...
...

П.Баатар:Бүх өвчин ганцхан шалтгаантай, тэр нь МУНХАГ гэсэн үг бий

Бид энэ удаагийн зочноороо Монгол Улсын хүний гавьяат эмч Пунцагийн Баатарыг урьж ярилцлаа. Тэрбээр уламжлалт анагаах ухааны“Оточ Одь” нэртэй  эмнэлгээрээ дамжуулж олон хүний эдгэшгүй хүнд өвчнийг анагаажээ.


Эрүүл саруул аж төрөхүйн арга ухааныг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх таны ажил үйлс тавлаг сайн биз дээ.  Таныг  БНХАУ-д болсон томоохон хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирлээ гэж сонссон. Энэ талаар чинь яриагаа эхлүүлэх үү?

- Юуны өмнө “Breakingnews.mn” сайтын хамт олон болон нийт Монголын ард түмэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Миний багш Цэрэндорж хориод жил “Дээд эрүүл мэнд”-ийн талаар судалгаа шинжилгээ явуулж, олон түмний эрүүл энхийн төлөө тууштай зүтгэдэг хүн байв. Нас нь 80 гараад хорвоогийн жамаар таалал төгсөж бурхандаа явсан юм. Багш минь амьд сэрүүн байхдаа надад үүрэг өгч байлаа.  Тэрээр хэлэхдээ “За Баатар минь Дээд эрүүл мэнд гэдэг зүйлийг л дэлхийд нэг сайн хүргэх хэрэгтэй шүү. Бид хэдий олон жил хөдөлмөрлөж амжилт олсон ч гэсэн дэлхийд хүргэж чадсангүй.” гэсэн юм.

Багшийг амьд сэрүүн үед Америк, Япон гэх мэт олон орон урьж лекц семинар уншуулдаг байсан ч тэр нь багшийн минь хүссэн шиг хүрээгээ тэлж өгөхгүй байлаа. Бидний зүгээс багшийнхаа захиасыг биелүүлж өөрсдийн эмчилгээний онол арга зүйг дэлхийд таниулах их үйлсээ биелүүлэхээр  зургадугаар сарын 16-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод болсон “Дэлхийн уламжлалт анагаах ухааны хурал” –д урилгаар оролцож илтгэл тавьсан таатай үйл явдал болж өнгөрлөө. Тус хуралд Монгол Улсаа төлөөлөн гурван хүн оролцсон юм. Бид Цэрэндорж багшийнхаа зааж сургасны дагуу “Дээд эрүүл мэнд”-ийн онол арга зүйн талаар илтгэлээ англи, хятад хэл дээр тавьсан. Хурал цуглааны тухайд сонин хачин ихтэй, их сайхан болж өнгөрлөө.

Таныг Дорноговийн Баатар эмч гэдэг юм билээ... Эцэг эхээс заяасан нэр тань Баатар. Ард түмний цоллон дуудах нэр нь ч баатар байна гэдэг сайхан биз?

Баярлалаа. Намайг их олон янзаар дууддаг юм. Элэгний Баатар, Таван цулын Баатар, Хавдрын Баатар гэх мэт. Гэхдээ би хувьдаа Дорноговийн Баатар нэрэндээ илүү их хайртай байдаг юм. Миний нэр алдар нутаг устай минь холбогдон сайнаар дуудагдаж байгаа нь их сайхан санагддаг юм л даа.

Та залуудаа тамирчин, дээр нь биеийн тамирын багш дасгалжуулагчаар ажиллаж байсан гэж сонссон. Эрүүл мэндийн салбар руу орох болсон шалтгаан нь юу байв?

- Хүний хувь тавилан гэдэг их сонин шүү дээ. Хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлтэйгээ ямар нэгэн байдлаар нүүр тулах үе цөөнгүй бий. Миний хувьд залуу тамирчин байх үедээ бэлтгэл сургуулилтаа хийж байгаад толгойдоо хүнд бэртэл авч олон эмнэлгээр явж эмчилгээ хийлгэсэн боловч нэг л тэнхэрч өгөхгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн. Өдөр бүр нойроо хайж, унтаж амрахыг хүсдэг байлаа.

Яг ямар бэртэл авсан юм бэ?

