Артхаус кинонд дуртай үзэгчдийн сайн танил найруулагч Ким Ки-Дук 68 дахь удаагийн Берлиний Олон улсын кино наадмын үеэр олон улсын сэтгүүлчидтэй нүүр тулж, зураг авалтын үеэр эмэгтэй жүжигчинтэй ёс зүйгүй харьцсан хэмээн буруутгагдаад буй хэргийнхээ талаар ярьсан байна.
Наадмын Панарома хэсэгт найруулагчийн “Хүн, Орон зай, Цаг хугацаа, Хүн” (Human, Space, Time and Human) хэмээх шинэ арт киног толилуулж буй нь бэлгийн хүчирхийлэл, тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг үйл ажиллагаа өрнүүлдэг #MeToo хөдөлгөөний ширүүхэн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байгаа аж.
Ким Ки-Дук “Moebius” киноныхоо зураг авалтын үеэр эмэгтэй жүжигчнээсээ кино зохиолд тусгагдаагүй секс үзэгдэлд тоглож, эрэгтэй жүжигчний бэлгэ эрхтэнг гараараа оролдохыг шаардсан бөгөөд эсэргүүцлээ хэмээн гурван удаа алгадсан гэх тун ноцтой асуудалд ороод байгаа юм.
Хэдийгээр тухайн үед эмэгтэй жүжигчинтэй тэр дороо гэрээгээ цуцласан боловч Солонгосын шүүхээс найруулагч Ким Ки Дукт 5 сая воны мөнгөн торгууль оногдуулсан билээ.
Найруулагч Ким Ки Дук “Хүн, Орон зай, Цаг хугацаа, Хүн” (Human, Space, Time and Human) киноныхоо анхны үзвэрийн дараа сэтгүүлчдийн асуултад “Би бүрэн санал нийлэхгүй байгаа ч шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, буруутай гэж үзсэн тохиолдолд шүүхээс оногдуулсан хариуцлагыг үүрэх учиртай” хэмээн хариулжээ.
Б.Баргужин
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250