...
...

Ж.Оюун-Эрдэнэ: Хүйтэнд толгой нүцгэн явах нь хожим олон өвчний үндэс болдог

“Breakfast time” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор "Монголмед" нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч  Ж.Оюун-Эрдэнийг урилаа.

-“Монголмед” нэгдсэн эмнэлгийн талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай эмнэлэг нь өнгөрсөн нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж, үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна. Барилгын хувьд өнгөрсөн оны долдугаар сард ашиглалтад орсон. Иргэдийн хамгийн чухал эрхэмлэж явах зүйл бол мэдээж эрүүл мэнд. Хүн эрүүл байж чадвал баялаг бүтээж, энэ хорвоо дэлхийд юуг ч хийж чадна. Энэ ч үүднээс "Монголмед" нэгдсэн эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, тав тухтай байдлыг эрхэмлэн, үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд "Эрүүл Монгол Хүний Төлөө" уриатайгаар явуулж байна. Манай эмнэлэг нь үндсэн долоон чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. 

Үүнд: . Дотрын тасаг, 

• Зүрх судасны тасаг, 

• Эмэгтэйчүүд тасаг,

• Хүүхдийн тасаг, 

• Уламжлалт нөхөн сэргээх тасаг,

• Нүдний тасаг, 

• Мэдрэлийн тасаг гэсэн чиглэлээр хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор Монгол улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн стандартын дагуу чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг эх нутагтаа үзүүлж, гадаад улс руу оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах иргэдийн урсгалыг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор ажиллаж байна. Манай эмнэлэгт анагаах ухааны салбарт олон жил ажилласан эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг баг ажиллаж байна. Манай эмнэлгийн үйл ажиллагаа эхлэх 1-р сард томуу, томуу төст өвчний дэгдэлт асар их байсан учир үүнтэй холбогдуулж, бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, амралтын өдрүүдэд харъяалал харгалзахгүйгээр бага насны хүүхдэд эмчийн үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй явуулсан байгаа.

 

-Нээгдээд удаагүй гэхэд танай хамт олон нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа тун сайн ухамсарлажээ. 

-Тийм ээ. Бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аливаа байгууллага ашиг олохыг урьтал болгохоосоо илүүтэй иргэддээ аль болох туслах арга замыг эрэлхийлж байх хэрэгтэй. Тэр тусмаа эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эрүүл мэндийн салбарынхан бусдын эрүүл мэндийн төлөө хамгийн эхэнд зогсдог. Тийм ч учраас бид ашиг олох гэж тэмүүлэхээс илүүтэй дээр хэлсэнчлэн иргэдэд ээлтэй орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх явдал юм. “Монголмед” эмнэлэг маань цаашдаа эрүүл мэндийн үнэгүй зөвлөгөө, үйлчилгээг иргэдэд үзүүлэх сайн дурын ажлыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан. Тухайлбал Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд нүдний харааг сайжруулах, хараа муудахаас урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр болсон. Мөн цагаан сарыг урьтан, ахмаддаа эрүүл мэндийн үзлэгийг үнэгүй хийх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

 

-Танай эмнэлэгт нүдний эмгэгээр нарийн мэргэшсэн, туршлагатай эмч нүдний эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийдэг гэж сонссон л доо. Сүүлийн үед иргэдийн дунд нүдний өвчлөл, тэр дундаа хараа муудах явдал хэт залуужсан. Гудамжаар зөрж байгаа таван хүүхэд тутмын бараг гурав нь харааны шилтэй явж байх жишээтэй. 

-Тийм шүү. Насанд хүрэгсдээс илүүтэй бага насны хүүхдүүд нүдний шилтэй явж байгаа нь үнэхээр эрүүл мэндийн салбарынхны тулгамдсан асуудлын нэг болж байна. 1980-аад оны үед харааны шил зүүсэн хүн маш цөөхөн байсан бол одоо нүдний шилгүй хүн нь цөөхөн болж хувирсан. Ийм учраас манай эмнэлэг энэ талын урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, жижиг мэс ажилбаруудын тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд найдвартай үзүүлж байна. Мөн эхо, лаборатори, рентген зэрэг оношилгоог хийдэг  Бамбай булчирхайн эмгэгийг хэт авиан шинжилгээгээр оношилно. 4D өнгөт эхотой түүгээр бамбай, дотор эрхтэн, хүүхдийн зулайгаар харах дадчиктай, нярайн түнх харна жирэмсэн, ургийн гажиг зэргийг оношилно.

-Нүдний өвчлөлөөс гадна өөр ямар төрлийн өвчлөл бидний дунд хамгийн их элбэгшиж байна вэ? 

-Сүүлийн үед эрхтэн тогтолцооны гажигтай хүүхдүүд маш их төрж байна. Гажигтай хүүхэд төрж байгаа шалтгаан нь өнөөх л утаанаас үүдэлтэй. Энэ нь амьдралд нийцэх гажиг, үл нийцэх гажиг гэж хоёр хуваагддаг. Амьдралд нийцэх гажиг гэдэг нь хүүхдийг төрсний дараа нь мэс заслын аргаар эрүүлжүүлэх боломжтой гажиг юм. Тухайлбал, уруул, тагнайн сэтэрхий, улаан хоолойн битүүрэл зэрэг нь амьдралд нийцэх гажиг. Харин амьдралд үл нийцэх гажигт аль нэг эрхтэн тогтолцоо нь дутуу, эсвэл тархины эмгэг, хүнд хэлбэрийн саажилттай гажгууд ордог.

-Амьдралд үл нийцэх гажигтай хүүхэд ихээр төрдөг гэж үү. 