- Залуу байхдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг байсан юм. Тухайн үед одоогийнх шиг бэлтгэл хийдэг тусгай заал гэж байхгүй худаг дотор хэдэн хар төмрөө байрлуулаад өргөдөг байлаа. Штангны бэлтгэл хийж байхдаа араас суулт хийгээд босохдоо төмрийн тавиурынхаа нэг талын тавих хэсгийг харалгүй алдчихсан чинь толгойн баруун тал руу төмөр нь ороод ирсэн юм. Нэг ёсондоо толгойгоо хавчуулчихсан гэсэн үг. Тэгээд нэг мэдсэн ухаан алдаад цэргийн госпиталь- эмнэлэгт хүргэгдчихсэн нугасны усаа авахуулах хүртлээ хүнд гэмтсэн байсан. Түүнээс хойш биеийн байдал их муудсан. Байнга толгой өвдөнө, нойр байхгүй. Олон сайхан эмч нар намайг хүнд үед тус болж байсныг би мартдаггүй юм. Тухайлбал зөвлөлтийн Зорин эмч, Хайрулла эмч гэх мэт. Тэдний сайхан сэтгэлийн үр дүнд өвчин зовлон багасаж байсан ч бүрэн тэнхэрч өгөхгүй байсан юм.

Сүүлдээ ч бүр аргаа бараад “үхчих юмсан” гэж бодогддог болсон. Зөвхөн нойртой болохын тулд хүчтэй антибиоткийг атга атгаар нь уудаг байлаа. Арга ядсан тэр үед ээжийн минь хамаатан “шар” Сувд гэдэг хүн манайд ирээд “Одь мааранба гэдэг хүн байдаг юм аа. Их аймтгай, барагтай л бол үзэж өгөхгүй ээ, яахав би чамайг дагуулаад явъя” гэснээр нь хамт очсон. Тэгээд очоод үзүүлтэл үнэхээр надаас айгаад надтай дуугарч өгөхгүй байсан.

Тухайн үе нь  социализм  учраас элдэв лам хувраг, үзмэрч бариачийг эсэргүүцдэг  байсан биз дээ?

- Тиймээ. Төр захиргаа хатуу, хамаагүй юм ярьж болдоггүй чанга үе л дээ. Багш дээрээ анх очиход өөрөө ч үг хэлэхгүй, авгай нь ч нүүр өгөхгүй байсан. Хальтхан судас үзсэн болоод л надад хандаж “Чи манайхаар битгий их ирээрэй, маргааш өглөө зургаан цагт ширээн доогуур гуравхан тун тавьчихсан байна шүү. Тэрийг ирж аваад битгий л манайхаар ирээрэй. Цаашаа яваарай!” гэсэн. Би ч хэлснийх нь дагуу очоод эмийг нь авч хэрэглээд л 1983-1986 он хүртэл нойргүй байсан хүн чинь шууд нойр хүрсэн. Тэгээд л би их гайхаж, баярлаж, сүжиглэсэн. Эргээд баярласан сэтгэлээ хэлье гээд яваад очсон чинь ер нь их дуу шуугүй ярвайсан маягтай л байсан. Би багшдаа хандаж “Миний бие их сайхан болсон. Үнэхээр их баярлаж, сүслэн залбирч, гайхан биширч байна. Би танд шавь оръё” гэтэл “Дуугүй яв. Ер нь дуугүй л яв. Бага ярь тэгээд яв” гээд намайг явуулсан даа. Хөөгдөөд явахдаа би цаг үе сайхан болно гэдэгт итгэлтэй байсан. Ингэж л би энэ том мааранбатай учирсан юм.

Та тэгээд шавь орж чадсан уу?

- Тэр жилдээ шавь орох гэсэн хүлээж аваагүй. Зун цаг ч байсан. Хэсэг хугацааны дараа намар нь шавиар авсан даа. Түүнээс хойш л энэ зам мөрөөр явж эхэлсэн. Өөрөө ном суръя гэчихээд багшийгаа амьд сэрүүн байхад нь шинжлэх ухааны анагаахад оръё гэлтэй нь биш. Багшийнхаа хажууд судал түшиж, эм тан бэлдэж явсан. Би багшийгаа 10-аад жил дагасан. 1996 онд  багш минь нас барж тэнгэртээ заларснаас хойш би анагаахад орж суралцаж “лам эмч” болсон доо.

Олон түмэн таныг хорт хавдар эдгээдэг ид шидтэй оточ гэж ярьдаг юм билээ. 

