...
...

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Хөөдэйн Эрдэнэбаатар ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

2010 оны Болор цом-27 наадмын эзэн, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар таалал төгссөн гэх гүн харууслын мэдээ бидэнд ирлээ.

Ховд аймгийн хөх уулсын дундаас төрсөн эглээс эгэл, томоом тос одыг тэнгэр таалж, монголын утга зохиол, шүлэг яруу найрагт дуртай ард түмэнд маань хүнд гарз тохиолоо.

Тэр бол зүгээр ч нэг яруу найрагч биш. Судлаач, шүүмжлэг ч Г.Батсуурийн нэгэнтээ тэмдэглэн үлдээсэн шиг “Сайныг муутай, сайхныг муухайтай, харыг цагаантай харгалдуулан дүрсэлдэг туульсын уламжлалыг баяжуулан сэтгэл хөдлөлөө байгалийн үзэмжтэй харгалдуулан бичих нь түүний нэгэн онцлог болой. Найрагч бээр алдарт "Урианхайн хөх уулс" шүлэгтээ ч уулсаа цаг хугацаатай харгалдуулан бичсэн нь уг шүлгийг томруулдаг.

Нүүдэлчин ахуйд төрж, төлөвшсөн яруу найрагчдад л байдаг нүнжиг, юмыг томоор харахуйн далайц, галав юүлж байсан ч үл ажран суухуйн дэлгэр чанар энэ яруу найрагчид байгаа нь түүний "Урианхайн хөх уулс" шүлгээс тодрох буюу. Уул сайхан, уулнаас сайхан юм уул л байдаг гэдэг сэн. Монгол найрагчид уулсаа их бичсэн, харин Хөөдэйн Эрдэнэбаатар шиг бичсэн нь хэд бол”. Түүн шиг эх нутаг, уул усныхаа тухай тийм их бичсэн нь бараг л үгүй. “Болор цом-27” наадмын эзэн болсны дараахан түүнээс “Болор цом” хэмээх энэхүү нэр хүндтэй наадмын эзэн болсноор таны амьдралд болон эргэн тойронд юу өөрчлөгдөв? Хэмээхэд “Илүү баян цатгалан болчихсон биш, би гэдэг хүн чигээрээ л үлдсэн. Тиймээс надад өөрчлөгдсөн юм байхгүй” хэмээж байжээ. Тэр бол жинхэнэ яруу найрагч, тэр дундаа хүн байсан юм. Яруу найрагчийн гэр бүл, төрөл төрөгсөд, ахан дүүс, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 Х.Эрдэнэбаатар: Урианхайн хөх уулс 

Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн

Цалгиа залуу насанд халгиа шүлгээ бичнэм.

Асар тэнгэрийн амраг урианхайн хөх уулнаас

Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй

Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд

Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр

Уйдашгүй эрхээр өнө удаан ноёлог сүндэрлэж

Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.

Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь хөвөн өнгөрч

Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино

Хөмүүл гишүүнэ соёлоод хөрсний чийг үнэртэхэд

Хөндүүр зүрхний угт ижий аав бодогдоно.

Удган голын усыг цасны шимээр сэлбэнэ

Урианхайн хөх уулс уйдашгүй сүндэрлэнэ

Асханы нарны наагуур тунгалаг бороо шиврэх нь

Аятайхан охин гэзгээ сүлжин зогсох мэт

Зэлүүд хөх уулсын тэнгэрийн нүд мэт сайранд

Зогдроо дугтчих тогорууд дорнын нарнаас ирэхэд

Зүүн хойтын шилэнд эртэлж унасан шүүдэр

Зүрхэн тус газар хөнгөн гунигыг үүсгэнэ.

Чимэг сайт улиралын алтан наран мандахад

Чиг зөв салхин бүлээн аяс эгшиглүүлнэ.

Үдийн наранд сэмрэх зэрэглээ нимгэн мөс галигтан

Үдшийн зэврүүг хүлээхгүй шилэн шуургаар цагирагтана

Урианхайн хөх уулс гэрлээр давалгаалж

Умрын салхиар хавар тэнүүчилсэн

Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд

Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй

Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх

Зэрэглээ тэнд хаялага болж чадахгүй

"Амьтаны үрийг сэтгэлийн амрагаас илүү үймүүлэх

Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь

Товч харших чимээнээр жингэнэх дуун түгж

Товцог хадны шилээс хан тас ниснэ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