...
...

МҮОНРТ-ийг Ц.Оюундарь, Ч.Батцэнгэлээс өөр удирдчих хүн алга гэж үү

...Олон нийтийн радио, телевиз хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн...                                                                                                      /Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиас/

Нийтлэлийнхээ эхлэлийг Олон нийтийн радио,телевизийн тухай хуулийн заалтаар эхлүүлж байгаа минь учиртай. Юу гэвээс, нэн түрүүнд “Олон нийтийн радио, телевиз” нь дээрээ хуультай, дэргэдээ ард түмэнтэй, Монгол Улсын нэрийн хуудас болох учиртай байгууллага гэдгийг онцлон тэмдэглэх гэсэн юм. Гэвч өдгөө тус байгууллагын дотоод зөрчил туйлдаа хүрч, түмэн олны өмнө шившигээ дэлгэх боллоо. Болсон үйл явдлын тухай товчхон өгүүлье.

Ц.Оюундарийн тухайд...

 

Энэ долоо хоногийн мягмар гариг буюу энэ сарын 8-ны өдрийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур хэсэг ажилчны нэрийг барьж захирал Ц.Оюундариа эсэргүүцсэн мэдэгдлийг гаргах нь тэр. Тус мэдэгдэлд,

“УИХ-ЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНД                                   Шуурхай хэлэлцэх асуудал оруулаххүсэлт гаргах тухай

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нь 2015 оны 01-р сард тухайн үед эрх барьж байсан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намынхаа тамгыг ч хүлээлгэн өгөөгүй үедээ МҮОНРТ-д  улс төрийн зорилгоор томилогдон ирж өнөөг хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд тус байгууллага нь, түүхэндээ байгаагүй “улстөржсөн” төдийгүй, МҮОНРТ-ийн өмчийг үнэгүйдүүлж, уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг доройтууллаа.

Олон нийтийн мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлэх, нийтлэл нэвтрүүлгийн бодлого тодорхойлох чадамжгүй болж, нэгэн цагт Ц.Оюундарийн өөрийнх тодорхойлж байсан шиг “Живж буй аварга титаник” өнөөдөр бодит биеллээ оллоо.

Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж, олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй олон нийтийн телевизэд үр дүнгүй бүтцийн өөрчлөлт хийж, Монголын мэдээ агентлагийг ямар ч тооцоо судалгаагүйгээр бие даасан суваг болгож, кабелийн телевизүүдээс ч доогуур рейтингтэй, үзэгчгүй, цагаа дүүргэж чаддаггүй, цалингаа тавьж дийлдэггүй, боловсон хүчний нөөцгүй болгон доройтуулсан нь ерөнхий захирал Ц.Оюундарийн бодлогын алдаа болсон. ММ агентлагийн төдийгүй МҮОНРТ-ийн брэнд мэдээллийн хөтөлбөр Цагийн Хүрд хөтөлбөрийг ч үзэгчид аль сувгаар үзэхээ мэдэхгүй бухимдаж, утасдаж байсныг олон нийт гэрчилнэ.Энэ нь татвар төлөгчдийг мэдээллээр хангах үндсэн үүргээ зөрчиж, Олон Нийтийн Радио Телевизийн тухай хуулийг ч зөрчсөн ноцтой асуудал юм. УИХ-ын сонгуулиар ч МҮОНРТ хэт нэг талыг барьсан, зөвхөн эрх баригч Ардчилсан намд давуу эрх олгож, үйлчилсэн мэдээллийг цацаж байсан нь үзэгчид, сонгогчдын эрхийг зөрчсөн үйлдэл байлаа.

Жил гаруйхан хугацаанд ММ агентлаг болон Монголын Мэдээ сувгийн захирлыг дөрвөн удаа сольж, МҮОНРТ-ийн дэд захирлыг гурван удаа, MNB 1-р сувгийн захирлыг гурван удаа тус тус сольсноор телевизийн нийтлэл нэвтрүүлгийн бодлого бүрэн алдагдах үндэс суурийг тавьсан. Мөн данхар бүтцийг цомхотгох нэрээр уран бүтээлчдээс 80 гаруйг халж, оронд нь 100 гаруй хүн шинээр ажилд авсан байдаг. Ийнхүү халаа сэлгээгээр хамт олныг айлгаж, сүрдүүлснээр жирийн уран бүтээлчид, ажилтан албан хаагчид айдас хүйдэст автаж, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх ашиг нь зөрчигдсөөр ирлээ. Ц.Оюундарийн МҮОНРТ-д учруулсан балаг санхүүгийн зөрчлүүдээр үргэлжилнэ. МҮОНРТ-ийн төв байрны урд жигүүрийн хэсгийг тэр чигт нь, хувийн студи, продакшнд түрээслэх нэрээр балгас болголоо. Үүний уршгаар МҮОНРТ-ийн уран бүтээлчид амьсгалах ч зайгүй ажлын байрны хүнд нөхцөлд ажиллаж, уран бүтээлээ хийж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий захирал Ц.Оюундарь нь сардаа үндсэн цалин гурван сая төгрөг, ур чадварын нэмэгдэл 20 хувь буюу 600 мянган төгрөг, гар утасны төлбөр нь 120 мянган төгрөг, үүн дээрээ санхүүгийн тайлан блансын шагнал,  МҮОНРТ-ийн эфирээр явж байгаа захиалгат, болон төслийн нэвтрүүлгийн зуучийн мөнгийг нэмбэл цаг наргүй ажилладаг уран бүтээлчид, инженер техникийн ажилчдын сард  авдаг 540 мянган төгрөгийн цалингаас даруй  10 дахин их цалин, урамшуулал авч байна.

