Хуурамч эмийн худалдааг мөрдсөн нь...
Хуурамч эм… Энэ бол бидний амьдралд бодитоор оршин буй хамгийн нууцлаг бизнесийн нэг гэдэгтэй та санал нийлэх байх. Хэрвээ тийм нууцлаг биш гэвэл, хэн түүнийг үйлдвэрлэж, ямар шугамаар, ямар эмийн сангаар, ямар хүнд тараагдаад байдаг нь олонд ил тод байх ёстой болно. Гэтэл хууль бус үйлдэл, гэмт хэрэг хийж буй хүмүүс үйл ажиллагаагаа хэзээд нууцалж байдаг.
Энэ бүхнийг нотлох баримт жишээг “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хийсэн сурвалжлагаараа хүргэж байна.
"Метрийн барааны орчмоор л нэлээн хэдэн хүн бий"
Түм түжигнэж, бум бужигнаж байдаг Нарантуул захыг зорилоо. Эрээн мяраан элдэв янзын бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн эл захад байхгүй юм гэж бараг үгүй. Тийм ч учраас эндээс хуурамч эмийн худалдааг хайхаар ирсэн минь энэ. Эхлээд захын төв хаалгаар ороод эргэн тойрноо ажиглалаа. Хаалганы зүүнтээ байрлах Эмийн санг эс тооцвол энэ хавиар эмтэй холбоотой юу ч алга. “Арга ч үгүй биз дээ. Хуурамч эмийн хууль бус худалдааг юу бодож ил тод хийх билээ” гэж санахдаа тэр чигээрээ захын зүүнтэйгээс баруун тал хүртэл нь бүтэн тойрохоор шийдлээ.
Юмыг яаж мэдхэв. Ингэж явтал энд тэнд тийм төрлийн худалдаа хийдэг хүнтэй таарчих ч юм билүү гэж горьдсондоо ийн тойров. Гэвч юу ч ажиглаж, олж, мэдсэнгүй. Ингээд энэ захыг нэлээн хэрэн хэсч, уут зардаг нэгэн хүнээс “Уучлаарай эгч ээ. Энэ хавиар эмийн худалдаа хийдэг хүн байдаг болов уу.
Гар дээрээс эм зардаг хүний тухай та сонсож байсан уу” хэмээн асууж орхилоо. Гэтэл нөгөө хүн би сайн мэдэхгүй ээ. Ямартаа ч энэ хавиар байдаг гэх юм билээ. Метрийн барааны орчмоор л нэлээн хэдэн авгай байдаг гэж сонссон. Чи тэр харагдаж байгаа наад талын хоёр ногоон дээвэртэй метрийн бараа зардаг лангуу руу ороод асуу. Тэр орчмынхон сайн мэдэх байх” гэв.
“Эм зардаг хүн би байна”

...Энэ орчмоор хуурамч эмийн худалдаа хийдэг хүмүүс эргэлддэг
Тор зардаг хүний зааварласнаар торго дурдан, метрийн бараа худалдаалагддаг хэсэг рүү очлоо. Эргэн тойронд нь бас л мэдэгдэх юм алга. Тэр орчмоор нэлээн удаан холхилоо. Тэгтэл урд талын эгнээний ээмэг бөгж, хүзүүний зүүлт гээд гоёл чимэглэлийн зүйлс зардаг нэг эмэгтэй “Бямбаа эгч ээ, Бямбаа эгч ээ наашаа хүрээд ир” хэмээн тэр олон хүний алийг нь ч юм бүү мэд нэгийг нь онцлон дуудав.
Тэгтэл тэндээс тавь орчим насны, ногоон эрээн өмд, хар өнгийн куртик, цагаан өнгийн цасны гутал өмссөн, хар нүдний шил зүүж, зовхиныхоо доогуур цагаан бентээр боосон эмэгтэй жаахан доголсоор хүрч ирэв. Тэр хоёр их л дотноор мэндлэлцсэний эцэст лангууны эмэгтэй “Миний цистит хөдлөөд хэцүү байна. таньд ямар, ямар эм байна” гэв. Хариуд нь нөгөөх нь “ээ за, циститийн хэд, хэдэн эм бий алийг авах вэ. За би аваад ирье” хэмээгээд хоёр эгнээ алгасан дотуур хувцас зардаг нэг лангуун дээр ирээд ар талын цаасан хайрцаг ухаж ухаж эм авсаар нөгөө эмэгтэй рүү эргэн очив.
Ийнхүү мөнгөний тохиролцоогоо хийж байгаа бололтой тав, зургаан минутын дараа мөнөөх эмэгтэй ор хөнжлийн даавууны нэгэн лангуу руу очив. Амдаж очоод “Эгч ээ, энэ хавиар эм зардаг хүмүүс бий болов уу. Надад харин нэг эм хэрэг болчихоод гэж сорьсон асуултыг түүнд тавилаа. Гэтэл тэрээр “Эм зардаг хүн би байна. Ямар эм хэрэгтэй вэ” хэмээв.
“Найдвартай наадах чинь. Надаас олон охин авч байсан”
-Эгч ээ. Харин би танаас нэг эм авах гэсэн юм?
-Аан за. Ойлгосон, ойлгосон. Хоёр ширхэгтэй эм үү? Эгчид нь байгаа.
-Үгүй эгч ээ, тэр эмийг чинь тэгээд юу гэдэг билээ. Яаж хэрэглэдэг юм?
