...
...

Хон Хэрээдийн Б.Энхбат Монголын анхны бүрэн хэмжээний эротик роман туурвижээ

Хон хэрээд овогт Б.Энхбат би одоогоос 14-н жилийн өмнө буюу 2004 онд ийм нэгэн ярилцлагыг сонинд өгсөн байна. Та бүхэн уг ярилцлагыг энэ цаг дор дахин нэг үзнэ үү?

ХОН ХЭРЭЭД Б.ЭНХБАТ МОНГОЛЫН АНХНЫ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ЭРОТИК РОМАН ТУУРВИЖЭЭ. ( “ХАР САРНАЙ” сонин. 2004 он. № 015-д хэвлэгдсэн. Товчлон оруулав. )

ЭНХБАТ ГЭЖ ЯМАР ХҮН БЭ?

-Уншигчид ер нь намайг мэдэх байх. Хон хэрээдийн Хүү гэхлээр ихэнх хүмүүс андахгүй дээ. Би их “үндсэрхэг үзэлтэй хүн”. Надад бол Монгол орны тусгаар тогтнол, газар нутгийн нь бүрэн бүтэн байдал, Монголчуудын аз жаргал л бүхнээс үнэтэй. Тийм учраас орчин үеийн хэлээр бол “эх оронч хүн” гэж хэлж болно. Харин “эх оронч хүн” хэзээ ч эх орон, ард түмнийг нь доромжлох гэж оролддог элдэв луйварчдад таалагддаггүй, цаг ямагт тэднийг сөрж зогсдог тул тэдэнд “шезотой”, “гажигтай”, сэтгэцийн өвчтэй энээ тэрээрээ л дуудуулдаг. Би тийм л хүмүүсийн нэг. Миний хоолой дээр хутга тавиад хэрчиж байсан ч би эх орон, ард түмнээ худалдахгүй. Хичнээн тансаг диваажин амласан ч, турж үхсэн ч би энэ үзэл бодлоосоо ухрахгүй. Надад алдар нэр, албан тушаал огт хэрэггүй. Энэ биеэнд эцэг эхийн оноосон нэр, ард түмний өгсөн нэр хоёр байхад л хангалттай. Би бол Монголын ард түмний хэлтэрхий жирийн нэг “баримтат зохиол” туурвидаг уран бүтээлч хүн. Эцсийн дүнд миний хийж яваа уран бүтээлүүд үлдэнэ. Энэ бол би хойшид ард түмэн дундаа мөнх оршино гэсэн үг шүү дээ.

ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛЖ ҮЗЭГ БАРЬЖ, УТГА ЗОХИОЛД ХӨЛ ТАВЬСАН БЭ?

-Социализмын үеэс эхлээд л Төр засгийн нэр барьсан луйварчид, хууль завхруулдаг төрийн түшмэдтэй үзэг цаас нийлүүлэн тэрсэлдэж эхэлсэн. Жишээ нь 1980 оны үед Монголын шоронгуудад хоригдлуудад ном, сонин хэвлэл уншуулдаггүй, хоргилдог байсныг хүчтэй эсэргүүцэн тэмцэж байж Халхын шоронгийн ялтнуудыг ном, сонин унших эрхтэй болгож байлаа. Мөн социализмын үед Монголчуудыг “овог” оо хэргэлхийг хоргилдог байв. Тэр үед би сонин хэвлэлд Монголчууд “овог” оо сэргээн хэрэглэе, тэгэхгүй бол “цус ойртох”, “түүх ёс заншлаа мартах” зэрэг олон аюул нүүрлэж аажимдаа Монгол үндэстэн мөхөхнээ гэсэн асуудал дэвшүүлсэн нийтлэл бичиж хэвлүүлээд олон хүнд хараалгуулж байлаа. Гэхдээ тэр үед миний дэвшүүлж байсан санал одоо энэ цаг дор Монгол Төрийн том бодлого болоод явж байгааг харах сайхан байдаг. Харин “Утга зохиолын салбар” тэр дундаа “баримтат уран бүтээл” бичих чиглэлд бол 1988 оноос эргэж буцалтгүй хөл тавьсандаа.

1990 ОНООС ХОЙШ ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД МАНАЙ УТГА ЗОХИОЛД ШИНЭЧЛЭЛ ГАРЧ ЧАДАВ УУ?

