэ?

Долоон ээж нийлээд маш хүчтэй жагсаал хийлээ. Ээжүүдийн нэг нь надтай туршлага хуваалцаж би чадлаараа зөвлөгөө өгсөн. Мөн манай урлагийн найзууд дэмжиж ажилласан байна лээ. Би хүчирхийллийн эсрэг тэмцэгч хүн бүрээр бахархдаг. Цаазаар авах ялыг зөвхөн хүчирхийлэгчдэд оноохыг дэмждэг. Хүчирхийлэл үйлдсэн хүнийг цаазалдаггүй юмаа гэхэд тайган болгох хэрэгтэй. Өнгөрсөн жил би ерөнхийлөгчид хандаж хүчирхийллийн эсрэг хийж болох хэдэн ажлуудын санал хүргүүлсэн. Бага насны хүүхдийг шүүх эмнэлгийн төлбөрөөс чөлөөлөх, хүчирхийлэгчдэд цаазын ялыг сэргээн оноох, хүчирхийллийн хохирогчдын нэр хүндийг хамгаалж сэтгэл зүйн тусламж үзүүлэх гэх мэт. Энэ бүхэн биелж байгаад баяртай байгаа.

-              "Хүчирхийлэлгүй Монгол" ТББ-ынхаа сүүлд хийж байгаа ажлуудын талаар сонирхуулаач. Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг магадгүй та хамгийн анх удаа зоригтой дуугарсан учраас танай байгууллагын ажлыг дэмжих хүмүүс маш их байдаг байх?

Манайх таван гишүүнтэй. Надаас бусад нь Монголд бий. Бид сүүлийн үед “The Chapter Mongolia” гэсэн ажил эхлүүлж байгаа. Үүнд зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг ажлууд гэлтгүй залуу гэр бүлийн хөгжил, эрэгтэй хүүхдүүдэд зориулсан хүмүүжил нөлөөллийн ажлууд, хүнлэг, эерэг Монголын төлөө гэсэн хэд хэдэн ажлууд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. ТББ бол иргэдэд үйлчлэх ашгийн бус байгууллага. Монголд үй олон хандив тусламж хайсан гуйсан ТББ-ууд хувь хүмүүс байна. Бид болохоор өөрсдийн санхүүжилтээр ажлууд хийхээр төлөвлөж байгаа юм. Мөн нэмж хүмүүс элсүүлж авч магадгүй. Хамгийн сүүлд хийсэн ажил гэвэл Монголд болсон "Дахин тэвчихгүй" жагсаалыг Лос-Анжелес хотдоо яг нэг цагт тааруулж зохион байгуулсан. Мөн Chapter Mongolia-н Эерэг Монгол хөтөлбөрийн хүрээнд тэмээн аяллаар Улаанбаатраас Лондон хүрэхээр зорьсон багийн ахлагч Н.Байгалмаагийн хувийн зардлыг хандивласан. Мөн түрүү жил Канад улсад болсон өсвөрийн таквендогийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан ч ар гэрийн гачигдлын улмаас орж чадахгүй болоод байсан Гантулга гэж хүүгийн замын зардлыг хандивласан. Монголын нэрийг дэлхийд гаргах зөв зорилготой бүхнийг л чадлаараа дэмждэг юм. Бас сүүлд АНУ-д Ид шидийн орныхоо сурталчилгааг хийж яваа “Лантуун Дохио” ТББ-ынхандаа хандив нэмэрлэсэн. Хүмүүс надаас хувь хувьсгалын их хандив гуйдаг. Би тэр бүр шууд өгдөггүй харин өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө өөрөө хүссэн, зөв гэсэн зүйлээ л хийдэг юм.

-                  Олон нийтэд "Тэмээтэй бүсгүй" гэх нэрээрээ танигдаад байгаа Н.Байгалмаагийн хувийн зардлыг хандивласан гэлээ. Түүний аяллыг хүмүүс янз бүрээр л ярьж байна. Таны хувьд чухам яагаад дэмжихээр шийдсэн юм бэ?