- Ид шид ч гэж юу байхав. Миний багш Одь болон дээшээ найман үеийн эрдэм чадалтай оточ, мааранба багш нарын л ид шид, хүч шүү дээ. Миний багш гэрийн сургалттай 8 дахь үеийн их мааранба Дорж буюу олноо алдаршсан нэр нь Одь юм. Миний дээд үеийн их багш нар бол ижилгүй төгс мэргэд байлаа. Бүгд Жингэр тэмээтийн агуйд урт богино бясалгал хийж гэгээрсэн бурхад. Анхны их багш Жамъян- Яндаг 7 жил нямба даянд сууж гэгээрсэн хүн. Тэр их багшийн зүрх тарниас ам дамжсан үнэнийг би чамд ярьж үлдээе. 1261 онд Хубилай цэцэн хаан монгол отчийн сургууль байгуулсан юм гэнэ. Тэр нь хэдхэн зуун жилийн дараа хятад эмчийн сургууль болчихож л дээ. Тэгээд нэг монгол маарамба багш өөрийн шавьд Лүндэн буулгаж нааш явуулсан нь миний багш нарын хамгийн их гэгээрсэн оточ мааранба Жамъян- Яндаг юм шүү дээ. Би энэ мундаг хүмүүсийн ес дэх үе нь болж уламжлалт анагаах ухааныг, дээд эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр явж байгаа юм. Энэ нь ч үр дүнгээ өгч олон хүнийг эрүүл саруул болгож байгаад сэтгэл их өег байдаг юм аа.

Багшийн тань хамгийн их  хэлдэг захиас, сургаал нь юу байв?

- Ер нь номыг сайн үз. Номыг туйлд нь хүртэл сур. Тэгсэн цагт эдгэхгүй өвчин байхгүй. Миний Дамчаа мааранба багш маань эмээр эдгэж байсан өвчин бүхнийг эдгээж байсан. Багш минь надад “Чи номоо сайн үзэж чадах юм бол бор гэрээсээ ертөнцийг үзэж чадна. Номын утгыг сайн ойлгож, гүн суралц. Хамгийн гол нь эх болсон зургаан зүйл, амьтан гэсэн бодь сэтгэл, тустай сэтгэл, үнэмлэхүй сэтгэлийг юугаар ч сольж болохгүй. Нэр хүнд, алдар гавьяа, мөнгө төгрөг гэх мэт. Амьтныг эмнэх юм бол, нэгэнтээ л нэр холбогдох юм бол эхнээс нь аваад нас орон ортол, нас орж байсан ч /Нас орох гэдэг нь таалал  төгсөх буюу үхэлд хүрэх/ гэсэн эмээ өгөөд л багшдаа залбирч байх хэрэгтэй. Миний олон үеийн багш нар ингэж л ирсэн юм” хэмээн захидаг байсан даа.

Хорт хавдар гэдэг нь сүүлийн үед залуужих хандлагатай байна гэж их ярих болсон. Олон хүнд тусалж өвчин зовлонгоос нь салгаж байсан хүний хувьд таны ажигласнаар ямар хорт хавдраар монголчууд өвчлөөд байна вэ?

Хорт хавдар бол маш их залуужиж байгаа. Ялангуяа хүүхдүүд. Үүн дотроо тархины хавдар, цусны хавдраар их өвчилж байна. Том хүмүүсийн хувьд элэг, цөс, эмэгтэйчүүд, уушгины хорт хавдрын өвчлөл их байгаа. Энэ тухай 2006 онд Х.Цэрэндорж багш бид нар хорт хавдар өвчний анхны 100 гаруй тохиолдлуудад уламжлалт анагаах ухаан эмчилгээний үр дүн өгч байгааг тогтоосон. Эрдэм  шинжилгээний хурал  хийлгэсэн.

Танайхыг зорьж эрүүл мэндээ даатган ирсэн хүмүүст үзлэг оношилгоог хэрхэн хийдэг юм бэ?

- Дээд эрүүл мэнд буюу уламжлалт Монгол анагаах ухааны аргаар л бүх зүйлээ хийдэг. Судал түшиж оношоо гаргаж эм тангуудыг нь бичиж, хэрхэн хэрэглэх болон сэтгэл санаа бие мах бодийн хувьд ямар байхыг нь зааж зөвлөдөг. Дээд эрүүл мэнд хэмээх онол арга зүйгээрээ бол мэдээлэл эмчилгээ, сэтгэл засал эмчилгээ, тарнийн эмчилгээнүүдийг уламжлалт арга зүйнхээ хажуугаар европ эмийг тантай хавсарч эмчилгээгээ хийдэг. Мөн дээд их багш нартаа залбирч, тэднийхээ зарлигаар л явдаг. Бид эмчлэхдээ бусдаас их өөр. Тухайлбал, даралт ихэссэн хүнд бид даралтын эм өгдөггүй. Гашуун, нясуун чанартай зүйл өгөнгүүт хэвийн байдалдаа орох жишээтэй. Зүрх өвдөж байгаа хүнд барагтай л зүрхний эм өгөхгүй. Манай багшийн уламжилж ирсэн арга нь дайсан махбод, нөхөр махбод аль нь хоорондоо эсэргүүцэн тэмцэлдэж, нэгдэж байгааг нь амтаар, эрдмээр, шингээлтийн төгсгөлөөр эмнэдэг юм.

