...
...

“Фантастик”-ийн залуус бодит амьдрал дээр хэн нь хэн бэ?

 

Сүүлийн үед монголын кино урлагт тодоос тод гэрэлтэх болсон “Фантастик” продакшны залуусын хөдөлмөрч, авьяастай, мундаг болохыг хаа хаанаа магтан, сайшаасаар байна.

“Миний ах атаман”, “Маш нууц-1”, “Зүрхний хилэн”, “Маш нууц-2 буюу Байтаг богд” зэрэг уран бүтээлүүд нь тэднийг хэр чансаатай болохыг олон юм нуршилгүй илэрхийлэх бүтээлүүд. Одоо нэгэнт тэдний бүтээлүүдийг чих тавин чагнах үнэнч фэнүүдтэй болжээ. Уран бүтээлээс гадна тэдний хувцаслалт, үс засалтыг дуурайх өсвөр үеийхэн ч бий болжээ. Нээрээ ч ганган дэгжнээр нь тэдний продакшныг гүйцэх залуус бараг байхгүй биз. Насны хувьд дөнгөж 30 гарч яваа гэхэд тун амжилттай яваа тус продакшныг Б.Тамир толгойлдог. Ингээд жинхэнэ амьдрал дээр хэн нь хэн бэ гэдгийг дараах тайлбараар хүргэе.

Бат-Өлзийн Тамир- /Найруулагч/

  • 1986 оны 09 дүгээр сарын 16-нд төрсөн
  • Фэйсбүүк: 67,464 дагагчтай

МУГЖ О.Бат-Өлзий, ардын жүжигчин С.Сарантуяа нарын хүү Б.Тамирыг тус продакшны захирал, найруулагч гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Мөн тэрээр ихэр бөгөөд ихэр Б.Сүндэр нь АНУ-д суралцаад одоо санхүүгийн мэргэжлээрээ ажилладаг. Жүжигчин Г.Золзаяатай хамтын амьдралаа эхлүүлж хөөрхөн охинтой болсон ч хоёр тийшээ болсон. Түүнээс хойш жүжигчин Н.Мөнхсоёлоос эхлээд нэр холбогдох бүсгүйчүүд байсан ч одоо хүртэл хэнийг ч албан ёсны гэргийгээрээ сонгоогүй л байна.

Түүний анхны найруулсан бүтээл нь 2013 онд “Амингоо” нэртэй богино хэмжээний кино байжээ. Нэлээн ааш муутай найруулагч гэдгээрээ продакшн дотроо үнэлэгдсэн тэрээр тун нягт нямбай, төлөвлөгөөтэй нэгэн бөгөөд ирээдүйн зорилго нь монголын нэрийг Холливуудад гаргах. Магад түүний хүсэл мөрөөдөл, чадвар, авьяас нь хэзээ нэгэн өдөр түүнийг Холливуудын тайзнаа аваачих биз ээ.

Мишигдоржийн Баярбат- /Жүжигчин/

  • Фэйсбүүк: 104,020 дагагчтай
  • 1986 оны 11 дүгээр сарын 07-нд төрсөн

“Boomtown” хамтлагаас нөхөрлөсөн тэдний үерхэл өнөөдөр “Фантастик” гэх продакшны эхлэлийг тавьжээ. М.Баярбатыг ямархуу хэмжээний жүжигчин болохыг түүний хамгийн сүүлд бүтээсэн “Байтаг богд” киноноос төвөггүй мэдэж болно.

СУИС-ийн оюутан байхаасаа олны нүдэнд байнга өртөх болсон тэрээр элдэв хүүхэн, шуухантай төдийлөн нэр холбогдоод байдаггүй. Киноноос кинонд илүү ахиж, хэчнээн чадваржиж байгаагаар нь түүнийг үнэлэх боломжтой. Тэрээр сургуулийн насны хүү, охинтой аж.

Жаргалсайханы Алтаншагай /жүжигчин/

  • Фэйсбүүк: 80,218 дагагчтай
  • 1986 оны 06 дугаар сарын 17-нд төрсөн

Эзэн Чингис хааны нутгаас гаралтай жүжигчин Ж.Алтаншагайг “Миний ах атаман” киноны дүрээр үзэгчид нэлээн сайн мэдэх билээ. “Том толгойтын романс” кино ч түүнд нэлээд амжилтыг авчирсан гэдэг. Харин “Фантастик” продакшнд харьяалагдах болсон түүнд өөр киноны санал ирсэн ч татгалздаг аж.

Амьдрал дээр үнэхээр дотно найзууд ч гэлээ уран бүтээлийн тал дээр найз гэж байхгүй, найруулагчаа хүндлэх ёстой, би Б.Тамирыг кинонд ороод гарах дүр өгсөн ч тоглоно хэмээсэн нь түүнийг хэчнээн ёс зүйтэй, зөв бодолтой нэгэн болохыг илтгэнэ. Сайн жүжигчнээс гадна түүнийг гэрийн сайн эзэн, тун сайн аав гэдгээр нь найз нөхөд нь машид үнэлдэг. Дөрвөн хөөрхөн охины аав болсон тэрээр охиддоо үнэхээр хайлж урсдаг юм билээ.