-Нэг ийм үлгэр байдаг юм. Нэгэн хаан өөрийн орны шүлэг бичдэг, яруу найрагч гэгддэг бүх хүмүүсийг цуглуулаад шорон хориод хэсэг хартал тэднээс шүлэг бичдэг 100 хүн л үлдэж гэнэ. Тэр 100 хүнийг алт мөнгө, авгай хүүхэн, архи дарсанд умбуулан хэсэг харзнахад тэднээс шүлэг бичдэг хоёрхон үлдэж гэнэ. Хаан тэр үлдсэн шүлэг бичдэг хоёр хүнийг цаазална гэхэд нэг нь шүлэг бичихээ болилоо хэмээн амь гуйжээ. Үүнийг харсан хаан “Манай улс ганцхан яруу найрагчтай” гээд бусдыг нь хөөж явуулсан тухай гардаг. Үүн шиг 1990 оноос хойших арван жил Монголын утга зохиолын тавцан дээр өөрсдийгөө зохиолч яруу найрагч гэж өргөмжилдөг хүмүүсийг нилээд сайн шалгах шиг боллоо. Социалист нийгмийн үед буюу захиргаадалтын 70 жилд элдэв сургууль курсээр бэлтгэгдсэн нэртэй, Засаг Төрөөс бэлэн мөнгө авч, зохиолч нэр зүүн цалинжиж, захиалгат уран бүтээл хийж зохиолч нэр зүүж явсан олон хүмүүсийн хувьд өөрсдийг нь тэжээдэг систем, байгууллага нь байхгүй болсноос тэд амьдрахын эрхээр өөр өөрийн зам мөрийг хөөн одсон. Тэдний залгамж халаа болж, эдийн засгийн хүндрэл дундуур ар гэр, амьдрал бүхнээ зольж утга зохиолтой зууралдаж чадсан цөөхөн хэдэн хүн л Монголын утга зохиолын тавцан дээр үлдсэн. Энэ үзэгдэл зохиолч, уран бүтээлчийг ямар нэг их сургуулиар бэлддэггүй “хүсэл”, “авьяас” хоёр нь л зохиолч болгодгийг харуулна. Манай утга зохиолын өнгөрсөн үеийн алдартангууд болох Д.Нацагдорж, Б.Явуухулан, Р.Чойном, Б.Лхагвасүрэн гээд олон хүмүүс “Горькийн нэрэмжит утга зохиолын их сургууль”-д очиж төгсөөгүй. Гэтэл өнөө олон өөрсдийгөө Орос Улсад очиж “Горькийн нэрэмжит утга зохиолын их сургууль”-ийг төгссөн гэж цээжээ дэлдэж явдаг нөхөд хаа байна. Ард түмэн тэднийг зохиолч гэж үзэж байна уу? Өнөөдөр өөрсдийгөө зохиолч хэмээн өргөмжилж, элдэв ном нэртэй зүйл хэвлүүлэн цаас сүйтгэж яваа олон нөхдийг дээрх хаан цуглуулан хурааж шалгавал тэдний хэд нь зохиолч нэрээ хадгалж үлдэх бол доо.

 

ӨНӨӨГИЙН УТГА ЗОХИОЛЫН ТАВЦАНД ТА ӨӨРИЙН ГЭСЭН ОРОН ЗАЙГАА ЭЗЭЛЖ ЧАДСАН ЗОХИОЛЧ МӨН НҮҮ?

-Би нүүр бардам тийм гэж хэлнэ. Хүнийг “угсаа гарвал”, дагаж шавилсан “багш” хоёроор нь л дүгнэх учиртай. Хүмүүс хурдан морь, мундаг зодоонч нохойны гөлөг зэргийг худалдаж авахдаа “угсаа гарвал”, хариулж сургаж байсан эзэн хоёрыг нь харж худалдаж авдаг. Тэгвэл аливаа нэг хүнийг мөн тэгж ажих хэрэгтэй. Тэгэхээр Нэгд: Би өөрийнхөө Хон хэрээд (Хонгирад) угсаагаараа, өөрийн өвөг дээдэс, өвөө, ааваараа бахархдаг.

