...
...

С.Зоригийг хөнөөсөн хэрэг: Хариулт нэхсэн 18 жил ард хоцрох уу?

18 жил...Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг бүрэлгэсэн аймшигт аллага үйлдэгдсэнээс хойш даруй 18 дахь жилтэйгээ золгоод байна.            Хүнээр бол нас биед хүрчих ийм урт хугацаанд хуулийн байгууллагынхан тус хэргийг шалгажээ гэсэн үг л дээ.

“Энгийн нэг хэргийг бол ийм удаан шалгах учиргүй. Энэ хэрэг угаасаа улс төрийн захиалгатай нь ойлгомжтой” гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Захиалгатай ч бай, захиалгагүй ч бай ямартаа ч энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, прокурор яллах дүгнэлт үйлдээд Шүүхийн шатанд шилжүүлсэн нь олзуурхууштай. Олон жил шалгагдсан ч одоо л анхан шатны шүүх дээр ирж байгаа С.Зориг агсны хэргийн шүүх хурал хэззэ болох талаар тодрууллаа. Сүхбаатар дүүргийн шүүх дээр энэ хэргийг хэлэлцэх тул тус шүүхийн эх сурвалжаас тов нь тодорхой болсон эсэхийг лавлахад “Прокуророос ирээд удаагүй байна. Өөрөөр хэлбэл, тов тодорхойгүй байгаа. Тухайн үед нь мэдээллэх болно” гэлээ.

Яллах дүгнэлт хэн дээр үйлдэгдсэн бэ

Шүүхийн шатанд шилжсэн хэрэг товын дагуу хэлэлцэгдэх нь тодорхой. Хамгийн гол нь прокурор яллах дүгнэлтийг хэн дээр үйлдсэн бэ гэдэг үнэхээр сонин. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй сүүлийн үеийн мэдээллээр бол С.Зориг агсны хэрэгт мал маллаж, тариа тарьдаг гэх хүмүүс холбогдоод буй юм. Холбогдохоор барах уу, хорих ангид хоригдоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, н.Содномдаржаа гэх гурван хүний нэр дуулдах болов. Ц.Амгаланбаатарын хувьд хүн амины онц хүнд гэмт хэргээр шоронд хоригдож байсан ялтан бөгөөд зүв зүгээр явж байсан гэх н.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зоригийг алсан” хэмээн хуулийнханд хандсанаар энэ хэргийн эзэн холбогдогчоор гурвууланг нь татан хорих 461 дүгээр ангид хориод буй юм. Харин учир битүүлгээр С.Зоригийн хэрэгт холбогдсон гэх Т.Чимгээ, н.Содномдаржаа нарын ар гэрийнхэн өнгөрсөн сард хэвлэлийнхэнд хандаж, “Улс төрийн захиалгат хэргийг эгэл жирийн гэмгүй иргэдэд тохох гэж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм. “Хуулийн байгууллагын сүрдүүлэг хэрээс хэтэрч, энэ хэргийг Ц.Амгаланбаатар гэгч гэмт этгээдийн гүтгэлгээр Т.Чимгээ, н.Содномдаржаа нарт хүчээр тулгах гэж байна” гэх дүгнэлтийг гаргаад байгаагаа Т.Чимгээ, н.Содномдаржаа нарын ар гэрийнхэн мэдэгдээд буй. Харин хуулийн байгууллагын зүгээс “ С.Зоригийн хэрэг илэрсэн. Тун удахгүй шийдэгдэнэ” гэх тойм мэдээг дохио байдлаар хүргэх болсон. Болж өнгөрсөн процессоос дүгнэхэд, С.Зоригийн аллагад дээр нэр дурдагдсан гурван иргэн буруутгагдах магадлал хамгийн өндөр байгаа юм.

Цаад захиалагчид нь хэн бэ

Тиймээ, мэдээж энэ хэргийг энгийн нэг иргэн хийчихээгүй гэдэг нь тодорхой. Тэр тусмаа С.Зоригийн амь нас алдагдах үед хорь ч хүрээгүй байсан гэх Ц.Амгаланбаатар, н.Содномдаржаа, Т.Чимгээ нарын шууд оролцоотойгоор энэ хэрэг үйлдэгдсэн нь юу л бол. Маш энгийн логикоор бодоод үзсэн ч энэ хэргийн цаана томоохон захиалагч бий гэдэг нь тодорхой байгаа юм. Тиймдээ ч 18 жил илрээгүй өдийг хүрсэн биз. Энэ хугацаанд С.Зоригийн хэрэгт томчуудын нэр нэлээн холбогдсон. Тэр дундаас Э.Бат-Үүл тэргүүн эгнээнд нь жагсдаг. Энэ хэрэгт “Яллагдагчаар татагдлаа, шалгууллаа” гэж сүр дуулиан болоод байсан Э.Бат-Үүл хаачив? Энэ асуултад түүнд хамааруулсан хэргийг Нийслэлийн ерөнхий прокурор Б.Амгаланбаатар хэрэгсэхгүй болгосон гэсэн хариу сонсогдлоо. Тэгвэл энэ үйлдлийг “С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт улстөрчдийн оролцоо өндөр байсан гэх таамаглалуудыг улам баталж  байна” гэж дүгнэх хүн цөөнгүй байна.    

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч, сэжигтэн, яллагдагч, ялтан гэх үндсэн зарчмаар хэргийг шүүдэг тодорхой хэдхэн заалт бий. Хэн нэгний андуурч, эсвэл санамсаргүй хэлсэн алдаанаас гэмгүй нэгнийг яллагдагч болгон татдаг томоогүй алдааг прокурор битгий хэл мөрдөн байцаагч ч гаргахгүй. Үүнийг энэ салбарт ажиллагсад цөм мэднэ. Тэр тусмаа яллагдагчаар татна гэдэг нь нотлох баримт, гэрч сэжигтний мэдүүлэг зөрүүгүй таарсан нөхцөлд авдаг арга хэмжээ. Аль эсвэл тухайн үед мөрдөн байцаагчид тоглоом хийгээд яллагдагч болгон татахад  Үүл баатар  яаран сандран хэвлэлийн хурал зарлачихсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөртэйгөө хамаатуулан ярьж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ч “Намайг намын дарга болгоогүй, би их зүйлийг зольсныг Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэднэ” хэмээн намба алдан бачуурсан юм болов уу. Ямартай ч үг дайж мэдэгдэл гаргасныхаа хүчинд өнөөдөр тэр хэрэгт холбогдолгүй болсон ч хавтаст хэрэг, сэжигтэн яллагдагчдын мэдүүлэгт нэр нь дурдаастай хэвээр баримт болон үлдсэн нь сонин. Энэ мэтээр оньсого шиг үргэлжлэх С.Зориг агсны хэрэг хэрхэн шийдэгдэхийг шүүх хурлаас нь харах үлдлээ. “С.Зоригийн аллагын эзэн хэн бэ” гэсэн хариулт нэхсэн 18 жил ард хоцрох эсэх нь анхан шатны шүүхээс бүрэн хамаарах нь тодорхой болоод байна.

С.Баяр

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Хүчээр тулгана гэж байхгүй,гэрчболон баримт хангалттай байгаа байх.Ажлын хэсэг алдаа гаргаагүй байхаа.бурхан минь.

  • Энхбаярыг шүүсэн шиг ард түмний өмнө нээлттэй ил тод шүүгээрэй.

Онцлох мэдээ