...
...

М.Дэвээжаргал: Гэрэлтэх ёстой цагтаа хамгийн тодоор гэрэлтэх минь...

Улсын маань баруун хязгаар Ховд аймгийн Дөргөн суманд Мэндчулууны Дэвээжаргал гэх 12-р ангийн тун авьяаслаг, хөөрхөн охин сурдаг юм. Түүний тухай ердөө л шинэ оны өмнөхөн мэдэж авсан ч юу бодож, хүсэж мөрөөдөж явдаг тухай нь бага ч атугай ярилцах боломж олдсонд туйлаас баярлана. Би түүнийг анхнаасаа ердөө л жаахан охин гэж огт бодсонгүй. Учир нь түүний шүлэгнээс аль хэдийн өсөж том болсон бүсгүй хүн, эршүүд гэмээр чанга хатуу зан, хэтэрхий торгон мэдрэмжийг авдаг болохоор тэр шүү дээ.

“Эвхээстэй дурсамжаа шүүрч аваад сэгсрэхэд
Элдэв гуниг, зүрхэнд минь тоос болон тогтном
Он жилүүд урсахдаа, жаргалын өөдсөөр зүлгэн арчивч
Огт арилахгүй, /дурсамж хэзээ ч замхардаггүй аж/

Хэн хүний нүдэнд хөврөх тэр нарийхан утсыг
Хэн нэгэн үгээрээ гогдон татаж эмзэглүүлдэг
Тэгээд юу ч болоогүй мэт инээмсэглэн
Сэтгэл дээр нь сүүдрээ үлдээгээд явж оддог” энэ бол түүний “Дурсамж” нэртэй шүлэг. Ингээд олон үг нуршилгүй уншигчдыгаа М.Дэвээжаргалтай танилцуулъя.

- М.Дэвээжаргал гэхээр их содон нэртэй юм аа. Манай уншигчдад нэрнийхээ тухай мэдэх зүйлээ хуваалцаач?

Нэрнийхээ утга , учрыг сайн мэдэхгүй юм .Мэргэн хүн гуай л анхны хүүхэддээ Дэвээжаргал гэдэг нэр өгөөрэй гэсэн гэдэг. Гэвч эрэгтэй хүүхдэд тохирохгүй нэр байсан болохоор ахынхаа араас ирсэн надад оноогдсон юм билээ л дээ .

- Мэргэн хүн гэж танай нутгийн номтой хүн байжээ дээ?

Тийм ээ, номтой хүн байсан гэж аав маань ярьдаг.

- Дэвээжаргал тэгэхээр айлын хоёр дахь хүүхэд байх нь ээ. Өөрийнхөө гэр бүл болон, нутаг усныхаа тухай бидэнд хуучлаач?

Ховд аймгийн Дөргөн сум, Хар-Ус нуурынхаа хөвөөнд аж төрдөг хүмүүс л дээ. Цэнхэр тэрлэгийг шар эмжээрээр эмжчихсэн юм шиг зуны нуурын үзэсгэлэнг, хунгийн сүрэг харзны усанд өвөлждөг тухай нутгийнхаа талаар ярьвал ярих зүйл зөндөө бий. Гэр бүлийнхээ талаар ярьвал аавыг Мэндчулуун, ээжийг Азсүрэн гэдэг. Аав ээж ах, хоёр дүүгийн хамт амьдардаг.

- Хунгийн сүрэг харзны усанд өвөлждөг гэхээр яагаад ч юм чи үлгэрийн оронд амьдардаг юм шиг санагдчихлаа. Энэ жил төгсөх анги гэсэн. Гэтэл би чиний шүлэгнээс нас бие гүйцсэн бүсгүй хүн л мэдрээд байдаг?

Таных шиг мэдрэмжийг их олон хүн шүлэгнээс минь мэдэрдэг юм шиг санагддаг.

- Удахгүй их хотын амьдралд орж бужигнах нь дээ. Ямар мэргэжилтэй болохоор шийдсэн бэ?