Дээд эрүүл мэнд гэж юуг хэлдэг юм бэ?

-  Дээд эрүүл мэнд гэдэг нь хэн нэг хүний бодож олсон мэргэн санаа, онол биш, хүний бие махбод, ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй, сэрэмсэр, амин орон, газар тэнгэрийн харилцааны тухай л юм. Та ухаарсан эс ухаарсан ялгаагүй ийм л харилцаа шүтэлцээ өөр өөрийн жам хуулиар явагдаж л байдаг. Тэр харилцаа шүтэлцээний хуулийг мэддэггүйгээсээ болоод зөрчих сулрах, гажаах зэрэг олон сөрөг үйлийг өөртөө үүсгэдэг. Ерөнхийдөө дээд эрүүл мэндийн тухай ойлголтыг тодруулбал,

  • Бие эрүүл – гоо сайхан
  • Ухаан саруул – цэцэн мэргэн
  • Сэтгэл ариун – өршөөнгүй уужуу
  • Дотоод хийн эргэлт тэгш – амар амгалан
  • Амин орон цэвэр- гэрэлтэнгүй тунгалаг
  • Ухамсар төгс – гэгээрэнгүй
  • Сэрэмсэр төгөлдөр- бурханлаг
  • Орон тааламжтай бат бэх байхыг хэлнэ гэж ойлгож болно.

Хүүхдүүд хорт хавдартай болж байна гэлээ. Юунаас болж хүүхдүүд өвчлөөд байгаа юм бол?

- Цэвэр амьдралын зөв хэвшил, явдал мөрөөс хамааралтай зүйл шүү дээ. Зарим хүүхэд төрөлхийн хорт хавдартай байхад хэсэг бүлэг нь энгийн амьдралаас л өвчлөлд өртөөд байгаа юм. Энэ нь мэдээж амьдрах орчин, идэж уух, өмсөж зүүхээс л эхэлдэг. Ялангуяа хүнсний аюулгүй байдал маш аюултай. Буруу хооллолт буюу харшилсан хоолыг их идэж байна. Жишээ нь өндөг, загас, тахиа гурвыг нэг дор идэж болдоггүй. Гэтэл түүнийг мэдэхгүйгээсээ болж урвасан хорыг бий болгож өөрийгөө өвчлүүлдэг. Ийм учраас хэвлийдээ хүүхэд олсон цагаасаа л эрүүл хүүхэд төрүүлэхийн төлөө хичээж амьдрах хэрэгтэй.

Та бусдыг үзэхдээ судал түшиж эрүүл мэндийн байдал ямар байгааг үздэг шүү дээ. Гэтэл “судал түших” гэж яг юуг хэлээд байгаа вэ. Нарийхан, мэдэгдэхтэй, үгүйтэй зөөлөн цохилох зүйлийн хаанаас нь тэр их мэдээллийг олж авдаг юм?

- Судал түших талаар дэлгэрэнгүй ярих юм бол маш том ном болно. Тийм учраас товчхон ярья л даа. Би энэ асуултыг Одь багшаасаа чам шиг асууж байсан удаатай. Тэгсэн “Судал түшнэ гэдэг бол холын явдал мөр бөгөөд далд утгын гүн ухаан юм” гэсэн юм. Манай хамт олны зүгээс судал түших ойлголтыг арга билгийн онолоор тухайн өвчтөнийхөө уг үндсэн шалтгааныг нотолж байгааг хэлдэг. Ер нь судлаар оношлоно гэдэг бол маш том ухаан шүү дээ. Цэрэндорж багш болон бидний зүгээс судал оношилдог 996 хувилбар байна гэж үзээд өөрийн номондоо 886 хувилбарыг бичээд 100 судалыг нь нуусан байдаг юм.

Яагаад нуусан юм бол?

- Ирээдүйд үлдсэн 100 судалыг задлан, шинжлэн, нотлон гаргаж ирэх хүүхдүүд төрнөө гээд л нуусан даа. Судал түших гэдэг нь хий шар бадгана, долоон тамир, 36 махбод, нарны явдал, сарны явдал, идээ ундаа гэх зүйлүүдийн маш нарийн зүйлүүдийг өвчний халуун хүйтэн дээр хураагаад явдал мөрийг мэдрэх үйл явц юм.

Олон орны судал түших ухаан байдаг. Солонгос, Хятад, Япон гэх мэт. Энэ бүгдээс Монгол орны цаг агаар, уур амьсгалд зурхайгаа тааруулж, судсаа үзэж, газар нутгийн онцлогт нь тааруулж эм тангаа өгдөг уламжлал байсан.