Харьяа яам нь зардлыг нь өгнө гэж байгаад яг өмнөх өдрөө больсон гэсэн. Ингээд олон нийтэд хандсан байхад нь сайн дураараа сэтгэл хөөрлөөрөө дэмжсэн. Миний эмээ өмнийн сайхан говийн хүн байсан. Эмээдээ буян бодож дэмжсэн. Тэгээд ч эмэгтэй хүн ийм мундаг зориг гаргаж олон улсыг хамарсан түүхэн аялал хийж байхад улс, иргэд нь дэмжих хэрэгтэй. Эцсийн эцэст Монгол гэдэг нэг л нэрээр овоглодог цөөхөн хүмүүс шүү дээ бид. Байгалмаагийн талаар бас л элдэв юм шуугисан. Ер нь сайн яваа хүнд атаархаж хорсож хорлодог нийгмийн нэг муухай үе байх шиг байгаа юм. Гэхдээ ирээдүйд залуу, эерэг үе ирэхээр худал муу бүхнийг ухамсраараа арилгачихна гэж боддог болохоор хүн муулуулахад эмзэглэж итгэдэггүй. Байгалмаагийн аюулгүй байдлаас илүү тэмээнд нь хүмүүс их санаа зовоод байх шиг байна лээ. Яг намайг хүүхдээ хаясан үгүй гэж хоорондоо маргалдаж байгаа шиг л асуудал. Өөлөөд ч өө гарахгүй болохоор хайрладаг юмруу нь халдаж байгаа хар санаа. Тэр хүний өөрийнх нь тэмээнүүд шүү дээ. Ширхэг өвс хандивлаагүй олон нийтэд онц чухал биш.

-               Тун саяхан таны хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг тухай постыг олон нийт янз бүрээр хүлээж авсан. ТББ-ынхаа хүрээнд эрэгтэй хүүхдүүдэд зориулсан хүмүүжил, нөлөөллийн ажлууд хийнэ гэлээ. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн зан харилцааны тухай үзэл бодлоо бидэнтэй хуваалцаач?

Миний постыг уншиж үзэл бодолтой минь нэгддэг маш олон хүн байдагт тэдэндээ талархаж, баярладаг юм. Хүүхдийн хүмүүжлийн эсвэл эцэг эх байх зан харилцааны талаар ярихад маш их цаг орно. Яагаад гэхээр хүүхдийн хүмүүжил хамгийн чухал бөгөөд хүн насан туршдаа суралцдаг зүйл. Эрэгтэй хүний эмэгтэйгээ хэр хайрлахаас амьдрал эхэлдэг. Би залуу хүн ч гэлээ их хуучинсаг. Надад 1980-д оны Монголын амьдрал хамгийн оргил үе нь санагддаг. Тэр үед эмэгтэй хүнийг утгаар нь хүндэлсэн байсан учраас үнэхээр онцлог санагддаг. Хүүхэд ер нь эцэг эхийнхээ толь байдаг болохоор эцэг эх өөрөө их төлөв түвшин зөв байх ёстой. Би харьцангуй залуудаа хүүхэд гаргасан. Гэхдээ миний гэр бүлийн хүмүүжил их сайн байсан бас олон дүүгээ өсгөлцсөн болохоор туршлагатай байсан нь азтай гэж боддог. Хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал үе бол гэдсэнд үүссэн цагаас эхлээд таван нас хүртэлх нь. Энэ цаг хугацаанд хүүхэд гэр бүлээсээ эхлээд хорвоо ертөнцийг таньж мэдэж хамгийн ихээр хайрлуулж хүндлүүлэх ёстой. Тиймээс л манай Chapter Mongolia -д 0-5 хүртэлх насны хүүхдийн хүмүүжил, шинэ гэр бүлийн боловсрол зэргийг нийгэмд үнэ төлбөргүй хүргэхээр зорьж байгаа юм.

-               Вашингтон хотын тухай манай уншигчдад ярьж өгөөч. Энэ хотын юу нь танд хамгийн их таалагддаг вэ?

Вашингтон хот бол АНУ-ын нийслэл гэдгээрээ онцлог. Миний хувьд Америк тив улсад анх хөл тавиад 10 жил болж байгаа ч гэлээ өнгөрсөн өвөл шинэ жилээр анх удаа Вашингтон хотод цөөхөн хоног очсон. 12-р сарын 30нд очсон тэр өдөр нийслэл Вашингтоны анхны цас орсонд маш их баясаж хувьтай хүн хуртай гэж их бэлгэшээсэн. Вашингтон хотод АНУ-ын Конгрессын ордон, Пентагон зэрэг төрийн бусад байгууллагуудын төвүүд байдаг. Мөн АНУ-ын үүсэл хөгжил түүхийг харуулсан музей, түүхэн хөшөө дурсгалууд, номын сангууд дүүрэн бий. Вашингтон хотыг тойроод олон жижиг хотууд байдаг. Тэдний дундаас Арлингтон зэрэг хотуудад монголчууд маш их байдаг.

-              Америк Монголчуудын мөрөөдлийн орон мэтээр яригддаг. Ер нь тэнд амьдардаг монголчууд маань хэрхэн аж төрдөг юм бэ. Мөн та Монголлчуудтайгаа хэр ойр байдаг вэ?