Батболдын Барслхагва /Жүжигчин/

  • Фэйсбүүк: 30,704 дагагчтай

Түүнийг МҮОНТВ-ийн “Монхорынхон” олон ангит киноноос нэгэнтээ мэдэх болжээ. Гэхдээ нэг л өдөр нас бие гүйцсэн залуу телевизийн хөтлөгчийн дүрээр эргэн ирсэн. Зарим нь түүнийг жүжигчний мэргэжил сонгоогүй ч гэж боддог. Тэрээр СУИС-ийг МУУГЗ Н.Ганхуяг багшийн шавь болон төгссөн гэдгээ нэгэн ярилцлагадаа дурджээ.

Г.Барслхагвыг хэдий хэмжээний жүжигчин бэ гэдгийг “Миний ах атаман” киноны Цэгц, “Зүрхний хилэн” киноны манж амбан Фунь Жоугийн дүрээр төвөггүй мэдэж болно. Тэрээр зохиолоо уншаад эдгээр дүрд л хамгийн их шунаж байсан гэнэ лээ. Ирээдүйн зорилго нь 13-р зууны үеийн том баатрын дүрийг амилуулах. Магадгүй түүний энэ хүслийг найруулагч б.Тамир биелүүлж өгөхийг үгүйсгэх аргагүй. Тэрээр эхнэр хүүгийн хамт амьдардаг.

Энхбаярын Алдар /Жүжигчин/

  • Фэйсбүүк: 60,981 дагагчтай
  • 1985 оны 11 дүгээр сарын 04-нд төрсөн

“Фантастик” продакшны хамгийн эгдүүтэй жүжигчин хэн бэ гэдэл үзэгчид нэгэн дуугаар Алдар гэж хэлэх нь дамжиггүй. Дуу, бүжгийн “Boomtown” хамтлагт харьяалагдаж явсан тэрээр нэг л өдөр хошин урлагийн “Маск” продакшнд жүжигчин П.Эрдэнэзааны төрсөн дүү юм уу гэмээр адилхан жүжиглэлттэйгээр гарч ирсэн.

Гэхдээ түүнийг сайн жүжигчин гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Одоо болтол заяаны ханиа сонголгүй ганц бие яваад нь л гайхах бишгүй хүн байдаг юм билээ. Магад түүний дараачийн дүр “Зүрхний хилэн” киноны уулын өвгөн шиг санаанд оромгүй дүр байх ч юм билүү.

Батжаргалын Батсайхан /Жүжигчин, продюсер/

  • Фэйсбүүк: 9,351 дагагчтай

Жүжигчин Б.Батсайханыг Можухай нэрээр нь урлагийн хүрээнийхэн нь илүү танина. “Хэцүү анги” олон ангит уран сайхны кинонд Дөлгөөн гэх цайлган, хөгжилтэй хүүгийн дүрээр нь ч мөн таних биз ээ. “Зүрхний хилэн” киноны дараахан “Фантастик” продакшныхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ киноны арын албаа Можухад хариуцуулдаг тухайгаа хуучилсан юм. Продюсер хүн чинь хамгийн хэцүү ажлыг нь хийхээс өөр яах ч билээ. Залуус хараахан ажил үүргийн хувьд эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллаж чаддаггүй гэнэ.

Энэ тухай найруулагч, жүжигчин Б.Тамир  "Эрчүүдийн нөхөрлөл гэж нэг юм байна. Ярьсан бол ярьсан, хийнэ гэсэн бол хийдэг, хариуцлагаа дааж чаддаг. Бид эмэгтэй хүнд хариуцлага даатгаж чадахгүй ш дээ. Яахав байж болно л доо. Тэгэхээр хурд хэрэг болно, эрэгтэй хүмүүсийн онцлог гэж юм байна. Эмэгтэй хүнтэй хариуцлага тооцож болдоггүй юм" хэмээхэд жүжигчин, продюсер Б.Батсайхан "Эмэгтэй хүнийг чинь шууд цохиод унагачихаж болдоггүй байхгүй юу" хэмээн хошигножээ. Тэрээр Маш нууц-2 буюу “Байтаг Богд” кинонд түүхэн дүр болох мэргэн бууч Архадын дүрийг бүтээжээ.

Эрдэнэ-Очирын Одбаяр /Жүжигчин/

  • Фэйсбүүк: 77,243 дагагчтай
  • 1991 оны 03 дугаар сарын 13-нд төрсөн

“Фантастик” продакшны хамгийн отгон, гэхдээ охидын дунд хамгийн их нэр хүндтэй нь залуу жүжигчин Э.Одбаяр. Тийм дээ ч, найруулагч Б.Тамир түүгээр хамгийн эерүү, зөөлөн дүрээ бүтээлгэдэг байж ч мэдэх юм.

“Маш нууц-1”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “18 нас: Би чамд хайртай” зэрэг продакшныхаа кинонд нэлээд олон чухал дүрийг бүтээсэн түүнийг ирээдүйд маш сайн чадварлаг жүжигчин болно хэмээн урлагийн хүрээнийхэн үнэлдэг юм билээ. Тэрээр Тунсаг хэмээх нэгэн хөөрхөн бүсгүйг гэргийгээрээ сонгосон байгаад хүү нь ой ч хүрж амжаагүй байгаа юм.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