Уламжлалт анагаах ухаан буюу дээд эрүүл мэндэд тэжээхүйн ухаан гэж их яригддаг. Энэ талаар яривал?

- Юуны өмнө өрнийн Анагаах ухаан, Монголын тэжээхүй ухаан хоёрын хооронд ялгаа их бий. “Анагаах ухаан” гэдэг нэгэнт өвчилсөн хойно нь анагаан эдгээх гэсэн ойлголт ил байна. Тэжээхүй ухаанд “Нэгэнт өвчилсөн хойно нь” гэсэн утга санаа нь далд дам, үүнээс наана. Эрүүл саруул аж төрөхүйд хэрэгтэй бүхнээр тэжээн тэтгэх ухаан гэдэг нь харагдана.

Юу юугаар тэжээнэ гэж?

- Агаараар, усаар, хоол хүнсээр, нарны илч, өнгө, туяагаар, сарны гэрэл, татал түлхлээр, оддын гравитац таталцлаар, ухаан, оюун ухамсраар, сэтгэл сэтгэхүй, нарийн хийн эргэлтээр, бурхан бурханлаг дээд хүчээр, дуу авиагаар тэжээнэ.

Ер нь өвчин эмгэгээс хол байхын тулд тэжээхүйн энэ зүйлсийг амьдралдаа хэрэглэх юм байна. Тийм үү?

- Мэдээж тэгэлгүй яахав. Ер нь өвчин гэж юу вэ гэдгийг зөв тодорхойлохын тулд бид эхлээд өвчин хэдэн янз байдагт хариу эрэх хэрэгтэй. Юуны өмнө өвчнийг хамт төрсөн, төрөөд олсон гэж хоёр том хэсэгт хувааж үздэг. Төрөөд олсон өвчин нь халдвартай, халдваргүй гэж хоёр янз байдаг. “Монголын тэжээхүйн ухааны судар бичгүүдэд бүх өвчин ганцхан шалтгаантай, тэр нь мунхаг” гэсэн байдаг.

Энэ нь бидний буруу үйлдлээс болоод байнаа даа?

- Сайн бодоод үз дээ. Хоолоо хэтрүүлж эсвэл дутааж өвдвөл мунхаг. Гараа угаахгүй эрүүл аж төрөх ёсны дэг журмыг зөрчөөд өвдвөл мунхаг. Бэлэгсийн замын өвчнийг эрж олоод өвдвөл мунхаг, хамт төрсөн өвчин ч урьд төрөл, эцэг эх өвөг дээдсийн мунхаг хүслийн гай. Мунхаг шалтгаан бидний ахуй амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг дагалдаж байна гэх үндэс юм шүү дээ.

Таны удамд оточ, мааранба хүн байсан уу?

- Миний болон эхнэрийн минь удамд ийм хүмүүс байсан. Эхнэрийн талд судас барьдаг Цорж гэдэг хүн байсан. Манай удамд ах дүү лам сүүлийн есөн үед байсан.

Энэ сайхан гэгээн уламжлал таны гэр бүлд удамшсан уу?

- Ер нь эмч хүн удамшвал их сайн гэж үздэг. Миний удам талаасаа биш өөрийн их хөдөлмөр, багшаас сурсан эрдмийг үнэн зөвөөр нь ард түмэндээ хүргэх гэсэн хөдөлмөрийн үр шим байсан гэж би боддог. Маш их зүтгэл хэрэгтэй, үнэн сэтгэлээсээ залбирч багшийг шүтэж бодь сэтгэлтэй байсан цагт л энэ бүхэн уламжлан үлдэнэ. Гэхдээ би их азтай хүн. Таван хүүхэдтэй, ам бүл долоо. Одоо том хүү маань эм найруулагч, дараагийн охин нь бизнес чиглэлийн хүн, дараагийн охин нь уламжлалт анагаах ухааны эмч хүн, түүний дараагийнх нь бас эмч. Харин отгон хүү геологийн чиглэлийн мэргэжилтэй. Хангалттай удамшиж чадаж байгаа гэж би боддог. Ухаандаа энэ их багш нарын оюуны мандал гайхалтай. 30 эрдэмтэн, 300 эмч байгаад ч миний багшийн чигчий хурууны дайнд ч үнэндээ хүрэхгүй. Тийм учраас энэ их оюуны том мандал дотор оршин байж, бусдад тус хүргэж, оюуны гэгээрлийг олохын тулд маш их хичээх хэрэгтэй. Зөв хүмүүс байх хэрэгтэй.