Би их залхуу хүүхэд л дээ. Мэргэжлийн талаар бодох олон цаг өөртөө гаргадаггүй.Тийм болохоор дотор минь орших үзэг барьсан бяцхан охиныг л хөгжүүлэхийн тулд хичээнэ дээ. Миний өмнө толгойгоо гашилгаад байх олон сонголт байхгүй.

- Чамайг магтмааргүй л байна. Чи их олон хүнээс магтаал сонсдог байх. Гэхдээ магтахгүй өнгөрчихөөр би чамд атаархсан болох ч юм шиг. Олон сонголтгүй гэлээ, бяцхан суурингаасаа явахад бэлэн байгаа юу?

Бяцхан сууриндаа эзэлдэг том орон зай , хотод байхгүй бол яана? Гэвч энд бэлэн байсан орон зайг тэнд би өөрөө бий болгоно. Тийм учраас би бэлэн биш бэлдэж байна.

- Яруу найргийн ертөнц бүсгүй хүнд их хатуу байдаг шиг. Ертөнц тэр аяараа, үгүй юм аа гэхэд наанадаж нэг хархүү далавчийг чинь хугалж, өөрөө ч мэдэлгүй дэвсэлж орхидог тохиол олонбайдаг. Чиний хувьд монголын яруу найрагт эзлэх орон зайн төсөөлөл чинь юу вэ?

Өөрөөсөө сайн өрсөлдөгчтэй байна гэдэг гайхалтай зүйл гэж боддог. Монголын яруу найраг хүссэн болгон татаж ордог хаалга биш болсон цагт тэнд эзлэх байр суурь минь өчүүхэн байсан ч яахав дээ.

- Хүмүүст чиний шүлэг, сэтгэлгээ, үгийн сонголт, холболт гээд таалагддаг зүйл бишгүй. Магтаал, шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Шүүмжлэл надад алдаагаа засах боломж, харин магтаал надад бичээд л байх эрч хүч өгдөг

- Чи дээр хэлсэн дээ. Өөрөөсөө сайн өрсөлдөгчтэй байна гэдэг гайхалтай зүйл гэж. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өрсөлдөх боломжтой гэж бодож байна уу?

Өрсөлдөгч бол өрсөлдөгч. Яруу найрагт хүйсийн ялгаа огтхон ч хамаагүй. Яагаад гэвэл хэн сэтгэж, мэдэрч чадна түүнээс л сайн бүтээл төрдөг гэж боддог.

- Байж болох л хариулт байна. Хамгийн анх ямар нэртэй, юуны тухай шүлэг бичиж байсан бэ?

11-р ангидаа бичсэн "Би" хэмээх шүлэг, үүнээс өмнө бичмээршүү аядсанаа шүлэгт тооцдоггүй.

- Тэгэхээр шүлэгт тооцогдохгүй шүлэг гэж бас байдаг байх нь ээ. Чиний дуртай яруу найрагч хэн бэ. Монголоосоо нэрлэбэл бүр сайн байна?

Шүлэгнүүдийг нь унших дуртай яруу найрагч ах эгч нар олон бий. Түүн дотроос Өлзийтөгс (эгч), Галсансүх (ах) хоёрын шүлэгнүүдийг унших бүр ч дуртай. Гэхдээ цээжилдэггүй уншаад л өнгөрдөг.

- Өгүүллэг, бэсрэг романы төрлөөр бичиж үзье гэж боддог уу. Хэрвээ бичихээр болвол чиний хамгийн эхний барьж авах сэдэв юу байх бол?

Бичиж үзье гэж бодолгүй л яахав.Яг одоо л бичье гэж шийдсэн үед санаа өөрөө хөврөх байх аа.

- “Монголын яруу найраг хүссэн болгон нь татаж ордог хаалга биш” болсон цагт гэлээ. Энэ тал дээр чи нэлээн шүүмжлэлтэй явдаг юм шиг байна. Яагаад тэр вэ?

