...
...

Х.Эрдэнэбаатар:Төөрөөд хөлдөж үхэхгүйн тулд орцонд хоног төөрүүлж явлаа

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, Ховд аймгийн музейн захирал Хөөдөөгийн Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Монголын уран зохиолд яруу найрагчдаас хөдөө орон нутагт сууж уран бүтээлээ туурвидаг цөөн найрагчийн нэг бол та. Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?

-Энэ жилийн хувьд уран бүтээл арвин байна, саяхан шүлгүүдээ дүрсжүүлээд цомог гаргасан нь гар дээр ирлээ. Одоо нэг ном бэлэн болгочихсон, Дэлхийн яруу найрагчдын баярын үеэр гаргах санаа байна. Хэрэв амжихгүй бол ирэх наймдугаар сард Ховд аймагт Утга зохиолын салбар үүсч хөгжсөний ойн баяр болно, энэ ойдоо өргөн барина даа. Миний хувьд Ховд аймгийн Музейн захирлаар ажилладаг тул ховор олдвор арехологийн тухайд эрдэм шинжилгээний чиглэлийн ном бас бэлдэж байна. Манай аймгийн нутаг дэвсгэрээс архелогийн ховор нандин олдвор ихээр олдох болсон. “Адидас” фирмийн хувцастай залуу бүсгүй мөнх цэвдгээс олдсон. Энэ ховор олдвор өөрөө чухлаас гадна эдэлж хэрэглэж байсан эрдэнийн зүйлс, өмсөж зүүж байсан хувцас нь ямар их зүйлийн утга учрыг тайлж байна вэ. Гагцхүү манай музейн барилга маань шаардлага хангахаа больсон учраас мэргэжлийн байгууллагаас ашиглахыг хориглосон. Шинээр музейн барилга барихаар зураг төслийг нь бэлэн болгоод газрын асуудлыг нь шийдсэн байгаа. Хараахан төсөв мөнгө нь шийдэгдээгүй, аймгийн Засаг дарга, зарим удирдлагууд энэ тал дээр анхаарч байгаа учраас төсөв мөнгө нь шийдэгдэж таарна. Тэгэхээр стандартын шинэ барилгаа барьчихаар ховор үзмэрүүдээ дэлгэнэ.  

-Ховд аймгийн Дуут сум бол туульчдаараа алдартайгаас гадна цуур хэмээх хөгжмийг авч үлдсэн зон олон гэдэг. Энэ ч утгаараа Дуут сум бол билэг танхай найрагчдаараа алдартай нутаг. Нутаг зон, туулийн талаар ярих уу?

-Алтайн баатарлаг туульс хэмээх энэ тэнгэрлэг зүйлийг олон зуун жил авч өнөөдөр бидэнд өвлүүлсэн нь Дуут, Мөнххайрхан сумынхан. Алтайн урианхайчууд, Баян-Өлгийн зарим сумдууд бас орж байна. Засагт хан ноён аймгийн Дархан бэйсийн хошуу Урианхайн баруун хошуунд туульчид байв. Зөвхөн Жилхэрийн удмынхан гэхэд 370 орчим жил туулийг авч ирсэн байх жишээтэй. Сая гэхэд Төрийн өргөмжлөлт туульч А.Балдандорж ирээд өвлийн адаг сарын 15-нд “Аргил цагаан өвгөн” хэмээх туулийг бүрэн эхээр нь оройн зургаан цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл хайллаа. Мөнхүү Алтайн туульст зориулсан хөшөө цогцолборыг Төрийн шагналт барималч Л.Ганхуяг хийж, аймгийн Засаг дарга Д.Галсандодог болон түүний багийн идэвхи зүтгэл, нутгийн бизнесмэнүүдийн хандив хөрөнгөөр Ховд аймагт байгуулсан. Өнөөдөр бол туульчид нь цөөрөөд байгаа ч уран үгсийнх нь арвин сан яруу найрагчдаар нь дамжин төрөөд байна уу гэж боддог. Тиймдээ ч Ховд аймгаас төрөн гарсан яруу найрагчдын 50 хувь нь Дуут сумаас байдаг. Тухайлбал, “Онцгой эрх” хэмээх алдартай зохиол бичсэн Лха.Дарьсүрэн, яруу найрагч Д.Чинзориг, Ё.Цэдэнбал, орчуулагч, яруу найрагч Д.Оюунчимэг, цаад талд нь Дагданготов, Бүрнээ гээд байна. Энэ жил “Болор цом” авдаг М.Отгонбаяр гэхэд манай сумынх. Өнөөдөр ч Дуутын олон сайхан авьяастай залуучууд намайг багшаа гээд явж байгаагаас харахад яруу найрагчид Дуутаас илүү олон төрж байна.  

-Олон цагаар тууль хайлдаг хүмүүсийг харж сонсож л өссөн байлгүй. Энэ талаар яривал сонирхолтой санагдлаа?

-Алдарт туульч Б.Чойсүрэн гэдэг хүн бол манай өвөөгийнхтэй айл аймаг байсан учраас харж сонсож өссөн хүмүүсийн нэг...  /үргэлжлэлийг эндээс/

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