Хэвшмэл асуулт сонсогдож магадгүй , үнэхээр л сайн яваа эр хүний ард нэг сайн эмэгтэй байж л байдаг шүү дээ. Та  ханийнхаа талаар ярихгүй юу?

- Мэдээж айл гэрийн хоёр багана чинь нэг нь сайн бол нөгөө нь сайн байна шүү дээ. Эхнэр минь их сайн хүн. Нүрзэд бид хоёр багаасаа нэг ангид, нэг ширээнд тохой нийлүүлэн суусан хоёр шүү дээ. Олон жил ханилах үед эхнэр минь худалч хүнд нэг ч удаа уурлаж, бухимдаж байгаагүй юм шүү дээ. Тэр минь намайг хол хөдөө явахад 45 хоноход утсаар нэг л залгадаг хүн шүү дээ. Асар тайван бодь сэтгэлтэй хүн юм. Их уужуу, төрөлхийн тайван, онцгой хүн юм даа миний хань.

Далдын зөн мэдрэмж танд хэр их байдаг вэ?

- Бид өөрсдийгөө үнэлэх их хэцүү. Яахав манай аав их зөн мэдрэмж сайтай хүн байсан. Ээж бас их мэдрэмтгий байлаа. Анагаахад ээж минь цэвэрлэгч хийдэг байсан. Үндсэн мэргэжил нь аав ээж хоёр минь хоёулаа нягтлан бодогчид. Тухайн үедээ ээж минь хөдөлгөөнтэй ажил хийвэл эрүүл мэндэд хэрэгтэй гэж хийдэг байсан юм. Тэгээд ээж маань анагаахын оюутнуудын билетний асуултуудыг шууд хэлээд өгчихдөг байсан гэдэг 41 чулуугаар үзээд. Манай дүү бас их мэдрэмжтэй “мэргэн Ганаа” гэдэг хочтой байсан. Аавд минь зөн мэдрэмж бас л сайн байсан гэж хүмүүс ярьдаг юм. Яахав дээр үе социализмын үе байсан учраас олон сайхан шидийн мэт зүйлсийг тоолгүй өнгөрөөсөн гэдэг.

Та тамирчин явснаа дурсвал?

- Би долдугаар ангид байхаасаа л хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн. Тэгээд л бэлтгэл сургуулилт хийдэг, “Алдар ” нийгэмлэг буюу одоогийн “Алдар” спорт хорооны тамирчин байсан. Миний анхны багш бол “данхараад” Баянжаргал гэдэг хүн. Бидний бэлтгэл хийдэг байсан штанг бол хуучин ЗХУ гэж байх үеийн дүлий хар штанг байлаа. Ер нь хүүхэд байхдаа бүх төрлийн спортод жигд байсан даа. Анхны өсвөрийн болон залуучуудын УАШТэмцээний нэг мөнгө, хоёр хүрэл медалийг 1979 онд Дархан хотоос авч байлаа. Сүүлд “Алдар” спорт хороонд байх үедээ  л гэмтчихсэн юм даа.

Олон хүнийг өвчин зовлонгоос нь салгаж, эмчлэх үед сонирхолтой, гайхмаар зүйл цөөнгүй тохиолддог биз ?

- Өө тэгэлгүй яахав. Бүх түүхээ яривал хэдэн зуун хуудастай роман болно. Тод санаж байгаагаасаа ярихад “Дархад дууны алдартай дуучин Дариймаа намайг Хөвсгөлд авч очиж нэг хүн эмчлүүлэх санал тавьсан юм. Би ч зөвшөөрч биеэ бэлдээд яваад очтол төрөлхийн даардаг болчихсон хүн байсан. Хүү нь 25 настай сайхан ханхар эр боловч ээж нь даараад байдаг. Аав нь анчин гөрөөчин хүн дээхэн үед эхнэртээ арьсан дах өмсүүлчихдэг байж. Чоно нохойн арьсаар гутал хувцас хийж байнга өмсдөг хүнтэй таарсан юм. Тэрээр ойролцоогоор 20-30 жил хувцсаа тайлаагүй гэдэг. Хамаг хувцсаа давхарласаар байгаад олигтой ч хөдөлж чадахгүй эмэгтэй байсан. Дандаа л хувцастайгаа унтдаг гэж байгаа. Тэр хүнийг багшийнхаа нууц жор “Манаг сэлжир” гэдэг эмийг хар архиар өгч даарахыг нь зүгээр болгож байсан юм. Их сонин шүү.

Одоо тэр эмэгтэй зузаан хувцсаа тайлдаг болсон уу?