Мундаг яруу найрагчид олон бий. Гэхдээ тэдэнтэй зэрэгцээд муу шүлэгтэй хүмүүс бас мэр сэр харагддаг. Би ч тэдний нэг байж мэдэх л юм. Харамсалтай нь гэвэл тэд мундагуудаасаа олон уншигчтай байдаг

- Анхны хайртайгаа учирсан уу?

Хүний хүүгээс анхны хайрын мэдрэмж аваагүй юм байна. Тэгэхээр би учраагүй гэсэн үг байх нь ээ.

-Арай өөрөөр ч асуудаг байж уу. Хайрын тухай чиний бодол. Ер нь ямар үед хамгийн их шүлэг бичмээр мэдрэмж төрдөг вэ?

Хайр бол аав ээж, өвөө эмээ амьдралыг хамтдаа зурж, түүнийгээ хамтдаа будаж яваа тэр хүмүүс. Би ихэвчлэн ганцаардсан үедээ бичдэг. Шаналаад л байвал чамаас сайн шүлэг төрнө гэж Д.Гансүрэн ах хэлж байсан. Үнэхээр үнэн ч юм шиг

- Магадгүй л юм. Хүн жаргалтай байхаараа өөрийгөө тийм ч сайн мэдэрдэггүй юм шиг санагддаг. Ном гаргах төлөвлөгөө бий л байх даа?

Ном гаргах төлөвлөгөөгөө нэг их удаахгүй л биелүүлэх зорилготой байна

- Надад чи их чанга, хатуу охин шиг санагддаг. Амьдрал дээр яг ямар хүн бол?

Амьдрал дээр ч тийм. Жаахан эршүүд талдаа, эмэгтэй хүний уян найланхай чанар тун ховор шүү.

- Аав, ээж гэр бүл нь чиний шүлэг бичихийг хэрхэн хүлээж авдаг вэ. Ихэвчлэн юу гэж хэлдэг бол?

Аав ээж маань малчин хүмүүс л дээ .Чадах чинээгээрээ л дэмжинэ. Зарим шүлгийг маань ойлгохгүй байна гэдэг.

- Шүлэг бичдэг хүмүүс ном их уншдаг, бүр номын хорхойтон байдаг шүү. Харин чиний хувьд...?

Ном уншдаг болгон шүлэг бичдэггүй гэж боддог. Ном уншнаа .Үнэнийг хэлэхэд 12-р ангид ороод гуравхан номны ард гарсандаа их гонсгор байгаа. Ном унших цагаа нүүр номд үрж дуусгаж байна даа.

- Тийм ээ. Ном уншдаг бүхэн юу гэж шүлэг бичдэг байхав. Харин чиний нүүр номд цагаа зарцуулдагт чинь баярлаж байгаа шүү. Хэрвээ тийм биш байсан бол алс холын бяцхан тосгонд ийм авьяастай, мундаг охин байгааг мэдэхгүй өнгөрөх байлаа. Харин хүмүүс хэт их магтаад чамайг эвдчихвий гэж айдаг шүү?

Баярлалаа танд. Би л хэт биеээ тоохгүй байвал явах ёстой замаараа хүрэх ёстой газраа хүрч чадна гэж боддог. Б.Лхагвасүрэн гуайн дөрвөн мөрт байдаг даа.

“Атаа хорсол намайг ирлэж

Аядуу магтаал намайг мохооно

Алинийг нь ч тоолгүй толгой өндөр явсны учир

Амьдын хорвоо намайг дуртай дургүй ч дурсана” гэж.

- Сайхан мөртүүд байна. Би аливаа зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэдэгт итгэдэг. Чиний үеийнхэн бүгд чам шиг ингэж мэдэрдэг бол бие биесээ хурцлаад монголын яруу найргийн ирээдүйд санаа зовох зүйлгүй байж болох шиг. Магтаал, зэмлэл хоёрыг адилхан даагаад сурчихвал ч, тийм ээ?

