...
...

Нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ

СЕХ-ны  Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцав.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт энэ баасан гарагт болно. Түүнд  өрсөлдөгчид хуулиараа олонхийн санал авсан нь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцогдох  ёстой юу?

Тиймээ, Үндсэн хуулийн 31.5-д заасны дагуу Хоёр дахь санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзнэ.

Хоёр дахь санал хураалтад оролцсон хоёр нэр дэвшигчийн аль нэг нь сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхийн санал буюу тавин хувь дээр нэмэх нэг санал авсан тохиолдолд Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг гаргана.

Ямар тохиолдолд дахин сонгууль явагдах  вэ?

Хоёр дахь санал хураалтаар хоёр нэр дэвшигчийн хэн ч олонхийн санал буюу тавин хувь дээр нэмэх нэг санал авч чадаагүй тохиолдолд Үндсэн хуулийн 31.6-д заасны дагуу дахин сонгууль явуулна. Дахин сонгуулийг Улсын Их Хурлаас товлон зарлана.

Хэрэв сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд дахин сонгууль зарлагдах уу. Энэ асуудлыг хуульд хэрхэн зохицуулсан байгаа вэ?

Хоёр дахь санал хураалтад нийт сонгогчдын тавиас дээш хувь нь оролцоогүй тохиолдолд дахин сонгууль явагдахгүй. Харин нэмэлт санал хураалт явагдана.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог болдог. Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулна гэж Сонгуулийн тухай хуулийн 106.1 дэх хэсэгт заасан байгаа.

Нийт сонгогчдын тавин хувь оролцоогүй тохиолдолд тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий Хороо гаргаж, уг шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор явуулна.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгөх ёстой байгаа.

Нэмэлт санал хураалт явагдсан боловч сонгогчдын ирц 50 хувьд хүрэхгүй байх тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?

Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана гэж Сонгуулийн тухай хуулийн 106.6-д заасан.

Иймд нэмэлт санал хураалт явагдсаны дараа санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий Хороо гаргаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

 

Эх сурвалж:СЕХ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