- Тиймээ, тайлсан. Олон гайхамшигтай зүйлтэй нүүр тулж явсан минь энэ дээд эрүүл мэндийн төлөө тууштай зүтгэсний л ач шүү дээ. Хэрийн хүн над шиг амьдрал үзэж туулахгүй шүү дээ. Зон олныхоо өвчин зовлонг анагаана гэдэг маш том хувь тавилан. Бас нэгэн түүхийг энд дурсмаар байна. Дархан хотод амьдардаг залуу машинд дайруулаад, бүр машин нь бие дээгүүр нь даваад хамаг ясыг нь хугалаад хаячихсан, өтгөн шингэнтэйгээ холилдчихсон байсан. Тухайн үед ямар ч эмчилгээгүй гэдэг оноштой. Оргил, Даваа гэх түүний найзууд намайг авч яваад  биеийг нь үзүүлсэн юм. Тэр залуугийн биеийг үзэж онош тавьж, эм тангаа уулгасан. Богино хугацаанд сэвгүй эдгэсэн. Одоо тэр залуу Бельгид эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа. Сар болгон надтай холбогддог юм. Би яг энэ талаар удаан яриад суух юм бол 400 жишээ цээжээрээ ярьж чадна. Хүн болгоны өвчний түүхийг хадгалж эрдэм шинжилгээний ажил хийхээр бэлтгэж байна.

Танд үзүүлэхийг хүссэн хүмүүс дотоодоор зогсохгүй биз?

- Өө яахав дээ тэгээд гаднын хүмүүс мэр сэр үзүүлдэг л юм.  Одоо бодоод байхад бараг АНУ, Япон, Герман гэх мэт 30 гаруй орны хүмүүсийг үзэж, эм тангаа барьсан байдаг юм. Ер нь гурван сард нэг удаа гадаадад байгаа Монголчуудаа үзэхийг зорьдог. Гадаад улсад байдаг хүмүүс эрүүл мэндийн үзлэгт хамрагдахад үнэ төлбөр өндөр хэцүү тал их байдаг шүү дээ.

Хүний хорвоод үнэн худал сүлэлдэн оршдог. Үүнтэй адил хүн эмчлэх тал дээр янз бүр байна. Худал онош тавьж сэтгэл зүйн дарамтад оруулах, хайхрамжгүйгээсээ болоод хүний аминд хүрэх гэх мэт. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

- Миний хувьд хорвоо өөрөө агуу том учраас сүүдэртэй гэрэлтэй тал бий, сайнтай муутай ч тал бий. Анагаах ухааны энэ том салбарт ажиллаж буй хүмүүс бол маш эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа. Миний Одь багш хэлэхдээ “Хэн нэгэн өнгө мөнгө харж хүний аминд хүрсэн байх юм бол тэр Эрлэг Номун хаанд шүүгдэхдээ хүн алсан хэрэгт орно. Хэрэв чи мэдэхгүй ч гэсэн сайхан сэтгэл, чин зүрхнээсээ хөөрхий дөө энэ хүнийг эмчлээд өгчих юмсан гээд мэдлэг оюун нь хүрэхгүй өвчтөнөө алдах юм бол тэр хүн алсан хэрэгт орохгүй. Ямар ч худал хуурмагийн цаана Эрлэг Номун хаан илдээ бариад зогсож байгаа шүү” гэдэг байсан юм. Тийм учраас юуны түрүүнд материаллаг сэтгэл байхгүй, бодь сэтгэлээр чин сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэй. Өвчтөн эмч хоёр бол сэтгэл зүрхээрээ нэгдэх ёстой. Гэтэл эмч нь хичээгээд өвчтөн нь эдгэнэ гэсэн сүжиггүй байх юм бол хэцүү шүү дээ.

Таны хамгийн том зорилго, мөрөөдөл чинь юу вэ?

- Монголын анагаах ухааныг дэлхийн түвшинд хүргэх. Ачит багш нарынхаа цагаан буяныг олон түмний хүртээл болгох. Хүн ард болон дэлхийн хүмүүст Монгол эмнэлгийн гайхамшгийг мэдрүүлэх. Олон хүний насыг уртасгах. Би өгч байгаа эм бүхнийхээ ардаас нас нь урт болоосой гэж хүсдэг. Эм гэхээсээ илүү рашаан, сэтгэл зүрх гэж боддог. Цэрэндорж багш минь ч гэсэн надтай ижил хүсэл мөрөөдөлтэй байсан хүн. Саяхан “Дээд эрүүл мэнд”-ийн шинэ онол арга зүйг англи, хятад хэл дээр дэлхийн олон орны хүмүүсийн чихэнд сонсгож чадсандаа маш их баярлаж, хүсэл мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биеллээ олсон мэт санагдаж байлаа. Тухайн үед илтгэл дуусах үед өөрийн эрхгүй нулимс гарч байсан. Үнэхээр сайхан мэдрэмж шүү.

