...
...

Төрийн өршөөл "тамхичдад" үйлчлэх ёсгүй

...ҮАБЗ-ийн ажлын албанаас гаргасан мэдээллээр өдгөө сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16 мянгад хүрсэн байна. Энэ тоог та бүхэн сонсоод тийм их гэж үү хэмээн гайхаж байгаа байх. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэдэг. Тэгэхээр 16 мянгаа энэ дөрвөн далд хэрэглэгчээр үржүүлэхээр 64.000 гэсэн тоо харагдаж байна. Энэ бол манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц том тоо. Үүнийг сонсоод бид цочирдохгүй, түгшүүр төрөхгүй байхын аргагүй байна...                                                                                                                                                               2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  хэлсэн үгнээс

 

Дээр дурьдагдсан хар тамхины хамааралтай гэх 64 мянган хүн өнөөдөр хэд болж өссөнийг хэлж мэдэхгүй нь.Энэ бол дөрвөн жилийн өмнөх тоо. Харин өдгөө энэ тоо улам өссөн үү гэхээс буураагүй нь илэрч буй гэмт хэргээс баталж болно. Нөхцөл байдал нэгэнт ийм болчихсон байхад манай улсад хар тамхитай тэмцэх хатуу бодлого харамсалтай нь алга. 

Монгол Улс уг нь энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэх ёстойг Ерөнхийлөгчөөсөө эхлээд л зарласан. Тэрбээр “Монгол бол хар тамхитай холбоотой асуудал дээр чанга бодлоготой байх болно. Хар тамхи, мансууруулах бодисын талаар хоёр хөрш маань хатуу бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл бид зөөлөн бодлоготой байвал тэр аюул манайх руу “асгарч” орж ирнэ. Бид тэднээс илүү хатуу бодлого барих учиртай” гэж хууль тогтоогчид, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, нийт ард иргэдийнхээ өмнө ил тод ярьж л байсан.

Харамсалтай нь өнөөдөр шүүхийнхэн, тэр дундаа давж заалдах болон хяналтын шатны шүүхээр энэ төрлийн хэргийг шийдсэн нь цөөн гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Анхан шатны шүүх ч прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг тэр бүр шийдвэрлэхгүй байгаа юм.

Тухайлбал, олны анхаарал татаж, сүр дуулиан болсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарын гурван хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх нэг бус удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Зөвхөн энэ хэргээр тогтохгүй өөр бусад хэргийг ч анхан, давах, хяналтын шатнаас дахин шалгуулахаар мөрдөн байцаах байгууллага руу шилжүүлж байгаа юм.

Зарим хэргийн холбогдогч нь давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргахгүй тохиолдол байдаг. Гэхдээ 100 гаруй хэргийн холбогдогч нараас ердөө тав нь ял шийтгэлтэй эвлэрэхгүй байна гэдэг хачирхалтай.

Эх сурвалжуудын мэдээлснээр Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхээс хар тамхитай холбоотой хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй үндэслэлийг нь цагдаа, прокурорын байгууллага биелүүлэх боломжгүй шахам. Манайхан ихэнхдээ өмнөд хөршид очиж “мөс” зөөж ирэх болсон. Шүүхүүдийн буцаадаг үндэслэл нь “хилийн чанадад байгаа “мөс” нийлүүлэгчийг нь олж ирсэн цагт хэргийг шийдвэрлэе” гэдэг аж. Манай хууль хяналтын байгууллага хилийн чанадад очоод байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй, хоёр хөрш иргэнээ манай талд өгөхгүй учраас биелүүлэх боломжгүй шахам зүйл бичиж шүүхээс хэрэг буцааж байгаа нь хар тамхины наймаачдын “толгойг илж” буй хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй.

Хамгийн гол нь хар тамхины асуудалд орж байгаа хүмүүсийн “толгойг илэх” тухай асуудал байхгүй. Донтсон нэрээр бусдыг уруу татаж байгаа бол гэмт хэрэгтэн гэсэн үг шүү дээ. Тэр тусмаа энэ төрлийн хэрэгт өршөөл байж болохгүй.

Тухайн хүн бөх, дуучин, мэргэлдэг гээд ямар ч хүн, хэний ч хүүхэд байж болно. Ийм хэрэгт холбогдсон л бол төрийн өршөөл байх ёсгүй. Хэрвээ хар тамхины хэрэгт хатуу бодлого тавихгүй энэ хэвээр явсаар байвал манай улсыг ямар бүрхэг ирээдүй хүлээж байгааг төсөөлөхөд ч бэрх. Хамгийн гол нь өнөөдөр хар тамхины дэлхий нийтийг хэрсэн сүлжээ Монголыг тойрон гараагүй, дайран орж ирчихээд байна шүү дээ. Манай улс руу Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины сүлжээнийхэн бараагаа шахдаг гэдэг. Дэлхий дахинаа “Алтан гурвалжин”-гаас гадна “Алтан хавирган сар” (Афганистан, Пакистан, Иран), “Мөнгөн гурвалжин” (Колумб, Болив, Перу, Мексик), “Хар гурвалжин” (Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд Африк) гэсэн гэмт бүлэглэлүүд мансууруулах бодис дамжуулан худалддаг. Ази, Африкийг хэрсэн сүлжээнийнхэн Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлэх, татан оролцуулах, тээвэрлүүлэхдээ ашигладаг талаар НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан судалж тогтоосон байдаг юм билээ. Бодит байдал ийм байхад хар тамхитай хатуу тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй бол хэцүү цаг үе улам ойртож буйг ойлгомоор байна.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Хар тамхи миний бодлоор татаж ихлэхээс нь өмнө хил гааль дээр хяналт шалгалтаа маш сайн хийх хэрэгтэй Мөн хар тамхи оруулж ирж байгаа тэр сүлжээг бүр мөсөн таслах хэрэгтэй байна Оруулж ирж байгаа хүмүүсээс .1-2 хүнд нь маш өндөр ял өгөх хэрэгтэй . Бусад хүмүүсийг хар тамхинаас аврахын тулд золиос болгож 1-2 хүнээр маш том дохио өгөх хэрэгтэй тэхэхгүй бол сургамж авахгүй байна шүү дээ .Энэ дохиог худалдаж авсан...;худалдсан .; оруулж ирсэн гэх мэт хүмүүс дээр явуулах хэрэгтэй байна жиш.,.баавар мэт тэгж байж бусад хүмүүст сургамж болно

  • Гарчигтаа ХАР ТАМХИ гээд биччихэж чадахгүй байна уу. Зүгээр байхад битгий зүү шидээд бай. Тэр Эрдэнэчимэгтэйгээ хөтлөлцөөд гудамж метрлэж явбал таарна чи

Онцлох мэдээ