Хоёрт: Миний аав ард түмэндээ зохиолч Банзай хэмээн хүндлэгдсэн уран бүтээлч хүн байсан. Би өөрөө миний номын багш нар болох Б.Лхагвасүрэн, Л.Түдэв хоёрыг олон жил дагаж яваа шавь нь гэдгээрээ бахархдаг. Тэд уран бүтээлч мөн бол тэднийг дагаж уран бүтээл туурвих замд орсон гарын шавь нь болох би сайн уран бүтээлч болох ёстой. Би уран бүтээлийн замд орноосоо хойш энэ замаасаа эргэж буцах, урваж шарвах үйлдэл гаргаагүй. хойшд ч гаргахгүй. Өнөөдөр чадал муутай бүтээлээ янз бүрийн мөнгөтэй боссуудаар ивээн тэтгүүлж хэвлүүлэн энд тэндхийн дэлгүүрийн лангуун дээр овоолж яваа хүн зөндөө л байна ш тээ. Харин уран бүтээл нь дэлгүүрийн лангуунд байхгүй байна гэдэг өрөвдмөөр асуудал. Зохиол бүтээлийг нь уншихсан гэж ард түмэн хүлээж байвал айхтар том хариуцлага тэр хүнд хүлээлгэж байгаа хэрэг. Ард түмэн намайг маажиг гуталтай, үс нь өрвийчихсөн явна гэдэггүй. Уулзсан хүн болгон л “шинэ бүтээл юу хийж байна?” гэж надаас асууж шинэ бүтээл нэхдэг. Энэ нь надад ард түмнээс өгч байгаа шагнал.

ЗА ТИЙМ БАЙЖ. ОДОО ТЭГВЭЛ ТАНЫ ШИНЭЭР ГАРГАСАН “ХАЙРЫН ТАНГАРАГ” НОМЫН ТАЛААР ЯРИЛЦАЯ?

-Энэ номыг би нэг зүйлийг л бодож бичсэн. Юу гэхлээр ямарч үндэстэнд энэ сэдвээр бичигдсэн томоохон зохиолууд, энэ чиглэлийн биеэ даасан "утга зохилын салбар" байх ёстой. Манай улсад социалист систем ноёрхсон сүүлийн 70 гаруй жилд энэ сэдвээр зохиол бичих хориотой байсан тул ийм төрлийн томоохон зохиол ард түмэнд хүрч байсангүй. Харин 1990 оны үед энэ сэдвийг хөндөн бүтээл туурвидаг ганц Монгол эрдэмтэн гарч ирсэн ч их удалгүй гэрийнхээ үүдэнд бусдад хорлогдон бурхан болчихсон. Уг нь аль нэгэн улс гүрэн оршин тогтнохын үндэс, салшгүй нэг хүчин зүйл нь орчин үеийн хүмүүс “СЕКС” гэх болсон тэр зүйл шүү дээ. Тэр бүү хэл энэхүү “Секс судлалын ухаан” нэн эрт үеэс өдөөгөө хүртэл тасралтгүй хөгжиж бүр оргилдоо хүртэл цэцэглэж чадсан цөөхөн орны нэг нь Монгол Улс. Яагаад гэвэл хүн төрөлхтний түүх, ямарч хүний амьдрал “секс”-ээс ангид явсан нь үгүй. Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаан, Петр хаан, Напелеон, Ганди гээд аль ч агуу суутнуудын амьдралыг аваад үзэхүй тэдний гайхамшигтай сайхан дурлалын түүх бидний өмнө дэлгэгдэнэ. ХХ зууны дуулиант хүмүүсийн нэг АДОЛЬФ ГИТЛЕР хүртэл үхэхийнхээ өмнө эмэгтэй хүнтэй хуримаа хийсэн. Хүний орчлонгоос буцахын өмнө ингэж ёслол гүйцэтгэсэн тэр эрийг хүмүүс ойлгохыг оролдох ёстой. Учир нь аливаа нэгэн хүн өөрийн хувийн “секс мэдрэмж”-ээ алдах юм бол “улс төрийн мэдрэмж”-ээ давхар алддаг. Энэ нь хүмүүний амьдралаар батлагдсан зүйл. Тиймээс ямар ч хүн “секс”-ийн талаар маш зөв ойлголттой байх ёстой. Энэ үүднээс л би “ХАЙРЫН ТАНГАРАГ” хэмээх энэхүү “секс роман”-ыг бичсэн юм. Мөн өнөөдөр гадны том зохиолч, уран бүтээлчид Монголд ирээд “Танайд хэн гэдэг зохиолчийн ямар “эротик зохиол” байна” гэхэд тэр гээд хэлчих бүтээл байдаггүй. Олон мянган жилийн Төрт ёсны түүхтэй, тусгаар тогтносон үндэстэн явж ирсэн ард түмний хувьд энэ бол эмгэнэл, гутамшиг шүү дээ. Манай Монголчууд сүүлийн 300 гаруй жилд Монгол үндэснийхээ уламжлалт ёс заншил, өв соёлоо бусдад элдвээр доромжлуулж, харийн ёс, соёл гэгч зүйлд их нухуулсан. Монголчууд өөрсдийн өвөг дээдсийн бий болгосон уламжлалт ёс заншил, өв соёлоо сэргээж, өвлөн хүлээж авч чадвал Монгол үндэстэн цаашид мөнх орших баталгаатай болно. Эс бөгөөс маш аюултай замаар орно. Миний энэ “Хайрын тангараг” бүтээл бол сүүлийн 70 гаруй жилийн түүхэнд анх удаа олон нийтэд зориулан гарч байгаа Монгол зохиолчийн анхны бүрэн хэмжээний “эротик роман”.

