Дэлхийн алдарт сохор зөнч Ванга эмээ ямар хүн байсан талаар олон яриа бий. Тэрээр Германы дээд удирдагч Адольф Гитлерт “Зөвлөлт холбоот улс уруу дайрах хэрэггүй. Тэгвэл ялагдана” гэж зөвлөж байжээ. Ванга эмээ Адольф Гитлертэй уулзсан сүүлийн уулзалтад түүнд дэлхийн II дайнд ялагдаж, амь эрсдэнэ гэдгийг хэлсэн гэж судлаачид үздэг. Түүнчлэн Ванга эмээ дээр Болгарын хаан III Борис зочилж Адольф Гитлертэй түншлэх гэж буйгаа дуулгаж зөвлөгөө авахад нутаг нэгт хаандаа “А.Гитлертэй нэгдэх хэрэггүй. Хэрвээ Болгар Улс Германы холбоотон болж дайнд оролцвол ялагдана” гэж хэлж байж. Харамсалтай нь III Борис хаан түүний захиасаас зөрж, Германы холбоотон болсноос 1943 онд 50 насандаа амь үрэгдэж байсан түүхтэй. Ванга эмээгийн олон зөгнөл биелэлээ олсон. Түүний зөгнөл 5079 он хүртэл байдаг ба энэ онд "Дэлхийн төгсгөл ирнэ" хэмээсэн байдаг аж.
Алдарт зөнч Ванга эмээд үзүүлж байсан нэгэн эмэгтэй хэлэхдээ:
- Тэр бол дунд зэргийн биетэй настай эмэгтэй байсан, үргэлж тод биш өнгийн тариаланчийн хувцас өмсөж алчуур зүүдэг байсан. Нүд нь үргэлж аниастай байдаг ч, түүнтэй ярилцах үед, намайг хараад байгаа юм шиг бодол төрдөг. Би анхны удаа очихдоо түүнийг шалгах гээд, би ямар өнгийн даашинзтай байна гэж асуусан юм. Ванга "Чи банзал, цамц өмссөн байна, гэж хэлээд хөхөрлөө, - чи Ванга эмээг шалгаж байгаа юм уу? Бүгд түүнийг нүдээ ашиглахгүйгээр хардаг гэж ярьдгийн үнэн эсэхийг шалгаж байгаа юм уу? Банзал чинь улаан ногоон өнгийн шоотой юм байна, харин цамц чинь хар өнгийнх. Чи хүзүүндээ загалмай биш, харин Нефертитийн алтан толгойг зүүсэн байна. Гэхдээ энэ чинь дэмий хэрэг, муугийн тэмдэг дээ" гэж хэлж байсан. Үнэхээр Ванга эмээгийн хэлсэн шиг хувцасласан би цочирдож хэсэгтээ шоконд орж билээ хэмээн ярьж байжээ.
Ванга 1911 оны 1-р сарын 31-нд төрсөн бөгөөд 1996 оны 8-р сарын 11-нд буюу 85 насандаа таалал төгссөн байна. Петрич хотод амьдарч байсан түүнийг Рупите гэдэг газар “Болгарын Ариун Петка” сүмийн дэргэд оршуулсан юм.
А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
,