АНУ бол зөвхөн Монголчуудын ч биш дэлхийн бусад орны иргэдийн хувьд ч мөрөөдлийн орон. Маш олон үндэстний хамгийн шилдгүүдийг нэгтгэн тусгаар тогтносон том гүрэн. Одоо ч гэсэн шар, бор, хар, цагаан гэлтгүй бүгдээрээ нэг улс болж эв найртай сайхан амьдарцгааж байна. Нийгмийн болон хувь хүний хөгжлийн хувьд үсрэнгүй өндөр хөгжилтэй. Америк хүн өөрийгөө хамгийн төгс мундаг тэргүүн дээд гэж боддог ч илэрхийлдэггүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийгөө илэрхийлэхдээ бусдын эвгүй байдалд оруулахгүй тэр соёл нэвт шингэсэн. Яг америк үндэстэн гэж байхгүй ч олон үндэстнүүд нийлээд энд төрж өссөн нь мөн цагаачилж ирсэн иргэд нь АНУ-ыг илэрхийлнэ. Түүнээс гадна АНУ-д хууль бусаар ажиллаж амьдардаг цагаачдын тоо багагүй. Ер нь бол Америк орон сайхан.

Миний хувьд хоёрдахь эх орон минь учраас би Америк оронд төрж өссөн Монгол орон шигээ л хайртай.

Анх 20 настай ирээд энд хувь хүн болж төлөвшсөн болоод ч тэрүү америкжсан талтай. Анх ирээд л гадны олон улсын оюутнуудтай бас үндсэн цагаан америкчуудтай нэг дор байж тэднээс соёлыг нь сурч хариуд нь монгол соёлоо заадаг байлаа. Соёл солилцооны хөтөлбөрт оролцож, New York хотод олон улсын оюутнуудын хуралд сууж байхаас эхлээд яагаад ч юм би Монголоо төлөөлж байна гэсэн ухамсар яс маханд шингэсэн байдаг. Энд амьдардаг Монголчуудтайгаа их ойр бас биш. Ер нь хүмүүс АНУ-д өдөр бүр л ажилладаг. Зардал өндөр болоод ч тэр үү хөдөлмөрлөхгүй л бол хэцүүднэ шүү дээ. Цаг зав хомс болохоор их олон найзтай биш. Чикаго болон Сан-Франциско хотуудад миний хуурай аав ээж шиг дотно гэр бүлүүд бий. Гэхдээ байнга өдөр бүр холбоотой хүмүүс ховор. Манай хамаатнууд бас байдаг болохоор тэдэнтэйгээ илүү дотно байдаг. Би АНУ-ын олон том хотуудад амьдарч бас аялсан ч хот бүрээс тоотой хэдэн хүн л танина даа. Гэхдээ одоо сошиал медиа их хөгжсөн учраас фэйсбүүкт найзалдаг ч гэх юмуу сошиал найзуудаа тоолбол маш олон юм байна. Монголчууд маань хот хотоосоо шалтгаалаад өөр өөр амьдралын хэв маягтай.

Зүүн эргийн Чикаго, Вашингтон, Сиатл зэрэг хотуудад ихэвчлэн залуу гэр бүлүүд байна. Манай СанФранциско, Лос-Анжелес зэрэг хотуудаар ихэвчлэн залуу ганц биечүүд байх шиг санагддаг. Хотуудаасаа шалтгаалаад хийж буй ажил үүргүүд нь бас өөр өөр санагддаг. АНУ-д төрсөн анхны монгол хүүхдүүд одоо эхнээсээ насанд хүрцгээж байна. Миний үеийнхэн бол ихэнх нь гэр бүл үр хүүхэдтэй болсон байна. Намайг бага байхад ид ажиллаж хөдөлмөрлөж байсан хүмүүс, ах эгч нар бизнесүүдтэй болсон байна. Мөн энд жоохондоо аав ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд эхнээсээ их сургуулиа төгсөцгөөгөөд зарим нь том компаниудад ч ажиллаж байна. Сайны хажуугаар саар гэж болж бүтэхгүй хар тамхи шоу цэнгээн казино гэж дампуурч яваа монголчууд ч их санагддаг. Гэхдээ ихэнх нь сайн яваа. Эмэгтэйчүүд нь ихэвчлэн гоо сайхны салбарт, эрчүүд нь авто тээвэр, барилгын салбарт ажилладаг. АНУ дахь Монголчуудын хувьд монголын эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь өндөр шүү дээ. Өдрийн дундаж орлого 100$ гэж үздэг. Манай баруун эргээр бол арай өндөр.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

Онцлох мэдээ