ТАНААС ӨМНӨ ИЙМ СЭДВЭЭР ЗОХИОЛ БИЧСЭН МОНГОЛ ЗОХИОЛЧ БАЙХГҮЙ ХЭРЭГ ҮҮ?

-Тэгж хэлж болохгүй ээ. Миний өөрийн мэдэхээр Соц нийгмийн үед Монголын сэхээтнүүд дунд V Догшин ноён хутагтын “Хүмүүний нууц явдлын судар”, Р.Чойномын “Миний үзсэн диваажин” гэх мэт Монгол хүмүүсийн янаг амрагийн буюу “сексийн далд амьдрал”-ыг үзүүлсэн зохиолуудын “гар бичмэл”- үүд маш нууцаар гараас гар дамжин уншигдаж явдаг байсан. Харин сүүлийн 70 жилийн түүхэнд ингэж илээр ном болон хэвлэгдэж байгаа Монгол зохиолчийн “эротик роман” гэвэл миний энэ зохиол анхных нь мөн. Би өнөөдөр “эротик, порнографик” чиглэлийн хориотой сэдэв гэдэг энэ зүйлийн цаана нуугдаж байдаг нэгэн агуу соёлын урсгал үнэн зөвөөр Монгол оронд гарч ирэх хаалга үүдийг нь цөмлөөд нээгээд өгч байна. Үүнээс хойш энэ чиглэлээр олон Монгол хүн юм хийх байх. Манай улсад сүүлийн жилүүдэд харанхуй бүдүүлэг хүмүүст зориулсан "бохир порнографик” зүйлүүдийг хэвлэж ашиг олох гэх оролдлого хэт газар аван хавтгайрч байна. Тэгвэл миний энэ бүтээл “элит давхарга” хийгээд “дундаж” болон “ядуусын давхарга”-ийн хүмүүс дунд байдаг секстэй холбоотой сайн муу бүх үзэгдлүүдийг нэгтгэж боловсруулсан буюу тансаг сайхан, муу муухайн жорыг тохируулсан бүтээл учраас ард түмэн хүлээн авах байх аа. Эрх мэдэлтэнгүүд элдэв хууль журам ярьж миний зохиолыг хорьж болно. Гэхдээ ард түмэн гар дээрээ дамжуулан унших байхаа. Утга зохиолын гол үүрэг бол хүмүүст зөвийг зааж ухааруулан, бурууг тойрч гарах замыг хэлж өгөх явдал. Одоо манай сүүл үеийн уран бүтээлчид нар нэг л их гэгээрчихсэн улс бусдад сургамж айлдах гээд байх юм. Өөрөө өөрийн биеэр үзээгүй, нарийвчлан судалж таниагүй юм уудаа өрөөлд үнэн зөв айлдана гэж байдаггүй л байхгүй юу. Жишээ нь Хүн зодож, бусдыг айлгаж, хулгай дээрэм хийж үзээгүй хүн "гэмт хэрэгтэн хүн"-ий тухай, тэр хүний сэтгэл зүйн нууцыг үнэн зөв ил гарган бичнэ гэж байдаггүй. Зохиомол зүйлийг бол хэн ч бичиж чадах байх. Баримтат зүйлийг бичих гэдэг маш хэцүү.