-Маш олон төрж байна. Насан туршийн тархины саажилттай хүүхдийг өсгөх нь эцэг эхэд ч хэцүү. Нэгэнт гажигтай хүүхэд төрсөн хойно яах ч аргагүй шүү дээ. Харин үүнээс урьдчилан сэргийлэх нөхцөл боломж бидний гарт байна. Ингэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ талын мэдлэг мэдээллийг иргэдэд ойлгуулж, энэ гажгаас хэрхэн, яаж сэргийлэх вэ гэдгийг ойлгуулж байх хэрэгтэй. Эдийн засаг хүнд байна гэж улс төржихийн оронд иргэдийнхээ эрүүл мэндийн асуудал дээр анхаарал хандуулдаг баймаар байна л даа. Яг бодит байдал дээр гажигтай хүүхэд төрлөө ч олон нийтээс их нуудаг. Иргэд үүнийг мэдэж, нүдээрээ харж байж эрсдэлээс өөрийгөө хамгаална шүү дээ. Өмнөх системийн үе шиг хав дараад байвал төдий чинээ л нийгэмд хор уршиг үүсгээд байгааг хаана хаанаа анхаарах ёстой. Олон нийтийн сүлжээгээр “Гадаадад ийм гажигтай хүүхэд төржээ” гэж яриад байдаг мөртлөө энэ нь юунаас болов гэдгийг хэн ч ярьдаггүй. Жишээ нь, дауны гажигтай хүүхэд төрсөөр байна. “Тэрний тэр дауны синдромтой төрлөө” гэж олон нийтэд зарла гээд байгаа юм биш л дээ. Харин үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдгийг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, арга хэмжээ авах ёстой, тулгамдсан асуудал болов уу гэж боддог. Бас нэг асуудал нь ялангуяа охид өвлийн хүйтэнд толгой нүцгэн, доогуураа нимгэн хувцастай явж байна. Үүний хор уршгаар өвчтэй болж байгаагаа мэдэхгүй явж байгаа нь эрүүл мэндийн боловсрол тун доогуур байгааг илтгэж байна. Энэ нь тухайн хүүхдийн буруу ч бас биш юм. Эцэг эхчүүд нь тэдэнд хэлж өгөх, ойлгуулах үүрэгтэй шүү дээ. 

-Та маш чухал асуудлыг хөндөн ярилаа. Манай нийслэл хот дэлхийн хамгийн их нягтралтай нийслэлд ордог. Нийт хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Гэвч хүүхэд залуус өвлийн хүйтэнд малгай өмсөж хэвшээгүй гэдэг судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ? 

-Насанд хүрсэн хүн биеийн дулааныхаа гуравны нэгийг толгойгоороо алддаг бол бага насны хүүхэд гуравны хоёрыг алддаг. Өвлийн хүйтэнд малгай өмсөхгүй явснаар эрүүл мэнд болоод гоо сайхны олон сөрөг нөлөөг дагуулдаг. Гоо сайхны хувьд үс өнгөө алдаж, хуурайшилт явагддаг бол эрүүл мэндийн хувьд маш олон сөрөг нөлөөтэй. Тэр тусмаа тархины судаснууд нарийсдаг. Үүнээс улбаалж тархинд очих тэжээл дутагдаж, ой тогтоолт муудах, хараа сонсгол сулрах зэрэг олон өвчний эх үүсвэр тавигддаг. -

-Бидэнд витамин хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ бидний бие махбодод ямар сөрөг нөлөө үзүүлдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Сүүлийн үед тэр дундаа Д витамины дутагдлын талаар ихээхэн ярьдаг болсон байна.

-Монголчуудын бараг 99 хувь нь Д витамины дутагдалтай болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүнд байх Д витамины хэмжээ нь 30-100-ийн хооронд байх ёстой. Бид Д витаминыг зөвхөн яс, үе мөчний эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж ойлгодог. Д витамины дутагдалд орсноор хүний биеийн эрхтэн тогтолцоонд асар их сөрөг өөрчлөлт ордог болохыг судлаачид тогтоосон. Д витамины тухай мэдээлэл сүүлийн үед сошиал орчинд л яваад байгаа болохоос биш мэргэжлийн байгууллагууд төдийлөн энэ талаар хөндөн ярихгүй байна. Энэ талаар холбогдох эрүүл мэндийн байгууллагууд зөвлөмж зөвлөгөө гаргаж, өргөн хүрээнд сурталчлан, цаашлаад “Д витаминжуулах” аяныг өрнүүлэх зэрэг далайцтай үйл ажиллагааг зохион байгуулмаар байна. 

-Д витамины дутагдал эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг гэлээ. Тухайлбал яг ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ? 

-Мэргэжилтнүүдийн тогтоосноор Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судас, элэг, нойр булчирхайн эмгэгүүд болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогдсон байдаг. Д витамины дутагдлын хамгийн тод харагддаг сөрөг үр дагавар бол сульдаа юм. Харин үүний цаана зүрх судасны үйл ажиллагаа муудах, ой тогтоолт буурах, даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, дархлаа сулрах зэрэг олон өвчин үүсэх нөхцөл бий. 

-Энэ аминдэмийг ямар ямар эх үүсвэрээс авч болох вэ?

-Д аминдэмийг нарны гэрэл, хоол хүнснээс авах боломжтой гэж ярьдаг ч бидний идэж байгаа хүнсний бүтээгдхүүнээр нөхөгдөж чадахгүй байна. Тиймээс Д аминдэмийн хэмжээгээ хянаж, нэмэлтээр ууж хэрэглэхээс өөр аргагүй. Мөн сүү, цагаан идээ болон кальциар баялаг хүнсний бүтээгдэхүүнээс нөхөх боломжтой. Бид үйлчлүүлэгчдэдээ энэ талын мэдлэг мэдээллийг давхар олгодог тул манайхыг сонгон үйлчлүүлэхийг хүсэж байна. 

 

Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