Тийм шүү. Гэрэлтэх ёстой цагтаа хамгийн тодоор гэрэлтэх минь...

- Чи гэрэлтээд эхэлчихсэн гэж би бодож байна. Харин улам тодрох уу, үгүй юу гэдэг л байна даа. Надад шүлэг бичдэг хүмүүс энгийн хүмүүсээс огт өөр шиг санагддаг. Хагас галзуу эсвэл бүр солиотой ч юм шиг. Чи ч гэсэн өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрдэг байх даа?

Бусдаас өөр эсхүл ижилхэн гэдгийг минь бусад хүмүүс л мэдэх байх. Харин мэдрэмжээ бүр энгийнээс ангид энгийн байлгахыг хичээдэг. Түүн дотроос эгэлгүй зүйл олдох юм шиг л санагддаг юм.

- Ирэх намар гэхэд Дэвээжаргал Улаанбаатар хотод ирчихсэн, оюутан болчихсон байх нь ээ. Ингэж бодохоор догдлол ч юм уу ямар нэгэн зүйл мэдрэгдэж байх юм уу?

Мундаг яруу найрагчид руу нэг алхам дөхөх тул багахан хэмжээний айдас, мөрөөдөл рүүгээ нэг алхам биш нэлээн хэдэн алхам дөхөх тул аз жаргал мэдрэгдэж байна. Хурдхан намар болоосой гэх хүлээлт бүр ирээдүй рүү яаруулаад, цаг хугацааг хаячихаад, болдог бол гүймээр мэдрэмж хааяа төрөх л юм.

- Хотод ирээд хамгийн түрүүнд хийж үзэхийг хүсэж байгаа зүйл бий юу, эсвэл хамгийн түрүүнд уулзахыг хүссэн хүн ч юм уу?

Уулзахыг хүсэж байгаа хүмүүс олон байгаа шүү.

- Их хотод амьдрах тийм ч амар биш. Гэхдээ л чи эндээс л өөрийгөө бүр илүү их мэдэрч, ойлгох байх гэж найдаж байна. Тийм болохоор чиний өмнөөс бяцхан догдолж байгаа шүү. Тэгээд чамд хэр өөрчлөлт авчирч байгааг шүлэгнээс чинь унших байх гэж бодож байна?

Мэдэхгүй газар, зүс танихгүй хүмүүс дунд яаж амьдрах минь үнэхээр сонирхолтой.

- Чамд сайхан бүхнийг авчраасай гэж хүсэж байна. Тэгээд хоёулаа хоёр ч юм уу гурван жилийн дараа дахин ярилцаж болох юм. Зөвшөөрөх үү?

Зөвшөөрөлгүй яахав, тэр үеийн Дэвээжаргал одоогийнхоос хэр өөрчлөгдсөний хэмжүүр тэр болох байх.

- Чамтай ярилцах сайхан байлаа. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа.

Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

* * *
Тас хүйтэн мөстэй усаар 
Гараа, час улаан болтол угаачихаад 
Хөлдөж байх шиг чимчигнэхэд нь
Галд ээхгүй,
Ганц авиа ч гаргахгүй 
Аав мишээж л байсан

Явган шуурга сөрж 
Явган, уул өөд мацаж 
Хацар, чихээ хөлдөөчихөөд 
Харж, эмзэглэх ч үгүй 
Аав инээж л байсан

Өвдөж байсан ч, хэцүү байсан ч 
Аав инээж л байсан

Шантарч цөхрөөд уйлмаар өдрүүдийг
Ширэв татан, ороолгож сөхрүүлчихээд

Жамын хэцэн дээр өвөөгийн морь эргэцэхэд л
Аав, нударган дотроо мэгшиж харагдсан
Би анзаарсан, /тийм том эр хүн нударгандаа багтахыг анх удаа л харсан/

Тэгэхэд л би аавыгаа уйлдаг гэдгийг мэдсэн...

М.Дэвээжаргал

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)

Онцлох мэдээ