ТЭГЭХЭЭР ТАНЫ ЗОХИОЛУУД БАРИМТТАЙ, БОДИТ ҮНЭН ЗҮЙЛЭЭС УРГАЖ ГАРСАН ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ?

-Тийм ээ би анхнаасаа л “Түүхэн баримтат адал явдал”-т төрлийн зохиол бичиж эхэлсэн хүн. Манай Монгол Улсад одоохондоо “баримтат зохиол судлал” хөгжөөгүй, хөгжихгүй байна. Уг нь хөгжүүлэх ёстой.
"Баримтад зохиол" гэдэг гарцаа байхгүй болсон үйл явдалд үндэслэн, өнгөрсөнд өрнөсөн тэр үйл явдлын юу нь алдаатай, юу нь оноотой байсныг шинжилж, дараа үеийнхнээ өмнөх үеийнхнийхээ унаж байсан нүхэнд давтан унахаас сэргийлж, зөв газраар гүүрээр гарахад нь туслахыг зорьсон бүтээлүүд байдаг. Тэгээд ч “хийсвэр уран зохиол”, “түүхэн баримтат зохиол” хоёр хоорондоо маш том ялгаатай зүйл. Үеийн үед “баримтат зохиол” хүн төрөлхтний аз жаргалаа олох авралын зүг заагч од байсан. Тэр дотроо ХХI зуун бол “баримтат зохиол” хөгжиж цэцэглэх зуун болно. Би Монгол Улсад, Монголын ард түмэнд хамгийн хэрэгтэй чухал зүйл, төрөл жанр учраас “баримтат зохиол”-ыг оролддог. Харин сүүлийн үед манай Монгол Улсад эр эм хэн дуртай хүмүүс “баримтат зохиол” гэсэн нэрээр халхавчлан аль нэгэн түүхэн бодит хүний нэрийг өмнөө гул барьж мөнгө олох санаархлаар Монгол өвөг дээдсээ гутаан доромжилсон номонцор бичин хэвлүүлж Монголчуудыг, Монголын ирээдүй үеийнхнийг доромжлох боллоо. Ингэж болохгүй.

ТА БАРИМТАТ ЗОХИОЛ БИЧДЭГЭЭРЭЭ ИХ БАХАРХАЖ ЯВДАГ ЮМ ШИГЭЭ?

-Хүн үхсэн ч хоёр янзаар дахин амьдардаг. Нэгд: Үр хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлж өсгөөд явж байгаа хүмүүс бол төрөөд үхэхийн хоорондох буянаа хийчихсэн. Тэр хүмүүсийг Бурхан болсон ч үр хүүхдүүд, ач гуч нь 150 аас дээш жил дурсан амьдарна. Хоёрд: Уран бүтээл ээ үлдээдэг, хойч үеийнхэндээ өөрийнхөө эрдэм мэдлэг, туршлага аа бичиж үлдээдэг хүмүүс мөн хойч үеийнхэн дундаа мөнхөд дурсагдан амьдардаг. Надад энэ хоёр хувь заяа хоёул ороогдсонд би их бахархаж явдаг хүн.

ТА ЯАГААД ЗААВАЛ СЕКС, ЭРОТИК СЭДВЭЭР НОМ БИЧИХ БОЛОВ ОО?