-Постинорыг чи яриад байгаа биз дээ. Далан хоёр цагийн дотор уудаг. Хамгаалалтын л эм гэсэн үг шүү дээ гэх учир битүүлэг юм яриад наанаа хүлээж бай миний дүү. Би аваад ирье гээд яваад өглөө. Эргэж ирээд жижигхэн хайрцагтай эм харууллаа.
-Энэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ. Найдвартай юм уу гэхэд?
-Найдвартай наадах чинь. Надаас олон охидууд авч байсан юм. Үнэ нь 1500 төгрөг. Тэгээд чи авах юм уу гэлээ.
Ийм яриа тэр нууц бизнес хийдэг гэх эмэгтэй бид хоёрын дунд болж өнгөрсөн юм. Эндээс харахад хуурамч эмийн хууль бус худалдаа Нарантуул зах дээр лав хийгдсээр байна. Ил гарсан нь энэ болохоос биш цаана нь хэчнээн ийм хувь хүн, байгууллага буйг хэлж мэдэхгүй юм. Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг” гэж заасан байдаг.
Харин борооны дараах мөөг шиг олширсон эмийн сангууд, түүгээр худалдаалж буй эм, бэлдмэлийн чанар стандарт, хэрэглээнд хэн, хэрхэн хяналт тавьдаг вэ. Өнөөгийн байдлаар эмийн сангаар худалдаалж буй эмийн 2,4 хувийг эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм эзэлж байгаа гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргаад байна. Ингээд бодохоор манай улсын энэ төрлийн худалдаа үйлчилгээний чанар стандарт хэр төвшинд байгаа нь ойлгомжтой юм.
Хөдөөний эмийн сангууд хуурамч эмийг хамгийн ихээр худалдаалж байна
Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эм, эмнэлэгийн хэрэгслийн чанар аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрынхан эмийн сангуудад шалгалт хийж, зөрчил илрүүлдэг нь үнэн. Харин эмийн сан, эмнэлэг, хувь хүн, худалдааны захын лангуун дээр зарагдах хуурамч эмэнд хяналтаа бүрэн төгс тавьдаггүй. Арга ч үгүй биз. Тэдэнд хэн, хаана гар дээрээс, хуурамч, эрүүл мэнд амь насанд хортой эм зарж байгааг шалгана гэдэг бүтэшгүй санагдаж байгаа нь лав. Өдгөө хөдөө орон нутагт хуурамч эмийн худалдаа хамгийн их оршиж байна. Хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүйгээс гадна хаяг шошго нь оригналаасаа шал ондоо эмийг хөдөөний эмийн сангууд худалдах нь элбэг байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр эмийн сангийнхан эмээ Нарантуул захаас бөөндөж авдаг гэх нь бий.
Бид эм уусаар, бас хордсоор…
Гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсад 1891 нэр төрлийн эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрч албан ёсоор бүртгэжээ. Үүнээс 170 нэр төрлийн эмийг түгээмэл хэрэглэдэг гэх судалгаа бий. Түүнчлэн 34 эмийн үйлдвэр, 190 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин тэдгээр эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын бүтээгдэхүүн эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй.
Учир нь эм хийх бүтээгдэхүүнээ их хэмжээгээр оруулж ирэн савлаж зарах, эмийн сангууд хувь хүнээс юм уу захаас эмээ худалдаж авах зэргээр хадгалалтын горимоо алдаж, чанар нь мууддаг тухай мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Гэтэл иргэд чанараа алдсан, хугацаа нь дууссан, хэрэглэхийг хориглосон, химийн хортой найрлагатай эмийг хоол шигээ идсээр, бас хордсоор байна.
Өвчнөө эмчлэх нэрийдлээр дахин өвчин хурааж буй иргэдээ эмийн зохистой хэрэглээнд сургах цаг болжээ. Нөгөө талаар Эмийн худалдаанд тавих хяналтыг ганц Мэргэжлийн хяналтынханд үүрүүлэх бус салбар хариуцсан яам, хэрэгжүүлэгч агентлагууд анхааралдаа аваасай. Үнэхээр л “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг” юм бол ЭМЯ энэ талын судалгааг тогтмол хийж, хяналт тавих хэрэгтэй бус уу.
С.Баяр
Эх сурвалж:Breakingnews.mn
Эмийн сагууд нь Оросоос эм авч ирж 5-10 нугалж зардаг, бусад орноос оруулсан эмээ хэд нугалдгийг бүү мэд ,Харин энэ хуурамч гээд байгаа нь Оросоос авч ирж 2-3 нугалж зардаг л байх түүнээс худал хортой гэдэгийг нь хэн ч тогтоогоогүй байна,Сэтгүүлч С,Баяр та ямар зорилготой эм хайв, эмийн сангуудын 5-10 нугалдаг ашгийг хамгаалах гэсэн юм биш биз
Жинхэнэ эм зарж байгаа бол ч яахав хуурамчийг зарж хэдэн хүн хордуулж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хэдэн төгрөг олох гэж байгаа гэж өмөөрч болохгүй биз дээ
hedeg tog oloh gej yvaa amitaniig ingeh hereg bdiimuu chi bi ch bas setguulch gehdee cham shig judaggui bish ehleed sanuuldag bgaa daa herev zugeer bol yahav dee surtei har shaar ve oligtoi amitan yav ch bish chi
наадхаа тэгээд мэргэжлийн хяналтынханд,цагдаад мэдээлээд таслан зогсоогоочээ