Ц. Оюундарь захирлын Шилэн данс хөтөлдөггүйн шалтгаан буюу МҮОНРТ-ийн нийт хамт олонд ил болсон санхүүгийн баримтууд…

1.    2016 он гэхэд байгууллагын төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулахын тулд 580 мянган евро буюу нэг тэрбум 200 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Энэ мөнгийг олохын тулд Төрийн банкинд байгууллагын ажилчдын цалингийн дансыг  барьцаалан нэг тэрбум төгрөгийг арилжааны банкнаас өндөр хүүтэй зээлж, үлдсэн 200 сая төгрөгийг уран бүтээл, цалинд зориулагдах сангаас гаргасан байна.

2.    Рио-2016 олимпийн наадмыг дамжуулахын тулд нэг сая ам.доллар буюу хоёр тэрбум гаруй төгрөгийг маркетингийн судалгаагүй зарцуулсан учраас өнөөдөр МҮОНРТ арилжааны банкинд өндөр хүүтэй өрийг үргэлжлүүлэн төлж байна.

3.    МҮОНРТ нь Ази Номхон Далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны бүрэн эрхт гишүүний хувьд олимпийн наадмыг дамжуулах эрхийг 1 сая доллараас хэд дахин хямд авах боломж байсан гэж хардах бүрэн үндэслэл бий. Нөгөө талаас ингэж өндөр үнээр олимпийн эрх худалдан авахаар улайрахдаа байгууллагын ажилчдын цалингийн фондыг барьцаалж, өр зээл тавьсан нь МҮОНРТ-г дампууруулж, улмаар үнэгүй хувьчилж авах эрх баригчдын санаархлын гар хөл болсон байх ч үндэслэл бий гэсэн хардлага хамт олны дунд ам дамжин яригдсаар ирснийг энд онцлох нь зүйтэй.

4.    Улсын онц чухал болох обьектийг үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж, баар цэнгээний газар болгохоор “EVENT HALL” гэгчийг засварлахын тулд, 720 сая төгрөгийг зарцуулаад байна.

5.    190 сая төгрөгөөр бартерийн гэрээ хийж лед дэлгэц авна гэж хувь компанитай гэрээ байгуулсан. Гэвч тухайн гэрээлсэн лед дэлгэц нь МҮОНТ-ийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр агуулахад хадгалагдаж байна. Энэ ажилд байгууллагаас 40-өөд сая төгрөгийг зарцуулсан санхүүгийн факт баримт, жишээ олон байна.