-Би түрүүнд хэлсэн. Амьдрал гэдэг тэр чигээрээ эр эм хоёр хүйстний хоорондын харилцаанд үндэслэн оршдог. Тэр дундаа хүмүүний ертөнц секстэй нягт холбоотой. Манай дэлхийн бүх л алдартай кино, жүжигт ямар нэг хэмжээгээр секстэй холбоотой зүйл, эротик дүр заавал байдаг. Ямарч зохиолд секс гол сэдэв нь биш ч туслах сэдэв нь байдаг. Би “Хайрын тангараг” романыг нэг л зорилгоор бичсэн. Манай Монголчууд өөрсдөө сексийн агуу сайхан соёлтой ард түмэн юм. Өнгөрсөн олон зууны түүхэн дэх соёлт хүн төрөлхтний сексийн хөгжлийн соёлд асар их жинтэй хувь нэмэр оруулсан хоёр гол ард түмний нэг нь Монголчууд. Тийм учраас Монголчуудын энэхүү агуу уламжлалт секс соёлыг хойч үеийнхэн бага ч гэсэн үнэн зөвөөр мэдэж аваасай гэж бичсэн. Өнөөдөр би үндсэрхэг үзэлтэндээ ингэж хэлээгүй. Яг өнөөдөр сексийн зөв, сайхан ёс заншилтай гайхамшигт соёлоор Монголчуудыг гүйцэх өөр үндэстэн манай дэлхий дээр байдаггүй юм байна гэдгийг би өдий насны өндөрлөгт хүрч байж сая ойлгосон. Яагаад гэхээр соёлт хүн төрөлхтний түүхэн дунд Монголчууд шиг эмэгтэй хүнийг ихэд өргөмжлөн хүндэлдэг, эрчүүд нь эхнэр ээ амьдралынхаа хамгийн гол түшиг тулгуураа гэж эрхэмлэдэг улс ард түмэн алга. Гэтэл дэлхийн бусад улс орны ард түмэнг аваад үзэхэд тэнд эрчүүд нь эмэгтэй хүнийг бараа таваар, боол зарц шиг боддог, эмэгтэйчүүд нь энгэр задгай завхайрах явдлыг ердийн зүйл гэж ойлгодог эмгэнэл байна. Уг нь гэр бүлийн тал дээр тогтвортой эр хүн бүх зүйлд тулахтай, улс төрийн хувьд тогтвортой байдаг. Тэгээд ч ард түмэн дунд “хааныг хатан нь захирдаг, хатныг хайрт нь захирдаг” гэсэн нэг өвөрмөц хэлц үг байдаг нь сексийн соёлтой холбоотой үг шүү дээ. Иймээс өнөө цагт олон хүний хараагаад байдаг өнөөх социалист нийгмийн үед Монгол Улсад гэр бүлийн талаар тогтворгүй, эхнэр хүүхнүүд ээлжлүүлэн сольдог завхай эрчүүдийг улс төрд оруулдаггүй, дарга даамлын албан тушаалд томилдоггүй байсан нь зөв л ёс байсан санагддаг.

МОНГОЛД ТЭГЭЭД СЕКС ЯАЖ ХӨГЖИЖ ИРСЭН ТАЛААР ГАНЦ ХОЁР ЖИШЭЭ ХЭЛЭЭЧ?

-Манай дэлхийн соёлт хүн төрөлхтөн дунд секс ардчилал хамгийн өндөр хөгжиж байсан ганц үндэстэн нь Монголчууд болно. Монгол шиг ардчилсан секс хөгжсөн өөр орон дэлхийд байгаагүй байдаг.  

Жишээлбэл Хүн төрлөхтөн дунд “Янханы мэрэгжил” үүсээд, “Янханы газар”-ууд бий болоод 3000 гаран жил болж байхад Монголчууд дунд “янханы мэргэжил” эзэмшсэн хүн, “янханы газар” гэж байхгүйгээр XXI зуунтай золгож байна. Тэгэхлээр Монгол газар нутаг бол маш ариун тансаг орон байгаа биз. Харин сүүлийн үед хоцронгуй суурьшмал соёл иргэншлийг дууриасан байдал Монголчууд дунд дэлгэрч энд тэнд мэр сэр замбараагүй завхайрах үзэгдэл бий болж эхэллээ. Энэ бол гутамшиг. Монголчуудыг мөхөл сүйрэл өөд дагуулах аюул шүү.

ЭНХБАТ АА МАНАЙ МОНГОЛЧУУД СЕКСИЙН МАШ БАЯЛАГ ТҮҮХ УЛАМЖЛАЛТАЙ АРД ТҮМЭН ГЭЖ ЧИ ЯРЬЖ БАЙНА. ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЭЭЧ?