Та бол гавьяат эмч хүн шүү дээ. Төрийн дээд шагнал авч байсан үеэ дурсвал?

- Энэ тухай олон сайхан дурсгал байдаг юм. Эмийн ургамлаа түүгээд явж байтал утас дуугардаг юм байна. Авсан чинь нэг хүн “Та Монгол Улсын Хүний Гавьяат эмч боллоо” гэж байна. “Манай багш авалгүй удсан байтал би авна гэж юу байх вэ дээ, худлаа байлгүй дээ” гэж бодогдлоо. Тэгтэл ахиад л утас дуугарлаа. Ядаж байхад утасны маань цэнэг дуусчих гээд байдаг. Хоёр гурван ч хүн утасдлаа. Дөрөв дэх хүн нь “Сайн байна уу? Ерөнхийлөгчийн тамгын газраас холбогдож байна. Маргааш өглөө 10 цагт танд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр шагнал гардуулна” гэдэг юм байна. Би ч одоо яанаа гээд л сандарч өгсөн. Их гэнэтийн явдал байсан учраас өмсөж зүүх зүйлс ч бэлэн биш. Хөдөө ургамлаа түүж явсан оточ хүн сандарсан гэж жигтэйхэн. Тэгээд л хот руу хөдлөөд, жүжигчин Батцэцэг рүү холбогдож учраа хэлж, ямар хувцас өмсөх талаар зөвлөгөө авлаа. Миний хувьд лам дээлээ өмсчих санаа байгаа тухайгаа хэлэхэд Батцэцэг “Хэрэггүй ээ. Таны тухай мэдээлэл дандаа лам хувцастай байдаг. Та нэг удаа гадаадад лам хувцастай ярилцлага өгөхөд чинь монгол биш Түвд лам П.Баатар гэж бичсэн байсан шүү. Та арай өөр хувцас өмс” гэдэг юм байна. Нэлээн сандруу байсан би яах учраа олж ядаад костюм өмсөх гэснээ байнгын үйлчлүүлдэг “Торго” гэдэг салон руу шөнө орой болсон хойно холбогдлоо. Тэгсэн “Ээ одоо тэр чинь харуул хамгаалалт ихтэй, дохиолол өгдөг газар шүү дээ. Яасан орой холбогддог хүн бэ, яанаа одоо” гэж байна. Төд удалгүй дэлгүүртээ дохиолол өгөөд онгойлгочихлоо хүрээд ир гээд яваад очлоо. Ороод л нэг дээл өмсөж үзсэн таардаггүй. Гонсойгоод л за костюмтай л очихоос гээд гараад явтал өөр нэг дээл байна. Өмсөөд үзтэл яг таарч байна. Тэгсэн малгай байдаггүй. Малгай зарагдаж байхаар нь аваад өмсөх гэтэл яаруу сандруу очсон хүнд бэлэн мөнгө нь дутчихдаг юм байна. Торго салоны дээл, малгай бусдаас үнийн хувьд арай илүү байдаг. Малгай нь тэр үед 200 гаруй мянга болж байсан юм. За яадаг билээ гэж байтал дэлгүүрийн эгч чи зөндөө олон юм манайхаас авч байсан. Маргааш чи гавьяат болох гэж байна. Эгч нь чамд бэлэглэчихье гэлээ. Тэгээд л маргааш өглөө нь очиж гавьяатаа авчихаад Цэрэндорж багш дээрээ очтол “Чи олон үеийн багш нарынхаа цагаан хүслийн өчүүхэн хэсгийг биелүүллээ. Цаашаа урт зам бий шүү шантарч болохгүй. Барын сүүлийг барьж болохгүй, баривал тавьж болохгүй. Гэхдээ чи эмч болоогүй шүү. Эмч хүн бол хүний сэтгэл, сүнсийг эмнэж чадсан цагт л эмч болдог юм” гэсэн юм. Намайг гавьяатаа аваад Төрийн ордноос гарч ирэх үед надаар эмчлүүлж байсан 300 гаруй хүн хүлээж авсан. Бас л их сайхан мэдрэмж.

Тэгэхэд би  Монгол Улсын гавьяат цол хүртсэнээ найман үеийн багш нарын минь оюун ухаан, тэдний их мэдлэг, тэдний хийсэн цагаан буяны үргэлжлэлийг Монгол Улсын төр олж харж үнэллээ гэж бодсон доо.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

- Баярлалаа танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье.

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