...
...

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар: Их, дээд сургуулийн төлбөрийг НЭМЭХГҮЙ

БСШУС-ын сайдаар томилогдоод удаагүй байгаа Г. Чулуунбаатар өчигдөр их дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудлаар төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөлтэй санал, солилцож, хэлэлцэх зорилгоор хэвлэлийн хурал зарлалаа.

Сүүлийн жилүүдэд улсын сургуулиудын төлбөрийн хэмжээ эрс нэмэгдэж мянга мянган өрхийн амьдралд дараас болж байгаа талаар олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандах болсон. Мөн их сургуулиуд босго оноогоо 400 болгон бууруулж, бүртгэлийн мөнгөөр их хэмжээний санхүүжилт босгож байгаад дургүйцэж байгаагаа эцэг, эхчүүд илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл их, дээд сургуулийн төлбөрийг энэ жил нэмэхгүй хэмээн БСШУС-ын яамнаас мэдээллээ. 

Зөвлөгөөний эхэнд БСШУС-ын сайд Г. Чулуунбаатар "Улсын Их хурал, Засгийн газраас нийгэм эдийн засгийн нөхцөлийг сайжруулах талаар бодлогын суурь арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд улс эх орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайжрах хандлага бий болж эхэлж байгаа хэдий ч өрх гэр бүл, иргэдийн түвшинд хараахан шууд мэдрэгдэх нөхцөл бүрдээгүй байна.

2016-2017 оны хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9 сая төгрөг байна.

Тиймээс эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь олон мянган өрх гэр бүл, иргэдэд санхүүгийн дарамт болж болзошгүй байгаа юм. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр сургалтын хэвийн нөхцлийг хангах боломжийн талаарх урьдчилсан судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр удирдах зөвлөлийн гишүүд та бүхэнд зөвлөмж, чиглэлийг өгч байна" гэсэн юм.

ЗӨВЛӨМЖ:

  • 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүйгээр сургуулийн чиг үүрэг, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах асуудлыг судалж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
  • 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан тэвчиж болох зардлыг санхүүжүүлэхгүй байх, санхүүгийн хэмнэлттэй байх, улсын төсөв болон сургалтын төлбөрөөс бусад санхүүгийн нөөцийн эх үүсвэрийг бий болгох талаар эдийн засаг, санхүүгийн тусгайлсан хөтөлбөрийг судлан боловсруулж, удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх;

Суралцагчдад сургалтын төлбөр төлөх уян хатан нөхцлийг олгож, өрх, гэр бүл, иргэдийг санхүүгийн дарамтгүй байлгах;

  • Суралцагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой хууль, тогтоомжоор заагдсан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг суралцагч, эцэг эх, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, тэдгээртэй холбоотой үйлчилгээг түргэн, шуурхай зохион байгуулах,
  • Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээнд оюутан, суралцагчийг хамруулах талаар Боловсролын зээлийн сан, Арилжааны банкнуудтай идэвхтэй, үр дүнтэй хамтын ажиллагааг зохион байгуулах ажээ.

Энэхүү зөвлөмж, чиглэлийг төрийн өмчийн их,дээд сургууль, коллежийн захирлуудад албажуулж хүргүүлнэ гэлээ. Г. Чулуунбаатар сайд зөвлөмж, чиглэлээ өгсөний дараа төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийн дарга нар өөрсдийн байр суурийг илэрхийлж, сайдын зөвлөмж, чиглэлийг дагаж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Б.Баргужин

www.breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