-Хамгийн энгийн жишээ гэхэд Монголчууд олон зуун жил эрхэмлэн дээдэлж зурж, бүтээж ирсэн “Чандмань эрдэнэ”, “Зэндмэнэ эрдэнэ” хоёр байна. Эл хоёр эрдэнийг Монголчууд “хүслийг хангагч эрдэнэ” хэмээдэг. Өөрөөр хэлбэл энэ хоёр эрдэнэ эр эм ямарч хүмүүний ямар нэг хүслийг хангадаг гэсэн үг. Гэтэл сүүлийн үед “Чандмань эрдэнэ”, “Зэндмэнэ эрдэнэ” хоёрын далд нууц утгыг хүмүүс мэдэх ээ больжээ. Уг нь эл хоёр эрдэнээр Монголчууд эр, эм хүний “бэлэг эрхтэн”-г л дүрсэлдэг. Дүрсийг нь хархад л ойлгогдоно. Энэ хоёр зүйлийг Монголчууд өнө эртнээс шүтээн тахилын ариун нандин зүйлс дундаа оруулан хүндэтгэж ирсэн буй. Учир нь энэ хоёр эрхтэн эр эм хүмүүсийн хоёулангийн нэгэн айхтар хүслийг хангахаас гадна хүн гээч агуу зүйлийг бий болгодог эд. 

НЭГЭНТ ТА БИД ХОЁР НЭГ СЭДВИЙГ ДАГНАЖ ЯРЬЖ ЭХЭЛСЭН БОЛОХООР ЦААШ НАРИЙН ШИРИЙН АСУУДАЛДАА ОРОЁ? МОНГОЛЧУУДЫН СЕКС СОЁЛЫН ТАЛААР?

-Монголчуудын сексийн үйлд эр хүн эм хүнтэйгээ зөв янаглан харьцах явдал хамгийн чухалд тооцогддог. Өөрөөр хэлбэл эр хүн өөрийн хайртай бүсгүйгээ “хөлсөлж” чаддаг байх буюу эр хүн эм хүнтэй “загас наадуулах” үедээ цаад эм хүндээ жаргал амсуулж чаддаг байж л өөрөө ч жаргал цэнгэл амсах урлагийг эзэмших явдал. Энд нэг зүйлийг нэмэн хэлэхэд “эм тахиа”, “эм хүн” хоёр “секс” үйлдлийн дараа хамгийн ихээр сэргэж ирдэг амьтад гэдэг. Харин эр хүйстнүүдийн хувьд эсрэгээрээ байдаг. Суурин соёл иргэншилтэй улс орнуудад эрчүүд нь эмсээ зөв хөлсөлж чаддаггүй зүгээр л азарган тахиа шиг олон эмийг гялс гялс гишгэх гэж яардаг. Суурин соёл иргэншилтэй ард түмэн “секс” үйлдэхдээ нэг их орь дуу тавьж хавь орчноо цочроож таашал авдаг бол, монголчууд дуугаа дотогш хурааж эрчим хүч шингээж авдаг гээд яривал их зүйл бий.

-ТА ТОДОРХОЙ БАРИМТ ХЭЛЭЭЧ?

-Жишээ нь “Монгол ардын дуу” гэж хэлэгдэх болсон V Догшин ноён хутагтын зохиосон “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” хэмээх агуу дуу байна. Энэ дуу өөртөө асар олон нууц агуулж оршдогийн нэг нь “Монголчуудын сексийн соёл”-ын нэгэн далд нууцыг ил гарган өгүүлдэг үйл нь. Монголчуудын өнө эртнээс хүмүүн "таван мэдрэхүй"-гээр “сексийн амт”-ыг амсах учиртайг үр хойчдоо захиж сургаж ирсэн энэ нууц соёлыг ХХ зууны сүүлчээр л дэлхийн соёлт хүмүүс саяхнаас л хүлээн зөвшөөрч, гайхан шагширч эхэллээ.

( Их том ярилцлага байгаа тул ингээд түр больё)

 Хэрэв уншигч та бүхэн хүсвэл дараа үргэлжлэлийг нь бичиж оруулъя

Эх сурвалж: www.breakingnews.mn

Хон Хэрээдийн Б.Энхбат

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