...
...

Хэрвээ та анх удаа ууланд...

Амралтын өдрийг ууланд авирах, салхинд гарах гэх мэтээр өнгөрөөх нь хүний эрүүл мэндэд нэн тустай. Ялангуяа агаарын бохирдол ихтэй нийслэл Улаанбаатар хотод амьдарч байга хүмүүсийн хувьд долоо хоногт 1-2 удаа цэвэр агаар болон идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг аж. Уншигч та   ажлын ачаалал, стрессээс салж өөрийнхөө төлөө, энергиэ сэргээхийн төлөө нэг өдрийг өөртөө зарцуулж хэвшээрэй. Хэрвээ та анх удаа ууланд алхах шийдвэр гаргаж байгаа бол танд зориулж дараах мэдээллийг хүргэж байна.

1. Явах газраа тодорхойл

Уул, толгод өөд алхах, явган аялал ч бай адилхан. Суурин соёл ашигладаг автоматжсан технологиос хөндийрч хоёр хөлөөрөө өөдөө мацах эсхүл хол замыг туулах тул та явах замын талаарх мэдээлэлтэй болоорой. Ганцаараа эсхүл найзуудтайгаа эсхүл хэн нэгэнтэй явах байсан ч тэр хүн эсхүл та өөрөө тухайн замаар дор хаяж нэг удаа явсан байх хэрэгтэй гэдгийг сануулмаар байна.

2. Зорилгоо тодорхойл

Уулаар аялаж байгаа хүмүүс ажлын стрессийг мартах, байгалийн сайхныг мэдрэх, олон зүйлийг тунгаах, бодлоо цэгцлэх, жин хаях, амьсгалын замын өвчнийг анагаах гээд маш олон зорилготой алхдаг. Гэхдээ эдгээр хүмүүс таниас өмнө хэд хэдэн удаа алхчихсан, бие организм нь дасчихсан байх тул тэдэнтэй өөрийгөө бүү жиш. Өөрийнхөөрөө бай. Та байгальтай танилцах гэж алхаж байгаа бол байгальтай танилц, та өөрийнхөө тэвчээрийг шалгаж байгаа бол тэвчээрээ тасартал алх, эсхүл найзуудтайгаа хөгжилдөх гэж байгаа бол зугаатай өнгөрөө. Өөр зүйлд бүү санаа зов. Хэн нэгний хувцас тийм, гутал ийм үнэтэй гэх мэт материаллаг явцуу бодлыг тас март.
3.Хувцас

Гэрээсээ гарахаасаа өмнө цаг агаар харж, шаардлагатай бэлтгэлээ сайн хангаарай. Ойрхон бас дулаахан цаг агаартай байна гээд нимгэн явж хэрхэвч болохгүй. Түүнчлэн гар утсаа цэнэгтэйгээр байнга биедээ авах хэрэгтэй шүү. Мэдээж бас гутал сайн байх ёстой. Үүнд UGG, индүүн ултай гутал, өсгийтэй гутал огтоос хэрэггүй. Болж өгвөл арзгар ултай гутал сонгоорой. Хувцасны талаар манай зөвлөмж хэсэгт байгаа тул давталгүй орхилоо шүү.
4. Унд

Мэдээж хэр хол аялахаас хамаарч хүнсээ бэлдээрэй. Өгсөөд уруудах бол хүнд хоол шаардлагагүй шүү дээ. Бага зэрэг тамир нөхөх хүнс байхад хангалттай. Харин найз нөхөдтэйгээ алхаж байгаа бол амттай, бас элбэг хоол цүнхлээд гарч яагаад болохгүй гэж.
5.Цээр хориг

Богд Хан Уул бол Монгол Улсын Тусгай хамгаалалттай, Дархан цаазат газар. Энэ ч утгаараа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хүмүүс явах замдаа идсэн чихэр, татсан тамхины ишийг хамаагүй хаядаг. Хэрэглэхээсээ өмнө үүрээд гарч ирсэн юм чинь идэж, хэрэглэсэн хогоо “буцаагаад цүнхлээд ирэх сэтгэл” бидэнд байх ёстой. Бусад хүмүүс адилхан тэгж л байна ш дээ гэдэг ядуувтар сэтгэхүйг битгий өөртөө шингээгээрэй. “Бид л” алхна, өөр хэн нэгэн биш шүү дээ. Атганд багтах хүнс чинь хүнд ачаа болоогүй юм чинь, тэгээд ч хаясан хогийг үл хайхраад хажуугаар нь өнгөрчхөөд хожим уулын чинээ болчихлоор хэн бэ? Балиар юм заваан юм сэтгэлгүй гэж өөрсдийгөө харааж суух харамсалтай шүү дээ. Идсэн л юм чинь үлдэгдлээ халааслаад доор хогийн цэг дээр хаячихвал байгаль дэлхийгээ хамгаалах иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг юм шүү.
6. Гарсны дараах үр дүн 

Хотынхны байнга алхдаг газрыг Богд Хан Уулын Баруун ширээт газар гэж нэрлэдэг. Ойролцоогоор 9 орчим км урттай, туулах хугацаа 1-2 цаг орчим байдаг. Анх удаа алхах үед бие организмд ихээхэн даралт, дарамтыг мэдэрч ачааллаж, дараа нь хөндүүрлэх /булрах/, хөлийн булчин чангарч болзошгүй. Түүнчлэн уушги дахь агаарын бохирдол гадагшилж нус, цэр ялгардаг. 

7. Алхаж явах үедээ

Усыг бага багаар уух,
Амьсгаа дарсхийж, хэт амралгүй алхах
Хурдан хэмнэлтэй алхахгүй байх хэрэгтэй.

8. Гэртээ харьсан үедээ

Хүйтэн бүлээн усанд хөлөө дүрэх,
Хөлөө хана түшүүлэн, эсхүл өндөрлөсөн дээр дээр тавьж сойх
Хөлийн улыг массажлах зэргээр ачаалласан булчинг амраах хэрэгтэй

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