6.    Дээр дурьдсанчлан сонгуулийн үеэр хэт нэг талыг барьж ажиллахдаа Риогийн олимпоор мөнгө босгоно гэсэн шалтгаанаар байгууллагад санхүүгийн хоёр тусдаа данс хөтлүүлж, асар их хэмжээний мөнгийг оруулж гаргасан баримт ч бий. Жил гаруйн өмнө Ерөнхий захирал Ц.Оюундарь томилогдон ирэхдээ –“…Дэлхийгээр нэг мөнгө тэнэж байна. Тэр мөнгийг олж ирээд энэ байгууллагыг өөд нь татна” гэж амлаж, хэвлэл мэдээллээр ч энэ тухай ойр ойрхон ярилцлага өгч байсан. Байгууллагын ажилчдад ч цээжилтэл нь ярьж байсан ч хоёр хүрэхгүй жилийн дараа харахад байгууллагыг өрөнд баригдуулснаас өөрөөр хийсэн дорвитой ажил алга. Харин ч гурван суваг болон салсан МҮОНРТ нь нийтлэл, нэвтрүүлгийн бодлого нь доройтсон, үзэгчдийн сэтгэлд хүрсэн хэдхэн уламжлалт нэвтрүүлгээс өөр үзүүлэх харуулах, сонсгох юмгүй, уран бүтээлчдийг хэт олон хэсэг нэгжид тараан хуваарилснаар хүч нь тарамдсан байдалтай болж, ажиллах урам зориггүй болсон албан хаагчдын амьдрал ахуй нь ч өөдөлсөн зүйлгүй явна. Байгууллага маань түүхэндээ байгаагүйгээр өр ширэнд баригдаж байхад Ерөнхий захирал Ц.Оюундарь үүний хариуцлагыг хүлээж, огцрохын оронд харин ч байгууллагын мөнгөөр дэлхийгээр нэг аялж зугаалж, зураг хөргөө даруулж, олон нийтийн сүлжээгээр зарлаж, уусан идсэнээ гайхуулж явна. Дэлхийгээр нэг мөнгө тэнэж явна, түүнийг олж ирээд байгууллагаа өөд нь татна гэсэн амлалтыгнь МҮОНРТ-ийн жирийн ажилтан ажилтнууд мартаагүй байна. Тиймээс богино хугацаанд асар их доройтлыг огцом авчирч, санхүүгийн ноцтой хохирол учруулсаар байгаа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцохыг хамт олны зүгээс хатуу шаардаж байна. Энэхүү шаардлагаа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, АТГ, УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хороо, Өргөдлийн байнгын хороо, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Аудитын Ерөнхий газарт шалгуулахаар тус тус хүргүүлснээ мэдэгдэж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл энэ шаардлагыг яаралтай хэлэлцэн, ерөнхий захирал Ц.Оюундарийг нэн даруй үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй бол хамт олны зүгээс тэмцлээ хурцатгахаа анхааруулж байна. УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хороо, МҮОНРТ-ийн хамт олны түр хорооны шаардлага, хүсэлтийг хүлээн авч асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж ажлын хэсэг томилж холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Ч.Батцэнгэлийн тухайд...

 Харин энэ мэдээллийн талаар МҮОНРТ-ийн   захирал Ц.Оюундарь тайлбарлахдаа

Арваннэгдүгээр сарын 8-ны оройны “Цагийн хүрд” нэвтрүүлгийн дундуур гаргасан “Шуурхай мэдээ” гэгчийн талаар бяцхан тайлбар хийхгүй бол хүмүүс маш их асууж, шалгааж байна. МАН-ын явуулга ч гэж үзэх хүмүүс байна. Тийм зүйл огт байхгүй шүү. Нам энд огт хамаагүй. Чухам юу болсон бэ гэвэл ОНТ-ийн мэдээ мэдээллийн "Монголын Мэдээ" сувгийн хэсэг ажилчид сувгийнхаа захирлыг сольж өгөөч, болохгүй байна, мэргэжлийн бус байна, ажлаас нь чөлөөлж өгөөч гэж надад хандан шаардлага ирүүлээд, хэвлэлийн бага хурал (ХБХ) зарласан юм. Би хоёр шалтгаанаар ажилчдынхаа талд шийдвэр гаргасан.

·         Нэгдүгээрт, 40 хүний эрх ашгийг нэг даргынхаар сольж болохгүй гэж,

·         Хоёрдугаарт, дотоод асуудлыг олон нийтэд ил гаргаж хэвлэлийн бага хурал хийхийг буруу гэж үзээд түүнийг болиулахын тулд ажилчдынхаа шаардлагыг хүлээж авсан.

Тэгтэл тэр дарга хариугаа ингэж авч, эфирээр над руу дайралт хийлээ. Манай “Монголын Мэдээ” сувгийн ажилтнууд бүгд мэдээгээ хийж дуусаад эфирт өгчихөөд явчихсан байж. Энэ эзгүй үеэр тэр дарга эфирт бэлэн бэлтгэсэн мэдээ оруулж ирээд шууд “Цагийн хүрд”дундуур өгсөн байгаа юм. Ийм ёс зүйгүй байж болохгүй л дээ. Манай сэтгүүлчид байсан бол хэн нь ч ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Энэ бол байж болшгүй үзэгдэл. Түүхэнд байгаагүй зүйл. Ийм буруу, увайгүй үйлдлийг жишиг болгон тогтоож яавч болохгүй. Тэгээд ийм үйлдлээ ялсан намын нэр барьж намайг зайлуулах аргаар хамгаалуулах гэвэл бүр бүтэхгүй санаархал!" гэжээ.

Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-д үүсээд буй нөхцөл байдлын тухай өгүүлэхэд ийм байна. Монголынхоо нийгмийг соён гэгээрүүлэх, тэнцвэртэй мэдээ, мэдээллээр хангах, ард түмний дуу хоолой байх учиртай, улсдаа ганцхан телевизийн маань удирдагч нар нь хоорондоо ийм зөрчилтэй байгааг юу гэж ойлгох вэ. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг дээ. Бодит байдал ийм байхад МҮОНРТ-ийн сэтгүүлч, уран бүтээлчдийн ажиллах нөхцөл байдал ямар хүнд байгаа нь ойлгомжтой. Уран бүтээлийнхээ ажилд санаа тавьж, улс орноо соён гэгээрүүлэхийн оронд удирдагчдынхаа хэрүүл дунд хэцүүхэн ажиллаж байгаа нь ч тодорхой. Уг нь Монгол Улс хэнээс ч хараат бус Олон нийтийн радио, телевизтэй байвал тун сайнсан. Харамсалтай нь сонгуулиас сонгуулийн хооронд тус телевизэд ялсан намын хүн даргаар нь очдогоос болж, “Олон нийтийн” гэх статусаа бүрэн утгаар нь алддаг бодит байдалтай хэн ч санал нийлэх биз ээ. Өөрөөр хэлбэл, улс төр, нам эвслээс жинхэнэ утгаараа хараат байх ёстой МҮОНРТ-д намын томилгоо хийгддэгээс л ийм зөрчил үүсэж байна.

Үүний үр дагавраар уран бүтээлчид дунд нь хэлмэгдээд зогсохгүй, үзэгч түмэн худал үнэн нь үл мэдэгдэх, тэнцвэргүй мэдээллээр тархиа угаалгуулж, доромжлогдох боллоо.

Энд нэр дурьдагдаад буй Ц.Оюундарийн тайлбар, Ч.Батцэнгэлийн мэдэгдлээс үзэхэд, “гээндээ ч бий, гоондоо ч бий” гэдгээс өөр хэлэх үг алга. Ажилчид нь даргаа соль гэсэн гээд удирдах албан тушаалтныг нь ажлаас нь чөлөөлж байдаг Ц.Оюундарийн үйлдэл хэтэрхий хөнгөн гэлтэй. Эсрэгээрээ эфирийн цагийг хууль бусаар ашиглаж, худал үнэн нь үл мэдэгдэх өөрийн үзэл бодлоо олон нийтийн телевизээр хүчээр цацсан Ч.Батцэнгэлийн үйлдэл үнэхээр ичгүүргүй байлаа.

Өнөөдөр МҮОНРТ-ийг ийм хөнгөн гоомой, ичгүүр сонжуургүй нөхдүүдээс өөр удирдчих хүн алга гэж үү. Аль нэгэн намын томилгоо, хэн нэгэн даргын хүнээс илүү Монголоо гэсэн чин сэтгэлтэй, Монголын сэтгүүлзүйг сонгодог жишгээр нь аваад явчих чадалтай, жинхэнэ мэргэжлийн сэтгүүлзүйн хүн л МҮОНРТ-д ус, агаар мэт өгүүлэгдэж байгааг төгсгөлд нь тэмдэглэе.    

С.Баяр

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)
  • С.Баяр аа чи хэний захиалгаар юм бичээд байгаа юм Чамд ч чамлахааргүй юм амлаж дээ?

  • ene avgai ene baiguulgad irsenees hoish mnb uzeh zuil baihgui bolj dan femnist nevtruuleg surtal uhuulga yavdag bolsondoo uur zuil baihgui heden haaltin geree hiij mungu avsan baih

  • толгойд зангарагтай хүн байвал ийм юм гардаггүй юм эмэгтэй хүмүүс дарга болохоороо ихэнх тохиолдолд хэт жижиг юмаар хөөцөлдөж заваараад хэрүүл гаргаад байдаг тэгээд ч өнөөдөр амбицтай панаалтай авгай нар дэвшдэг болсон мундагууд нь тэгж олон юм ярьж явахгү шүү дээ

  • оюундарь гэж балай авгай болих хэрэгтэй

  • боловсон хүчнийг доороос нь эхэлж ажиллуулаад бодлогоор сонгодог байсан цаг ард үлдээд удаж байнаа хө зоосгүй танил талгүй бол та зайлаа гэдэг болсныг мэддэггүй хүн олон байна аа монголын шударга ардчилалд тавтай морил

  • Монголчууд "Цагийн хүрд"-ийг бүгд үздэг, итгэдэг байсан цаг хэдэн тэнэг сэтгүүлч, намуудын томилгооны амьтдаар дамжин үгүй боллоо. Үнэн юм бичдэг, үнэн сэтгэлээсээ намын гишүүн бус шударга сэтгүүлч Монгол Улсад үлдээгүй юү???

  • доод ажилчид нь мэдээллийн эх сурвалжаа шалгалгүй хүний нэр төрд халдсан худлаа мэдээлэл тараачихаад залруулга явуулдаггүй юм байна лээ. одоо ч МАН ы үед хуультай юм байхгүй дээ

  • байх ёстой байранд нь шийдэх хэрэгтэй болж дээ

  • МҮОНТ тусай обьект биз дээ. Баар байгуулж болох уу

Онцлох мэдээ